Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 7

 

“Хэнтий эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагч М.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 367 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч М.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор “Хэнтий эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Нарангэрэлд холбогдох “58 319 667 төгрөг”-ийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс концерны” захирал С.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус “Хэнтий эм хангамж” ХХК нь Улаанбаатар хот дахь “Монгол-Эмимпекс концерн” ХХК-ийн салбар компани бөгөөд иргэн Мажигсүрэнгийн Нарангэрэл нь “Монгол-Эмимпекс концерн” ХХК-ийн захирлын шийдвэрээр 2002 оноос 2014 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл манай компаний захирлаар бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан юм.
    Тийнхүү ажиллах хугацаандаа М.Нарангэрэл нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн мөрдөж ажиллаагүйгээс 58 319 667 төгрөгийн хохирол учруулсан болно. Энэхүү дутагдлын 42 005 609 төгрөг нь нэхэмжлэлд хавсаргасан аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг олон нотлох баримтаар нотлогдож байгаа ба 10 300 000 төгрөгийг аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсаны хөлсөнд, 1 833 616 төгрөгийн уг дутагдлыг  “Монгол-Эмимпекс концерн” ХХК-ийн эрх хэмжээнд шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт гаргасан зардал юм.
    М.Нарангэрэл нь өөрөө төлбөрийн зарим хэсгийг төлөх талаар бидэнд хэлж байснаас гадна эрүүгийн хэрэгт энэ талаар мөн мэдүүлсэн байна.
    Иймд хариуцагч М.Нарангэрэлээс тус компанид 58 319 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
    Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Монгол-Эмимпэкс концерн” ХХК-ийн харъяа “Хэнтий эм хангамж” ХХК нь М.Нарангэрэлээс 58 319 667 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 42 005 609 төгрөг нь аудитын дүгнэлтээр М.Нарангэрэл дутагдуулсан гэж гарсан эм барааны үнэ, 12 139 626 төгрөг нь аудитын дүгнэлт гаргуулсан мөнгө, мөн шалгалт, тооллогоор ирсэн хүмүүсийн хоол, унааны зардлын үнэ, 4 180 442 төгрөг нь бусад байгууллагуудаас авах авлага байгаа. Ингээд нийт 58 319 667 төгрөгийг М.Нарангэрэлээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Нарангэрэл нь “Хэнтий эм хангамж” ХХК-ийн захирал, мөн давхар эд хариуцагчаар ажиллаж байсан. 2014 оны 8 дугаар сар, 11 дүгээр саруудад тоолоход ийм хэмжээний дутагдал гарсан бөгөөд М.Нарангэрэл үүнийг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг гэв.
    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аудитын дүгнэлтийг мөрдөн байцаах шатанд заавал хийх шаардлагатай байсан учраас хийсэн. Энэ аудитын дүгнэлтээр 42 сая төгрөгийн бараа дутагдуулсан гэж гарсан бөгөөд үүнийг дараа нь шинжээчийн дүгнэлтээр мөн нотолсон. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй, нууцын баталгаатай байгаа учраас энэ дутагдлыг М.Нарангэрэл бүрэн хариуцах ёстой гэж бодож байна. Прокурорын тогтоол дээр М.Нарангэрэлийг 42 сая төгрөгийн эм, бараа, материал дутагдуулсан болох нь тогтоогдсон гэж маш тодорхой заасан бөгөөд М.Нарангэрэл нь өөрийн гэм буруугаа эрүүгийн хэрэгт хүлээсэн талаар иргэний хэрэгт хавсаргаж өгсөн.  2014 оны 11 сарын 09-ний өдөр Нарангэрэл нь бусад байгууллагуудад авлага үүсгэсэн 4 сая гаруй төгрөгийг би цуглуулж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг. Гэтэл сая өмгөөлөгч нь М.Нарангэрэлийг ганц ч төгрөгийн дутагдал гаргаагүй мэтээр ярьж байгаа боловч энэ талаар хариуцагч тал нотолж чадахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлэлгүй, дутагдал гаргасан. Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар зохицуулсан. М.Нарангэрэл нь тус байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байсан. М.Нарангэрэл болон түүний өмгөөлөгч нь төв компаниас ямар ч эм бараа хүлээж аваагүй гэсэн зүйл ярьж байна. Бид Нарангэрэлийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт бүхнийг хангасан. Яг толгой компаниас хүлээж авсан эм барааг надаас нэхэмжлээгүй гэдгээ өөрөө хэлсэн. М.Нарангэрэл нь 2015 оны 01 сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ 44 сая төгрөгийн дутагдал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байна. Тийм учраас М.Нэрэнгэрэл нь “Монгол-Эмимпекс” концернтой байгуулсан гэрээний дагуу дутагдуулсан эм барааны үнэ, төлбөрийг төлөх үүрэгтэй нь бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна гэв.
              Хариуцагч М.Нарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий эм хангамж” ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
    Миний бие төвөөс эм, бараа хүлээж авч худалдан борлуулах үйл явцад хууль, журамд заасны дагуу шударгаар ажиллаж эмийн хугацаа дуусах болоход урьдчилан төв рүү удаа дараа мэдэгдэж дууссан тохиолдолд буцаалт хийх талаар мэдэгдэж байсан боловч төв байгууллагын холбогдох ажилтнууд шаардлагатай арга хэмжээг авдаггүй, цааш танилцуулна гээд хариу өгөхгүй уддаг, боловсон хүчнүүд ойр ойрхон олон удаа солигдох зэргээр төв байгууллагын ажилтнуудын ажлын уялдаа холбоо муу, дотоод зохион байгуулалтгүй, удирдлагуудын шаардлага хяналт сул байдлаас шалтгаалан эмийн хугацаа дуусах, буцаан татан авалт хийхгүй, өр авлага, агуулахын үлдэгдэл үүсгэх байдлууд гардаг байсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг тухай бүр авдаг байсан.
    Гэнэтийн тооллогыг эмийн нэрээ ч ялгаж танихгүй, мэргэжлийн бус, ажилд ороод удаагүй хүмүүс тоолж эм дутагдуулсан гэж тогтоосон нь ямар ч үндэслэлгүй юм.
    Мөн хугацаа дууссан эмийг буцаан авч явахдаа тоолоогүй, надтай баримтаар хүлээлцээгүй, замбараагүй ачиж явснаас хэдий хэрийн эм тариа авч явсан нь тодорхойгүй.
    Намайг яаруулж шахамдуулах, цагдаа шүүхэд хандана гэх мэтээр ярьж төөрөгдүүлэн, би өөрөө олон жил ажилласан байгууллагаасаа их эм, бараа дутагдуулсан хүн болох нь уу дээ гэж гайхаж, нэрэлхэх зэрэгцэн танилцсан гэдэг агуулгаар гарын үсэг зурах болсон болохоос дутагдуулснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй юм.
    Аудитын дүгнэлт дээр тус байгууллагын нягтлан бодогч санхүүгийн программ дээр буруу ажилладаг, орлого, зарлагыг хүчээр тулгаж бариулдаг гэх мэт алдаа зөрчилтэй үйлдлүүд хийдэг байсан талаар, мөн удирдах төв байгууллагын хяналт, бүртгэлийн тогтолцоо муу, үйл ажиллагаа нь доголдолтой зэргээс болж алдаа зөрчил гарсан байна гэж дүгнэсэн байдаг.
    Тэгтэл дан ганц намайг буруутан болгож, нэг насаараа, хоёргүй сэтгэлээр хөлс хүчээ өгч ажилласан байгууллага минь гавъяаныхаа амралтанд нэр төртэй гарах гэж байсан намайг цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлж сэжигтэн, яллагдагч болгон олон сарын турш цагдаа, прокурорын байгууллагын үүд сахиулж байцаалган, цаг зав, ажил амьдрал алдуулан энэ насандаа үзээгүйгээр мууг минь үзүүлж, олон түмний дунд нэр хүнд муутгаж ар гэр хамаатан саднаар минь сэтгэл санаагаар унагаж зовж шаналгасанд маш их гомдолтой байна. Эрүүгийн хэрэг биш, үндэслэлгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь угаасаа тодорхой байсан. Эрүүгийн байтугай, иргэний хэрэг ч биш шүү дээ. Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж алдагдал дутагдалд орсныгоо над руу тохсон.
    Миний хоёр хүү өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгө, нөхөр бид хоёр хүнсний дэлгүүр олон жил ажиллуулж хуримтлуулсан мөнгө зэрэг дээрээ нэмж банкнаас зээл авцгаан орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Энэ байдлыг анзааран намайг мөнгөтэй хүн, төлбөрт унагаавал төлөх чадвартай гэж тооцоолон ор үндэслэлгүй дахин нэмж тоолох зэргээр өр авлага, дутагдал гэгчийг үүсгэн эмийн хугацаа дуусах гэж байна, дууссан шүү арга хэмжээ аваарай гээд байхад арга хэмжээ авдаггүй зэрэг өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж учирсан алдагдлаа төлүүлэх гэсэн арга гэж бодож байна.
    Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа дутагдуулсан эм барааны үнэ 58 319 667 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэхэмжилж байгаа эм, барааны үнийг хүлээн зөвшөөрөөгүй, ийм хэмжээний дутагдал гаргаагүй, ийм төгрөгийн бараа хүлээж авсан гэсэн баримт байхгүй. Мөн аудитын дүгнэлт бол бидний буруутай үйл ажиллагаанаас болж гаргуулаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа энэ мөнгийг бүхэлд нь төлөх үндэслэл байхгүй. М.Нарангэрэл нь эд хариуцагчийн хувьд 2000 оноос “Монгол-Эмимпекс” концерныг төрийн өмчийн аж ахуйн нэгж байхаас нь эхлүүлээд ажилласан. Гэхдээ эд хариуцагчаар томилогдсон гэж байгаа боловч “Монгол-Эмимпекс концерн” ХХК, М.Нарангэрэл хоёрын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсч байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Гэтэл хэн нэгэн дарга, захирал тухайн хүнийг ажил, албан тушаалд томилсон тушаал гаргачихаад тэрийгээ өөрт нь танилцуулаагүй, өөртэй нь зөвшилцөөгүй, тийм зүйл байж болохгүй. “Монгол-Эмимпекс” концерн нь цагдаагийн байгууллагад Нарангэрэл гэдэг хүн манай байгууллагаас мөнгө хувьдаа идэж ашигласан, дутагдал гаргасан гэж гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол дээр танай байгууллагаас хувьдаа идэж ашиглаагүй байна гэдэг үндэслэл байгаа болохоос М.Нарангэрэлийг бараа дутагдуулсан нь нотлогдож байна гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Энэ хохиролтой холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь зааж өгсөн болохоос биш яг тогтоосон зүйл байхгүй. Нарангэрэл гэдэг хүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 1 зүйлийг тогтмол хэлдэг. Энэ дутагдал гээд байгаа мөнгө тогтоогдох юм бол төлнө гэдэг. Тэрнээс биш би төлнө гэдэг ам тангараг өгч, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ямар нэг байдлаар өршөөлд хамрагдсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт гэж нэг ширхэг ч байхгүй, тийм нотлох баримт ч байж болохгүй. Гэтэл аудитын дүгнэлт бол нэг л нотлох баримтын бүрдэл хэсэг нь юм. Тийм ч учраас бид анхан шатны санхүүгийн бүртгэл,  баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлт тавьсны дагуу гаргаж байх шиг байна. Аудитын дүгнэлтээр энэ хэрэг тогтоогдсон гэж ярьж болохгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Нарангэрэлийг 5 сая төгрөгийн баталгаа гаргасан гэсэн асуудал ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол 54 сая төгрөгийг М.Нарангэрэлийг дутагдуулаад, өөрөө хувьдаа ашигласан гэдэг утгаар нэхэмжилж байна гэж ойлгож байна. Харин М.Нарангэрэл нь бусад байгууллагад 5 сая төгрөгийн эм, бараа зээлүүлээд, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, тэр байгууллагуудаасаа авч өгнө гэж баталгаа гаргасныг нь 54 сая төгрөгийн эм бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол тийм зүйл биш юм. Хоёрдугаарт эд хариуцагчийн асуудал ярьж байна. Тухайн хүнийг эд хариуцагчаар ажиллуулж байгаа тохиолдолд тэр хүнтэй хөдөлмөрийн гэрээ, болон өөр ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах ёстой. Гэтэл тухайн хүнтэй өөртэй нь тохиролцохгүйгээр ямар нэгэн байдлаар “Монгол-Эмимпекс концерн”  тушаал гаргаад, чи эд хариуцагчаар ажиллаж байсан тул чи хариуцах ёстой гэсэн зүйл ярьж болохгүй. М.Нарангэрэл нь тус компанид 2012 оноос хойш эд хариуцагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Харин эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг 2010 онд байгуулсан байна. Бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээний хавсралт болгоод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байдаг. Салбарын захирлын бүрэн хариуцлагын гэрээн дээр тодорхой хэмжээнд хариуцаж байгаа эд хөрөнгийн хувьд хариуцлага хүлээхээр заасан болохоос биш, яг эд хариуцагчийн хувьд бүрэн хариуцлага хүлээх зүйл энэ хөдөлмөрийн гэрээн дээр байхгүй. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн хуулийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байдаг. Тэгтэл нэхэмжлэгч байгууллага М.Нарангэрэлтэй Хөдөлмөрийн хуульд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн байна.. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргээ биелүүлэхийг шаардаж болохгүй гэсэн байна. Тийм учраас өнөөдөр энэ хүнээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг нэхэх, шаардах эрхгүй гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулчихаад, мөн Хөдөлмөрийн тухай хуулиар давхар эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу удирдах, хяналт тавих албан тушаалыг давхраар эрхэлж болохгүй гэж заасан байхад тухайн салбарын захирал, мөн өөрсдөө эд хариуцагчийн тушаал гаргачихаад, давхар ажил хийлээ гэж энэ хүнд ямар нэгэн цалин хөлс олгоогүй, тохиролцоогүй байж өнөөдөр энэ хүнээс бүрэн хариуцлага нэхээд сууж байх эрх байхгүй юм. Бид өнөөдөр яагаад эм бараа хүлээн авсан, аваагүй гэж яриад байна вэ гэвэл тухайн компаниас тодорхой хэмжээний бараа хүлээж аваад, зарж борлуулаад, ашиг олоод явж байсан нь үнэн боловч дутагдал болгож нэхэмжлээд байгаа тэр барааг яг Нарангэрэлд хүлээлгэж өгсөн гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр хүлээж аваагүй барааг дутагдал гэж гаргаад, тооллогоо хийхдээ компьютерт нь байгаа бараа, материалыг тулгаж үзэхгүйгээр, өөрсдөө Улаанбаатараас бэлдэж авч ирсэн, өөр хэн нэгний шивсэн баримтыг гаргаж ирээд тооллого хийгээд ийм дутагдал байна гэж гаргаж ирж байна. Ийм байдлаар 2 удаа тооллого хийгээд, дутагдал гэж 40 гаруй сая төгрөг нэхэмжлээд байгааг бид төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Тооллого хийхдээ ямар баримт дээр яаж үндэслэсэн, тооллогын комисс хэрхэн хуралдаж энэ дүгнэлтийг гаргасан талаарх баримт байхгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгийн тооллогын комисс ямар нэгэн шийдэл гаргавал түүнийгээ баталгаажуулж акт үйлдэж, гарын үсэг зурж тогтооно гэсэн байгаа. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Бидний зүгээс санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөөч гэж хүсэлт тавьдаг нь ажил олгогчид бүх баримт байдаг учраас ийм учиртай юм. Аудитын дүгнэлт дотор М.Нарангэрэлийг эд хариуцагч юм гэж дүгнэдэг. Миний дээр хэлснээр эд хариуцагч гэдэг хүн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээ, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан хүн байх ёстой. “Хэнтий эм хангамж” компанийн бөөний тасаг нь Хэнтий аймагт 2012 онд байгуулагдаад М.Нарангэрэлийг эд хариуцагчаар тогтоогоод байгаа асуудал яригддаг.  Үүнээс өмнө зөвхөн захирлын үүргээ гүйцэтгээд явсан байдаг. Аудитын дүгнэлт дотор санхүүгийн программаас авсан “excel”-ийн файлаар эмийн орлогын журналыг эмийн орлогын падаантай тулган шалгасан боловч орлогын баримт дутуу тул тоо ширхэг, үнийн дүн зөрж бодит байдалд нийцэхгүй байсан тул “Maкс болон Даймонд” программд орлого авсан барааг үндэслэж “Монгол-Эмимпекс концерн” ХХК, “Хэнтий эм хангамж” ХХК-д өгсөн орлогын бүртгэлийг гаргав гэсэн байна. Миний хэлээд байгаагаар нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт дээр тулгуурлаж санхүүгийн тайлан, тооцоо, бүртгэл гарах ёстой байдаг. Гэтэл ийм зүйл байхгүй, будлиантай зүйл дээр аудит дүгнэлтээ гаргасан шүү гэж хэлээд байгаа юм. Мөн “Хэнтий эм хангамж” компанийн нягтлан бодогч “Макс” программд эмийн орлого авахдаа падааны үнийн дүнд бариулан барааны нэгж, тоо, хэмжээг өөрчлөн хийсэн нь аудитаар илэрсэн гэсэн байгаа. Тэгэхээр энэ 40 гаруй сая төгрөгийн дутагдал гарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол энэ нягтлан бодогч тухайн барааг тоо, ширхэг, нэрээр нь биш үнийн дүнд нь бариулан программд орлого хийдэг байсан байгаа юм. Аудитын дүгнэлт дотор шууд 40 хэдэн сая төгрөг гэхээсээ илүү нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа гэм буруугийн асуудал ярих юм бол хэн нэгэн гэм буруутай этгээдээр төлүүлэх хуулийн зарчим байна. Тэгэхээр эндээс хэн гэм буруутай байна вэ, нягтлан бодох бүртгэлийг хэн будлиантуулаад, хийж чадахгүй байна вэ гэдэг асуудал урган гарч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд нягтлан бодогчийн эд хөрөнгийн тооллого хийх, бараа материал бэлтгэн нийлүүлэх, хүлээн авч, тогтоосон хугацаанд тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах, баримтжуулах энэ бүх үүргүүдийг зааж өгсөн байна. Энэ бүх нягтлан бодох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг нь салбарын захирал, няравын асуудал биш, нягтлан бодогчийн үүрэг юм. Тэгэхээр М.Нарангэрэлийн хувьд хэдэн төгрөгийн бараа хүлээж авсан нь тодорхойгүй, тухайн дутагдал гээд байгаа барааг яг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, ийм зүйл дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад, нэхэмжлэлийг нотлоод байна гэж байгаа нь боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 367 дугаартай шийдвэрээр:
    Нэхэмжлэгч “Хэнтий-Эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М.Нарангэрэлээс 58 319 667 /тавин найман сая гурван зуун арван есөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Эм хангамж”  ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Хэнтий Эм хангамж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 449 549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нарангэрэлээс 449 549 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Эм хангамж” ХХК-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Нарангэрэл нь давж заалдах гомдолдоо: “Монгол-Эмимпекс” ХХК-ийн харъяа “Хэнтий эм хангамж” компанийн нэхэмжлэлтэй М.Нарангэрэлд холбогдох 58 319 667 төгрөг нэхэмжилсэн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь:
    М.Нарангэрэл нь “Хэнтий эм хангамж” ХХК-д захирал, эд хариуцагчаар ажиллаж байхдаа 42 005 609 төгрөгийн эм, бараа дутагдуулсан, “Мишээл-од” аудитын дүгнэлт, тайлан гаргуулсаны хөлс 9 900 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөг, авлага 4 180 442 төгрөг, өмгөөлөгч Дэмбэрэлдагвын ажлын хөлс 300 000 төгрөг, хуульч Б.Мөнхбаяраас хууль зүйн зөвлөгөө авсаны 190 516 төгрөг, томилолтын зардал 1 343 100 төгрөг, нийт 58 319 667 төгрөгийн дутагдал гаргасан тул “Хэнтий эм хангамж” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн шүүгч нь талуудад тэгш хандах, урьдаас хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэхгүй байх хуулийн заалтыг илт зөрчиж нэг талыг барьж нотлох баримтгүй, хуулийн үндэслэлгүйгээр шийдвэр гаргалаа.
М.Нарангэрэл нь “Монгол-Эмимпекс концерн” ХХК-ийн бөөний агуулахыг хариуцан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч “Хэнтий эм хангамж” ХХК-ийн эм барааг дутагдуулсан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эм барааг хүлээн аваагүй бөгөөд хэзээ М.Нарангэрэлд өгсөн нь тодорхойгүй, нотлох баримтгүй юм. Мөн 2014 оны 08 дугаар сарын дутагдал гэдэг бөгөөд 2014 онд тухайн эм барааг огт хүлээн аваагүй байдаг.
Шүүх аудитын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн гэж буй ч тухайн дүгнэлтэд М.Нарангэрэл нь ганцаараа буруутай гээгүй бөгөөд нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтөлдөггүй болохыг дурдсан байгаа. Дүгнэлтээ санхүүгийн бүртгэлийн програмд үндэслэн дутагдлыг тооцсон байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд анхан шатны баримтанд тулгуурлан орлого зарлагын гүйлгээ тусах ёстой гэж заасан гэтэл дутагдал гээд байгаа эм барааг хүлээлгэн өгсөн баримт огт байдаггүй. Шинжээч тооллогын анхан шатны баримтыг хууль бус гэж дүгнэсэн байдаг, өмнө нь дутагдал гэж гаргаж байсан зүйлгүй бөгөөд 42 005 609 төлөх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Аливаа иргэний хэрэг, зөрчил үйлдсэн гэм буруутай гэдгийг зөвхөн шүүх тогтооно гэж үндсэн хуулинд заасан байдаг. Гэтэл шүүгч шийдвэртээ М.Нарангэрэл нь гэм буруутай гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна гэж дүгнэжээ. Эрүүгийн 201523000006 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/181 тоот тогтоол нь хэн нэг хүний буруутай болохыг нотлоогүй, энэ гэмт хэрэг биш, цаашид шалгах хууль зүйн үндэслэлгүй гэсэн нотлох баримт юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шалгаж буй үйлдэлд эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй бол цаашид дахин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Ийм үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийн баримтыг прокурорын тогтоолоор нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХнь:
Анхан шатны шүүх “Монгол-Эмимпекс концерн” ХХК-ийн “Хэнтий эм хангамж”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Нарангэрэлд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн  78.1, 78.2-т “Шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно” гэжээ.
Хавтаст хэргийн /149-р талд/ хариуцагч М.Нарангэрэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг 2016 оны 04 сарын 16-ны өдрийн 48 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч С.Оюунчимэгийг томилсон шийдвэрийг албажуулсан атлаа шүүгч Ж.Болдбаатар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  78 дугаар зүйлийн 78.2-т заасантай нийцээгүй байна.
Шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу томилогдоогүй шүүгч хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд хариуцагч М.Нарангэрэлийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Нарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 449548 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХнь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хариуцагч М.Нарангэрэлийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 449548 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА
                              ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ
                                                                                             Я.АЛТАННАВЧ