Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00266

 

    2019         09               06                                                         2019/ШЦТ/266

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор П.Итгэл,

Шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд,

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Д.Б-, Н.Б-, тэдний өмгөөлөгч Б.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 1938008310183 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн Ц.Б.

2. Монгол улсын иргэн, Д.Б.

3. Монгол улсын иргэн, Б.Н.

4. Монгол улсын иргэн, Д.А.

5. Монгол улсын иргэн, Н.Б.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.А-ээс хөдөлмөр алдалтын 50 хувийн тэтгэмж тогтоолгож өгсөн гэх албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд тус төвд тогооч ажилтай Д.Б-гаар дамжуулан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-гээс “ажилд авсан” гэх албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг тус төвд тогооч ажилтай Д.Б-гаар дамжуулж, мөн өрөө өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг

үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 07 дугаар сард Н.Б-ыг “үйлчлэгчийн ажилд орох” гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд эмчээр ажиллаж байсан Б.Н-гээс 500.000 төгрөгний хахууль авсан хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ахмадын асрамж үйлчилгээний төвийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлийг засварлан, өөрчилж, хуурамчаар үйлдэн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.А-ээс 500.000 /таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 10 дугаар сард тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-гээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд нь дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.А- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 10 дугаар сард “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 500.000/таван зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 07 дугаар сард “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус асрамжийн төвийн үйлчлэгч Д.А-ээс “нэг бол өвчнийхөө мөрийг хөөгөөд яв ажлаасаа гар эсвэл ажлаа хийгээд группийнхээ мөнгийг аваад яв тэгээд надад мөнгө өг” гэж шахаж шаардан, тус асрамжийн төвийн тогооч Д.Б-гаар дамжуулан 500.000 төгрөг өгөхийг шаардан, Д.А-ийн монетон ээмгийг шүүгдэгч Д.Б- нь ломбарданд тавьж 100.000 төгрөгийг авч, 400.000 төгрөгийг Д.Б-гаар дамжуулан өөрийн ХААН банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2010 оноос хойш Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн даргаар Ц.Б- гэх хүн ажилладаг. Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу замын унаагаар ирж яваад зам тээврийн осолд орж эгэм хугарсан, тархиндаа бэртэл авсан, нуруунд суулт өгч гэмтсэн, зүүн гар 2 хугарсан зэрэг гэмтлүүдийг авч 3 сарын хугацаанд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 1 дүгээр сард нь ээлжийн амралтаа тооцуулсан. Тэгээд би 2017 оны 02 дугаар сард ирээд ажилдаа орох гэтэл Ц.Б- дарга “манай байгууллага дээр аудитаас шалгалт ирсэн байна, чи түр байж бай, шалгалт дуусахаар ажилдаа ороорой” гэсэн. Би аудитын шалгалт дууссаны дараа буюу цагаан сарын өмнөхөн ажилдаа орсон. Намайг ажилд орсны дараа Ц.Б- дарга дуудаж уулзаад “25 ажилтан тутамд 1 ажилтан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож болно, тиймээс бичиг баримтаа бүрдүүлээд эмнэлгээр хөөцөлдөж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолго” гэсэн. Ц.Б- даргын хэлснээр би бичиг баримтаа бүрдүүлээд хөдөлмөрийн чадвар алдалтаа 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 50 хувиар 6 сарын хугацаатай тогтоолгосон. Ингээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосноос хойш хэдэн хоногийн дараа байгууллагын дотоод хурал дээр Ц.Б- дарга намайг “групп тогтоолгож мөнгө төгрөг авсан байна лээ, тэрийгээ надад яахаараа хэлдэггүй юм” гэж уурласан. Тухайн үед нь би“группд орсноо танд заавал хэлэх ёстой юм уу” гэж хэлчихээд гараад явсан. Тэр өдрөө буюу хурал тарсны дараа тогооч Д.Б- намайг дуудаж уулзаад “дарга таныг группд орсон гэж яриад байна шүү дээ, та группд орсон юм бол, даргад юмыг /авлига/ нь өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би“хэдэн төгрөг өгөх юм бэ, эхний ээлжинд 6 сараар л групп тогтоолгосон, мөнгө төгрөг өгөхөд хэцүү байна, зөндөө л мөнгөний хэрэг гарч байна, нөхөр маань бас өвчтэй Улаанбаатар руу эмчилгээнд явах гэж байгаа, нөхөртөө энэ талаар хэлвэл уурлана шүү дээ” гэж Д.Б-д хэлсэн чинь “та ямар ч байсан зохицуулаад даргад юмыг /авлига/ нь өгөхгүй бол болохгүй” гэсэн. Яг тэр өдрийнхөө орой нь шиг санаж байна, Ц.Б- дарга Улаанбаатар руу ажлаар явсан байсан. Явахдаа Д.Б-д надаас мөнгө авах тухай хэлээд явсан юм байна лээ. Маргааш өдөр нь би жижүүртэй байсан ба Д.Б- бас жижүүрт гарах нь таарч намайг дуудаад “Ц.Б- дарга над руу утсаар яриад байна, Д.А-ээс мөнгө төгрөг аваад хурдан шилжүүл гээд байна” гэсэн. Ер нь бол Ц.Б- дарга надаас “500.000 төгрөг ав” гэж Д.Б-д хэлсэн юм байна лээ. Би Д.Б-гаас “хэдэн төгрөг өгөх юм бэ” гэсэн чинь “500.000 төгрөг байхад болох байхаа” гэсэн. Тэгээд 400.000 төгрөг өгөөд “өөр мөнгө байхгүй гэж” хэлээд өнгөрчихье гэж бодсон боловч Д.Б- “гүйцээгээд өгчихөө Д.А- эгчээ” гээд надаас нэхээд байсан учраас би өөрийнхөө зүүж байсан цагаан шигтгээтэй монетон ээмгээ Л.Д.Б-д өгөөд “100.000 төгрөгт ломбарданд тавьчих, дараа нь би хүүтэй нь хамт төлөөд өөрөө авчихъя” гэсэн. ...Тэгээд нөхөр Б.Л-рүү утсаар яриад “Ц.Б- дарга группд орсон гээд мөнгө төгрөг нэхээд байна” гэсэн чинь нөхөр уурлаад, “яасан гэж мөнгө өгдөг юм, чи наадахдаа ямар өртэй юм бэ” гэсэн. Тэгээд би нөхрөөсөө гуйсаар байгаад гэртээ бэлнээр хадгалж байсан нөхрийн эмчилгээ хийлгэхээр хурааж байсан мөнгөнөөс 400.000 төгрөгийг Д.Б-д Мөрөн үйлчилгээний төвийн урд аваачаад өг гэсэн. Д.Б- үдээс хойш нь ажлаасаа буугаад нөхөр Б.Л-тэй Мөрөн худалдааны төвийн урд талын зах дээр уулзаад 400.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Тэр мөнгөө Ц.Б- дарга руу шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрвээ шилжүүлсэн бол хичнээн төгрөг шилжүүлснийг нь мэдэхгүй байна. Дараа нь би ломбарданд Д.Б-гаар тавиулсан ээмэгээ Д.Б-тай хамт очиж мөнгийг нь өөрөө төлөөд Д.Б-гийн бичиг баримтаар авахуулсан. ...Би зам тээврийн осолд ороод Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 сар хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд ирээд ажилдаа ороход Ц.Б- дарга “төрийн байгууллагын ажилчдын 25 хүний 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байх боломжтой тиймээс чи хөөцөлдөөд групп тогтоолго” гэсэн. Миний хувьд хуулийн мэдлэг байхгүй учраас Ц.Б- даргаас хэлсний дагуу групп тогтоолгохоор хөөцөлдөөд тогтоолгосон. Гэтэл Ц.Б- дарга тэр байдлаа ярихдаа, “би чиний группийг тогтоолгож өгсөн. Тиймээс чи надад тодорхой хэмжээний мөнгө өгөх хэрэгтэй” гэсэн санаагаа илэрхийлсэн. Тэгээд би дуугүй яваад байсан чинь сүүлдээ уурлаад “чи нэг бол группээ цуцлаад ажлаа хий, аль эсвэл өвчнийхөө мөрийг хөөгөөд яв, хэрвээ чадахгүй бол ажлаас нь хална, группийнхээ мөнгөөр амьдар” гэж дарамт шахалт үзүүлсэн. Би “тэтгэвэрт гарахад 1 жил гаруйн хугацаа үлдээд байна” гэтэл Ц.Б- нь “мөнгө өгөхгүй бол ажлаас хална” гээд дарамталж, хясч байсан учраас мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. ...Д.Б- нь “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн тогоочоор ажилладаг. Д.Б- нь Ц.Б-тай дотно харьцаатай. Энэ талаар манай ажлын хамт олон бүгд мэднэ. Ц.Б- нь эрүүлдээ ч тэр, согтуу ч тэр Д.Б-г “миний залуухан амраг” гэж ярьдаг. Тиймээс Д.Б-г хамгийн найдвартай хүн гэдгээр нь ийм зүйл хийлгэсэн байх. ...2018 оны 07 дугаар сарын 31-ний орой 17 цагаас ээлж хүлээлцэж ажилдаа гарсан. Гэтэл намайг “ажилдаа согтуу ирсэн” гээд Ц.Б- дарга ажлаас чөлөөлсөн. Би тухайн үед нь “архи уусан эсэхээ Цагдаагийн байгууллагаар тогтоолгоё” гэсэн боловч намайг шууд халсан. Тиймээс би “үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж шүүхэд гомдол гаргасан байгаа. ...Би Ц.Б- даргатай нэлээд зөрчилтэй байсан. Тэгээд хурлууд дээр Ц.Б- дарга намайг “ажлаас хална” гэхээр нь “та надаас авсан мөнгөө өг, аль эсвэл миний цалингийн зээл рүү тэр мөнгөө хийгээрэй” гэж хэлдэг байсан. Тэгэхэд байгууллагын ажилчид байдаг байсан учраас бүгдээрээ л сонсож байсан. Тэгэхээр мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эхнэр Д.А- нь 2010 оноос хойш Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан. 2016 онд эхнэр маань зам тээврийн осолд орж 3 сар Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2017 оны 02 дугаар сард нь ажилдаа орсны дараа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар групп тогтоолгосон. Гэтэл “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б- нь эхнэрээс маань “групп тогтоолгосон” гэж мөнгө өгөхийг шаардсан байсан. Учир нь групп тогтоолгочихоод давхар ажлаа хийгээд явж байгаа учраас мөнгө өгөхийг шаардсан байсан. “Хэрвээ мөнгө өгөхгүй бол групп тогтоолгосон хүнийг ажлуулахгүй ажлаас нь хална” гэсэн байсан. Тэгээд эхнэр маань над руу утсаар яриад “Ц.Б- дарга мөнгө нэхээд, тогооч буюу Д.Б-д 400.000 төгрөг аваачаад өгчих, зах дээр хүлээж байгаа” гэсэн. Тэгээд би гэртээ эмчилгээ хийлгэхээр бэлнээр хадгалж байсан 700.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг нь аваад Мөрөн үйлчилгээний төвийн урд талд байх Хаан банкны АТМ дээр Д.Б-тай уулзаад бэлнээр өгсөн. Миний өгсөн мөнгийг Д.Б- аваад тэндээ үлдсэн. Би мөнгөө өгчихөөд л явсан. ...Би 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группээ сунгуулсан. Тэгээд 1 жилийн мөнгө болох 2 сая 400 орчим мянган төгрөгийг бүтнээр нь урьдчилаад авчихсан юм. Тэр мөнгөнөөсөө хүнээс зээлсэн зээл, байшингийн мөнгө зэргийг төлөөд үлдэгдэл 700.000 төгрөг байсан. Тухайн үед би 700.000 төгрөгөө Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр хадгалаад байж байсан. Гэтэл Ц.Б- эхнэрээс маань “групп тогтоолгосон учраас мөнгө өг, тэгэхгүй бол ажлаас нь хална” гэж дарамталсан. Арга буюу эхнэр маань миний эмчилгээ хийлгэх гэж байсан мөнгөнөөс “Ц.Б-д өгчих” гэж гуйсан. Яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. Ямарч байсан эхнэр Д.А-ийг группэд орсны дараа нь л мөнгө нэхсэн. Тухайн үед Д.А- өөрийхөө группийнхээ мөнгийг аваагүй байсан. ...Хаан банкны АТМ дээр очиход Д.Б- байсан.Би түүнд 20.000 төгрөгний дэвсгэртээр 20 ширхэг буюу 400.000 төгрөгийг өгөхөд миний хажууд тоолж үзээд аваад явсан. Тэгээд би эхнэр рүүгээ яриад сая Д.Б-д 400.000 төгрөгийг өгчихсөн шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-26 дугаар хуудас/,

- Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би яг хэзээний хурал гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Ц.Б- дарга үйлчлэгч Д.А-ийг “ажлаас хална гэж загнасан”. Тэгэхэд Д.А- “та надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж хурал дээр хашгирч байсныг нь бол санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ер нь бол байгууллагын хурал дээр Ц.Б- дарга биднийг байнга л “хална шүү зайлаарай, хүн гишгэсэн мөрөө харж явах хэрэгтэй, өмнө нь яаж явж байлаа” гээд хэлдэг байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Д.А- эгч Ц.Б- даргын өрөөнд орж муудалцаад уйлаад гарч ирж байсан. Түүнээс асуухад “намайг группт орсноо нуулаа өмхий санаатай гэж дарамталж байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш Д.А- эгчтэй юм яриад сууж байхад “дарга намайг группт орсоноо нуулаа гэж дарамтлаад байхаар нь мөнгө өгчихсөн” гэж хэлж байсан. Би түүнээс яг хэдэн төгрөг өгсөн талаар асуугаагүй. ...Д.А- эгчийн ярианы өнгөнөөс ажиглахад Ц.Б- даргад мөнгө өгсөн гэж ажиглагддаг юм. Өөрөө ч ярианы дундуур “мөнгө өгсөн талаар” ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,

- Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогооч ажилтай Д.Б- нь “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д хамгийн олон жил ажиллаж байгаа юм байна лээ. Тэрээр дарга Ц.Б-тай дотно нууц амрагийн харилцаатай талаар манай байгууллагын ажилчид ярьцгаадаг. Мөн Ц.Б- дарга “ажилчдаас авлига авахдаа тогооч Д.Б-гаар дамжуулан зуучлуулан авдаг” талаар би Д.А- эгчээс өөрөөс нь сонссон. ...2018 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, байгууллагын хурал дээр Ц.Б- дарга үйлчлэгч Д.А- эгчид хандаж “ажлаас чинь хална шүү” гэж загнаж байсан. Тэгэхэд Д.А- эгч Ц.Б- дарга руу хандаж “чи надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж байгууллагын ажилчдын дэргэд хэлсэн чинь “би чамаас юу авсан юм бэ” гээд хурлаа хаяад гүйж гарч байсан. Мөн 2018 оны 05 дугаар сард бил үү 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, Ц.Б- дарга намайг өрөөндөө дуудсан. Би өрөөнд нь ороод байж байхад надруу хандаж “Д.А-ийг дуудчих” гэхээр нь гараад түүнийг дуудаад буцаж өрөөнд нь ороход дарга Д.А- хоёр маргалдаад Д.А- эгч “чи намайг ажлаас халж болно, харин надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж хэлээд өрөөнөөс нь орилоод гарч байсан. Түүнд яг хэдэн төгрөг өгснийг нь би мэдэхгүй. Д.А- эгч өөрөө мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-42 дугаар хуудас/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагын дарга Ц.Б-ыг “тогооч Д.Б-тай уулзаж учирдаг, дотно харьцаатай” гэж манай ажлынхан яриад байдаг. Гэхдээ би нүдээр үзэж хараагүй.Сүүлийн үед “тогооч Д.Б-г даргын өрөөгөөр байн байн ороод байгаа мөн өрөөнөөс нь инээчихсэн гарч ирдэг болсон” талаар бас яригдах болсон. ...Ц.Б- даргын дургүйг нь хүргэсэн, ажлаа хийхгүй байгаа, өөрт нь тааламжгүй харьцсан хүнийг байгууллагын хурал дээр “ажлаас нь хална, солино” гэж загнадаг. Яг хэзээний хурал дээр гэдгийг нь сайн санахгүй байна. Дарга Д.А- эгчийг “ажлаас нь хална” гэж загнасан. Тэгэхэд Д.А- эгч дарга руу хандаж “чи авсан мөнгөө өгөөрэй” гэж хашгирч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хурал дээр үйлчлэгч Д.А- согтуу байгаагүй. Гэтэл Ц.Б- дарга “Д.А-ийг өөдөөс нь хэрэлдлээ гээд чи согтуу байгаа юм уу хаашаа юм бэ хурлаас гар” гэсэн чинь “би согтуу биш эрүүл саруул байж яахаараа хурлаас хөөгдөж гардаг юм бэ” гээд хурлаас гаралгүй хурлыг дуустал суусан. Гэтэл энэ хурлын тэмдэглэл дээр Б.Д.А-ийг “ажлаас халаарай, чамтай үзнэ, гээд хурал хаяад явав” гэж бичсэн байна. Энэ хурал дээр ийм үйл явдал болоогүй” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- “Очир сан” барьцаат зээлийн үйлчилгээний 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Д.Б- /.../ нэрээр бичигдсэн баримт /1-р хх-ийн 214-217 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175 дугаар хуудас, 2-р хх-ийн 8 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д үйлчлэгч ажилтай Д.А-ээс 500.000 төгрөг аваагүй, харин 300.000 төгрөгийг аваад буцаагаад 310.000 төгрөг болгож өгсөн. Би Д.А-ээс авсан мөнгийг зээлдэж авсан. 2017 хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хот руу явахаасаа өмнө Д.А-тэй уулзаад “хотруу явлаа чамд зээлдүүлэх мөнгө байна уу” гэж асуухад Б.Л-“уг нь эмчилгээнд явах гэж байгаа мөнгө байгаа л даа та хотод очоод утсаар яриарай” гэж хэлэхээр нь би хотод очоод Д.А-тэй утсаар яриад “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү” гэж асуухад “Д.Б- ажлаас буугаад гэр рүүгээ явах гэж байна Д.Б-д 300.000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн. Тэгээд миний дансанд 300.000 төгрөг орсон. Улаанбаатар хотоос буцаж ирээд цалин буухаар нь 310.000 төгрөг болгож Д.А-т өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “хахуулын мөнгө төгрөг авсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Б- дарга Улаанбаатар хотруу явсан бөгөөд тэрээр над руу яриад “Д.А-ээс мөнгө аваад явуул” гэж хэлсэн. Үүний дагуу би Д.А- эгчтэй уулзаад “Ц.Б- дарга над руу яриад байна өөрөөс чинь мөнгө аваад явуул гэнээ” гэж хэлж дамжуулсан. Ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Д.А- эгч над руу хандаж “манай нөхөр н.Лхамсүрэнгээс очоод мөнгө авчих” гэж хэлсэн. Ингээд би Л-ах руу утсаар ярьсан чинь Мөрөн үйлчилгээний үүдэн дээр байна гэж хэлэхээр нь яваад очиход надад 300.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Д.А- эгчийн монетон ээмгийг 160.000 төгрөгөөр ломбарданд тавиад 60.000 төгрөгийг өөрөө хэрэглээд 400.000 төгрөгийг Ц.Б-ы Хаан банкны дансанд шилжүүлсэн....Ц.Б- дарга над руу ярихдаа “Д.А-ээс мөнгө аваад над руу шилжүүл” гэж хэлснээс биш мөнгөний дүнг надад хэлээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...“Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б- надтай уулзсанаа байгууллагын 25 ажилтны нэг нь группт байж болно гэсэн заалт байдаг та материалаа бүрдүүлээд группт ор гэж зөвлөсөн. Би үүний дагуу материалууд бүрдүүлж байгаад нурууны гэмтлээрээ 2017 оны 04 дүгээр сард группт орсон. Би группт ороод сард 281.000 төгрөг авч байсан. Гэтэл намайг группт орсны дараагаар Ц.Б- дарга надтай уулзаад “чи группт орчихоод яахаараа надад хэлдэггүй юм бэ” гэж дарамталсан. Харин би түүнд хандаж “танд хэлэх албатай юм уу би өвчнөөрөө л группт орсон” гэж хэлсэн. Намайг группт орсны дараагаар Ц.Б- дарга надад “мөнгө өг” гэж удаа дараа хэлж байсан. Мөн тогооч Д.Б-гаар дамжуулан “дарга таныг мөнгө өг гэнээ” гэж хэлүүлж байсан. Би мөнгө байхгүй гээд л яваад байсан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн тогооч Д.Б- надтай уулзсанаа “дарга Улаанбаатар хотод байна танаас мөнгө аваад өгч явуул гээд байна” гэхээр нь “мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “заавал өнөөдөр мөнгө олж өг гээд байна” гэхээр нь нөхөр Б.Л-рүүгээ утсаар залгаад “дарга намайг группт орсон гээд мөнгө өг гээд дарамтлаад байна” гэсэн чинь “яахаараа мөнгө өгдөг юм бэ” гээд нөхөр маань уурлаж байснаа “хэдэн төгрөг гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Д.Б- бол 500.000 төгрөг өг гэсэн. Харин чи яаж ийгээд аргалаад 400.000 төгрөгийг Д.Б-д өгчих” гэж хэлсэн чинь нөхөр маань өөрийнхөө эмчилгээнд явах мөнгөнөөсөө Д.Б-д 400.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би Д.Б-д хандаж “манай нөхрөөс 400.000 төгрөг ав харин үлдсэн 100.000 төгрөгийг миний монетон ээмгийг ломбарданд тавиад авчих” гээд ээмгээ өгсөн. Харин 400.000 төгрөгийг тогооч Д.Б- манай нөхрөөс Хөвсгөл аймгийн захын хажууд байх Хаан банкны АТМ-ын хажуугаас авсан байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д.Батуяагийн хамтаар Хөвсгөл аймгийн захын “АНУ” нэртэй дэлгүүрийн 2 дугаар давхарт байх ломбард руу очоод Д.Б-д мөнгийг нь өгөөд тэрээр өөрийнхөө бичиг баримтаар миний ээмгийг авч өгсөн. ...Намайг группт ороход Ц.Б- даргын зүгээс ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Харин тэрээр намайг группт орооч гэж хэлж зөвлөж байсан нь үнэн. ...Ц.Б- дарга намайг “чи миний хэлснээр группт орсон учраас мөнгө өг” гэж хэлж байсан. Дарга намайг “мөнгө өг” гэж ажил хийлгэхгүй байнга л шахаж дарамтлаад байдаг байсан. Ц.Б- дарга надаас мөнгө нэхэхдээ мөнгөний тоог хэлж байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.Б- нададтай уулзаад “дарга таныг 500.000 төгрөг өг гэнээ” гэж хэлж байсан. Миний хувьд арга буюу 500.000 төгрөгийг Д.Б-гаар дамжуулан өгсөн. Би тухайн үед 380.000 төгрөгний цалин хөлс авдаг байсан. ...Ц.Б- дарга намайг “нэг бол өвчнийхөө мөрийг хөөгөөд яв ажлаасаа гар эсвэл ажлаа хийгээд группынхээ мөнгийг аваад яв тэгээд надад мөнгө өг” гэж дарамт шахалтыг байнга үзүүлж байсан. Тэгээд би ажилтайгаа үлдэж, мөн группынхээ мөнгийг авахын тулд арга буюу Ц.Б- даргад 500.000 төгрөгийг өгсөн. Бусдаар бол надад Ц.Б- даргад мөнгө өгөөд байх боломж бололцоо байхгүй. Би тэтгэвэрт гарахад 1 жил орчмын хугацаа үлдсэн учраас ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарахыг бодсондоо л дээрх мөнгийг Ц.Б-д өгсөн. ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад Ц.Б- дарга надтай уулзаад “Д.А-ээ би чамаас 300.000 төгрөг авсан Д.Б- шилжүүлсэн байсан” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ би Д.Б-д 400.000 төгрөгийг нөхөр Б.Л-гээр өгүүлсэн харин өөрийнхөө ээмгийг 100.000 төгрөгөнд тавь гэж Д.Б-д өгч явуулсан” гэж хэлтэл “тэгвэл Д.Б- илүүг нь авсан юм байна л даа би мэдэхгүй 300.000 төгрөг л авсан” гэж өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-171, 173 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.А-т Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийн хуулбар /2-р хх-ийн 184-185 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Н-г эмчлэх эрхийн гэрчилгээгүй атал 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус төвийн эмчийн ажилд томилсон тушаал гаргаж, “ажилд авсан юм чинь мөнгө өг” гэж 500.000 төгрөгийг тогооч Д.Б-гаар дамжуулж авахыг шаардан, 10 орчим хоногийн дараа шүүгдэгч Ц.Б- нь өрөөндөө дуудаж мөнгө өгөхийг шаардан 500.000 төгрөгийг бэлнээр авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагад уламжлалын эмчээр ажилд орсон. Тэр өдөр тогооч Д.Б- миний ... дугаарын утас руу өөрийнхөө ... дугаарын утсаар ярьснаа “мөнгө байгаа юу, дарга таныг ажилд орсон юм чинь мөнгө өг гэнээ” гэхээр нь “тийм үү, хэдэн төгрөг байдаг юм бэ” гэж асуухад “ядаж 500.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь “яанаа одоогоор мөнгө байхгүй шүү дээ” гэж хэлээд утсаа салгасан. Өдөр нь ажлаа хүлээж авч байхад нэг эмэгтэй ирснээ уулзъя гэхээр нь өрөөнөөсөө гарсан чинь “яасан мөнгөө бэлдсэн үү” гэж асуухаар нь “чи надтай ярьсан эмэгтэй мөн үү” гэсэн чинь “мөн байна” гэж хэлж байсан. Тэр эмэгтэй тогооч Д.Б- байсан бөгөөд “дарга намайг хэлээд өгөөч гээд байгаа юм” гэж ярьж байсан. Үүнээс хойш Д.Б- надтай уулзаагүй. Ингээд би даргад мөнгө өгөхгүй яваад байсан чинь 10 орчим хоногийн дараа Ц.Б- дарга намайг өрөөндөө дуудсан. Яваад ороход “надад мөнгөний хэрэгтэй байна, би чамайг ажилд авсан юм чинь чи надад мөнгө өг” гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд өрөөнөөс нь гараад мөнгө хайсан боловч үнэндээ надад мөнгө олдохгүй байхаар нь ажлын газрын тогооч Ж.Х-тэй уулзаад “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, 1 сарын хугацаатай хүүтэй ч хамаагүй зээлээч” гэж хэлсэн чинь маргааш нь “хүнээс мөнгө зээлсэн шүү” гэж хэлээд надад 500.000 төгрөг авчирч өгөхөөр нь тогооч Д.Б-гаар дамжуулаагүй шууд даргын өрөөнд ороод 500.000 төгрөгийг өгсөн чинь “за баярлалаа одоо сайхан ажилцгаая, энэ мөнгөний асуудал чи бид хоёрын дунд шүү” гэж хэлж байсан. Ж.Х-ээс зээлсэн мөнгийг 1 сарын дараа өгөхдөө охиныхоо ангийн багш Д-аас З-аар дамжуулан 500.000 төгрөгийг авч Ж.Х-т өгсөн. Ж.Х-ээс зээлсэн 500.000 төгрөгийг Ц.Б- даргад өгснийг тэрээр дараа нь мэдсэн байсан. Харин Д- багшаас зээлсэн мөнгийг 2 сарын цалин дамжуулан төлсөн. Би тухайн үед гар дээрээ 440.000 орчим мянган төгрөг авдаг байсан. 2018 оны 12 дугаар сард Ц.Б- дарга намайг “эмчлэх эрхийн лиценз байхгүй” гээд “ажлаас хална, мэдэгдэл өгнө” гэж өрөөндөө дуудахаар нь би “мэдэгдлийг авахгүй та нар хуулиараа дараагийн ажлын байрыг бэлдэж өг, та намайг ажлаас халвал надаас 500.000 төгрөгний авлига авсан талаар зохих байгууллагад нь хэлнэ” гэсэн чинь “би чамаас аваагүй” гэж хэлэхээр нь “уучлаарай даргаа надад 2-3 гэрч байгаа шүү” гэж хэлэхэд хажууд хүний нөөцийн алба дарга Д.Д- гэж эмэгтэй байсан. Би Ц.Б- даргад 500.000 төгрөгний авлига өгснийг З-, Ж.Х-, багш Дэлгэрсайхан нар мэднэ. Би Ц.Б- даргад өгөх 500.000 төгрөг байгаагүй. Гэтэл тогооч Д.Б-гаар дамжуулан удаа дараа хэлүүлсэн. Мөн өрөөндөө дуудаж “мөнгө өг” гэж дарамтлан шахалт үзүүлэн хясан боогдуулж аргагүй эрхэнд би Ж.Х-ээс мөнгө зээлж Ц.Б- даргад өрөөнд нь оруулж бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-42 дугаар хуудас/,

- Гэрч Л.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна манай байгууллагад ажилд ороод удаагүй байсан эмч Б.Н- надтай уулзаад “мөнгөний хэрэгтэй байна, хүүтэй ч хамаагүй мөнгө зээлэх хүн байна уу” гэж асуухад нь хүнд тус болчих санаатай өөрийнхөө хүүхдийн багш болох Л.Д-аас “500.000 төгрөг байвал зээлээч” гэсэн чинь “чи мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь “Б.Н-д хэрэг болсон” талаар хэлсэн чинь “би Б.Н-д бол өгөхгүй, харин чамд бол итгэж өгнө чи ажил дээр ирээд ав” гэхээр нь би Л.Д- багшийн ажил дээр очоод 500.000 төгрөгийг аваад Б.Н-д өгсөн. Би түүнийг хаашаа яаж зарцуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан Л.Д-ы мөнгийг 2018 оны 02 дугаар сард эхлээд 250.000 төгрөгийг Б.Н- надад, би тэр мөнгийг аваад Д.Д- багшид өгсөн. Үлдсэн 250.000 төгрөгийг 02 дугаар сарын сүүлчээр Б.Н- өөрөө аваачиж өгсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 дугаар хуудас/,

- Гэрч Л.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б.Н- гэж хүнд 500.000 төгрөг зээлээгүй. Харин “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг З- гэдэг хүнд зээлүүлсэн. 2017 оны 10 дугаар сар билүү, 11 дүгээр сард билүү өдрийн нь сайн санахгүй байна.Манай ангийн хүүхдийн аав болох н.З- над руу утсаар ярьснаа “500.000 төгрөг байвал зээлээч” гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “хүнд тус болох гэсэн юм, Б.Н-д хэрэг болоод байна” гэхээр нь би “Б.Н-д бол өгөхгүй, харин чамд бол өгнө би чамд зээлж байгаа шүү, чи ажил дээрээс ирж ав” гэж хэлсэн. Удалгүй н.З- ирээд надаас 500.000 төгрөг авсан. Тухайн мөнгө нь манай талийгаач дүү М.Д-ын эмчилгээний мөнгө нь байсан. Тухайн 500.000 төгрөгний 250.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын эхээр н.З-аас авсан. Үлдсэн 250.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Н- өөрөө надад авчирч өгсөн. Би сүүлд нь н.З-аас “мөнгөө авъя яагаад удаад байгаа юм бэ” гэсэн чинь “Б.Н- ажилд ороод даргадаа өгөх гэж 500.000 төгрөг авсан юм, Б.Н-гийн цалин нь удахгүй бууна тэгэхээр нь өгнө” гэж хэлж байсан. Тэгээд л удаагүй 2 хуваагаад мөнгөө надад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна манай байгууллагад эмчээр ажиллаж байсан Б.Н- надтай уулзаад “эгч ээ та надад хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч” гэхээр би маргааш нь 10 хувийн хүүтэй 500.000 төгрөгийг Б.Н-д өгсөн. Тэрээр надад хэлсэн 1 сарын хугацаандаа багтаж 550.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Б.Н- надаас авсан мөнгөө хаана хэнд өгөх гэж байгаа талаараа надад хэлээгүй маш яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа л гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гаднаас даргын өрөөнд ороход Ц.Б- дарга болон эмчээр ажиллаж байсан Б.Н- нар хоорондоо маргалдаж байсан. Миний сонссноор бол яг хэдэн төгрөг гэж хэлээгүй харин “надаас авсан мөнгөний талаар чинь хэлдэг газарт нь хэлнэ” гэсэн чинь “чи юу яриад байгаа юм бэ” гэхээс өөр зүйл хэлээгүй. Б.Н- даргатай хэрэлдэж байснаа энэ Д.Д-гөө адилхан халахгүй юу гэж хэлэхээр нь би тэр хоёрт хандаж “наад хэрүүлдээ намайг битгий оруулаад бай өөрсдөө наад заваан асуудлаа шийдэцгээ” гэж хэлээд гарсан. ...Түүнээс 1-2 хоногийн дараагаар эмч нарын өрөөнд ороход Б.Н- нярав н.Сарантуяатай “намайг ажлаас халах юм бол би хэлдэг газарт нь хэлнэ” гэж ярьж байхаар нь Б.Н-гээс “чи даргад үнэхээр мөнгө өгчихсөн юм уу” гэж асуусан чинь “би бэлнээр 500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175-176, 182, 186 дугаар хуудас, 2-р хх-ийн 8, 11 дүгээр хуудас/,

- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ажлын үүдэнд н.З- Б.Н-д хандаж “чи хүнээс авсан мөнгөө өгөөч, цаад багш чинь надаас мөнгөө нэхээд байна хурдан өг л дөө хүний итгэлийг алдах юм” гэж хэлэхэд “би цалин буухаар өгнө” гэж Б.Н- хэлж байсан. Манай ажилчдын дунд Ц.Б- дарга, эмч Б.Н-гээс 500.000 төгрөг авсан байна гэсэн яриа гарсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би мөн он, сарыг нь сайн санахгүй байна. Ц.Б- дарга надтай уулзсанаа “эмчээр ажилд орсон Б.Н-тэй уулзаад намайг 500.000 төгрөг өгөөч гэж байна гэж хэлчих” гэхээр нь би Б.Н-тэй уулзаад “Ц.Б- дарга чамайг 500.000 төгрөг өгчих гэж байна намайг хэлчих гэсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан. Үүнээс хойш би Б.Н-тэй уулзаад мөнгө өгсөн, авсныг мэдэхгүй бүр сүүлд нь байх, ажлын хурал дээр Ц.Б- дарга, Б.Н- нар 500.000 төгрөг өгсөн, авсан гэсэн яриа гарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/19 дугаартай Б.Н-г ажилд томилох тушаалын хуулбар /2-р хх-ийн 186 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.3. Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 07 дугаар сард иргэн Н.Б-ыг “үйлчлэгчээр ажилд орох бол 1.800.000 төгрөг өгвөл ажилд авна” гэж түүнтэй урьдчилан тохиролцож хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлчлэгчийн ажилд авч, өөрийн ХААН банкны ... дугаарын дансаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2 хуваан бэлнээр нь авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нутгийн эгч болох “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д асрагч ажилтай н.Болормаа эгчтэй уулзаад ажил хайж байгаа талаараа хэлсэн чинь “манай байгууллагад нэг үйлчлэгчийн орон тоо байгаа, чи Ц.Б- даргатай уулзчих” гэхээр нь ...Ц.Б- даргын өрөөнд очиж уулзахдаа “ажилд оръё, танайд нэг үйлчлэгчийн орон тоо байгаа юм байна” гэж хэлсэн чинь Ц.Б- дарга над руу хандаж “чи 1.800.000 төгрөг өгөх юм бол ажилд орж болно шүү дээ” гэж хэлэхээр нь нэхсэн мөнгийг нь өгөхөөр болсон. Гэтэл Ц.Б- дарга намайг “чи 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ороорой, харин түүнээс өмнө мөнгөө өгөөрэй” гэж хэлээд надад өөрийнхөө Хаан банкны дансыг өгсөн. ... 2-3 хоногийн дараа 500.000 төгрөгийг бэлнээр өрөөнд нь аваачиж өгсөн. Мөн түүнээс хойш 3-4 хоногийн дараа 600.000 төгрөг бил үү 700.000 төгрөг билүү сайн санахгүй байна. Төв Хаан банкны АТМ-ээс Ц.Б- даргын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өмнө өгөөд ажилдаа орж байсан. Миний хувьд ажилд орохын тулд Ц.Б- даргад 3 хувааж 1.800.000 төгрөг өгсөн нь үнэн. ...Ц.Б- даргатай уулзахад “ажилд орох гэж байгаа бол 1.800.000 төгрөг өг, мөнгө өгөхгүй бол ажилд оруулахгүй, цаагуур чинь ажилд орох хүмүүс зөндөө байна” гэж хэлэхээр нь арга буюу түүнд мөнгө өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

- Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын эхээр ...манай сумын эмэгтэй болох Н.Б- Мөрөн суманд ирээд надтай уулзаад “эгчээ би хүүхдээ аймгийн төвд сургуульд оруулах гэж байгаа юм, хүүхдээ сургахын хажуугаар ажил олж хийхгүй бол ганцаардаад хэцүү байна” гэж хэлэхээр нь “манай ажилд нэг цэвэрлэгчийн орон тоо гарсан гэсэн дарга хурал дээр тэгж ярьж байсан чи очиж уулзахгүй юу даа” гэж хэлсэн чинь “эгч ээ та хэлээд өг” гэж хэлэхээр нь “би даргатайтайгаа таарамжгүй харьцаатай чи өөрөө очиж уулз” гэж хэлсэн. ...түүнээс хойш Н.Б- надтай уулзаагүй. 2017 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа мөн л өдрийг нь сайн санахгүй байна над руу утсаар ярьснаа “би Хатгал тосгонд явж байна, надаас мөнгө нэхсэн.Би 700.000 төгрөгийг Ц.Б- даргын дансаар шилжүүлсэн” гэж хэлэхээр нь “чи яаж байгаа юм бэ ажилдаа ороогүй байж” гэсэн чинь “намайг 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилла гэж байна. Миний ажил амжихгүй байна яах вэ” гэхээр нь ...”орох эсэхээ өөрөө шийд” гэж хэлсэн. ...Ц.Б- дарга Н.Б-аас мөнгө нэхсэн талаар надад Н.Б- өөрөө хэлсэн. Гэхдээ яг хэдэн төгрөг нэхсэн талаар нь би түүнээс асуугаагүй. Ц.Б- даргын дансаар нь 700.000 төгрөг шилжүүлэн өгсөн талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 176, 182 дугаар хуудас, 2-р хх-ийн11 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 223-224, 240, 2-р хх-ийн 3 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Б- ажилд орьё гэж ирснээс өөр хүн ирээгүй. Тэгээд би түүний тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гаргаад Н.Б- ажилдаа орсон. Мөн хэзээ гэдгийг нь санахгүй байна 700.000 төгрөг Н.Б-аас Хаан банкны ... дугаарын дансанд орсон болов уу гэж бодож байна. Н.Б- миний дансанд 1 удаа л 700.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд түүнээс өөр мөнгө аваагүй. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Н.Б-т 700.000 төгрөгийг буцааж өгөх гэтэл “та бид хоёр болноо, би ажилд орсон сайхан байна” гэж хэлээд мөнгөө аваагүй. ...Намайг Улаанбаатар хотод явж байхад Н.Б- над руу ярьснаа “07 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж чадахгүй юм байна, малаа хүнд хүлээлгэж өгөх гээд байна та Улаанбаатар хотод ямар ажлаар явж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “ажил хөөцөлдөөд явж байна” гэсэн чинь “та надад дансаа өгөөч хэдэн төгрөг хийе” гэхээр нь би түүнд дансны дугаараа өгсөн. Гэтэл миний дансанд 700.000 төгрөг орсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай “Н.Б-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.4. Шүүгдэгч Ц.Б-ыг шүүгдэгч Б.Н-гээс 500.000 төгрөгийн хахууль авсан хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд уг хэргийг нуун далдлах зорилгоор, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ахмадын асрамж үйлчилгээний төвийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлд шүүгдэгч Ц.Б- нь “Б.Н-г ажилд ороод мөнгө төгрөг өгсөн гэж ярьсан, хүн гүтгэх хуультай. Би чамаас мөнгө аваагүй” гэж, шүүгдэгч Б.Н-г “Би хүнд өгөх мөнгө байхгүй, банкны зээлтэй. Тийм асуудал байхгүй” гэж хахууль авсан үйлдлээ үгүйсгэн гуйвуулж засварлан өөрчилж, “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Ахмадын асрамж, үйлчилгээний төвийн архив, бичиг хэргийн ажилтан Ц.С-ийн албаны “АСЕR маркийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын жинхэнэ тэмдэглэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн эх /2-р хх-ийн 36, 40 дүгээр хуудас/,

- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн бүтэн сайн өдөр гэртээ байж байхад Ахмадын асрамж, үйлчилгээний төвийн дарга Ц.Б- манай гэрт ирж надтай уулзсан. Тэрээр 2017 болон 2018 оны 2 хавтастай хурлын тэмдэглэлийг барьж ирсэн. Тэгснээ “чи хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй байна гарын үсгээ зурчих” гэж хэлсэн. Тэгэхээр би яагаад зураагүй юм бол гэж бодоод 2018 оны 2 ширхэг хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Би тэр 2 тэмдэглэл дээр юу бичсэн талаар уншаагүй, гарын үсэг зурчихсан. Тэр тэмдэглэл дээр Ц.Б- дарга өөрөө бас гарын үсэг зураагүй байснаа надаас бал аваад гарын үсгээ зурсан. Мөн уг хурлын тэмдэглэл дээр байгууллагын тэмдэг дарагдаагүй байсан. Ингээд Ц.Б- дарга явсны дараагаар, би яагаад гарын үсэг зураагүй байдаг билээ, хурлын тэмдэглэл дээр юу бичсэн талаар уншиж үздэг байж гэж бодож байсан. Мөн хурлын тэмдэглэл солигдсон байна гэж шууд гадарласан. Би ер нь хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуралгүй орхисон тохиолдол байдаггүй байсан. 2018 оны 10 дугаар сард байхаа манай байгууллага дээр аудитын шалгалт ирсэн. Тэгэхэд бүх хурлын тэмдэглэл, тушаал зэргийг шалгаж байсан. Би гарын үсэг байхгүй хурлын тэмдэглэл аудитад шалгуулна гэж байхгүй. ...би сая 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай хурлын тэмдэглэлийг уншиж үзлээ. Энэ хурлын тэмдэглэл миний бичсэн хурлын тэмдэглэл биш байна. Яагаад гэхээр энэ хурлын тэмдэглэл зөв бичгийн дүрмийн алдаатай, мөн миний бичдэг утга найруулга биш байна. Энэ хурлын тэмдэглэлд зарим яригдсан зүйлс бичигдээгүй, байхгүй байна. Бас хурал дээр яригдаагүй зүйл бичигдсэн байна. ...эмч Б.Н-гийн Ц.Б- даргад мөнгө өгсөн, өгөөгүй гэдэг асуудал ерөөсөө яригдаагүй, гэтэл энэ хурлын тэмдэглэл дээр эмч Б.Н-гийн талаар нэмээд бичсэн байна. Хэзээ гэдгийг санахгүй байна. 2018 оны эхээр шиг санагдаж байна, байгууллагын хурал дээр Ц.Б- дарга Б.Н-д хандаж “Н.З- та хоёр наад мөнгөнийхөө учрыг олоорой, би наад мөнгийг чинь аваагүй надад хамаагүй шүү” гэж хэлчихээд хурал дуусгаад гараад явсан. Түүний дараагаар манай ажилчид “Ц.Б- дарга өөрийгөө бариад өгчихлөө дөө” гэж хэлээд инээлдэж байсан. Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хурал дээр үйлчлэгч Д.А- согтуу байгаагүй. Гэтэл Ц.Б- дарга “Д.А-ийг өөдөөс нь хэрэлдлээ гээд чи согтуу байгаа юм уу хаашаа юм бэ хурлаас гар” гэсэн чинь “би согтуу биш эрүүл саруул байж яахаараа хурлаас хөөгдөж гардаг юм бэ” гээд хурлаас гаралгүй хурлыг дуустал суусан. Гэтэл энэ хурлын тэмдэглэл дээр Б.Д.А-ийг “ажлаас халаарай, чамтай үзнэ, гээд хурал хаяад явав” гэж бичсэн байна. Энэ хурал дээр ийм үйл явдал болоогүй. ...Энэ хурлын тэмдэглэлийн дээд талд нь 20 гэж дугаар тавьсан байна. Энэ 20 гэсэн дугаар миний бичсэн дугаар биш байна. Би 2-ын тоог ингэж бичдэггүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ...архивын материалыг цэгцэлсэн. Тэгэхэд Ц.Б- дарга над руу ирсэнээ А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр өөрийнхөө гараар ноороглосон хурлын тэмдэглэл бичсэн байсан. Түүнийгээ надад өгөөд “үүнийг биччих” гэхээр нь бичээд тэр хурлын тэмдэглэлийг өөрийнх нь гараараа бичиж өгсөн ноорог цаастай нь цуг өгсөн. Миний бичсэн хурлын тэмдэглэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл байсан. Би хурлын тэмдэглэлийг бичиж байхдаа Б.Н-, даргад мөнгө өгсөн, өгөөгүй гэж ярилцаж байсныг урьд өмнөх хурлын тэмдэглэл дээр бичээгүй юм байна, тэгээд одоо нөхөж оруулж байгаа юм байна л гэж ойлгоод бичсэн. ...Намайг энэ ажлыг авахаас өмнө П.Ц- гэж хүн ажиллаж байсан. Тэр хүний бичиж байсан хурлын тэмдэглэл нь файлаараа компьютер дээр хадгалаатай байгаа. Би тэр тэмдэглэлүүдэд огт гар хүрээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,

- 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын засварлан өөрчилсөн тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай ажилтан, албан хаагчдын хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 80 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хавтсанд үдэгдсэн байсан хурлын тэмдэглэл болон миний гараараа нэмж ноороглосон тэмдэглэл хоёрыг хаячихсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.5. Шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч Ц.Б-ыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.А-ээс 500.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд “дарга таныг группд орсон гэж яриад байна шүү дээ, та группд орсон юм бол, даргад юмыг /авлига/ нь өгөөч” гэж дамжуулах байдлаар шахаж шаардан, Д.А-ийн нөхөр Б.Л-гээс 400.000 төгрөгийг бэлнээр авч Ц.Б-ы ХААН банкны дансаар шилжүүлж, мөн Д.А-ийн монетон ээмгийг ломбарданд тавьж 100.000 төгрөгийг авсан, мөн 2017 оны 10 дугаар сард шүүгдэгч Б.Н-гээс 500.000 төгрөг өгөхийг “мөнгө байгаа юу, дарга таныг ажилд орсон юм чинь мөнгө өг гэнэ” гэж шаардан хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь:

- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Б- даргын хэлснээр би бичиг баримтаа бүрдүүлээд хөдөлмөрийн чадвар алдалтаа 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 50 хувиар 6 сарын хугацаатай тогтоолгосон. Ингээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосноос хойш хэдэн хоногийн дараа байгууллагын дотоод хурал дээр Ц.Б- дарга намайг “групп тогтоолгож мөнгө төгрөг авсан байна лээ, түүнийгээ надад яахаараа хэлдэггүй юм” гэж уурласан. Тухайн үед нь би“группд орсноо танд заавал хэлэх ёстой юм уу” гэж хэлчихээд гараад явсан. Тэр өдрөө буюу хурал тарсны дараа тогооч Д.Б- намайг дуудаж уулзаад “дарга таныг группд орсон гэж яриад байна шүү дээ, та группд орсон юм бол, даргад юмыг /авлига/ нь өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би“хэдэн төгрөг өгөх юм бэ, эхний ээлжинд 6 сараар л групп тогтоолгосон, мөнгө төгрөг өгөхөд хэцүү байна, зөндөө л мөнгөний хэрэг гарч байна, нөхөр маань бас өвчтэй Улаанбаатар руу эмчилгээнд явах гэж байгаа, нөхөртөө энэ талаар хэлвэл уурлана шүү дээ” гэж Д.Б-д хэлсэн чинь “та ямар ч байсан зохицуулаад даргад юмыг /авлига/ нь өгөхгүй бол болохгүй” гэсэн. Яг тэр өдрийнхөө орой нь шиг санаж байна Ц.Б- дарга Улаанбаатар руу ажлаар явсан байсан. Явахдаа Д.Б-д надаас мөнгө авах тухай хэлээд явсан юм байна лээ. Маргааш өдөр нь би жижүүртэй байсан ба Д.Б- бас жижүүрт гарах нь таарч намайг дуудаад “Ц.Б- дарга над руу утсаар яриад байна, Д.А-ээс мөнгө төгрөг аваад хурдан шилжүүл гээд байна” гэсэн. Ер нь бол Ц.Б- дарга надаас “500.000 төгрөг ав” гэж Д.Б-д хэлсэн юм байна лээ. Би Д.Б-гаас “хэдэн төгрөг өгөх юм бэ” гэсэн чинь “500.000 төгрөг байхад болох байх” гэсэн. Тэгээд 400.000 төгрөг өгөөд “өөр мөнгө байхгүй” гэж хэлээд өнгөрчихье гэж бодсон боловч Д.Б- “гүйцээгээд өгчих Д.А- эгчээ” гээд надаас нэхээд байсан учраас би өөрийнхөө зүүж байсан цагаан шигтгээтэй монетон ээмгээ Л.Д.Б-д өгөөд “100.000 төгрөгт ломбарданд тавьчих, дараа нь би хүүтэй нь хамт төлөөд өөрөө авчихъя” гэсэн. ...Тэгээд нөхөр Б.Л-рүү утсаар яриад “Ц.Б- дарга группд орсон гээд мөнгө төгрөг нэхээд байна” гэсэн чинь нөхөр уурлаад, “яасан гэж мөнгө өгдөг юм, чи наадахдаа ямар өртэй юм бэ” гэсэн. Тэгээд би нөхрөөсөө гуйсаар байгаад гэртээ бэлнээр хадгалж байсан нөхрийн эмчилгээ хийлгэхээр хурааж байсан мөнгөнөөс 400.000 төгрөгийг Д.Б-д Мөрөн үйлчилгээний төвийн урд аваачаад өг гэсэн. Д.Б- үдээс хойш нь ажлаасаа буугаад нөхөр Б.Л-тэй Мөрөн худалдааны төвийн урд талын зах дээр уулзаад 400.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Тэр мөнгөө Ц.Б- дарга руу шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрвээ шилжүүлсэн бол хичнээн төгрөг шилжүүлснийг нь мэдэхгүй байна. Дараа нь би ломбарданд Д.Б-гаар тавиулсан ээмэгээ Д.Б-тай хамт очиж мөнгийг нь өөрөө төлөөд Д.Б-гийн бичиг баримтаар авахуулсан. ...Д.Б- нь Ахмадын асрамж үйлчилгээний төвийн тогоочоор ажилладаг. Д.Б- нь Ц.Б-тай дотно харьцаатай. Энэ талаар манай ажлын хамт олон бүгд мэднэ. Ц.Б- нь эрүүлдээ ч тэр, согтуу ч тэр Д.Б-г “миний залуухан амраг” гэж ярьдаг. Тиймээс Д.Б-г хамгийн найдвартай хүн гэдгээр нь ийм зүйл хийлгэсэн байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогооч ажилтай Д.Б- нь “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д хамгийн олон жил ажиллаж байгаа юм байна лээ.Тэрээр дарга Ц.Б-тай дотно нууц амрагийн харилцаатай талаар манай байгууллагын ажилчид ярьцгаадаг. Мөн Ц.Б- дарга “ажилчдаас авлига авахдаа тогооч Д.Б-гаар дамжуулан зуучлуулан авдаг” талаар би Д.А- эгчээс өөрөөс нь сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-42 дугаар хуудас/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагын дарга Ц.Б-ыг “тогооч Д.Б-тай уулзаж учирдаг, дотно харьцаатай” гэж манай ажпынхан яриад байдаг....Сүүлийн үед “тогооч Д.Б-г даргын өрөөгөөр байн, байн ороод байгаа мөн өрөөнөөс нь инээчихсэн гарч ирдэг болсон” талаар бас яригдах болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- “Очир сан” барьцаат зээлийн үйлчилгээний 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Д.Б- /.../ нэрээр бичигдсэн баримт /1-р хх-ийн 214-217 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175, 2-р хх-ийн 8 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-гийн эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 187-189 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Б- дарга Улаанбаатар хот руу явсан бөгөөд тэрээр над руу яриад “Д.А-ээс мөнгө аваад явуул” гэж хэлсэн. Үүний дагуу би Д.А- эгчтэй уулзаад “Ц.Б- дарга над руу яриад байна өөрөөс чинь мөнгө аваад явуул гэнэ” гэж хэлж дамжуулсан. Ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Д.А- эгч над руу хандаж манай нөхөр н.Лхамсүрэнгээс очоод мөнгө авчих гэж хэлсэн. Ингээд би Л-ах руу утсаар ярьсан чинь “Мөрөн үйлчилгээний үүдэн дээр байна” гэж хэлэхээр нь яваад очиход надад 300.000 төгрөг өгсөн.Би тэр мөнгийг нь аваад Д.А- эгчийн монетон ээмгийг 160.000 төгрөгөөр ломбарданд тавиад 60.000 төгрөгийг өөрөө хэрэглээд 400.000 төгрөгийг Ц.Б-ы Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...Ц.Б- дарга над руу ярихдаа “Д.А-ээс мөнгө аваад над руу шилжүүл” гэж хэлснээс биш мөнгөний дүнг надад хэлээгүй. ...Би мөн он, сарыг нь сайн санахгүй байна. Ц.Б- дарга надтай уулзсанаа “эмчээр ажилд орсон Б.Н-тэй уулзаад намайг 500.000 төгрөг өгөөч гэж байна гэж хэлчих” гэхээр нь би Б.Н-тэй уулзаад “Ц.Б- дарга чамайг 500.000 төгрөг өгчих гэж байна намайг хэлчих гэсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан. Үүнээс хойш би Б.Н-тэй уулзаад мөнгө өгсөн, авсныг мэдэхгүй бүр сүүлд нь байх, ажлын хурал дээр Ц.Б- дарга, Б.Н- нар 500.000 төгрөг өгсөн авсан гэсэн яриа гарсан. ...2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б- миний ... дугаарын утасруу ярьснаа “Д.А-ээс мөнгө аваад над руу шилжүүл” гэж хэлээд дансны дугаар утсаар хэлэхээр нь цаасан дээр бичиж авсан. Тэгээд би Д.А- эгчтэй уулзаад “Ц.Б- дарга танаас мөнгө аваад шилжүүл гэж байна” гэж хэлсэн чинь “энэ ээмгийг ломбарданд 100.000 төгрөгөөр тавь, Б.Л-чамд мөнгө өгнө нийлүүлээд шилжүүлчих” гэж хэлэхээр нь би Д.А- эгчээс ээмгийг нь аваад явахдаа би энэ ээмгийг чинь 160.000 төгрөгөөр тавья, 60.000 төгрөгийг нь өөрөө хэрэглэе ээмгийг чинь авч өгөхдөө 60.000 төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би захын Мөрөн дэлгүүрийн үүдэнд дээр Д.А- эгчийн нөхөр Б.Л-ахтай уулзсан. Тэрээр надад 20.000 төгрөгний дэвсгэртээр 400.000 төгрөгийг өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Д.А- эгчийн ээмгийг ломбарданд 160.000 төгрөгөөр барьцаанд тавиад 100.000 төгрөгийг нь Б.Л-ахаас авсан 400.000 төгрөг дээр нэмээд нийт 500.000 төгрөг болгоод Ц.Б- даргын өөрийнх нь өгсөн дансанд 500.000 төгрөгийг Захын Хаан банкны теллер дээрээс хийсэн. Тухайн мөнгийг ямар учиртай мөнгө байсныг нь мэдээгүй. Тухайн өдрийг яагаад сайн санаад байна гэхээр 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Д.А- эгчийн ээмгийг ломбарданд тавьсан өдөр байсан юм. Би Д.А- эгчийн ээмгийг авч өгнө гэсэн өдрөө өөрийнхөө хэрэглэсэн 60.000 төгрөгийг өгч байгаад ломбарднаас бичиг баримтаараа авч өгсөн. ...Би ямар ч байсан Ц.Б- даргын надад утсаар хэлж өгсөн дансанд мөнгийг нь хийсэн. Хэд дугаартай дансанд шилжүүлснийг сайн санахгүй байна. ...Мөн хэзээ гэдгээ сайн санахгүй байна гал тогооны өрөөнд намайг байж байхад Ц.Б- дарга надтай уулзснаа “эмч Б.Н-д очоод 500.000 төгрөг өг гэж байна гэж хэлчих” гэхээр нь би эмч Б.Н-гийн гар утас руу ярьсан. Яг юу гэж ярьснаа санахгүй байна. Түүний дараагаар эмч Б.Н-гийн өрөөнд орж уулзаад “Ц.Б- дарга чамайг 500.000 төгрөг өг гэж байна намайг хэлчих гэсэн юм” гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш Б.Н-тэй уулзаагүй. Тэр хоёрын хооронд мөнгө өгсөн авсан эсэхийг мэдэхгүй. Түүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна байгууллага дээр Ц.Б- дарга Б.Н-гээс 500.000 төгрөг авсан байна гэдэг яриа гарсан байсан. ...Одоо санаад байхад Ц.Б- дарга 500.000 төгрөгийг таслаад дансанд хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80.000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн үлдсэн 420.000 төгрөгийг бас шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөөр Ц.Б- дарга костюм авч өмссөн байсан. Энэ талаараа Улаанбаатар хотоос ирчихээд Д.А- бид хоёрт хэлж байсан. ...Д.А- эгчийн мөнгөний асуудал дээр бол намайг ажлаас бууж байсан учраас гэр рүүгээ харих замдаа мөнгө хийчих гэж хэлэхээр нь дээрх мөнгийг шилжүүлж өгсөн. Харин Б.Н-д 500.000 төгрөгийг өг гэж хэлчих гэхээр нь л очиж хэлсэн. ...Би Д.А- эгчийн өгсөн мөнгийг гэр рүүгээ харих замдаа Ц.Б- даргын надад өгсөн дансанд хийж тус болсон, харин Б.Н-гийн асуудал нь Ц.Б- даргын хэлсэн үгийг нь дамжуулж хэлж өгсөн. Миний хувьд Д.А- эгчийн өгсөн 500.000 төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй. ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өглөө ажил дээр ээлжтэй байж байхад Ц.Б- дарга Улаанбаатар хотоос ирлээ гэсээр ажил дээр ирсэн. Тэгснээ над руу хандаж “би Д.А-ийн мөнгийг буцааж өгөхдөө дээр нь 10.000 төгрөгийг нэмээд өгчихсөн гэж хэлнэ” гэхээр нь “та тэгж болохгүй ээ бид нар бүх үнэнээ хэлсэн” гэсэн чинь “буцаагаад өгчихсөн гэж хэлнэ” гээд байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135, 136-139 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.6. Шүүгдэгч Д.А- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлэх хийх, мөн группийн мөнгөө давхар авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д нөхөр Б.Л-гээс 400.000 төгрөгийг авч, шүүгдэгч Д.Б-гаар дамжуулж өгсөн, мөн өөрийн монетон ээмгийг Д.Б-гаар дамжуулан ломбарданд тавиулж 100.000 төгрөгийг өгч, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 онд эхнэр маань зам тээврийн осолд орж 3 сар Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2017 оны 02 дугаар сард нь ажилдаа орсоны дараа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар групп тогтоолгосон. Гэтэл “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б- нь эхнэрээс маань “групп тогтоолгосон” гэж мөнгө өгөхийг шаардсан байсан. Учир нь групп тогтоолгочихоод давхар ажлаа хийгээд явж байгаа учраас мөнгө өгөхийг шаардсан байсан. “Хэрвээ мөнгө өгөхгүй бол групп тогтоолгосон хүнийг ажлуулахгүй ажлаас нь хална” гэсэн байсан. Тэгээд эхнэр маань над руу утсаар яриад “Ц.Б- дарга мөнгө нэхээд, тогооч буюу Д.Б-д 400.000 төгрөг аваачаад өгчих, зах дээр хүлээж байгаа” гэсэн. Тэгээд би гэртээ эмчилгээ хийлгэхээр бэлнээр хадгалж байсан 700.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг нь аваад Мөрөн үйлчилгээний төвийн урд талд байх Хаан банкны АТМ дээр Д.Б-тай уулзаад бэлнээр өгсөн. Миний өгсөн мөнгийг Д.Б- аваад тэндээ үлдсэн. Би мөнгөө өгчихөөд л явсан. ...Би 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группээ сунгуулсан. Тэгээд 1 жилийн мөнгө болох 2 сая 400 орчим мянган төгрөгийг бүтнээр нь урьдчилаад авчихсан юм. Тэр мөнгөнөөсөө хүнээс зээлсэн зээл, байшингийн мөнгө зэргийг төлөөд үлдэгдэл 700.000 төгрөг байсан. Тухайн үед би 700.000 төгрөгөө Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр хадгалж байсан. Гэтэл Ц.Б- эхнэрээс маань “групп тогтоолгосон учраас мөнгө өг, тэгэхгүй бол ажлаас нь хална” гэж дарамталсан. Арга буюу эхнэр маань миний эмчилгээ хийлгэх гэж байсан мөнгөнөөс “Ц.Б-д өгчих” гэж гуйсан. Яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. Ямар ч байсан эхнэр Д.А-ийг группэд орсны дараа нь л мөнгө нэхсэн. Тухайн үед Д.А- өөрийхөө группийнхээ мөнгийг аваагүй байсан. ...Хаан банкны АТМ дээр очиход Д.Б- байсан. Би түүнд 20.000 төгрөгний дэвсгэртээр 20 ширхэг буюу 400.000 төгрөгийг өгөхөд миний хажууд тоолж үзээд аваад явсан. Тэгээд би эхнэр рүүгээ яриад сая Д.Б-д 400.000 төгрөгийг өгчихсөн шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-26 дугаар хуудас/,

- Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би яг хэзээний хурал гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Ц.Б- дарга үйлчлэгч Д.А-ийг “ажлаас хална гэж загнасан”. Тэгэхэд Д.А- “та надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж хурал дээр хашгирч байсныг нь бол санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.А- эгч Ц.Б- даргын өрөөнд орж муудалцаад уйлаад гарч ирж байсан. Түүнээс асуухад “намайг группт орсноо нуулаа өмхий санаатай гэж дарамталж байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш Д.А- эгчтэй юм яриад сууж байхад “дарга намайг группт орсоноо нуулаа гэж дарамтлаад байхаар нь мөнгө өгчихсөн” гэж хэлж байсан. Би түүнээс яг хэдэн төгрөг өгсөн талаар асуугаагүй. ...Д.А- эгчийн ярианы өнгөнөөс ажиглахад Ц.Б- даргад мөнгө өгсөн гэж ажиглагддаг юм. Өөрөө ч ярианы дундуур “мөнгө өгсөн талаар” ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,

- Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөн Ц.Б- дарга “ажилчдаас авлига авахдаа тогооч Д.Б-гаар дамжуулан зуучлуулан авдаг” талаар би Д.А- эгчээс өөрөөс нь сонссон. ...2018 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, байгууллагын хурал дээр Ц.Б- дарга үйлчлэгч Д.А- эгчид хандаж “ажлаас чинь хална шүү” гэж загнаж байсан. Тэгэхэд Д.А- эгч Ц.Б- дарга руу хандаж “чи надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж байгууллагын ажилчдын дэргэд хэлсэн чинь “би чамаас юу авсан юм бэ” гээд хурлаа хаяад гүйж гарч байсан. Мөн 2018 оны 05 дугаар сард бил үү 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, Ц.Б- дарга намайг өрөөндөө дуудсан. Би өрөөнд нь ороод байж байхад над руу хандаж “Д.А-ийг дуудчих” гэхээр нь гараад түүнийг дуудаад буцаж өрөөнд нь ороход дарга Д.А- хоёр маргалдаад Д.А- эгч “чи намайг ажлаас халж болно, харин надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж хэлээд өрөөнөөс нь орилоод гарч байсан. Түүнд яг хэдэн төгрөг өгснийг нь би мэдэхгүй. Д.А- эгч өөрөө мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-42 дугаар хуудас/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яг хэзээний хурал дээр гэдгийг нь сайн санахгүй байна. Дарга Д.А- эгчийг “ажлаас нь хална” гэж загнасан. Тэгэхэд Д.А- эгч дарга руу хандаж “чи авсан мөнгөө өгөөрэй” гэж хашгирч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хурал дээр үйлчлэгч Д.А- согтуу байгаагүй. Гэтэл Ц.Б- дарга “Д.А-ийг өөдөөс нь хэрэлдлээ гээд чи согтуу байгаа юм уу хаашаа юм бэ хурлаас гар” гэсэн чинь “би согтуу биш эрүүл саруул байж яахаараа хурлаас хөөгдөж гардаг юм бэ” гээд хурлаас гаралгүй хурлыг дуустал суусан. Гэтэл энэ хурлын тэмдэглэл дээр Б.Д.А-ийг “ажлаас халаарай, чамтай үзнэ, гээд хурал хаяад явав” гэж бичсэн байна. Энэ хурал дээр ийм үйл явдал болоогүй” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- “Очир сан” барьцаат зээлийн үйлчилгээний 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Д.Б- /.../ нэрээр бичигдсэн баримт /1-р хх-ийн 214-217 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175, 182, 187, 2-р хх-ийн 8 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Б-гийн эзэмшлийн Хаан банкин дахт диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 187 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д үйлчлэгч ажилтай Д.А-ээс 500.000 төгрөг аваагүй, харин 300.000 төгрөгийг аваад буцаагаад 310.000 төгрөг болгож өгсөн. Би Д.А-ээс авсан мөнгийг зээлдэж авсан. 2017 хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хот руу явахаасаа өмнө Д.А-тэй уулзаад “хот руу явлаа чамд зээлдүүлэх мөнгө байна уу” гэж асуухад Б.Л-“уг нь эмчилгээнд явах гэж байгаа түүнд мөнгөө байгаа л даа та хотод очоод утсаар яриарай” гэж хэлэхээр нь би хотод очоод Д.А-тэй утсаар яриад “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү” гэж асуухад “Д.Б- ажлаас буугаад гэр рүүгээ явах гэж байна Д.Б-д 300.000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн. Тэгээд миний дансанд 300.000 төгрөг орсон. Улаанбаатар хотоос буцаж ирээд цалин буухаар нь 310.000 төгрөг болгож Д.А-т өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Б- дарга Улаанбаатар хот руу явсан бөгөөд тэрээр над руу яриад “Д.А-ээс мөнгө аваад явуул” гэж хэлсэн. Үүний дагуу би Д.А- эгчтэй уулзаад “Ц.Б- дарга над руу яриад байна өөрөөс чинь мөнгө аваад явуул гэнээ” гэж хэлж дамжуулсан. Ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Д.А- эгч над руу хандаж “манай нөхөр н.Лхамсүрэнгээс очоод мөнгө авчих” гэж хэлсэн. Ингээд би Л-ах руу утсаар ярьсан чинь Мөрөн үйлчилгээний үүдэн дээр байна гэж хэлэхээр нь яваад очиход надад 300.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Д.А- эгчийн монетон ээмгийг 160.000 төгрөгөөр ломбарданд тавиад 60.000 төгрөгийг өөрөө хэрэглээд 400.000 төгрөгийг Ц.Б-ы Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...Ц.Б- дарга над руу ярихдаа “Д.А-ээс мөнгө аваад над руу шилжүүл” гэж хэлснээс биш мөнгөний дүнг надад хэлээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2010 онд Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-д үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу замын унаагаар ирж байгаад зам тээврийн осолд ороод эгэм хугарсан, нурууны гэмтэл, зүүн гар хугарал зэрэг гэмтлүүдийг авч Орхон аймгийн эмнэлэгт нуруундаа хагалгаа хийлгэн 2 сар орчим эмчилгээ хийлгээд эмнэлэгээс гарч Хөвсгөл аймагт гэрээрээ 1 сар орчим мөн л эмчилгээ хийлгэж байгаад ажилдаа орсон. Гэтэл “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б- надтай уулзсанаа “байгууллагын 25 ажилтны нэг нь группт байж болно гэсэн заалт байдаг та материалаа бүрдүүлээд группт ор” гэж зөвлөсөн. Би үүний дагуу материалууд бүрдүүлж байгаад нурууны гэмтлээрээ 2017 оны 04 дүгээр сард группт орсон. Би группт ороод сард 281.000 төгрөг авч байсан. Гэтэл намайг группт орсны дараагаар Ц.Б- дарга надтай уулзаад “чи группт орчихоод яахаараа надад хэлдэггүй юм бэ” гэж дарамталсан. Харин би түүнд хандаж “танд хэлэх албатай юм уу би өвчнөөрөө л группт орсон” гэж хэлсэн. Намайг группт орсны дараагаар Ц.Б- дарга намайг “мөнгө өг” гэж удаа дараа хэлж байсан. Мөн тогооч Д.Б-гаар дамжуулан “дарга таныг мөнгө өг гэнээ” гэж хэлүүлж байсан. Би мөнгө байхгүй гээд л яваад байсан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн тогооч Д.Б- надтай уулзсанаа “дарга Улаанбаатар хотод байна танаас мөнгө аваад өгч явуул гээд байна” гэхээр нь “мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “заавал өнөөдөр мөнгө олж өг гээд байна” гэхээр нь нөхөр Б.Л-рүүгээ утсаар залгаад “дарга намайг группт орсон гээд мөнгө өг гээд дарамтлаад байна” гэсэн чинь “яахаараа мөнгө өгдөг юм бэ” гээд нөхөр маань уурлаж байснаа “хэдэн төгрөг гээд байгаа юм бэ” гэсэн чинь Д.Б- бол 500.000 төгрөг өг гэсэн. Харин чи яаж ийгээд аргалаад 400.000 төгрөгийг Д.Б-д өгчих гэж хэлсэн чинь нөхөр маань өөрийнхөө эмчилгээнд явах мөнгөнөөсөө Л Д.Б-д 400.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би Д.Б-д хандаж “манай нөхрөөс 400.000 төгрөг ав харин үлдсэн 100.000 төгрөгийг миний монетон ээмгийг ломбарданд тавиад авчих” гээд ээмгээ өгсөн. Харин 400.000 төгрөгийг тогооч Д.Б- манай нөхрөөс Хөвсгөл аймгийн захын хажууд байх Хаан банкны АТМ-ын хажуугаас авсан байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д.Батуяагийн хамтаар Хөвсгөл аймгийн захын “АНУ” нэртэй дэлгүүрийн 2 дугаар давхарт байх ломбард руу очоод Д.Б-д мөнгийг нь өгөөд тэрээр өөрийнхөө бичиг баримтаар миний ээмгийг авч өгсөн. ...Намайг группт ороход Ц.Б- даргын зүгээс ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Харин тэрээр намайг группт орооч гэж хэлж зөвлөж байсан нь үнэн. ...Ц.Б- дарга намайг “чи миний хэлснээр группт орсон учраас мөнгө өг” гэж хэлж байсан. Дарга намайг “мөнгө өг” гэж ажил хийлгэхгүй байнга л шахаж дарамтлаад байдаг байсан. Ц.Б- дарга надаас мөнгө нэхэхдээ мөнгөний тоог хэлж байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.Б- надтай уулзаад “дарга таныг 500.000 төгрөг өг гэнэ” гэж хэлж байсан. Миний хувьд арга буюу 500.000 төгрөгийг Д.Б-гаар дамжуулан өгсөн.Би тухайн үед 380.000 төгрөгний цалин хөлс авдаг байсан. ...Ц.Б- дарга намайг “нэг бол өвчнийхөө мөрийг хөөгөөд яв ажлаасаа гар эсвэл ажлаа хийгээд группынхээ мөнгийг аваад яв тэгээд надад мөнгө өг” гэж дарамт шахалтыг байнга үзүүлж байсан. Тэгээд би ажилтайгаа үлдэж, мөн группынхээ мөнгийг авахын тулд арга буюу Ц.Б- даргад 500.000 төгрөгийг өгсөн. Бусдаар бол надад Ц.Б- даргад мөнгө өгөөд байх боломж бололцоо байхгүй. Би тэтгэвэрт гарахад 1 жил орчмын хугацаа үлдсэн учраас ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарахыг бодсондоо л дээрх мөнгийг Ц.Б-д өгсөн. ...Манай ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б- нь бусдад маш их сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад Ц.Б- дарга надтай уулзаад “Д.А-ээ би чамаас 300.000 төгрөг авсан Д.Б- шилжүүлсэн байсан” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ би Д.Б-д 400.000 төгрөгийг нөхөр Б.Л-гээр өгүүлсэн харин өөрийнхөө ээмгийг 100.000 төгрөгөнд тавь гэж Д.Б-д өгч явуулсан” гэж хэлтэл “тэгвэл Д.Б- илүүг нь авсан юм байна л даа би мэдэхгүй 300.000 төгрөг л авсан” гэж өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-171, 173 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.7. Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 10 дугаар сард эмчлэх эрхийн гэрчилгээгүй атлаа Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-ы “би чамайг ажилд авсан юм чинь надад мөнгө өг” гэж 500.000 төгрөгийг тогооч Д.Б-гаар дамжуулж авахаар шаардсаны дагуу 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Ц.Б-д бэлнээр нь өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны эхээр шиг санагдаж байна, байгууллагын хурал дээр Ц.Б- дарга Б.Н-д хандаж “Н.З- та хоёр наад мөнгөнийхөө учрыг олоорой, би наад мөнгийг чинь аваагүй надад хамаагүй шүү” гэж хэлчихээд хурал дуусгаад гараад явсан. Түүний дараагаар манай ажилчид “Ц.Б- дарга өөрийгөө бариад өгчихлөө дөө” гэж хэлээд инээлдэж байсан. ...ажлын үүдэнд н.З- Б.Н-д хандаж “чи хүнээс авсан мөнгөө өгөөч цаад багш чинь надаас мөнгөө нэхээд байна хурдан өг л дөө хүний итгэлийг алдах юм” гэж хэлэхэд “би цалин буухаар өгнө” гэж Б.Н- хэлж байсан. Манай ажилчдын дунд Ц.Б- дарга, эмч Б.Н-гээс 500.000 төгрөг авсан байна гэсэн яриа гарсан байсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ...миний бичсэн хурлын тэмдэглэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл байсан. Би хурлын тэмдэглэлийг бичиж байхдаа Б.Н-, даргад мөнгө өгсөн, өгөөгүй гэж ярилцаж байсныг урьд өмнөх хурлын тэмдэглэл дээр бичээгүй юм байна, тэгээд одоо нөхөж оруулж байгаа юм байна л гэж ойлгоод бичсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 очы 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээнии төв”-д уламжлалтын эмчээр томилогдсон. Тэр өдөр тогооч Д.Б- миний ... дугаарын утас руу өөрийнхөө ... дугаарын утаснаас ярьснаа “дарга өөрийг чинь ажилд орсон юм чинь мөнгө өг” гэж байна гэхээр нь “надад мөнгө байхгүй шүү дээ хэдэн төгрөг гэж байгаа юм бэ” гэхэд “ядаж 500.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би түүнд хандаж “би ажил руу очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би ажил дээрээ очоод ажлаа хүлээж авч байхад нэг эмэгтэй намайг дуудсан. Тэгсэн тэр нь над руу утсаар ярьсан тогооч Д.Б- байсан. Тэрээр над руу хандаж “дарга мөнгөө өг гэнээ” гэхээр нь “түрүүн чи над руу ярьсан эмэгтэй мөн үү энэ чиний дугаар мөн үү” гэж асуусан чинь “тиймээ мөн байна дарга намайг хэлээд өгөөч гэж гуйгаад байгаа юм” гэж хэлсэн. Түүнээс хойш тогооч Д.Б- надтай уулзаагүй. Би түүнээс хойш 10 орчим хоног мөнгө хайгаад олоогүй. Гэтэл Ц.Б- дарга намайг өрөөндөө дуудсан. Яваад ороход “би чамайг ажилд авсан юм чинь надад мөнгө өг” гэхээр нь за гэж хэлээд өрөөнөөс нь гараад мөнгө хайсан боловч олдоогүй. Аргаа бараад Ж.Х- эгчтэй уулзаад “500.000 төгрөгний хэрэг байна хүүтэй ч хамаагүй 1 сарын хугацаатай олоод өгөөч гэж хэлсэн. Ингээд маргааш нь Ж.Х- эгч надад 500.000 төгрөгийг олж өгсөн. Би тэр мөнгийг нь Ц.Б- даргын өрөөнд оруулан бэлнээр өгөхөд “баярлалаа энэ мөнгө төгрөгний асуудал чи бид 2-ын дунд шүү, цаашдаа хамтран сайхан ажиллана” гэж хэлээд авсан. ...Ж.Х- зээлсэн мөнгөний 1 сарын хугацаа дууссан. Надад өгөх мөнгө байхгүй байсан учраас З- гэх хүнээр дамжуулан Д- гэдэг багшаас 500.000 төгрөг зээлээд Ж.Х- эгчид өгсөн. Харин Дэлгэрсайхан багшаас зээлсэн мөнгийг 2 сарын цалин дамжуулан байж 2 хувааж төлсөн. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй. 11-18 настай хоёр хүүхэдтэй. Ц.Б- даргад өгсөн мөнгөнөөс болж санхүүгийн хямралд орсон. ...Би тухай үед 400-440 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Гэтэл Ц.Б- дарга намайг ажилд авсныхаа хариуд миний сарын цалингаас их мөнгө нэхсэн. Мөнгө олдохгүй 10 орчим хоног явсан боловч мөнгө олж өг гэж байнга л шамдуулаад байсан. Би арга буюу хүнээс мөнгө зээлж өгсөн. Одоо нэгэнт бусдад авилга хээл хахууль өгсөн гэж яллагдагч болж байгаа бол Ц.Б- даргад өгсөн 500.000 төгрөгөө авмаар байна. ...Ц.Б- дарга над руу 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр .... гэсэн дугаараас ярьснаа “чамайг Авлигатай тэмцэх газраас дуудсан уу” гэж асуухаар нь эхлээд дуудаагүй гэж хэлсэн чинь “чамайг өрөөнийх нь үүдэнд зогсож байсан гэж Н.Б- хэллээ” гэхээр “тийм ээ 4-5 хоногийн өмнө дуудаж уулзсан” гэж хэлсэн чинь “юу гэж байна” гэж надаас асуухаар нь “нэг их юм асуугаагүй гарын үсэг л зуруулж байна лээ” гээд хэлсэн зүйлээ нуусан. Гэтэл “чамайг Авлигатай тэмцэх газраас өмнө нь дуудсан уу” гэж асуухаар нь “дуудсан” гэсэн чинь “тэгээд чи яг юу гэж хэлсэн юм бэ” гэхээр нь “тухайн үед болсон процессыг ярьсан” гэсэн чинь “за за би чамаас мөнгө аваагүй л гэж хэлье тэгэх үү өөр яахав дээ” гэхээр нь би “мэдэхгүй шалгаж байгаа байгууллага нь шалгаад үнэнийг нь тогтоох байлгүй дээ” гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш Ц.Б- дарга над руу ерөөсөө яриагүй. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц.Б- дарга ажил дээрээ “муу гуйлгачин Б.Н-гээс юуг нь авдаг юм бэ гаднаа ч түлэх түлээгүй хүнээс би юуг нь авдаг юм бэ” гэж хэлсэн байсан. Энэ талаар надад Д.А-, Н.Б- нар ярьсан. Мөн хурал дээр хэзээ гэдгийг нь Ц.Б- дарга намайг босгоод “би чамаас мөнгө авсан уу” гэж асуухаар нь тэр олон ажилчдын дэргэд би танд мөнгө өгсөн гэж хэлж чадаагүй “надад хүнд өгөх мөнгө алга” гэж худлаа хэлсэн. Би ямар тэр олон ажилчдын дунд танд мөнгө өгч ажилд орсон биз дээ гэж хэлэлтэй нь биш дээ. Ц.Б- даргын хувьд намайг айлгасан дарамтласан зүйл байхгүй боловч “чамаас мөнгө аваагүй гээд хэлье тэгэх үү” гээд гуйгаад байгаа. Харин өөрсдийнхөө ажилчид руу орилж хашгираад байгаа сураг гарсан. Энэ байдлаас би сэтгэл зүйн их дарамтанд ороод ажлаа ч тайван хийж чадахгүй хэцүү байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 146-147, 149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.8. Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний ХААН банкны .... дугаарын данс руу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2 хувааж бэлнээр нь өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 223-224, 240, 2-р хх-ийн 3 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 176, 182 дугаар хуудас, 2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 2004 оноос эхлэн 2017 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд мал маллаж байсан бөгөөд хүүгээ сургуульд оруулах мөн өөрөө ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 2017 оны 06 дугаар сарын сүүлээр билүү 07 дугаар сарын сүүлээр билүү сайн санахгүй байна аймгийн төвд орж ирсэн. Ингээд би манай сумын уугуул эгч болох н.Болормаатай уулзсан чинь “манай Ахмадын асрамж үйлчилгээний төвд үйлчлэгчийн нэг орон тоо гарсан шүү дээ чи Ц.Б- даргатай уулзаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь байхаа “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б-тантай уулзаад “танай байгууллагад үйлчлэгчийн орон тоо байгаа юм байна би орох гэсэн юм” гэж хэлсэн чинь “орж болноо, харин чи 1.800.000 төгрөг өгч байж орно шүүдээ цаагуур чинь ажилд орох хүмүүс зөндөө байна энэ мөнгийг өгч байж орвол ор мөнгө өгөхгүй бол чамайг ажилд авч чадахгүй” гэж хэлсэн. Би Ц.Б- даргад “мөнгийг чинь өгье намайг ажилд аваач” гэсэн чинь “чи 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ор харин ажилд орохоосоо өмнө 1.800.000 төгрөгөө өгөөрэй” гэж хэлсэн. Би Ц.Б- даргад 1.800.000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Эхний 2 удаа мөнгө өгөхдөө өрөөнд нь бэлнээр өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг нь төв Хаан банкны АТМ дээрээс шилжүүлсэн. Би өмнөх мэдүүлэгтээ 600.000 төгрөг билүү 700.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлж байсан. Одоо бодоод байхаар яг хэдэн төгрөг шилжүүлснээ санахгүй байна. Дансны хуулган дээрээс харагдах байх. Ямар ч байсан 1.800.000 төгрөгийг 3 хувааж өгч байж дуусгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр ажилдаа орсон. ...Ц.Б- дарга надаас 1.800.000 төгрөг нэхсэн талаар тухайн үед асрагч н.Болормаа эгчид хэлж байсан. Тэгэхэд тэрээр над руу хандаж чи өөрөө мэд гэж хэлж байснаас өөр зүйл хэлээгүй. Ер нь бол энэ талаар би н.Болормаа эгчээс өөр хүнд хэлээгүй. Би гэртээ 9 настай хүүгийн хамт хоёулаа амьдардаг. ...Ц.Б- дарга өөрөө надад анх дансаа бичиж өгсөн. Тэр дансанд нь төв Хаан банкны АТМ-ээс мөнгө шилжүүлсэн. Тухайн үед данс эзэмшигч нь “Ц.Б-” байсан. Яг хэдэн төгрөг хийснээ одоо сайн санахгүй байна. 600.000-700.000 орчим мянган төгрөг хийж байсан. Мөн одоо Ц.Б- даргын дансны дугаарыг нь санахгүй сайна. Ц.Б- дарга надтай уулзаад Авлигатай тэмцэх газраас хүн дуудаж чамаас юм асуувал надад мөнгө өгсөн талаараа битгий хэлээрэй мөнгө өгсөн гэж хэлбэл хоёулаа буруудна шүү гэж хэлж байсан. 1.800.000 төгрөгийг би өөрөө сайн дураараа өгөөгүй, Ц.Б- дарга намайг шахаж дарамталж байгаад авсан. Нэгэнт энэ асуудал одоо ил болсон учраас би түүнд өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Би ямар ч байсан 1.800.000 төгрөгийг гурав хувааж өгснөөс 2 удаа бэлнээр нь өрөөнд нь өгч байсан. Харин үлдсэн мөнгийг нь АТМ-ээс шилжүүлсэн. 1.800.000 төгрөгийг яг хэд хэдээр нь хувааж өгснийг сайн санахгүй байна. ...Би Авлигатай тэмцэх газарт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Түүний дараагаар Д.А- эгчийн авсан өмгөөлөгч гээд Б.Мягмарсүрэн гэдэг өмгөөлөгчтэй уулзаад түүнийг авья гэж тохирсон байсан. Гэтэл хаанаас, хэнээс мэдсэн юм бүү мэд Ц.Б- дарга миний гар утасруу ярьснаа “чи Д.А-ийн өмгөөлөгчтэй уулзсан юм уу чи 700.000 төгрөгний төлөө өмгөөлөгч авах шаардлага байгаа юм уу” гэж хэлсэн гэж намайг дарамтлаад байсан. Энэ байдлаас болоод би Д.А- эгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнг өмгөөлөгчөөрөө авахаа больж байна. Би Ц.Б- даргад 700.000 төгрөгийг дансаар өгсөн үлдсэн 1.100.000 төгрөгийг бэлнээр өрөөнд нь өгсөн. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад би чамаас 700.000 төгрөгийг дансаар авсан өөр мөнгө аваагүй шүү гээд дарамтлаад байгаа юм. Ер нь ажлаа хийхэд маш хэцүү байна. Энэ байдлаас бол миний хувьд сэтгэл зүйн их дарамтанд орж байна. Одоо бүр ажлаа ч хийхэд хэцүү байна. ...Ц.Б- даргад мөнгө өгснөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байсан учраас зарим нэг зүйлсийг санахгүй байсан ба тэр тусмаа Ц.Б- даргад дансаар хэдэн төгрөг шилжүүлснээ санахгүй байсан учраас 600.000-700.000 төгрөгийг шилжүүлсэн байх гэж бодоод энэ талаар мэдүүлэг өгсөн. Тэгээд би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны дансаа шалгаж үзсэн чинь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг Ц.Б- даргын дансанд шилжүүлсэн байсан. Тэгэхээр үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2 хуваагаад бэлнээр ажил дээр нь өгсөн болж таарч байгаа юм. Анх Ц.Б- даргатай ажилд орьё гэж 2017 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна очиж уулзсан. /өмнөх өгсөн мэдүүлэгтээ андуураад 7 сарын сүүлээр гэсэн байна/ Тэгж очиж уулзахад надаас 1.800.000 төгрөг өгөөд ажилд орвол мөнгө өгөхгүй бол ажилд авахгүй цаагуур чинь ажилд орьё гэсэн хүмүүс зөндөө байна гэж мөнгө өгөхийг шаардаж шахамдуулсан. Би ямар ч байсан эхлээд Ц.Б- даргын өрөөнд нь мөнгөө бэлнээр өгсөн. 2 дахь удаагаа өгөхдөө АТМ-ээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь 2017 оны 07 сард өдрийг нь санахгүй байна мөн өрөөнд нь өгсөн. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Ер нь бол бэлнээр 1.400.000 төгрөгийг өгч, 400.000 төгрөгийг дансаар өгсөн. Бэлнээр өгсөн 1.400.000 төгрөгийг 2 хувааж өгөхдөө яг хэд хэдээр нь хувааж өгснөө санахгүй байна. Ямар ч л байсан бэлнээр 1.400.000 төгрөгийг өгсөн. ...Би тухайн үедээ байх ямар ч байсан Т.Б- эгчид Ц.Б- дарга надаас мөнгө нэхээд байхаар нь АТМ-ээр шилжүүлсэн гэж хэлж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг шилжүүлсэн талаараа хэлсэн эсэхээ сайн санахгүй байна. 700.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн юм байх даа би энэ талаар санахгүй байна. ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Ц.Б- дарга намайг заавал мөнгө өг гэж аргагүй байдалд оруулсан учраас ажилд орж хамт олонтой болохыг хүссэндээ түүний нэхсэн мөнгийг нь өгсөн. Түүнээс биш бусдад мөнгө өгөөд байхаар боломжтой амьдралтай биш. Би 9 настай нэг хүүтэй өрх толгойлсон эмэгтэй, айлын хашаанд 5 ханатай гэр барин амьдардаг. Миний хувьд хэргээ үнэн зөвөөр илчилсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-156,158, 160-161 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай Н.Б-ыг ажилд томилох тушаалын хуулбар /2-р хх-ийн 188 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-ы хувийн байдлыг тодорхойлсон:

  • Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аймгийн хувьд Ц.Б- даргыг зальтай, хэрүүлч, заргач гэдгээр нь хүн болгон мэднэ. Өөрөө ч намайг хэн ч дийлэхгүй, би хөл, хэлээ хүрэх газраа хүртэл заргалдана гэж хэлж, ярьж байдаг. ...ажилчдыгаа байнга хэл амаар доромжилдог, бусдыг цохилдуулж үнэн худлаа юм ярьдаг үнэхээр аймшигтай хүн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б-ы иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 75 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б-ы нэр дээр бүртгэлтэй ... улсын дугаартай “Тоёота Ланд-Крузер 80” маркын FZJ800145408 арлын дугаартай, хар ногоон өнгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа /1-р хх-ийн 87 дугаар хуудас,
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын шүүгдэгч Ц.Б-ы нэр дээрх “Хөвсгөл аймгийн асрамж халамж хамтын ажиллагаа” нэртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б-ы иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 190 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Үндсэн онош: “чихрийн шижин хэв шинж 2” гэх эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар,

Шүүгдэгч Б.Д.Б-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

- Шүүгдэгч Д.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 67 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 55 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 56 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-гийн ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 189 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.Б- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 191 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Н-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Н-гийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Н- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 192 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.А-ийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Шүүгдэгч Д.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа 1-р хх-ийн 87 дугаар хуудас,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.А- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 193 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч Ц.Б-, Д.Б-, Д.А-, Б.Н-, Н.Б- нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын авилгын зөрчил, гэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдал, нийтийн албан тушаалтны зүгээс шударга бус, ёс суртахуунгүй, шунахайн сэдэлтээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгон өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авах, нөгөө талаас шударга бусаар асуудлаа шийдүүлж, авлигын замаар албан тушаал, өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авах гэсэн санаатай үйлдэл юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан.

Харин Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд гэдэгт “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан..., ...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, ...улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан“ хамаарахаар байна.

Шүүгдэгч Ц.Б- нь “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг”-ийг үйлдээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч  Б.Н-гээс 500.000 төгрөгийн хахууль авсан хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд уг хэргийг нуун далдлах зорилгоор, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ахмадын асрамж үйлчилгээний төвийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлд шүүгдэгч Ц.Б- нь “Б.Н-г ажилд ороод мөнгө төгрөг өгсөн гэж ярьсан, хүн гүтгэх хуультай. Би чамаас мөнгө аваагүй” гэж, шүүгдэгч Б.Н-г “Би хүнд өгөх мөнгө байхгүй, банкны зээлтэй. Тийм асуудал байхгүй” гэж үгүйсгэн гуйвуулж засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж, үйлчилгээний төв”-ийн архив, бичиг хэргийн ажилтан Ц.С-ийн албаны “АСЕR маркийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 32-33 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын жинхэнэ тэмдэглэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн эх /2-р хх-ийн 36, 40 дүгээр хуудас/, гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/, гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын засварлан өөрчилсөн тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай ажилтан, албан хаагчдын хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 126 дугаар хуудас/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Авилгын эсрэг НҮБ-ийн конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Эрүүгийн хуульд тусгайлан заасан авлигын гэмт хэргийн улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Ц.Б- нь хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр, дээрх гэмт хэргийг гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Д.Б-тай хамтран хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч  Б.Н-гээс 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлийг засварлан, өөрчилж, хуурамчаар үйлдэн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч Ц.Б-ыг шүүгдэгч Д.А-, Б.Н- нараас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дамжуулах, шахаж шаардах байдлаар дэмжлэг үзүүлж, хахууль өгөхийг шаардан авч, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож хахууль авах гэмт хэргийг, 

Шүүгдэгч Д.А- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Н- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгч хахууль өгөх гэмт хэргийг,

Шүүгдэгч Н.Б- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.800.000 төгрөгийн хахууль өгч хахууль өгөх гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Ц.Б-ы дээрх 3 удаагийн үйлдэл, шүүгдэгч Д.Б-гийн дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгч Ц.Б- нь шүүгдэгч Д.А-, Б.Н-, Н.Б- нараас албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шүүгдэгч Д.Б-гаар дамжуулж болон өөрөө шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б-, Н.Б- нарын Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Д.А-, Б.Н-, Н.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-, Д.Б-, Б.Н-, Д.А-, Н.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-, Д.Б-, Б.Н-, Д.А-, Н.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

  1. Шүүгдэгч Ц.Б-ы Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.А-ээс хөдөлмөр алдалтын 50 хувийн тэтгэмж тогтоолгож өгсөн гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч Д.Б-гаар дамжуулан 500.000 төгрөг өгөхийг шаардан авч, хахууль авсан,

Шүүгдэгч Ц.Б-ы Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Н-гээс “ажилд авсан” гэх албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд 500.000 төгрөгийг тус шүүгдэгч Д.Б-гаар дамжуулж, мөн өрөө өгөхийг шаардан авч, хахууль авсан,

Шүүгдэгч Ц.Б-ы Хөвсгөл аймгийн “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 07 дугаар сард шүүгдэгч Н.Б-ыг “үйлчлэгчийн ажилд орох” гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 1.800.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардан авч, хахууль авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

  1. Шүүгдэгч Ц.Б-ы шүүгдэгч Б.Н-гээс 500.000 төгрөгийн хахууль авсан хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “Ахмадын асрамж үйлчилгээний төв”-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №17 дугаартай хурлын тэмдэглэлийг засварлан, өөрчилж, хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  2. Шүүгдэгч Д.Б-гийн шүүгдэгч Ц.Б-ы 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.А-ээс 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард шүүгдэгч Б.Н-гээс 500.000 төгрөг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд нь дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
  3. Шүүгдэгч Д.А-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  4. Шүүгдэгч Б.Н-гийн 2017 оны 10 дугаар сард “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  5. Шүүгдэгч Н.Б-ын 2017 оны 07 дугаар сард “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ц.Б-д 1.800.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Ц.Б-ы дээрх 3 удаагийн үйлдэл, шүүгдэгч Д.Б-гийн дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, нийгэмд учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах ...эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” мөн зүйлийн мөн зүйлийн 2 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-, Д.Б-, Б.Н-, Н.Б- нарын нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-, Д.Б-, Б.Н-, Д.А-, Н.Б- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, ...хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ”, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтуудыг журамлан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, эрүүл мэндийн хувьд чихрийн шижин өвчтэй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 7.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө орлого зэргийг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялаас 90.000 /ерэн мянга/ төгрөгийг хасах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ”, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтуудыг журамлан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө орлого зэргийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж байна.

Шүүгдэгч Б.Н-, Н.Б-, Д.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч нарын насны байдал, хүйс, ам бүл, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэр бүлээ тэжээн тэтгэдэг өрх толгойлсон зэргийг тус тус харгалзан “хахууль өгсөн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-, Н.Б-, Д.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтуудыг баримтлан шүүгдэгч Б.Н-, Н.Б- нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг нь тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан шүүгдэгч Д.А-ийн Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 500.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл, мөн зүйлийн тайлбар хэсэгт заасан “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх”, “Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилсэн, түүний хувийн байдал /1 жил гаруй хугацааны дараа өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх гэж байгаа/-г харгалзан түүнд эрх хасах ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, эрх хязгаарлаж, үүрэг хүлээлгэх албадлагын

арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Н-, Н.Б-, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.А- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хурлын тэмдэглэлийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б-, Д.А-, Б.Н-, Н.Б- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Д.А-, Б.Н-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон           

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, гурван удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Б-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, хоёр удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.А-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 7.300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Д.Б- нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.А-, Н.Б-, Б.Н- нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Н-, Н.Б- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-, Н.Б-, Б.Н- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялаас 90.000 /ерэн мянга/ төгрөгийг хассугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр тэмдэглэлийг хэргийн хамт хадгалсугай.
  9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б-, Д.А-, Б.Н-, Н.Б- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.
  11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Д.А-, Б.Н-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ