| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2023/00249/и |
| Дугаар | 224/МА2025/00029 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 224/МА2025/00029
Ч.Т-ийн нэхэмжлэлтэй,
Увс Д ББН-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 318/ШШ2025/00256 дугаар шийдвэртэй,
Ч.Т-ийн нэхэмжлэлтэй, Увс Д ББН-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Увс Д ББН-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Увс Д сумын өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч сахиулаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 152/ШШ220200430 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу ажилдаа орохоор О даргатай 2 удаа уулзаж амаар болон бичгээр хүсэлт гаргахад би шийдвэрээ гаргачхаад мэдэгдэнэ гэсэн. Ингээд 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагт ажилд орсон тушаалаа авч ажилдаа ороорой гэсэн мессеж ирсэн. 16 цагт тушаалаа хүлээж аваад 17-ны өглөө ажилдаа очоод цэвэрлэгээ хийж байтал дарга өрөөндөө дуудаж нөхөрлөлийн гишүүдийг байлцуулж байгаад үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул танд 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгч байна гэж мэдэгдэх хуудас өгсөн. Би гараад ажлаа үргэлжлүүлээд хийж байтал миний оронд ажиллаж байсан үйлчлэгчийг дуудаж ирүүлээд намайг та ажиллах шаардлагагүй, албадаж гаргах юм уу гэж дарамтлахаар нь би ажлаа орхиод явсан. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдлийн хугацаа дуусаж байсан тул тушаал авахаар 18-ны өглөө Д өрхийн эмнэлэг дээр очиход дарга ажил дээрээ байгаагүй, 16 цаг 30 минутын үед сувилагч А над руу утасдаж тушаалаа аваарай гэхээр нь эмнэлэг орж тушаалаа А-аас авсан. Тушаал гардаж авсан талаар гарын үсэг зуруулаагүй, тушаалыг 2 цагаан цаасны дунд хавчуулж өгсөн тул анзааралгүй гэртээ ирээд харахад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан тушаал байсан.
Намайг 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд эгүүлэн аваад 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн харилцааг 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгохоор мэдэгдэх хуудас гардуулсан боловч 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай Б/09 тоот тушаал гаргасан байна. Дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж нэр төдий биелүүлэн шүүхийг үл хүндэтгэн, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна.
Иймд Увс Д ББН-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгон намайг Увс Д өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.Мөн ажилгүй байсан хугацааны олговорт 24,621,610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс Д өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр нийгмийн анхдагч нэгж болох өрхийн түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн хуулийн этгээд юм. Ашгийн төлөө хуулийн этгээд болохын Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай N35292:2017 стандартад нийцүүлэн өөрийн бүтэц орон тоог үйл ажиллагааны онцлог, төсөв, ажиллах хүчний нөхцөл боломж зэрэгт үндэслэн тогтоох бүрэн эрхтэй. Үүний дагуу Увс Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, үйлчлэгчийн ажлын байрыг хасаж угтах үйлчилгээний ажилтны орон тоог шинээр бий болгосон.
Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосны улмаас үйлчлэгчийн ажлын байр хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь дээд боловсрол эзэмшээгүй тул шинээр бий болсон угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд тус хуулийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан мэдэгдэл өгсөн болно. Мөн байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны дагуу нэгэнт үйлчлэгчийн ажлын байр хасагдсан тул Ч.Т-ийг мэдэгдэл өгсөн 30 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж, олговор олгосон болно.
Увс Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө шинэчлэн тогтоосон бөгөөд шинээр мөрдөж байгаа бүтэц, орон тооны хүрээнд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байр хасагдсан тул цаашид хөдөлмөрийг харилцааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажил олгогчийн зүгээс буюу хариуцагчийн зүгээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 318/ШШ2025/00256 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт Ч-ийн Т-ийг урьд эрхэлж байсан Увс Д ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Увс Д ББН-өөс ажилгүй байсан 1 жил 6 сар 7 хоног сарын буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Увс Д ББН-д даалгаж;
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс Д ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 351,258 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч Увс Д ББН-ийн дарга Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Увс Д ББН” нь нөхөрлөл нь ашгийн төлөө хуулийн этгээд болохын хувьд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны тухай MNS5292:2017 стандартад нийцүүлэн өөрийн бүтэц орон тоог шинэчлэн тогтоож, үйлчлэгчийн ажлын байрыг хасаж угтах үйлчилгээний орон тоог шинээр бий болгосон.
Угтах үйлчилгээний ажилтны албан тушаалын тодорхойлолтоор ганцхан угтах, чиглүүлэх үйлчилгээнээс гадна цэвэрлэгээ үйлчилгээг мөн хийх чиг үүрэгтэй байсан бөгөөд дээд боловсролтой байхыг шаардаж байсан. Ч.Т-ийг тухайн албан тушаалд шилжүүлэн томилох гэхэд дээрх шаардлагыг хангахгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан.
“Увс Д” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нөхөрлөлийн бүтэц орон тоог батлахдаа үйлчлэгчийн ажлын байрыг хассан.
Харин үйлчлэгчийн хийж гүйцэтгэх ажлын чиг үүргийг угтагч үйлчлэгчийн албан тушаалын чиг үүрэгт оролцуулсан төдий буюу угтагч үйлчлэгч нь гол ажлын чиг үүрэг нь эмнэлгээр үйлчлүүлэгчийг угтаж, ямар үйлчилгээ авах шаардлагатай талаар нь асууж холбогдох эмч мэргэжилтэнтэй холбох, эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх зорилготой ажилтан юм.
Иймд сувилагч ажилтай Н.Д-тэй тохиролцсоны үндсэн дээр тухайн ажлыг хавсруулан хийж гүйцэтгүүлж байсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Ч.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалинг 24,621,610 төгрөгөөр буюу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр тооцон, хариуцагч Увс Д ББН-ээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэдийгээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг 2 шатны шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн боловч шүүх тухайн этгээдийг ямар ч ажил хийгээгүй, гэртээ амрах, эсхүл өөр газар давхар ажил эрхэлж байсан байж болох энэхүү урт хугацаанд цаг үеийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түүний цалинг хамгийн өндөр авч байсан урамшуулалтай үеийн цалингаар нь тооцож олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл үйлчлэгчийн орон тоог нэршлийн хувьд зөвхөн өөрчилсөн буюу үйлчлэгч гэдэг нэршил нь 2023 оны 3 сарын 17-ны өдөр баталсан бүтэц орон тоо шинэчлэн баталсан тушаалаар өөрчлөгдсөн байна. Ажлын байрны тодорхойлолтыг нь үзэхэд үйлчлэгчийн хийж гүйцэтгэдэг байсан цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой бүх чиг үүргийг угтах үйлчилгээний ажилтанд хариуцуулсан.
Ажил албан тушаал, тухайн орон тоо хасагдана гэдэг ойлголт нь байгууллагын бүтэц, орон тооноос тухайн ажил, албан тушаал, чиг үүрэг байхгүй болохыг хасагдана гэдэг ойлголтод хамруулж ойлгодог. Гэтэл ажлын байрны тодорхойлолт болон бүтэц баталсан тушаал, мөн албан хаагчтай байгуулж ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээс нь үзэхэд өмнөх үйлчлэгчийг цэвэрлэгээ үйлчилгээ хийхтэй холбоотой ажлын байрны чиг үүрэг одоо хүртэл тухайн Д өрхийн эрүүл мэндийн төвд хэвээр хадгалагдана үлдчихсэн байна.
Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 3 сарын 16-ны өдөр ажилд томилогдсон боловч 17-нд нь буцаагаад чөлөөлсөн. Тухайн томилогдсон процесс 3 сарын 17-нд болсон боловч 3 сарын хугацаанд ажиллаагүй учраас ажлаас халагдахаас өмнө ажиллаж байсан буюу 2021 оны цалингаар бодож дундаж цалин хөлсийг тооцсон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хариуцагчийн шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажлын байр хуульд тодорхой заасан зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно гэж заагаад байгаа юм. Чиг үүрэг үгүй болсныг ойлгоно гэж заагаагүй. Цэвэрлэх үйлчилгээний ажил ямар ч байгууллагад байдаг. Цэвэрлэх чиг үүргийг угтагч үйлчилгээний ажилтанд хавсаргаж бүтэц орон тоогоо баталсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.
Анхан шатын шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт зааснаар сүүлд авч байсан цалин гэдэг нь үндсэн цалингаараа ойлгож шүүх шийдвэр гаргах ёстой байсан гэж харж байгаа. Сүүлийн 3 сараар тооцоход яг ковидтой үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтнуудын маш өндөр цалин, одоогийн сувилагчийн цалингаас давсан үзүүлэлттэй цалингаар байгаа учир олгохгүй гэж байгаа.
Нэхэмжлэгчийн хувьд сүүлийн 3 сард яг Ковидын үеийн өндөр урамшуулалтай цалин авч байснаар ажилгүй байсан хугацааны цалин гэж авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний хувьд хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Хариуцагчийн хувьд ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтыг зөв ойлгож хариуцагч тусгай шийдвэр гаргасан нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчид эрх үүрэгтэй танилцуулсан баримтад гарын үсэг зуруулаагүй, сүүлд давж заалдах шатны шүүх рүү хэрэг шилжүүлэх гэж байна, зур гэдэг байдлаар хандсан учир би зураагүй. Яагаад гэвэл ажиллагаа хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийг баримтлалгүйгээр, хууль бусаар ажиллагаа явуулсан гэж дүгнэж байгаа учир үүнийг давж заалдах шатны шүүх анзаарах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Д.О-ийн гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 318/ШШ2025/00256 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.Т “Увс Д” нөхөрлөл ББН-д холбогдуулан урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24.621.610 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-ийг урьд эрхэлж байсан “Увс Д” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 24.621.610 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5.1. Хариуцагч “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1, 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан Ч.Т-ийг үйлчлэгчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
5.2. Нэхэмжлэгч Ч.Т нь ажил олгогчийн Б/09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.3. Хэрэгт, “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Т-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, “Увс Д” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Т-ийг “Увс Д” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т: “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж,
- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуульд заасны дагуу ажил олгогч буюу “Увс Д” нөхөрлөл ББН нь Ч.Т-ийг ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэрийг биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн эрхийн харилцааг хуульд заасан, үндэслэл журмын дагуу сэргээх үүрэгтэй байна.
5.4. Хариуцагч Д.О нь шүүхэд: “Увс Д нөхөрлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, үйлчлэгчийн ажлын байрыг хасаж угтах үйлчилгээний ажилтны орон тоог шинээр бий болгосон. Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосны улмаас үйлчлэгчийн ажлын байр хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь дээд боловсрол эзэмшээгүй тул шинээр бий болсон угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Т-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээж, шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т: “...ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т: “ажил олгогч ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчлан заажээ. Дээрх хуульд зааснаар бол ажил олгогч нь ажилтанг ажиллах нөхцөл буюу ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлсээр хангах үүрэгтэй байна.
Хариуцагч “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгч Ч.Т-ийг өмнө эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсон 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар тушаал гаргасан байх боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтанг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаагүй, ажилтны ажил үүргийг бодитоор гүйцэтгүүлж эхлүүлээгүй атлаа орон тоо хасагдсан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч Д.О шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлээгүй буюу шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжиж, ажил олгогч, ажилтны хооронд өмнө үүссэн байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдэж, хэвийн үргэлжилсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.
6. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч Ч.Т-ийг өмнө эрхэлж байсан үйлчлэгчийн ажил үүргийг нь гүйцэтгүүлж эхлүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.
7. Мөн хариуцагч Д.О-ийн “анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу тооцсон буюу хамгийн өндөр урамшуулалтай цалин авч байсан үеийн цалин хөлсөөр тооцож гаргуулсан нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Ч.Т-ийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул тэрээр өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.
7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний дундажтай тэнцэх олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний хоорондох цалинтай тэнцэх олговорт 24.621.610 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн, үндэслэлтэй байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан ба шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо түүний хамгийн сүүлд авсан цалин хөлс буюу 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сарууд авч байсан цалин хөлсний нийлбэрээс тооцсон нь зөв байна. Мөн ажил олгогчоос олгосон урамшууллыг цалин хөлсний бүрдэлд оруулан тооцож, нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь дээрхи журамд нийцсэн.
7.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар энэхүү хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.258 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 318/ШШ2025/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийндавж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Увс Д” нөхөрлөл ББН-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН