Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 106

 

  ******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлалтай, ******д холбогдох 2002005350194 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******, 1967 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, 56 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “************ын харьяа “******”-ын дарга ажилтай байсан, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “************ын харьяа “******”-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гарган...”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямарт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг, ******ын ******ын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилт”-ыг “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садны хүмүүс болох ******, ******, ******, ******, ******, ******, ******, ****** нартай ************ын харьяа “******”-ын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү ****** нь 52.691,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369,429,863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас ******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар тогтоолоор ******д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд эсэргүүцлийг хэлэлцүүлэхээс татгалзахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...******нь ******ын даргын шууд удирдлагад байдаг ******т харьяалагддаг салбар байх бөгөөд “************ын харьяа “******”-ын дарга ****** нь нийтийн албан тушаалтан мөн байна. Гэтэл анхан шатны шүүх “************ын харьяа “******”-ын дарга ******г нийтийн албан тушаалтан биш гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй болжээ...”, “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд... гэвч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ..39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсоноор шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хууль хэрэглээний алдаатай үйл ажиллагааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрчилсөн тохиолдолд үүнийг зөвтгөх арга хууль зүйн боломж байхгүй юм. Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” заалтыг хүчингүй болгосон байх тул анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсжээ” гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.

Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмжээнд дүгнэсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив.гэжээ.

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газраас ******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан. Ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлээгүй, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй шийдвэр болжээ. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах...” эрх хэмжээ байхгүй учир хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн”-ийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр хуульчилсан. Тухайн хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж хуульчлаагүй байна. Хүний эрх ноцтой зөрчсөн гэдгийг зөвхөн нэг хүний эрх зөрчигдсөн байхаар хязгаарлах боломжгүй юм.

Учир нь Монгол хэлний тайлбар толинд нийт гэдгийг “...бүгд, олон нийт, олон түмэн, олон нийтийн ажил, нийтийн санал сэтгэл” гэж тайлбарласан байна. Олон нийт гэдэгт цөөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, тоо үлэмж, их, олон хүнийг багтаасан ойлголт юм. Тэгэхээр нийтийн эрх ашиг гэдэгт нэг хүний эрх ч, нийтийн эрх ч аль аль нь багтаасан салгаж болохгүй ойлголт гэж үзнэ. Тэгэхээр нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь Үндсэн хуульд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” байх шударга ёсны зарчим энэ нийтийн өмнө хамааралтай болж байна гэж үзэж байгаа. Энэ агуулгаараа дээрх шийдвэрийн улмаас нийтийн ашиг сонирхол, шударга ёсны зарчим хөндөгдсөн, Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол, хор уршгийг арилгуулах боломжгүй болгосон сөрөг үр дагаврыг илэрхийлсэн гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь “хуулийг илт буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагаатгахад  хүргэсэн, өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ..39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонтой холбоотой хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн тул энэ талаар хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ..39.5 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний практик тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гарсан хяналтын шатны шүүхийн тогтоолыг шинэ нөхцөл байдал гэж үзэх нэг үндэслэл болж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн ******ийн өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх ямар нэгэн үндэслэл тогтоогдоогүй. Прокурор дүгнэлтдээ хүний ямар эрх зөрчигдсөн талаар тодорхой тусгаагүй байна. Хэрэв шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн бол эрх нь зөрчигдсөн этгээд өөрөө энэхүү асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчид хандах боломжтой байхад ийм үйл баримт тогтоогдоогүй, энэ шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл бүхий баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгааг нь өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргах хэмжээ хязгаарын дотор магадлал гарсан гэж үзэж байгаа. Прокурорын дүгнэлтэд тусгагдсан заалт нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хэмжээ хязгаарт хамаарахгүй бөгөөд шүүхээс шийдвэр гаргах хэмжээ хязгаарыг тогтоосон нарийвчилсан зохицуулалт хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь тус хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээн шалгуулах үндэслэл биш. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллага нь тогтоох, тодруулах ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогч нарт хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулсан бөгөөд прокуророос 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эсэргүүцлийг бичсэн. Улсын дээд шүүх “шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж үзсэний дараа прокурор дахиад дүгнэлт бичээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурор А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн ******д холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

2. Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар тогтоолоор прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрсэн бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журмаар тогтоож өгсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус үйлдэл болон шүүхэд урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг зөвтгөж хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь дээрх ажиллагааны үндсэн зорилт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” мөн зүйлийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилжээ.

Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй, ойлгомжтой байх ёстой. 

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн /шүүгдэгч/ хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүд ордог.

Харин цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нь тогтоогдсон байх учиртай.

4. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтэд дурдсан үндэслэл, нотолгоо заагаагүй, хийгдвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй,  цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрснийг нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

5. Иймд хяналтын шатны шүүхээс ******д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай прокурор А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                 Б.ЦОГТ