| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2023/04246/И |
| Дугаар | 210/МА2025/01677 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01677
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02712 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
43,140,236 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
42,660,639 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******тай гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, ******* байр, ******* тоот, 48 м.кв орон сууцыг 76,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 66,800,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон.
Гэрээний дагуу нийт 43,140,236.5 төгрөг төлсөн боловч ******* нь тус орон сууцыг худалдахаа болилоо, орон сууц чөлөөл, эсвэл алданги төл гэх шаардлагуудыг удаа дараа тавьж цаашид орон сууцанд амьдарч, төлбөрийг төлөх боломжгүй болсон.
Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаа тул 43,140,236.5 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Захиалгаар орон сууц бариулах гэрээнд түрээсийн гэрээний заалт оруулж байгаа бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.2-т заасан өмчлөх эрх шилжсэнээр түрээсийн харилцаа үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх шаардлагатай бөгөөд тус шаардлагыг хангаагүй. Мөн 7,000,000 төгрөгийн алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Гэрээний үнийг нэг талын санаачилгаар шууд нэмсэн тул гэрээнээс татгалзсан. Сууц өмчлөгчдийн холбооны гарсан зардлыг төлөхөд татгалзахгүй.
Иймд үлдэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Гэрээний 3.1-д заасны дагуу үүргээ биелүүлсэн ч ******* нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Гэрээний 3.7-д Б тал гэрээнд заасны дагуу төлбөрөө хийж чадахгүй 1 болон түүнээс дээш сар болсон ба Б тал энэ гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр дангаараа цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцаа хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч А тал Б талын байранд орсон өдрөөс эхлэн нэг сарын түрээс 1,500,000 төгрөгөөр бодож урьдчилгаа болох мөнгөнөөс хасаж буцаан олгож байрнаас гаргана. Үлдсэн төлбөрийг буцаан олгоно. гэж заасан. Дээрх заалтын дагуу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцож үзэхэд 33,120,018 төгрөг болж байна.
Гэрээний 14.3-д заасны дагуу алданги тооцоход 7,240,724.16 төгрөг болсон.
******* нь тус байранд 2023 оны 06 дугаар сар хүртэл амьдрахдаа сууц өмчлөгчдийн холбооны болон ашиглалтын зардал болох 2,229,897.80 төгрөгийг төлөөгүй.
Иймд нэхэмжлэгчээс нийт 42,660,639,96 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232.3, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 36,127,039 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 7,013,197 төгрөгийн үндсэн шаардлага, 42,660,639.96 төгрөгийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,625 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,253 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй ба худалдах худалдан авах болон зээлээр худалдах худалдан авах гэрээ юм.
Худалдан авагч тал худалдан авсан зүйлийнхээ төлбөрийг хуваан төлөх үүрэг хүлээж төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон ба ******* гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу цар тахлын улмаас үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл цар тахлын улмаас төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон талаар хэрэгт баримт авагдаагүй.
Гэрээ цуцлах хүсэлтийг нэхэмжлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан байх ба гэрээний төлбөрийн хуваарь өөрчилсөн графикт н.Нарантуяа гэх гарын үсэг зурагдсан байна. Төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэх тооцоололд зурагдсан гарын үсгүүд мөн өөрөөр зурагдсан.
Эдгээр нь ******* тухайн албан тоот хүсэлтийг өөрөө гаргасан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад шүүх зөвхөн итгэмжлэл дээр талууд маргаагүй байна гэж дүгнэн орхисон нь үндэслэлгүй.
Гэрээнээс татгалзсанаар өгсөн авснаа харилцан буцаавал ******* нь үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшил ашиглалтад буцаан авч, ******* нь тухайн байранд амьдарсан хугацааны төлбөрийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон суутгуулахаар талууд тохирсон. Гэтэл шүүх зөвхөн нэг талын үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хариуцагч талын сөрөг нэхэмжлэл болон бусад хууль зүйн үр дагаврыг тооцолгүйгээр шийдвэрлэсэн.
Гэрээнд заасан заалт нь хүчин төгөлдөр бус бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2019 оноос 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарч ашигласан хугацааны төлбөрийг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлага тавигддаг. Гомдолд орон сууц хөлслөх гэрээ байсан гэж дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь түрээсийн гэрээний агуулгаар байгуулагдсан. Ашиг олох зорилгоор түрээсийн эрх зүйн харилцаа хэрэгждэг.
Орон сууц худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний шаардлагууд хоорондоо өөр байдаг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан үндэслэлээр 43,140,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч талын үүргийн зөрчлөөс шалтгаалж гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар гэрээний хохирол, алданги 42,660,639 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа, бичгээр байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн зөрчлийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж дүгнэв.
3. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ******* дүгээр байр, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот хаягтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр,
******* нь гэрээ байгуулсан даруйд 10,000,000 төгрөг төлөх, үлдэх төлбөр 66,800,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд сар бүр 2,375,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Хэдийгээр гэрээнд нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, харин уг гэрээнээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн тэрээр гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээнд үндэслэн хариуцагчаас орон сууцыг хүлээн авч эзэмшиж, ашигласан.
Иймд нэхэмжлэгч бичгээр байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй хэдий ч үйлдлээрээ зөвшөөрч, гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх хуваарийг хэлэлцэн тохиролцож, орон сууцыг хүлээн авсан тул анхан шатны шүүхээс талууд бичгээр гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад орон сууц 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад орж, улмаар нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчаас хүлээн аваад 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглажээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
4. Хариуцагч нь орон сууц барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хүлээн авсан орон сууцны үнийг төлөх тохиролцоо, орон сууц ашиглалтад орсон хугацаа зэрэг шинжээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.1. Гэрээний 2.4-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны 76,800,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сард бүрэн төлөх үүргийг хүлээсэн боловч нийтдээ 36,640,236 төгрөг төлсөн. Энэ үүргийн зөрчлөөс шалтгаалж нэхэмжлэгч нь орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.
Нэхэмжлэгчийг орон сууцны үнийг төлөх хуваарьт хугацаанд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал гарсан болох нь нийтэд илэрхий үйл баримт мөн.
Гэхдээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул 2023 оны 01 дүгээр сараас орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үнийг төлөх боломжгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй, энэ талаар удаа дараа нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг буцаан авч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна.
4.2. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэх үүднээс нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин нэхэмжлэгчийн төлсөн 36,640,236 төгрөгөөс түүний хариуцах ёстой орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хасч 36,127,039 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгааг залруулах нь зүйтэй.
Учир хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг шаардсан тул үүнд хамаарах төлбөрийг үндсэн нэхэмжлэлээс шууд хасч харилцан тооцохгүй.
5. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 3.7 дахь заалтаар нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө хийж чадахгүй 1 болон түүнээс дээш сар болсон, мөн гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр дангаараа цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцаа хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг байранд орсон өдрөөс эхлэн нэг сарын түрээс 1,500,000 төгрөгөөр бодож урьдчилгаа болох мөнгөнөөс хасч буцаан олгож байрнаас гаргана гэж талууд харилцан тохиролцсон байна.
Талуудын энэ тохиролцоо нь түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй бөгөөд харин гэрээг цуцалсан буюу түүнээс татгалзсан тохиолдолд үүсэх хохирлыг тооцох журмыг тогтоосон агуулгатай байна.
5.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үүргийн зөрчлөөс шалтгаалж талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь үүнтэй холбоотой хохирлыг гэрээгээр тогтоосон журам, аргачлалын дагуу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Гэрээнээс татгалзсаны улмаас хариуцагчид учирсан хохирлыг гэрээний 3.7-д зааснаар тооцоход 69,000,000 төгрөг болж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу нэхэмжлэгчээс 33,120,018 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
5.2. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг 513,197 төгрөгийн хэмжээнд хангасан анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
Энэ тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй.
5.3. Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь гэрээний үүрэгт алданги шаардах эрхгүй тул үүнд холбогдох сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Харин холбогдох эрх зүйн дүгнэлтийг буруу өгсөн байгааг дээрх дүгнэлтээр залруулав.
5.4. Иймд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс 33,633,215 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн үйл баримтын дүгнэлт болон хууль хэрэглээний алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 36,640,236 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад, нэхэмжлэгч *******аас 33,633,215 төгрөг гаргуулж хариуцагч ******* тус тус олгож,
үндсэн нэхэмжлэлээс үлдэх 6,500,000 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,027,424 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 373,625 төгрөг, хариуцагчийн төлсөн 371,253 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагчаас 341,151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 326,116 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,878 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ