| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/00194/и |
| Дугаар | 224/МА2025/00028 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 224/МА2025/00028
Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн ЭМГ,
Увс аймгийн Х сумын ЭМТ-д
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00487 дугаар шийдвэртэй,
Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн ЭМГ, Увс аймгийн Х сумын ЭМТ-д холбогдох, “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн нууц мэдээлэл хууль бусаар тараасан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хувийн мэдээлэл болон ор үндэслэлгүй худал мэдээллийг эмнэлгийн байгууллагын ажилчид тараасан талаар залруулга хийж олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар /цахимаар/, хариуцагч Ц.С-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн нууц мэдээлэл хууль бусаар тараасан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хувийн мэдээлэл болон ор үндэслэлгүй худал мэдээллийг эмнэлгийн байгууллагын ажилчид тараасан талаар залруулахыг хийж олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Б.Т нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд хүүхэд төрүүлэхтэй холбоотойгоор эх хүүхдийн хөтчийн дагуу Х сумын ЭМТ-д шинжилгээ өгч байсан. Нэхэмжлэгчийн хувьд бага насандаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан бөгөөд үүнээс үүдэлтэй бэлгийн замын халдварт өвчин авч байсан тул шинжилгээний хариугаар 2016 онд жирэмсэн байх хугацаанд нь жирэмсний эрт үеийн хяналтад авахаар эрүүл мэндийн төвийн дарга Г.Ч, лаборант О.А нар гэрээр эргэлт хийх үедээ цусны ерөнхий, шээсний ерөнхий шинжилгээ авсан байна. Цусны шинжилгээг тестээр хийхэд хариу өөрчлөлттэй гарсан тул лаборант хариуг нь их эмч Г.Ч-т танилцуулсан байна. Шинжилгээний хариуг Нэгдсэн эмнэлгийн лаборатори батлуулахаар шинжилгээний сорьц явуулахад шинжилгээний хариу ТРНА /+/ эерэг гарч эмчилгээ хийгдсэн. /2016 оны шинжилгээний хариуг Н.Info программаас харахад 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн хариу ASI.3 RPR +, TPHA+ гарсан байна/ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны шинжилгээний мэдээллийг Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн анхан шатны маягтаас авч үзэхэд зур эерэг /ТРНА/ илэрсэн байсан. Энэ талаар зөвхөн эмнэлгийн байгууллага мэдэх хүний хувийн эмзэг мэдээлэл бөгөөд хүүхдэд ямар нэгэн нөлөөгүй байсан тул хүүхэд маань өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Гэтэл 2019 оны 8 дугаар сараас эхлэн нөхрийн маань хамаатны эгч болох н.Б гэх хүн над руу холбогдож ...Д эмч чамайг өвчтэй гэж хэлж байна удам бузарласан хүүхэн...ална, хядна гэх зэргээр дарамталж эхэлсэн тул Эрүүл мэндийн яаманд энэ талаар гомдол гаргахад Б.О эмч нь найз Ч.Д-д шинжилгээний хариуг хэлж задруулсан. Ингээд ямар шалтгаанаар 2017 онд төрсөн хүний хөтчийг Б.О эмч гаргаж ирж Ч.Д-д хэлсэн тодорхойгүй бөгөөд энэ талаар тухайн үед Ч.Д нь нөхрийнхөө эгчид Б.Т-ийн шинжилгээний хариуг хэлсэн талаар тогтоогдож хохирол хэмээн 1,000,000 төгрөгийг шилжүүлснээс бусдаар Увс аймгийн ЭМГ-аас ямар ч арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэйгээр тухайн орон нутгийн хүмүүс тараасан байна. Ингээд энэ асуудал намжсан гэж бодож байсан ч 2022 онд эгч маань өвчний улмаас нас барьсан бөгөөд түүний 2 хүүхэд манайд амьдарч эхэлсэн. Гэтэл 2023 онд гэрээс жижиг зүйлс алга болоод байсан бөгөөд энэ ингээд гэр бүлд маань маргаан гарч том охинтой нь муудалцахад нэхэмжлэгчийг ална хэмээн хоолойг нь боосон зэрэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхад Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн сувилагч У гэх хүн эгч Б-т миний шинжилгээний талаар болон сумын эмнэлэгт хүүхдээ авхуулж байсан зэрэг үндэслэлгүй худал мэдээлэл дамжуулсныг нь тухайн хүүхэд нэхэмжлэгчид хэлж байсан. Тухайн үед 2020 онд болсон явдал тухайн үед дуусаагүй гэдгийг мэдсэн бөгөөд тэр бүү хэл энэ худал мэдээллийг нэхэмжлэгчийн хуримаар ирсэн эмнэлгийн байгууллагын 2 ажилтан уригдаж ирээд ярьж байсан талаар мэдээд энэ байгууллагын ажилчид миний талаар худал мэдээллийг нийтэд тарааж байгаа гэдгийг мэдсэн. Үүнээс үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн нөхөр нь хэдий энэ мэдээлэл худал гэдгийг мэдсэн ч гэр бүлийн таарамжгүй харилцааг бий болгож үүнээс үүдэлтэй нэхэмжлэгч амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан. Ингээд гэр бүлийн асуудал ар араасаа гарч сэтгэл зүйн хувьд байнгын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нөхөр нь гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандах гэж байхад нь нэхэмжлэгч болиулж 1 жилийн хугацаа хүссэн тул гэр бүлийн хүн нь цэргийн байгууллагын ажилтан тул Өмнөд Суданд 1 жилийн хугацаатай ажиллагаанд явсан. Ингээд яаралтай арга хэмжээ авахаар холбогдох байгууллагуудад хандаж эхэлсэн бөгөөд Увс аймгийн ЭМГ 2025.02.06-ны өдрийн 64 дугаар албан бичиг, Увс аймаг Х сумын ЭМТ-ийн 2025.02.25-ны өдрийн 10 дугаар албан тоотуудаар хариу ирүүлээд байна. Ингэхдээ Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг гомдол мэдээллийн дагуу шалгаж байгаа хугацаандаа 2024 оны 9 дүгээр сард нийт 24 эмчийн хуралдаан дээр зарлаж худал мэдээллийн хамт ярьж бөгөөд асуудлыг улам дэвэргэсэн байна. Иймд тухайн Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн ажилтан албан хаагчдын Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан хувийн мэдээллийг тараасан, үүн дээрээ нэмж үндэслэлгүй сумын эмнэлэгт хүүхдээ авхуулж байсан зэрэг нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн нууц мэдээлэл хууль бусаар тараасан болохыг шүүхийн журмаар эцэслэн тогтоолгож, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл тараахгүй байхыг даалгах шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Одоогоор нэхэмжлэгчийн нөхөр болон нэхэмжлэгчийн талын хамаатан, төрөл садан зэрэг хүмүүс эмнэлгийн байгууллагын ажилтнуудын тараасан худал мэдээллээс үүдэлтэй байнга дарамталж, асган согтуу тавих, хаалга үүдийг эвдэх, эрүүл мэндэд халдах зэрэг 2 хүүхэд болон нэхэмжлэгчийн эцэг эх эрсдэлтэй байдал байгаа тул цаашид маргааныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тул харгалзаж шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “нэхэмжлэгч Б.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн хариуд дараах тайлбарыг өгч байна. Хувийн мэдээлэл задруулсан гэх асуудлын талаар: Увс аймгийн ЭМГ нь иргэдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой аливаа эмнэлгийн мэдээллийг нууцлах, хамгаалах үүргийг Эрүүл мэндийн тухай хууль, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, стандартын дагуу чанд сахиж ажилладаг. Нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийн талаар: Увс аймгийн ЭМГ нь тухайн иргэнийг гүтгэх, нэр хүндэд нь халдах аливаа санаатай үйлдэл хийгээгүй. Хэрэв тус байгууллагын ажилтнуудын хэн нэгний үйлдэл нь хувь хүний нэр төрд халдсан нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд бид холбогдох эрх үүргийн хүрээнд арга хэмжээ авч ажиллах болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан зарим нөхцөл байдал нь хувь хүний хоорондын хувийн маргаан, гэр бүлийн асуудалтай холбоотой бөгөөд манай байгууллагын зүгээс албан ёсоор мэдээлэл тараасан, нэр хүндэд нь халдсан үйлдэл хийгдээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019 онд арга хэмжээ аваагүй гэж байгаа боловч тухайн үед удирдлага, төрийн санхүүгийн хэлтсийн дарга н.М очиж ажилласан. Ажилчдад ёс зүйн талаар сургалт, мэдээллүүдийг өгч ажилласан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
4. Хариуцагч Х сумын ЭМТ-ийн дарга Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Т-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн нууц мэдээлэл хууль бусаар таасан болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл тараахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Т-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хуулийн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд Б.Т-ийн хувийн мэдээллийг Х сумын ЭМТ-с задруулсан гэх баримт, мөн Б.Т-ийн эрүүл мэндийн талаарх баримтыг бусдад ямар арга хэрэгслээр яаж тараасан, энэ нь эрүүл мэндийн төвтэй ямар шалтгаант холбоотой болохыг тогтоогоогүй, баримт байхгүй. 24 эмч нарын хуралдаан дээр зарласан гэж байна. 24 эмч нарын хуралдаан дээр зарлаагүй, өргөдлийг уншиж танилцуулаагүй. Харин хувь хүний нууцыг хамгаалах тухай, эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн талаах мэдээлэл хийж хуралдсан байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00487 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн нэр бүхий ажилтнууд нэхэмжлэгч Б.Т-ийн хувийн мэдээллийг тараасан болохыг тогтоож, тус эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Увс аймгийн ЭМГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Т нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн нууц, мэдээлэл хууль бусаар тараасан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хувийн мэдээлэл болон ор үндэслэлгүй худал мэдээллийг эмнэлгийн байгууллагын ажилчид тараасан талаар залруулга хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс Х сумын ЭМТ-ийн нэр бүхий ажилтнууд нэхэмжлэгч Б.Т-ийн хувийн мэдээллийг тараасан болохыг тогтоож, тус эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийн хувийн мэдээлэл тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна.
6.1. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд анх 2019 онд хамаатны эгч болох Х.Б над руу утасдаж удам бузарласан өвчтэй гэсэн гээд өөрийн жирэмсэн үеийн шинжилгээнд илэрсэн өвчний мэдээллийг эмч Б.О, Ч.Д нэр тараасан гээд уг хүмүүс энэ үйлдлээ хүлээж хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч энэ талаар Б.О, Х.Б нараас гэрчээр мэдүүлэг аваагүй. Тухайн үед Ч.Д нь Х сумын ЭМТ-д ажилладаггүй байсан болох нь баримтаар тогтоогдсон. Хохиролд мөнгө шилжүүлсэн гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй. Удаа дараа гаргаж байсан гомдлуудад үндэслэн өмнө нь ЭМГ, ЭМТ-өөс гаргаж байсан шийдвэрүүдийг үндэслэн хэргийг шийдсэн нь өрөөсгөл болсон.
6.2.Нэхэмжлэгч нь хувийн мэдээлэл тараасан гээд байгаа нэр бүхий ажилчдыг хамтран хариуцагчаар татаагүй учир эдгээр хүмүүсээс тайлбар мэдүүлэг аваагүй. Өөрөөр хэлбэл Б.О, Ч.Д, О.У нарын оролцоог хангаагүй байж тэдгээр хүмүүсийн хувийн мэдээлэл тараасан гээд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа байгууллага болох Х сумын ЭМТ-ийг энэ талаар олон нийтэд мэдээлэл хийхийг даалгаж шийдсэн нь буруу болжээ. Учир нь Х сумын ЭМТ-д 2019 оноос одоог хүртэл олон тооны хүн ажиллаж байсан учир Эрүүл мэндийн төвийн нэрээс уучлалт гуйж залруулга хийж нь энэ хэрэгт хамааралгүй хүмүүсийн эрх ашиг, нэр хүндэд нөлөөлнө. Хэрэв дээрх нэр бүхий хүмүүс нэр дурдан залруулга хийх юм бол эдгээр хүмүүсийг буруутгасан ямар ч шийдвэргүй байхад нийтэд зарласан болж эрх ашгийг нь хөндөнө. Энэ утгаараа шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэх боломжтой байх шаардлага хангахгүй байна.
6.3. Нэхэмжлэгчийн мэдээлснээр хэрэг анх 2019 онд гарсан бол энэ үед Б.О нь Х сумын ЭМТ-д ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад таамаг байдлаар хэргийг эцэслэн шийдэхэд хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт байхгүй байхад шийдсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Гомдолдоо тодорхой тайлбарласан. Тухайн яриаг яг тараасан хүн нь Х.Б гэх хамаатных нь эгч юм. Ч.Д болон Б.О нарыг тараасан гэх ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч тал Х.Б-г гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргахад татгалзаж байсан. Тэдгээр хүмүүс эрх зүйн чадвар, чадамжтай хувь хүмүүс учир хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэргээс үзэхэд эрүүл мэндийн төв хувь хүний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргахдаа хувийн нууцыг задруулсан хүмүүсийн буруу гэж бодож байна гэж хэлсэн. Ямар ч эрх зүйн мэдлэггүй хүн дүгнэхдээ эрүүл мэндийн төв нь бус, тарааж байгаа хувь хүмүүс нь л хариуцах ёстой гэдгийг хэлсэн.
Шүүхийн шийдвэрийн 19 дүгээр хуудасны 4.4-т Б.О нь 2020 онд Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн даргаар ажиллаж байсан болох нь х сумын Засаг дарга болон Х сумын ЭМТ-ийн эрхлэгч Б.О нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд их эмч Б овогтой О нь жирэмсний амралттай тул Ч овогтой Д-г 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд хариуцсан их эмчээр, Х сумын ЭМТ-ийн дарга Ч нар томилон ажиллуулсан гэж. 2017 оны үед Б.О, Ч.Д нар Х сумын ЭМТ-д ажиллаж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. Ажиллаж байгаагүй гэхэд байгууллагын архивт байсныг нь гаргаад тараасан гэж ярьдаг. Үүнийг нь нотлох ёстой. Нэхэмжлэгч ч гэсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Байгууллагын архиваас гаргасан гэдгийг нотлох хэрэгтэй. Өргөдөлд дурдсан зүйлийг нэг бүрчлэн хүмүүсээс асуугаад яваад байсан нь мөн нууцыг заруулсан хэлбэр гэж байна. Өргөдөлд дурдсан гомдлыг шалгаж тогтоохын тулд зайлшгүй хийх ёстой ажиллагаанууд гэж харж байгаа. Ч.Д, Х.Б нар нь нэхэмжлэгчийн төрөл садан буюу нэг нь бэргэн, нөгөөх нь хадам эгч нь гэдгийг өөрөө ч өмнөх шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтуудыг нэмж бүрдүүлсний дараа дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна” гэв.
8. Нэхэмжлэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгч мэдээлэл тараасан хүнийг Х.Б гэж хэлж байна. Тухайн үед эрхлэгч эмч хийж байсан Б.О гэх хүн өөрийн албан тушаалаа ашиглаж миний архивлагдсан бичиг баримтыг шалтгаан нөхцөл нь тодорхойгүйгээр гаргаж ирээд нийгмийн ажилтны оронд түр ажиллаж байсан Ч.Д гэх хүнд ажлын цагаар, ажлын байранд тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Увс аймгийн ЭМГ болон Х сумын ЭМТ-ийн дарга Ч.Д, Б.О нар нь тухайн 1,000,000 төгрөгийн учир утгыг нь надад тайлбарлаж хэлээгүй. Тухайн мөнгө болох 500,200 төгрөг одоо ч миний дансанд байна. Иргэн миний өвчний түүх байгууллагын архивт байсан, тухайн баримт бичиг задарсан. Т.С-д энэ талаар хэлж тайлбарлаад, үүнд хариуцлага тооцож өгнө үү гэхэд байгууллагынхаа 24 ажилтныг дуудаад бүгдийнх нь өмнө уг мэдээллийг тараасан. Өнөөдөр өөрөө ирээгүйд нь үнэхээр их гайхаж байна. Би хууль зөрчсөн үг, үйлдэл гаргаагүй. Нэг байгууллагын 4 ажилтан үйлчлүүлэгчийнхээ эрхэд халдсан байхад, хувь хүний асуудал, байгууллагад хамааралгүй гэж байгааг асуумаар байна.
Эрүүл мэндийн байгууллага хамаатан гэдгээр ажилд авахгүй. Ч.Д-г надтай хамаатан болохоор ажилд авсан гэж бодохгүй байна. Энд байгууллагын нууц задраад 4, 5 ажилтан нь алдаа гаргаж байхад, та нар хамаатан учир энэ хувийн асуудал гэж байгаа өмгөөлөгчийг ойлгохгүй байна. Ч.Д гэдэг хүн миний ээжийн төрсөн ахынх нь бэр, гэхдээ надтай уулзаж байсан удаа байхгүй. Тухайн хэрэг гарч байхад ч Ч.Д намайг харж ч байгаагүй байсан. Би 2017 онд төрөөд архивт нь бичиг баримт хадгалагдсан байгаа. Байгууллагын архивт байгаа бичиг баримтыг иргэнд өгдөггүй. Харин 2021 оноос хойш эхийн саналыг асуудаг болсон, миний үед огт асуулгүй архивладаг байсан.
Эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг би сайн мэдэхгүй учраас түүнийг батлах ёстой гэдгийг ойлгохгүй байна. Ц.С нь миний өргөдлийг шийдвэрлэхгүй явсаар 2025 оны 01 дүгээр сард ЭМГ-ын шалгалтаар явж байгаа үед нь өргөдлөө өгөөд, тухайн асуудал нь шалгагдаж үр дүн нь тогтоогдоод, шийдэгдсэн. Тухайн эрүүл мэндийн байгууллага нь миний нэр төр, удам угсаанд сэв суулгасан учраас тэр тусмаа нэг биш бүхэл бүтэн 4 хүн, 2 удирдах албан тушаалтан нь ийм алдаа гаргачхаад байхад надад уучлаарай гэж хэлж чадахгүй байгаа, мөн өмгөөлөгч нь ч ойлгохгүй байна” гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Гомдолтой холбогдуулан үндсэн 3 хэсэг тайлбарыг гаргаж байна. Ч.Д нь 2019 онд Х сумын ЭМТ-д түр ажиллаж байсан болохыг хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдэгдэж байсан бөгөөд үүнд аль нэг тал нь маргаагүй, давж заалдах шатны шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Аль нэг тал нь маргаагүй баримттай холбоотой асуудлаар шүүх дүгнэлт гаргахгүй.
Иргэний төрийн байгууллагад гаргаж буй өргөдөл гомдолтой холбоотой тухайн шатны байгууллагаас ирүүлсэн баримт буюу гомдолд хариу өгсөн болон төрийн байгууллагаас уг гомдолтой холбоотой гарсан шийдвэрийг шүүхийн ажиллагааны журмаар гаргуулсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа нь бүх нотлох баримтууд шинжлэн судлахад хангалттай байсан гэж үзэж байгаа. Мөн эмнэлгийн ажилтан Д-с шүүхэд мэдүүлэг авсан, О-ийн хувьд оршин суух хаяг нь тодорхойгүй бөгөөд тухайн байгууллагаас О хаана байгаа талаар ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөөгүй. Ийм учраас О-ийг гэрчээр асуух гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээдгүй удаашрах нөхцөл байдал бий болсон. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд О гэдэг хүн энэ асуудлын талаар тайлбар гаргаж байсан баримтууд хэрэгт байгаа учраас гэрчээр асуух шаардлагагүй гэж манай тал үзсэн. Хохирол гээд мөнгө шилжүүлсэн бичиг баримт нь цахим баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.14 дүгээр зүйлд заасан цахим баримтыг хүчин төгөлдөр гэж үзэхээр хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Ийм учраас нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг тараасан гэх ажилчид буюу О, Д, У, Б нар нь Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн ажилтнууд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэрчээр мэдүүлэг авахаар хэрэг хянан шалгах ажиллагааны шатанд хүсэлт гаргах боломж байсан ч аль нэг тал нь хүсэлт гаргаагүй буюу хариуцагч өөрөө нэмэлт нотлох баримттай холбоотой асуудал байхгүй гэж үзсэн учир шүүх хуралдаан эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг гаргаж нотлон цуглуулах үүргийг хариуцагч өөрөө хүлээдэг учир энэ үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байсан.
Т-ийн 2017 онд өгсөн шинжилгээний хариуг эмч нар байгууллагын архиваас авах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байсан хүмүүс нь хүний хувийн мэдээллийг гаргаж ирээд хоорондоо ярилцаж, задруулсан асуудал нь бүх баримтуудаар нотлогддог. Хүний хувийн мэдээллийг хадгалах, нууцлах үүргээ эмнэлгийн ажилчид алдагдуулж, ёс зүйн асуудал гаргасан гэж үзэж байгаа. Үүнийг гэрч Д-ийн мэдүүлэг болон Увс аймгийн ЭМГ-ын албаны бичиг баримтуудаар нотлогддог. Байгууллагын хурлын тэмдэглэлийг гараар бичсэн, тухайн тэмдэглэлд байгууллагын дарга С бүх ажилчдаас нэг бүрчлэн асуухад Т-ийн өргөдөлтэй холбоотой асуудлыг бүгд мэдэхгүй гэж хариулсан гэдэг. Хувь хүний нууцтай холбоотой байгууллагад ирсэн өргөдлийг бүх ажилтнууддаа танилцуулж тодруулсан нь хүний нууц мэдээллийг улам задруулсан гэж үзсэн.
3-рт, сумын эрүүл мэндийн төвд О гэх хүн ажиллаж байсан гэх баримт байхгүй талаар ярьж байна. Энэ баримт нь зөвхөн хариуцагчид л байдаг баримт. Түүнийг хариуцагч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүхэд яагаад бүх баримтуудыг гаргуулах хүсэлт өгч байж эдгээр баримтуудыг татуулсан юм бэ гэхээр дараагийн шатны хуралд нотлох баримтын талаар асуудал яригдана гэж үзээд, хүсэлтийг шүүх хангасны дагуу бүх нотлох баримтууд ирсэн гээд шүүх хуралдаан үргэлжилсэн. Нэхэмжлэгч эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэхэд танай гэрийнхэнд үйлчлэхгүй гэж байгаа нь ёс зүйн зөрчил болон эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс, нэхэмжлэгчийг Д гэдэг хүнтэй хамаатан гэж ярьдаг, хэргийн материалд энэ талаар нотлох ямар ч баримт байхгүй, төрөл садны лавлагаа байхгүй. Анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгчийг доромжилсон. Энэ хүн тэмбүүтэй байсныг тараасан нь хувь хүмүүсийн хоорондын маргаан гэж. Ийм байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00487 дугаар шийдвэр нь хууль болон нотлох баримтад үндэслэн, үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00487 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ, хариуцагч Увс аймгийн ЭМГ, Увс аймгийн Х сумын ЭМТ-д холбогдуулан, “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл, мөн хувийн нууц мэдээллийг эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчид тараасан болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл тараахгүй байхыг даалгах” шаардлага гаргаж, үндэслэлээ: “Миний бие 2017 оны 07 сарын 27-ны өдөр анхны хүүхдээ төрүүлсэн ба хүүхэд төрүүлэхтэй холбоотойгоор эх хүүхдийн хөтчийн дагуу Х сумын ЭМТ-д зохих шинжилгээ өгч байсан. Гэтэл миний өгсөн шинжилгээний эерэг хариу, өвчний талаархи хувийн мэдээллийг Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн ажилтан, албан хаагч нар тараасан, мөн намайг сумын эмнэлэгт хүүхэд /ураг/ авахуулсан гэх худал мэдээлэл тараасан байсан. Х сумын ЭМТ-ийн ажилтнууд миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл, хувийн эрүүл мэндийн нууц мэдээлэл хууль бусаар тараасан байсан тул Эрүүл мэндийн яам болон Увс аймгийн ЭМГ-т гомдол гаргаж, эдгээр байгууллагаас холбогдох шалгалтыг явуулсан. Энэ асуудал намжсан гэж бодож байсан боловч дахин энэ талаар Х сумын ЭМТ-ийн ажилтнууд энэ талаар ярилцаж байсан байна. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэй гэр бүлийн таарамжгүй харилцаа бий болж, ар араасаа олон асуудал гарч, амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан, сэтгэл санааны хямралд орж, байнгын сэтгэл зүйн эмчилгээтэй байгаа.
Иймд Х сумын ЭМТ-ийн ажилтнууд Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан хувийн нууц мэдээллийг тараасан болохыг тогтоолгох, мөн “сумын эмнэлэгт хүүхдээ авахуулж байсан” гэх ор үндэслэлгүй худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээллийг тараахгүй байхыг даалгаж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч,
- хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С татгалзлын үндэслэлээ: “... иргэн Б.Т-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хуулийн шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд Б.Т-ийн хувийн мэдээллийг Х сумын ЭМТ-өөс задруулсан гэх баримт, мөн Б.Т-ийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг бусдад ямар арга хэрэгслээр яаж тараасан, энэ нь эрүүл мэндийн төвтэй ямар шалтгаант холбоотой болохыг тогтоогоогүй” гэж,
- хариуцагч Увс аймгийн ЭМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г татгалзлын үндэслэлээ: “…Увс аймгийн ЭМГ нь тухайн иргэнийг гүтгэх, нэр хүндэд нь халдах аливаа санаатай үйлдэл хийгээгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан зарим нөхцөл байдал нь хувь хүмүүсийн хоорондын хувийн маргаан, гэр бүлийн асуудалтай холбоотой байх бөгөөд манай байгууллагын зүгээс албан ёсоор мэдээлэл тараасан, нэр хүндэд нь халдсан үйлдэл хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн нэр бүхий ажилтнууд нэхэмжлэгч Б.Т-ийн хувийн мэдээллийг тараасан болохыг тогтоож, тус эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Увс аймгийн ЭМГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Ц.С эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
5.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ор үндэслэлгүй худал мэдээлэл буюу “намайг сумын эмнэлэгт хүүхдээ авахуулж байсан” гэх худал мэдээллийг тараасан, мөн хувийн эмзэг мэдээлэл буюу эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл тараасан болохыг тус тус тогтоолгож, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл тараахгүй байхыг даалгах шаардлага гаргасан,
- 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болон хувийн нууц мэдээлэл хууль бусаар тараасан болохыг тус тус тогтоолгож, нэхэмжлэгчийн хувийн мэдээлэл болон ор үндэслэлгүй худал мэдээллийг эмнэлгийн байгууллагын ажилтнууд тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгах” гэж тодорхойлсон,
- мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагаа дэмжиж оролцсон,
- харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн ажилтан, албан хаагчид нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг хууль бусаар тараасан, мөн нэхэмжлэгчийг сумын эмнэлэгт “хүүхдээ авахуулж байсан” гэх хүний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тус тус тогтоож, цаашид нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл тараахгүй байхыг даалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн санал дүгнэлт гаргасан нь тус тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Дээрх байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөрөөр тодорхойлсон, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх санал нь нэхэмжлэгч Б.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан шаардлагаас өөр агуулгатай байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
5.2. Шүүхийн шийдвэрт, нэхэмжлэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, Увс аймгийн Х сумын ЭМТ-ийн нэр бүхий ажилтнууд нэхэмжлэгч Б.Т-ийн хувийн мэдээллийг тараасан болохыг тогтоож, тус эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Увс аймгийн ЭМГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т: “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг,
- мөн хуулийн 4.1.12-т: “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл”-ийг тус тус ойлгохоор заасан ба хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл нь дээрхи хуульд заасны дагуу хүний эмзэг мэдээлэлд хамаарч байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т: “хүний хувийн мэдээлэл /эмзэг мэдээлэл/-ийг энэ хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т: “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 30.2-т: “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, өөрийн эрүүл мэндтэй холбоотой буюу тус эрүүл мэндийн төвд хадгалагдаж байсан эх хүүхдийн хөтөч гэх баримтад тусгагдсан шинжилгээний эерэг хариутай холбоотой хувийн эмзэг мэдээллийг нийтэд тараасан, мөн намайг “хүүхэд авахуулсан” гэх ор үндэслэлгүй худал мэдээллийг мөн Х сумын ЭМТ-ийн ажилтнууд тараасан гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн эрүүл мэндтэй холбоотой буюу өвчилж байсан тухай мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар хүний эмзэг мэдээлэлд хамаарч байна. Гэтэл шүүх шийдвэртээ, нэхэмжлэгчийн эмзэг мэдээллийг тараасан талаар залруулга хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа, миний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг тараасан талаар 2019 онд анх мэдсэн гэж тайлбарласан байх ба тухайн үед дагаж мөрдөж байсан Хувь хүний нууцын тухай хууль/ 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/ -ийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т: хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахаар заасан, харин одоо дагаж мөрдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эрүүл мэндийн мэдээллийг хүний эмзэг мэдээлэл гэж үзэж, хувь хүний нууцад хамааруулж хуульчилсан болно.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, хариуцагчаа тодорхойлох, солих, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй боловч энэхүү эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг зохигчдод тайлбарлаж таниулах нь шүүхийн ажиллагаа болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаадлагыг хуульд нийцүүлэн тодруулах ажиллагаа хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 318/ШШ2025/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН