Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/231

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1921........ дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумынд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б /ЖЮ................/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .... дүгээр байрны зүүн талд эхнэр А.Ц хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь уруулын дотор салстад язарсан шарх, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд гэрээсээ Э гэх найзын хамт гараад Хэрлэн сум 6 багт байрлах “Парис” бааранд сууж 0.5 граммын “Соёрхол” нэртэй архи уугаад тэндээсээ 22 цаг өнгөрч байхад гараад манай найз гэр рүүгээ явсан. Би эхнэртэйгээ муудалцаад 10 гаруй хонож байгаа, учир нь миний эхнэр Ц намайг байхгүй байхад хүүхдүүдээ гэртээ орхиод хүнтэй явалдаад байхаар нь орж уулзах гэж СМУ-гийн хашаанд байрлах “Мустанг” бааранд очиход манай эхнэр согтуу явалддаг залуутайгаа бас нэг хүүхэн залуу хоёртой цуг байхаар нь би ороод хажууд нь суухад нөгөө хоёр залуу нь босоод яваад өгөхөөр нь би эхнэртээ хандан хоёулаа гарч учраа олъе? гэхэд манай эхнэр Ц би пиво ууж дуусгаад гарна гээд гарахгүй байсан. ...Ингээд удалгүй бид нар тус баарнаас гараад явж байхад буюу Хэрлэн сумын 6 дугаар баг .... дүгээр байрны гадаа миний эхнэр А.Ц надтай хамт явахгүй гээд миний өөдөөс маажиж түлхээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Гэтэл хамраас нь цус гарсан. Энэ үед миний эхнэртэй хамт явж байсан залуу над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалж зууралдаж байх үед миний эхнэр над руу дайрсан бөгөөд тухайн үед би эхнэр А.Ц баруун хөлөөрөө жийж газарт унагасан гэх мэдүүлэг /хх-ийн 09, 29/

            Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Хэрлэн” хорооллын ..... тоотод нөхөр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд сүүлийн үед би нөхөр Б.Б гэр бүлийн маргаанаас болж тусдаа буюу өөрийн төрсөн эгч  А.Ү гэрт амьдрах болсон юм. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 23-ны  орой 20 цаг өнгөрч байхад найз Т хамтаар  Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд  орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн үед бид хоёр дотроос нь хүн тус бүр  нэг шил “Сэрүүн” гэх шошготой 0.5 литрийн шар айраг захиалаад суухад тус газрын зөөгч нь манай ширээн дээр ирээд бид хоёрт хандан “манайх үйлчлүүлэгч ихтэй байна, ширээгүй болчихлоо, та хоёр хоёулаа сууж байгаа юм чинь хажууд чинь шахаад хүн суулгачих уу” гэж хэлэхэд нь бид хоёр зөвшөөрөхөд танихгүй хоёр залуу манай ширээн дээр ирээд хамт суусан бөгөөд энэ үед гаднаас миний нөхөр Б.Б орж ирээд надад хандан “чи яаж яваа юм бэ?, юун залуучуудтай сууж байгаа юм бэ?” гэж хардаж уурлахад нь би “Найз Т хамт явж байна, чи өөрөө юу хийж яваа юм бэ? ” гэж хэлэхэд намайг гараад ир гэж хэлэхээр нь би захиалсан шар айрагаа ууж дуусаагүй нөхөр Б.Б-г  дагаад тус байрнаас гарсан юм. Тэгэхэд мөн найз Т бас араас гарч ирсэн бөгөөд энэ үед нөхөр Б.Б намайг хардаж тус баарны гадаа гараараа нэг удаа алгадсан юм. Энэ үед найз Т бид хоёрыг салгахад улам над руу дайрч давшлаад байхаар нь би найз Т-н хамтаар цааш явж байхад буюу Хэрлэн сумын 6 дугаар нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд ирэх үед араас нөхөр Б.Б ирээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн бөгөөд энэ үед би  хэвлийгээ бариад доош газарт суухад  мөн хамраас цус гарсан юм. Энэ үед хажууд явж байсан миний танил Б гэх залуу “Б.Б миний нөхөр гэж бодолгүй, чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ?” гэж хэлэхэд мөн Б маргалдаж муудалцаад байсан бөгөөд удалгүй цагдаагийн албан хаагч ирээд нөхөр Б.Б аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн .... тоотын дүгнэлтийн хэсэгт: “ А.Ц биед уруулын дотор салстад язарсан шарх, хэвлийд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

            -Дорнод аймгийн Хэрлэн  сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ  2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .... дүгээр байрны зүүн талд эхнэр А.Ц хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь уруулын дотор салстад язарсан шарх, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр А.Ц надтай хамт явахгүй гээд миний өөдөөс маажиж түлхээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Гэтэл хамраас нь цус гарсан. Энэ үед манай эхнэртэй хамт явж байсан залуу над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалж зууралдаж байх үед манай эхнэр над руу дайрсан бөгөөд тухайн үед би эхнэр А.Ц баруун хөлөөрөө жийж газарт унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, хохирогч А.Ц өгсөн: “...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд ирэх үед араас нөхөр Б.Б ирээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн бөгөөд энэ үед би  хэвлийгээ бариад доош газарт суухад  мөн хамраас цус гарсан юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот дүгнэлт /хх-ийн 21/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч А.Ц-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б-н хохирогч А.Ц-г алгадаж, улмаар хэвлийн тус газарт нь өшиглөсөн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-н ЖЮ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.            

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б-н ЖЮ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                                             

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР