| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00148/и/н |
| Дугаар | 224/МА2025/00030 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 224/МА2025/00030
ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,
Г.Б-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэртэй,
ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Базар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 155,102,938 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А-г төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Иргэн Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 124/ШШ2022/55 дугаар шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А-г тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Иргэн Б.А нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2023/00279 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталсан байна. Дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,198,818 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,810,990 төгрөг, нийт 16,009,808 төгрөгийг Б.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. ТАЗ-с Г.Б-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16,009,808 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Б-с гаргуулахаар нэхэмжлэл гаргуулж өгнө үү” гэжээ.
2.2. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн Б.Ч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр магадлалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6,570,525 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 689,047 төгрөг, нийт 7,259,572 төгрөгийг Б.Ч-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. ТАЗ-с Г.Б-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 7,259,572 төгрөгийг ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Б-с гаргуулахаар нэхэмжлэл гаргуулж өгнө үү” гэжээ.
2.3. ТАЗ-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, ТАЗ-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд:
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Ж.Э-г тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлонгүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Н.Ц-г тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц.З-г тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр;
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.Г-ийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан.
Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биелүүлээгүй тул ТАЗ-с 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 123, 124, 209 дүгээр тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны Б/65 дугаар, 2021 оны Б/22, Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Г.Б нь ТАЗ-ийн тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж улсаас цалин олгосон байна. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу биелүүлэх үүрэгтэй. Иргэн Ж.Э-г 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар, Н.Ц-г 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар, Ц.З-г 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар, Ц.Г-г 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар тус тус албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилж, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулжээ. Үүнд:
- Иргэн Ж.Э-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг,
- Иргэн Н.Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг,
- Иргэн Ц.Зт 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг,
- Иргэн Ц.Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт 131,833,558 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 131,833,558 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А, Б.Ч нарыг албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй учраас Төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд санаатай байдлаар хандаагүй. Шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Гэтэл ТАЗ намайг буруутгаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалт нь ТАЗ эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан үйлдэлд нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд хариуцагч гэм буруутай эсэх, ингэхдээ шууд санаатай эсхүл болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр гэм хор учруулсан эсэхийг дүгнэсэн, шалган тогтоосон байх ёстой бөгөөд миний шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруугаас болж төрд хохирол учирсан гэдгийг ТАЗ болон бусад эрх бүхий байгууллага нотлоогүй. Мөн Иргэний хуулийн тус заалтад гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тухай заасан байдаг. ТАЗ өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй. Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Мөн ТАЗ нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй, үүний улмаас акт хүчин төгөлдөр болоогүй зэрэг нөхцөл байдал байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-с хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,269,380 төгрөг гаргуулж Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-с 274,297 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хариуцагчийн хууль бус шийдвэрийг ТАЗ-с хүчингүй болгосон тогтоол хүргүүлсээр байхад нэр бүхий 4 иргэнийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр төрд ажиллуулж, цалин хөлс олгосонтой холбоотой нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш буюу 2022 оны 07 дугаар сараас төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсийг нэхэмжилсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянаж, хангаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ТАЗ нь төрд учирсан хохирол гэж надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүх тус нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт 23,269,380 төгрөг олгож шийдвэрлэсэн.
Шүүх ийнхүү Засаг даргын Тамгын газарт төлбөр олгуулахаар шийдвэрлэж байгаа нь ТАЗ нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг харуулж байна.
Хэрэв аймгийн Засаг даргын Тамгын газарт хохирол учирсан бол тус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Анхан шатны шүүх ТАЗ-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны тухай хуульд 2022 оны 7 сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт ороод төрийн албанд иргэн хууль бусаар томилсон бол түүнд олгосон цалин хөлстэй дүйцэх хэмжээний орлогыг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа. Тийм учраас төрийн албаны зүгээс хуульд нэмэлт өөрчлөлт орсон 2022 оны 7 сараас 5-наас нэр бүхий 4 иргэнийг төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааных нь ажилтны зүгээс олгосон нийт 131,333,558 төгрөгийн цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзсэн.
Улсын дээд шүүхийн 2026 оны 6 сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол 2024 оны 9 сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. ТАЗ-д 2024 оны 3 сард нэр бүхий 3 нэхэмжлэлийг гаргасан. Тус тогтоолд харьяалал зөрчсөн асуудал хамаарахгүй.
Г.Б 2024 оны 11 сарын 01-ний өдөр Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. ТАЗ нэхэмжлэлийг 2024 оны 3 сард гаргасан. Тухайн албан тушаалд ажиллаж байгаа хүн өөрөө өөртэйгөө холбоотой нэхэмжлэлийг гаргахгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд маш тодорхойгоор зөвхөн төрийн албан хаагчтай холбоотой нэхэмжлэлийг ТАЗ гаргана гэж заасан байгаа.
Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр ТАЗ-ийн нэр дээр төрийн сангийн данс нээгдсэн, тэр нь зөвхөн орлого төвлөрүүлдэг, манайх захиран зарцуулдаггүй. Үүнийг Сангийн яамны дамжлагаар Улсын Их Хуралд захиран зарцуулах эрхтэй. Түүнээс ТАЗ тухайн мөнгийг авч, захиран зарцуулах эрх байхгүй...” гэв.
8. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуулийн үйлчлэлийн хүрээнд албан тушаалд томилж ажиллуулж байсан. Төрийн ажил тасралтгүй явагдах үүднээс төрийн албан хаагчид тавих шаардлага, аймаг орны удирдлагын хэрэгжүүлэх ажлын хүрээнд зайлшгүй албан тушаалуудад томилж ажиллуулсан.
Эдгээр хүмүүс хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин хөлс авсан. Хөдөлмөрийн хууль, төрийн албаны хуулийн хөдөлмөр эрхлэлтийн заалтуудын хүрээнд цалин хөлс авсан гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатын шүүхийн шийдвэр тухайн зарчмыг баримталж гарсан үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр аймгийн засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон байдаг, тухайн байгууллага нь өөрсдөө нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа. ТАЗ өөрт хамааралгүй, өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй асуудлаар хандаад байгаа нь хууль ёсны бус байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
9. Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25-р тогтоолоор учирсан хохирлын асуудлыг тайлбарласан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа энэ тогтоол гарахаас өмнө иргэний хэргийн шүүхэд хандсан гэж байгаа нь зөв, гэхдээ 2023 оны 4 сарын 22-ны өдөр хэргийг анхан шатын журмаар шийдвэрлэсэн. Тухайн үеийн байдлаар харьяалал тогтоосон дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр болчихсон байсан. Анхан шатны иргэний хэргийн шүүх энэ маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ байгаагүй. Улсын дээд шүүхийн тайлбар гарсантай холбоотой өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаад, шийдвэрлэчихсэн маргааныг давах болон дээд шүүх иргэний хэргийн журмаар шийдвэрлээд маргааныг нь дуусгавар болгож байсан. Харин анхан шатын шүүх тайлбар хүчин төгөлдөр болсны дараа маргааныг шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй, энэ үед анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
ТАЗ нэхэмжлэл гаргах этгээд биш. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэх учиртай. Энэ маргааны хувьд Г.Б хариуцагч нь тэтгэвэртээ гарсан учир иргэний хувиар оролцож байгаа. Засаг даргын Тамгын газар учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтой. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан удаа байхгүй. Тийм учраас ТАЗ шууд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 498.5-д иргэн төрд учирсан хохирлыг тухайн алба хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ гэм учруулсан байвал хохирлыг төр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл гэж маргаагүй. Одоог хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадахгүй, нэхэмжлэгч нэгэнт өөрөө тодорхойлохгүй байхад өмнөөс нь шүүх тодорхойлох боломжгүй.
ТАЗ Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заасны дагуу Г.Б томилгоо хийсэн, хийсэн томилгоо нь хууль бус байсан. Тэгэхээр тухайн томилгоотой холбоотой хохирлыг бид нар нэхэж байна гэдэг үүднээс тайлбарлаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50.1-т хууль бусаар чөлөөлсөн, халсантай холбоотой хохирлыг ТАЗ нь нэхэмжлэх эрхтэй байсан. Үүнд хууль бус томилгоотой холбоотой хохирлыг нэхнэ гэдэг агуулга байгаагүй. Гэтэл энэ агуулгыг хууль тогтоогч 2022 оны 7 сарын 5-ны өдөр хуулиар өөрчлөлт оруулах замаар нэмсэн. 7 сарын 5-ны өдрөөс хойш хууль бусаар томилсонтой холбоотой учирсан хохирлыг ТАЗ нь нэхэмжлэх эрхтэй болсон. Анхны томилгоо нь хууль бус уу, үгүй юу, түүний улмаас хохирол учирсан бол түүнийг ТАЗ нэхэмжлэх үү гэдэг агуулга л байгаа. ТАЗ шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хууль бусаар томилсны улмаас хохирол учирсан гэдэг агуулгаар гаргасан. Түүнийг нь анхан шатны шүүхээс үгүйсгэхэд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хууль бусаар ажиллуулж байсантай нь холбоотой хохирол нэхэж байгаа юм гэж тайлбарлаж байна. Энэ нь анх гаргасан нэхэмжлэлээсээ тэс өөр агуулгаар нэхэмжлэлээ дэмжих гэж оролдож байна. Шүүх анх гаргасан нэхэмжлэлийнх нь хүрээнд шийдвэр гаргасан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Г.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь хариуцагч Г.Б-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 155,102,938 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан байна.
Төрийн албан Зөвлөл нь Г.Б-д холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 7,259,572 төгрөг гаргуулах шаардлагатай болон 16,009,808 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлүүдийг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 131,833,558 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг тус тус гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэл бүрд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч А.Базар нар шүүхэд: “Төрийн албаны нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нэхэмжилсэн ижил шаардлагатай иргэний хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү“ гэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг иргэний хэргүүдийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 38, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар тус тус нэгтгэн хянан шийдвэрлэхээр тогтоосон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ-ийн хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргүүдийг нэгтгэж хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
3. ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ: “Хариуцагч Г.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус газрын Төрийн захиргааны удирдлагын дарга Б.А-г 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар, тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус тус ажлаас чөлөөлсөн ба тэрээр Б.А, Б.Ч нарыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлснийг шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.А-д ажилгүй байсан хугацааны олговорт 16,009,808 төгрөг, Б.Ч-д 7,259,572 төгрөгийг тус тус олгосон байна. Мөн төрийн албанд иргэн Ж.Э, Н.Ц, Ц.З, Ц.Г нарыг хууль бусаар томилсон байсан тул уг тушаалуудыг ТАЗ-с хүчингүй болгосон. Гэтэл Г.Б нь ТАЗ-ийн тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, Ж.Э-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөнд 14,452,727 төгрөг, Н.Ц-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 42,562,078 төгрөг, Ц.З-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 45,373,516 төгрөг, Ц.Г-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 29,445,237 төгрөгийг тус тус олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт 131,833,558 төгрөгийн хохирол учирсан байна” гэж тайлбарласан байна.
4. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ: “...ТАЗ нь өөрийн нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөөгүй тул гэм хорыг арилгасан байгууллага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болно. Б.А болон Б.Ч нарыг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд санаатай байдлаар хандаагүй, шүүхийн нэхэмжлэлд дурдагдсан шийдвэрүүд ч шууд санаатайгаар хохироосон гэсэн шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон байсан тул Засаг даргын Тамгын газрын сул орон тоо дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж байсан. Цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргаж байсан. ТАЗ төрийн албан хаагч нарын авсан цалинг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.
5. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-с хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,263,380 төгрөг гаруулж Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Г.Б нар тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
6. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй, харин хариуцагч Г.Б-ийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд: “...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төрд учруулсан хохирол 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэн Ж.Э-г 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, иргэн Н.Ц-г 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, иргэн Ц.З-г Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, иргэн Ц.Г-г 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар хууль эрхзүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус сонгон шалгаруулалтгүйгээр Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсноос үүдэн төрд хохирол учирсан гэж үзэж, иргэн Ж.Э-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд олгосон, Н.Ц, Ц.З, Ц.Г нарт 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалин нийт 131,833,558 төгрөгийг Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан үндэслэлийг баримтлан хариуцагч Г.Б-р нөхөн төлүүлэхээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан шаардсан байна.
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан: “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтад, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн байна. Тодруулбал, тухайн заалтад төрийн албанд “хууль бусаар томилсон” гэсэн хэм хэмжээг нэмсэн байна.
Хэргийн баримтаас үзвэл, маргааны үйл баримт нь нэр бүхий иргэдийг 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 5 дугаар сард төрийн албанд томилсон тогтоолтой холбоотой байх ба энэ үйл баримт болох үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан байсан бөгөөд харин тухайн зохицуулалтаар төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр гэм хорын хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “...нэр бүхий 4 иргэнийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр төрд ажиллуулж, цалин хөлс олгосонтой холбоотой нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш буюу 2022 оны 7 дугаар сараас төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсийг нэхэмжилсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэл заасан боловч энэ үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт буюу “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон...” гэх нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ.
Талуудын хоорондох маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахтай холбоотой байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 5 дугаар сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
6.2. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд: “... анхан шатны шүүх ТАЗ-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Б.А, Б.Ч нарыг би санаатай эсвэл хувийн сонирхлоор ажлаас чөлөөлөөгүй байхад шүүх шууд санаатай үйлдлээр Б.А, Б.Ч нарыг ажлаас чөлөөлж, төрд 23,269,380 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг зөрчсөн, захиргааны хэргийн шүүх энэ маргааныг шийдвэрлэх байтал иргэний хэргийн шүүх шийдвэрлэж харьяалал зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байх бөгөөд хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Б-ийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.А-г төрийн албанаас халсан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол болох 16,009,808 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн гэж дүгнэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т: “Энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,009,808 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Г.Б-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “хариуцагч Г.Б нь Б.А-д 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албан тушаал бууруулах шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Б.А-д сахилгын шийтгэл ногдуулсныг Монгол Улсын ТАЗ-с хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгосон. Гэвч Г.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааг холбогдох журамд заасны дагуу үнэлж, үнэлгээг танилцуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан эсэхийг хангалттай шалгаж тодруулаагүй, мөн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэдгийг мэдсээр байж Б.А-г төрийн албанаас халах тухай үндэслэлгүй шийдвэр гаргасан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр төрд 16,009,808 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-н тус газрын Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.А-д урьд авсан албан тушаал бууруулах болон сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалууд нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах үүрэг бүхий этгээд болох ТАЗ хүчингүй болгосон гэдгийг мэдсээр байж Б.А-г дахин ажил үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан үйлдлийг хуулийг илт зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Г.Б-ийг төрийн байгууллагад 16,009,805 төгрөгийн гэм хорыг шууд санаатай үйлдлээр учруулсан гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
6.2.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар тус тус зааж, харин уг гэм хорыг төрийн байгууллага буюу төр хариуцан арилгасан бол тухайн буруутай албан хаагчаас буцаан шаардаж гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зохицуулжээ.
Ийнхүү төр /төрийн байгууллага/-ийг төлөөлөн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар ТАЗ-д олгосон байх тул аль нэг этгээдийн хүсэлт, итгэмжлэл шаардахгүйгээр ТАЗ нь шүүхэд шууд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна. Энэ талаар маргасан хариуцагчийн “ТАЗ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх тайлбар үндэслэлгүй болно.
6.2.3. Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд уг тайлбарын Тайлбарлах нь хэсгийн 1.3-т “захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд /хүн, хуулийн этгээд/ бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж заасан боловч энэ тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Нэхэмжлэгч ТАЗ нь шүүхэд энэ тайлбарыг дагаж мөрдөх хугацаанаас өмнө буюу 2024 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан иргэний хэргийн шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлын “Б.А-г ажлаас чөлөөлсөн үйлдэл нь санаатай үйлдэл байгаагүй, ТАЗ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, шүүх харьяалал зөрчсөн” гэх үндэслэлүүдийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
6.2.4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 7,259,572 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ эрхзүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журмыг анхаараагүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Ч-ийг ажлаас нь халсан байх бөгөөд тэрээр энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Мөн Б.Ч-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 7,259,572 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Г.Б-с Б.Ч-ийг хууль бусаар ажлаас чөлөөлснөөс үүдэн төрд хохирол учирсан гэж үзэж, түүнд ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 7,259,572 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардахдаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлан хариуцагч Г.Б-с гэм хорын хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээс үзвэл, Б.Ч нь ажлаас халагдах үедээ аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдын албан үүргээ хэвийн явуулах нөхцөл баталгааг эд хөрөнгө, ажиллах орчин нөхцөл, аж ахуйн үйлчилгээгээр хангаж, тэдэнд авто тээвэр, бичиг хэрэг, харуул хамгаалалт, дулаан цахилгаан хангамж, цэвэрлэгээ үйлчилгээг стандартын түвшинд үзүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий этгээд буюу төрийн үйлчилгээний албан тушаалтан байжээ.
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан: “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтад, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн байна.
Б.Ч-ийг ажлаас халсан үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сард болсон байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар, зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан байсан бөгөөд тухайн зохицуулалтаар төрийн үйлчилгээний албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байсан байна.
2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч нь иргэн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон чөлөөлсөнтэй холбоотой шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч Б.Ч-ийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримт нь уг хууль хүчинтөгөлдөр болохоос өмнө буюу 2021 оны 01 дүгээр сард болсон байх тул уг үйл баримтын үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 7,259,572 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн энэ хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.
7. Хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,297 төгрөгөөс 7,259,572 төгрөгт ногдох хэсэг болох 36,298 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 318/ШШ2025/00233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: ...хариуцагч Г.Б-с хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,269,380 гаргуулж Увс аймгийн засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,833,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ....”хариуцагч Г.Б-с хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,009,808 гаргуулж Увс аймгийн засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 139,093,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
- Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: ... 274,297 төгрөг гэснийг ...237,999 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д болон хариуцагч Г.Б-ийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,295 төгрөгөөс 36,298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ