Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01564

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

 

Орон сууц, автозогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан *******ийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,192,526,143 төгрөг гаргуулж, ******* ХК-д олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ББСБ ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул ******* тоот, 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 31 тоот, 15.5 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон бусад үл хөдлөх хөрөнгүүдийг 2021 оны 03 сарын 24-ний өдөр битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02752 дугаар шийдвэрээр *******ийг ******* тоот, 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 31 тоот, 15.5 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 03 сарын 24-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх үед нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мөн өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байжээ.

 

Хожим шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай уг ажиллагаанд оролцох эрхийг үүсгэх ба өмчлөгчөөр тогтоохоос өмнө явагдсан байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад болохгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР