| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07184/И |
| Дугаар | 210/МА2025/01681 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01681
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
26,735,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр QW0018118 23/23 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг иргэн *******тай байгуулж, тус гэрээний дагуу түүний эзэмшлийн ******* УАУ улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийг даатгасан байдаг. Дээрх гэрээнд заасан даатгалын зүйл болох ******* УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үед иргэн ******* өөрийн өмчлөлийн ******* УНИ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, зам тээврийн осол гаргасан.
Улмаар эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол болсныг тогтоосон байна. Нөгөөтээгүүр зам тээврийн ослын улмаас даатгуулагч *******ын тээврийн хэрэгсэлд 26,805,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр тогтоогджээ.
Улмаар даатгагчийн зүгээс даатгуулагчид 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 26,735,000 төгрөгийг олгож, гэм хорын улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг хуульд зааснаар шилжүүлэн авсан. Иймд, хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 26,735,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Пиннакл экспертс ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн *******, ******* нараар хийлгэсэн тайланг хүлээн зөвшөөрөхгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гарсантай холбоотой Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Үнэлгээний компанид гомдол гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн институтэд хандахад оношилгооны дүгнэлт нь эвдрэлийг нотлох баримт болгон ашиглах шаардлага хангахгүй, моторын дээд анги дуу орсон гэсэн нь хөдөлгүүрийг бүхэлд нь солих үндэслэл болохгүй учир дээрх гэмтлийг эд ангиудын үнэлгээнээс хасвал 22,495,000 төгрөг болно гэсэн. Уг үнэлгээг би мөн зөвшөөрөхгүй, хэт өндөр үнэлгээ гарсан тул 18,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 26,735,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 291,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэг. Нотлох баримт үнэлээгүй талаар:
...Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт НЭЗХЭ-ийн Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 31 өдрийн 396А албан тоотоор мэргэшсэн үнэлгээчин , шинжээчээр томилогдож дараах дүгнэлтийг гаргаж,
...1. Оношилгооны дүгнэлт нь ямар нэг баталгааны хуудас болохгүй гэсэн байх тул эвдрэлийг нотлох баримт болгон ашиглах шаардлагыг хангахгүй байна
2. Оношилгооны дүгнэлтэд моторын дээд анги дуу орсон гэсэн нь хөдөлгүүрийг бүхэлд нь солих үндэслэл болохгүй байна гэх хариуг өгсөн.
Хоёр. Хууль буруу хэрэглэсэн талаар:
Шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шинжээч томилуулаагүй гэх дүгнэлт-ийг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, 10.1 Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ, 10.2 Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана гэж,
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг хэрэгжүүлнэ гээд 23.1.1-т үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалт, зөвлөгөө, мэдээллээр хангах гэж, 23.1.3-т үнэлгээчнийг бэлтгэх, эрх олгох, сунгах, мэргэшүүлэх сургалт, шалгалтыг зохион байгуулах гэж, 23.1.9-д үнэлгээний тайланд хийсэн магадалгааг хянаж, дүгнэлт гаргах эрхийг олгосон гэж тус тус заасан.
Дээрх 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 396А дугаартай дүгнэлт нь хууль ёсны баримт гэж үзэж байна. ...Иймд, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Эвлэрч байгаа үнийн дүн 21,380,000 төгрөг болсон. Эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлснээс хойш хариуцагч нь 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг хасаж үлдэх 13,380,000 төгрөгийн хүрээнд эвлэрлийн гэрээг батлуулах саналтай байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 26,735,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 18,000,000 төгрөгөөс бусад 8,735,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 26,735,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Тодруулбал, уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,735,000 төгрөгийн 5,355,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 21,380,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 13,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,735,000 төгрөгийн 5,355,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 21,380,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 13,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 291,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР