| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1498 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Г т холбогдох эрүүгийн 1906 04565 1793 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
1986 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн А/87 дугаартай Талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 206 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Д.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 1265 тоотод иргэн А.Бямбадуламын нуруунд тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг төмөр хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-7/, хохирогч А.Бямбадуламын өгсөн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Д.Даваагийн өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч А.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, Д.Г ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-12, 18/, шүүгдэгч Д.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 1265 тоотод иргэн А.Бямбадуламын нуруунд тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бямбадуламын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 хэсэг 1265 тоотод ороход Д.Г согтуу хутга барьчихсан Зоригоо ах орон дээрээ нам унтаж байсан. Д.Г ахыг “та хутга барьж яах гэж байгаа юм” гэхэд Д.Г “яагаач үгүй” гэсэн. Тэгээд “та бие муутай хүнийг дээрэлхээд байгаа юм уу” гэж уурласан. Зоригоо ах бие муутай хүн байдаг юм. Тэгээд “чаддаг юм бол намайг хутгалчихгүй юу” гэж хэлсэн. Инээгээд “ахын дүү намайг уучлаарай” гээд тэвэрсэн. Гарт нь хутга харагдаагүй урт ноосон цамцтай байсан. Би “наад үнэр чинь ямар аймаар юм” гээд гэрээс нь гарсан. Гэрээс нь гарахад нуруу руу бүлээн юм урсаад байхаар нь үзэхэд цус гарч байсан. Д.Г ах миний зүүн талын бөөрний дэзд тал нуруу орчим хутгалчихсан байсан. Би тэгээд такси бариад ээжийнхээ гэрт очоод цагдаа, эмнэлэг дуудсан. Ямар учраас хутгасныг нь мэдэхгүй байна. Төмөр цагаан хутга байсан. Хамт ажил хийж байсан. Таньдаг болоод 2 жил болж байна. Ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Д.Г ах бид хоёр байсан. Зоригоо ах ухаангүй унтаж байсан. Зүүн бөөрны дээр тал нуруу орчим зүсэгдсэн шархтай байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваагийн өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 52-350 тоотод гэртэй унтаж байхад гэнэт эмэгтэй хүний дуу гарахаар нь гэрэл асаахад Бямбадулам ирсэн байсан. “Юу болсон” гэхэд бөөрний хэсэгтээ гараа хүргээд “энэ хар даа” гэхэд нил цус болсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Удалгүй цагдаа нартай хамт ирсэн. Хэнд хутгалуулсан талаар юм хэлээгүй. Сүүлд нь дүү шил Ганбаа хутгалсан гэж хэлсэн байсан. Зүүн бөөрний дээд талд хутгалуулсан байсан. Танилууд нийлээд архи ууцгаагаад байдаг. Шил Ганбаа гэдэг. Нэрийг Ганбаатар гэдгийг 1-2 удаа харж байсан. Зүс танина.” /хх-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Гантулгын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 52-350 тоотод гэртэй унтаж байхад эгч А.Бямбадулам орж ирсэн. “Ээжээ охин уналаа” гэж хэлсэн. Босоод харахад А.Бямбадуламын зүүн бөөрний дээд талд нь хутгалсан байсан. Тэгээд түргэн дуудаад удалгүй цагдаа, түргэн хоёр зэрэг ирсэн. А.Бямбадуламыг аваад “Цэргийн төв эмнэлэг” орж үзүүлсэн. Хэнд хутгалуулсан талаар асуухад эхлээд хэлэхгүй байснаа дараа нь Д.Г ынд сууж байхад намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад энэ тухай хэлсэн. Зүүн бөөрний дээд талд хутгалуулсан байсан. А.Бямбадуламын гэрийн ойролцоо байдаг. Хоорондоо найзууд, хуурай ах, дүүгийн харилцаатай. “Араас хутгалсан” гэж хэлсэн.“ /хх-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 9343 дугаартай дүгнэлтэд:
1. А.Бямбадуламын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-18/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн: “...А.Бямбадуламын биед учирсан нуруунд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгагдах үед үүсэх боломжтой.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би гэртэй яс мөлжөөд сууж байсан Бямбадулам орж ирээд согтуу орж ирээд олон юм яриад байсан. Би “цаашаа яв” гээд араас нь түлхсэн. Нээх юм хэлээгүй гараад яасан. Тэгээд нуруу цус болсон гэж ярьж байсан. Би хутгалснаа мэдэхгүй байна. Хутгатай гараараа цаашаа бай гээд түлхэхэд зүсэгдсэн юм шиг байна лээ. Бямбадуламтай нэг дор ажиллаж, амьдардаг танилын харилцаатай.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-7/,
Шүүгдэгч Д.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Г ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 1265 тоотод иргэн А.Бямбадуламын нуруунд тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч А.Бямбадулам нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Г ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Г ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Хохирогч А.Бямбадулам нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС