Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/241

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1921.............. дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Халхгол сумын ... дугаар баг “.............” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Шарнууд овогт Б.Б /РД: ЖИ................/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын .. дугаар багийн нутаг “.............” гэх газарт иргэн Б.У-н хүзүүн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад босоод ганцаараа “Ерөөл” гэх шошготой 0.5 литрийн архийг ганцаараа уугаад 10 цагийн орчимд байх яг цагийг нь санахгүй байна, манай гэрээс ертөнцийн зүгээс баруун хойд зүгт 1 км гарангийн зайтай амьдардаг хөрш айл болох Г-н гэрт очсон юм. ...Миний хувьд өглөө өлөн дээрээ архи уусан болохоор нэлээд согтчихсон байсан бөгөөд гэртээ ирэхэд дүү Б.У хонь болон тугалын хашаагаа шавраас зөөж холдуулж байсан юм. Учир нь өмнөх өдөр нь бороо орж шавар их тогтсон байсан бөгөөд миний хувьд мөн хашааг зөөж холдуулж өгч байгаад тайлдахгүй зангидсан учраас нь таслах санаатай гэрээсээ хутга авчраад тасдаж байхдаа ахин архи уух санаатай дүү Б.У хандан “миний дүү мотоцикл бариад сумын төв рүү хамт ороод ирэх үү” гэхэд дүү Б.У миний өөдөөс “Намайг архи уусан байна, амжихгүй, хонь харах хүн байхгүй” гэх зэргээр уурлаад хар халуунд уулаа гэж намайг загнахаар нь би уурлаж “чи ер нь юу ” гээд байна гээд цааш алхаж байсан дүү Б.У-н араас очиж толгойн ар хэсэг рүү гараараа цохихдоо гартаа барьж байсан хутгатай гараараа цохичихсон юм. Тэр үед миний гарт байсан хутга ямарч байсан дүү Б.У-н хүзүү орчимд нь таарч хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

            Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хажуу айлын Б ах намайг гэрийнхээ гадаа яваад ир гээд дуудахаар нь очиход жоохон архи уусан байдалтай байсан, намайг мотоцикл бариад сумын төв рүү ороод ирэх үү? гэхээр нь дүү нь амжихгүй байхаа манай малыг харах хүн байхгүй гэж хэлээд гэр рүүгээ алхаад явахад Б ах миний араас ирээд толгойны ар тал руу юмаар цохих шиг болсон, тэгэхээр нь гараараа дараад үзэхэд цус гарч байсан удалгүй би гэрийнхээ гадаа толгой эргээд унасан байхад Х эгч эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/  

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн .... тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Г.У-н хүзүүнд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2 Дээрх гэмтэл нь эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 36/

            -Дорнод аймгийн Халхгол сумын ...... багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/                                  - Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 10/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “..................” гэх газарт хохирогч Б.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн хүзүүн тус хэсэгт хутгалж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б-н өгсөн: “ ...Би Б.У-д  хандан “миний дүү мотоцикл бариад сумын төв рүү хамт ороод ирэх үү” гэхэд амжихгүй, хонь харах хүн байхгүй гэх зэргээр уурлаад хар халуунд уулаа гэж намайг загнахаар нь би уурлаж “чи ер нь юу гээд байна” гээд цааш алхаж байсан дүү Б.У-н араас очиж толгойн ар хэсэг рүү гараараа цохихдоо гартаа барьж байсан хутгатай гараараа цохичихсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .....тоот дүгнэлт /хх-ийн 36/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Г.У-т учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б-ны хохирогч Г.У-н хүзүүн тус газарт хутгалсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

             Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

            Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шовх үзүүртэй, хутганы ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 11.5 см, хүрэн өнгийн хуванцар бариултай, бариулын хоёр талд 0.5х1см хэмжээтэй цагаан метал 4 ширхэг дүрстэй хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Б.Б-ны ЖИ.............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ны цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шовх үзүүртэй, хутганы ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 11.5 см, хүрэн өнгийн хуванцар бариултай, бариулын хоёр талд 0.5х1см хэмжээтэй цагаан метал 4 ширхэг дүрстэй хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Б.Б-ны ЖИ.............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР