Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар  001/ХТ2026/0009

 

Б.Б***н нэхэмжлэлтэй, Цагдаагийн

ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч     М.Батсуурь   

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     Д.Батбаатар    

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0586 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2025/0704 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б***, түүний өмгөөлөгч Б.С***, Д.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А***, Б.Г***, Г.М***, Х.М*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2026/0001 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Б.Б*** нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаал, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах”нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамж” баталсны дагуу хяналт шалгалт хийсэн, уг шалгалтын дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Б.Б***г Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилж, “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан.

2.2.Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Б.Б***г шилжүүлэн томилсон албан тушаалд ажиллаагүй, ажил тасалсан үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хурандаа цолыг хураажээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга нь надад өөр ажилд шилжүүлж байгаа талаар мэдэгдэх хуудсыг танилцуулсан, ингэхдээ “албан ажлын шаардлагаар шилжүүлж байна” гэхээс өөр хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг хэлээгүй учир миний зүгээс хууль зөрчсөн гэж үзээд ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөх боломжгүй тухай хариу тайлбарыг хүргүүлсэн. Гэтэл төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, үр дүнг нь үндэслэн намайг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Шалгалтаар “Дутагдалтай” гэж үнэлсэнтэй маргаагүй, харин дутагдлаа засах боломжийг олгоогүй, шууд албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй. Тушаалыг хууль зөрчсөн гэж үзээд холбогдох байгууллагуудад гомдол гаргасан, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Цагдаагийн ерөнхий газрын дарга 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/*** дүгээр тушаалаар надад цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хурандаа цолыг хураасан. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байсан, мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан тул шилжүүлэн томилсон ахлах байцаагчийн албан тушаалд очоогүй. Шилжүүлэн томилохдоо хууль зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, шалгалтын дүнг нэхэмжлэгчид танилцуулахад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилсон. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзаж, томилогдсон ажил, албан тушаалд очоогүй, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн үед албаны бэлэн байдлыг хангаагүй, ажил тасалсан. Хууль тогтоомжид зааснаар төрийн албан хаагч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхихыг хориглосон. Энэ тушаал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

5.Гуравдагч этгээдийн тайлбарт: “... Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй ...” гэжээ.

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0586 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам”-ын 1.2, 2.1, 4.2, 5.4, 5.4.1, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2, 1.4.5, 3.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 4.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б***-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б***г урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

6.1 “... Нэхэмжлэгч Б.Б*** нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдож, 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг 85,4 В буюу хэвийн үнэлгээгээр, 2023 онд 87,6 буюу маш сайн, 2024 оны эхний хагас жилд 93,4 буюу маш сайн, хамгийн сүүлд 2024 оны бүтэн жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг 90,5 буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдсэн байна. Гэтэл нэгжийн дарга П.О*** нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг маш сайн гэж үнэлсэн хэрнээ нэг сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан тушаалын тодорхойлолтод заасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлдэггүй гэж Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулсан нь өмнөх шийдвэртэйгээ зөрчилдсөн ...

6.2.Тус шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан цуглуулсан болон хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн Б.Б***н гаргасан зөрчлийг нотолж байгаа гэх баримтуудаар маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар захиргааны актын үндэслэлд дурдсан “... төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар “Дутагдалтай” үнэлгээтэй дүгнэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 14 дүгээр зүйлийн 14.6, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэх үйл баримтууд хангалттай нотлогдохгүй байх тул сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байх тул  маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.3.Эрх бүхий байгууллагаас шилжүүлсэн албан тушаалд очиж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа хэдий ч тэрээр эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар холбогдох баримтыг өгсөн болох нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/20 дугаар “Албаны шалгалт явуулсан материалыг хянаж, санал өгсөн тухай хуудас”-аар тогтоогдож байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/*** дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж, хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд холбогдуулан хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.4.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч ... Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажлын 6 хоног очиж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй, хариуцагч сонгох боломжоо буруу хэрэглэсэн гэж үзлээ ...” гэх зэргээр дүгнэжээ.  

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2025/0704 дүгээр магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг дахин шинээр акт гарах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, мөн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б***г урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд буцаан томилсон тушаал гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж, Тогтоох хэсгийн “2 дахь заалтыг 3 болгон” өөрчилж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг шүүхийн шийдвэрт түдгэлзүүлсэн 1 сарын хугацаанд дахин гаргаагүй бол уг тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

7.1.“... 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн 2024 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, “Дутагдалтай” гэж үнэлэн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь 2024 оны бүтэн жилийн үнэлгээтэй зөрчилдөж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Б.Б***-с шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн, зөрчил дутагдал гарсан байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

7.2.Харин анхан шатны шүүхийн шийдвэрт “... маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 4.3-т заасныг баримтлан хариуцагчид дээрх хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч Б.Б***д сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг дахин нягтлан шалгах боломж олгох нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Б***д сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

7.3.Нэхэмжлэгч Б.Б*** нь түүний албан тушаалыг бууруулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/*** дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан, мөн “Г ***” эмнэлгийн тодорхойлолтоор хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ...” гэжээ.

8.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Д*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.“... Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага хэрхэн цуглуулах талаар хуульчилсан ба цагдаагийн байгууллагаас дээрх хэм хэмжээнд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам”-ыг хэрэгжүүлэн ажилласан.

8.2.Нэхэмжлэгчид холбогдох зөрчлийг шалган тогтоох ажиллагааг дээрх журамд заасны дагуу явуулж, 33 чиглэлийн 71 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэхэд 63.7 буюу “Дутагдалтай” үнэлгээтэй дүгнэгдэж, зөрчил, дутагдлаа хүлээн зөвшөөрч шалгасан чиглэл тус бүрийн ажлын баримт, хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулснаар бүрэн нотлогдож Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Албан тушаалын  тодорхойлолт, Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд нь бүрэн дүүрэн нотлогдоогүй, давж заалдах шатны шүүхээс Б.Б***-с шалгалт, үнэлгээтэй холбоотой асуух зүйл байхгүй гэж үнэлгээг хүлээн зөвшөөрснөөр бүрэн нотлогдсон гэж үзэхээр байна гэж дүгнэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

8.3.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчид холбоотойгоор явуулсан шалгалтын материалд авагдсан бүхий л баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн боловч маргааны үйл баримтад голлох ач холбогдол бүхий уг нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргаан бүхий захиргааны актыг “төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт”-ын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн гаргасан.

8.4.Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3, 81.4.3, 81.4.5-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг дахин шинээр акт гарах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, мөн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б***н урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд буцаан томилсон тушаал гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж, Тогтоох хэсгийн “2 дахь заалтыг 3 болгон”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/***  дугаар тушаалыг шүүхийн шийдвэрт түдгэлзүүлсэн 1 сарын хугацаанд дахин гаргаагүй бол уг тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.” гэсэн нь “цаашид голлох ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах” ажиллагааг ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх нь тодорхойгүй нь магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Нэхэмжлэгч тал “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

10.Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

 11.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12.Хяналтын шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй, харин шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн боловч нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул магадлалыг хүлээн зөвшөөрсөнд тооцно; иймд шүүх бүрэлдэхүүн зөвхөн хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

14.Хэргийн үйл баримтын тухайд:

14.1.Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/01 дүгээр мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Б.Б***г нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газарт Бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар шилжүүлэн томилохоор шийдвэрлэснийг, үүнтэй холбогдуулан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Б.Б***д мэдэгдсэн байна.  

14.2.Иймд нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “... ямар албан ажлын шаардлага, шалтгаанаар өөр албан тушаалд шилжүүлэн томилох гэж байгаа нь тодорхойгүй, Төрийн албаны тухай хууль зөрчсөн мэдэгдэх хуудас байх тул миний зүгээс ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөх боломжгүй ...” гэсэн хариу тайлбарыг хүргүүлжээ.

14.3.Үүнээс 4 хоногийн дараа Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдлагын 2024 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явуулж, тус хэлтсийн үйл ажиллагааг “63.7” буюу “Дутагдалтай” гэж дүгнэжээ.

14.4.Энэхүү шалгалтын дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б***г Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Улмаар маргаан бүхий хоёр дахь акт болох 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг “томилсон албан тушаалд ажиллаагүй, ажил тасалсан” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, хурандаа цолыг нь хураасан.

15.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага“-ыг зохицуулсан бөгөөд 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”; 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”; 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”; 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 81.4.3-т “албан тушаал бууруулах”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 4.3-т “Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна” гэж тус тус нарийвчлан заажээ.  

16.Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн алба хаагчийн гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг бүрэн тогтоох, тогтоогдсон зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэж, зохих шийтгэлийг оногдуулахаар байна.

17.Гэтэл нэхэмжлэгч Б.Б***н тухайд, тэрбээр цагдаагийн алба хаагч (албан тушаалтан)-ийн хувьд сахилга, ёс зүйн ямар зөрчил гаргасныг тогтоолгүйгээр, харин түүний хариуцдаг хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөт бус шалгалтын дүнг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18.Давж заалдах шатны шүүх тухайн маргаан бүхий актыг “... Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас явуулсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтын дүгнэлт нь нэхэмжлэгчийн 2024 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй зөрчилдөж байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн, зөрчил дутагдал гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй; оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг дахин нягтлан шалгах боломжийг хариуцагчид олгож, уг тушаалыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, иймд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

19.Маргаан бүхий хоёр дахь акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дүгээр тушаалын тухайд, “... Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Б нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, томилогдсон албан тушаалд очоогүй, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажил тасалсан ...” гэж буруутган цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, хурандаа цолыг нь хураасан байна.

20.Гэвч хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хандсан, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамрын амьсгал сэргээх хагалгаанд орсон, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3-4 долоо хоног чих хамар хоолой, зүрх судасны эмчийн хяналтад байсан нь “Г***” эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдсон, энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны талаар хариуцагч мэдэж байсан атал “ажил тасалсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. 

21.Харин нэхэмжлэгчээс албан тушаал бууруулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/***дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь томилогдсон албан тушаалд ажиллахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан бишээс гадна тушаал гарснаас хойш эмнэлэгт хандах хүртэл томилогдсон албан тушаалд ажиллаагүй нь нэхэмжлэгчийн буруу байх боловч тухайн хэргийн нөхцөл байдал, тодруулбал анхнаасаа маргаан бүхий актууд гарах болсон шалтгаан нөхцөл, оногдуулсан шийтгэлийн үр дагавар, зөрчлийн шинж байдал тохироогүйг, түүнчлэн нэхэмжлэгчийн цагдаагийн албанд 20 гаран жил ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр ажиллаж ирсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж маргаан бүхий 2025 оны Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

22.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” агуулгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2025/0704 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.БАТСУУРЬ    

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР

                                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                                      Г.БАНЗРАГЧ