| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0260/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/275 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор П.Итгэл,
Шүүгдэгч Н.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох эрүүгийн 1738004600329 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Х.
Шүүгдэгч Н.Х- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Ноёд” буудлын 2 тоот өрөөнөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Н-ийн самсунг Ж-7 гар утас, Л.Б-ийн LG гар утас, Б.П-ын Iphonе-6, Нокиа-3310 гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 1.210.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Ноёд” буудлын 02 тоот өрөөнөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч А.Н-ийн самсунг Ж-7 гар утас, Л.Б-ийн LG гар утас, Б.П-ын Iphonе-6, Нокиа-3310 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.210.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн шинэ жил болж бид хоёр оролцсон юм ...Тэгээд дараа нь шөнийн 23 цаг 20 минутын хавьцаа шинэ жилийн үйл ажиллагаа дууссан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ харьчихаад, хэсэг найзуудаараа Ноёд рестаронд очиж үйлчлүүлэхээр болсон. Тэгээд Ноёд ресторанд нь суух гэсэн чинь хаах цаг болчихсон байхаар нь буудлынх нь нэг өрөөг авахаар болсон. Тэгээд буудалд нөхөр Л.Б- найз П-, Т-, М-, О бид нар буудлын өрөөнд орцгоосон. Тэгээд бид нийлээд 1 шил уусан ...нэг мэдсэн унтчихсан байсан. Тэгээд би нөхрөөрөө өргүүлээд машинд суугаад гэртээ ороход цаг үүрийн 05 цаг болж байсан. Манай нөхөр тэгээд бид хоёрын гар утас алга болсон байна гээд буцаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд манай эхнэр А.Н-, найз П-, С-, О нартай Ноёд буудлын 2 тоот өрөөнд орсон. Тэгээд бид хэд өрөөнд орцгоогоод нэг хоёр шил 0,75 литрийн хар чингис архи ууж байгаад манай эхнэр буудалд унтаад өгсөн. Би П-н хамт нэлээд муудсан маягтай сууж байсан чинь нэг мэдсэн чинь надтай нэг залуу ярилцаад манай өрөөнд сууж байсан. Тэгээд нэг мэдсэн би буудлаас 05 цагийн үед юм болов уу гэж бодож байна гараад такси аваад буудлаас эхнэрээ аваад гэртээ харьсан. Тэгээд хариад эхнэрийн гар утсыг болон өөрийнхөө гар утсыг цэнэглэх гээд эхнэрийнхээ гар утсыг өмсөж явсан хувцасны халааснаас, өөрийнхөө гар утсыг өөрийнхөө өмсөж явсан куртикны халааснаас гаргаж цэнэглэх гэсэн чинь алга болсон байсан. Тэгээд би эргэж гэрээсээ гараад такси аваад Ноёд буудал руу буцаж очсон. Тэгсэн чинь манай гурван найз гар утас маань алга болчихсон байна гээд өрөөндөө байж байсан. Тэгээд би нөгөө гуравтаа миний гар утас болон эхнэрийн гар утас алга болсон байна гээд хэлсэн ...Би өөрийн гар утас болон эхнэрийн гар утасны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Тийм учраас надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 33 дугаар хуудас/,
- Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ноёд зочид буудлын нэг өрөөнд орж бөөнөөрөө архи ууцгаасан. Надтай хамт Л.Б- болон түүний эхнэр тэгээд бас өөр хэдэн хүмүүс хамт байсан юм. Өглөө унтаж байхад нэг танихгүй хоёр залуу намайг сэрээгээд одоо авья гээд яриад байсан. Тэгээд би гар утсаа үзсэн чинь байхгүй байсан бөгөөд гар утсаа хайгаад байж байтал Л.Б- гаднаас орж ирээд эхнэр бид хоёрын гар утас бас алга байна гэсэн. Тэгээд яав ийв гээд суртал тэр хоёр танихгүй залуу миний байсан өрөөний хажуу талын өрөөнд байсан гэдгийг мэдээд байсан өрөө рүү нь ороод үзтэл нэг банди унтаж байхаар нь нөгөө хоёр залуугийн гэрийг заалгаад уулзтал өрөөнд орсон залуугийн нэг нь хоёр гар утсыг аваад гар утас засдаг хүнд зарчихсаныг олж мэдсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би гар утаснуудаа удалгүй олоод авчихсан. Тэр залуу өөрөө надад гар утаснуудыг буцааж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яг хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. LG6200, IРhone 6 болон Samsung Trend маркын гар утаснуудыг нэг өндөр залуу ирж нийт 140.000 мянган төгрөгөнд зарсан. Эхлээд LG6200 загварын гар утас Samsung Trend загварын гар утаснуудыг хямдхан авчих гээд байсан. Тэгээд LG-ийг би 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа IРhone 6 болон Samsung Trend загварын гар утаснуудыг 120.000 мянган төгрөгөнд зарсан. ...дараа нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны орой нөгөө гар утас зарсан залуу ээжтэйгээ хамт манай гэрт ирээд надаас зарсан гар утаснуудаа нэхсэн. Би гуйгаад байхаар нь 2, 3 хоногийн дараа олж өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн үед хажуугийн өрөөнд 3 хүн байсан. Тэр гурван хүн архинд тасарсан бололтой ухаангүй унтаж байсан. Тэгээд би тухайн үед тасарсан байсан хүмүүсийг таньдаг юм байх гэж бодоод юм бодолгүй өрөө рүү ороод унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би цагдаагаас гараад эргээд 01 цаг өнгөрч байхад Ноёд буудалд байсан өрөөндөө очиход Н.Х- ирээгүй байсан. Би ороод буудалдаа удаагүй байж байтал араас Н.Х- 4-5 жаахан сургуулийн бололтой банди нар дагуулж орж ирсэн. Н.Х- нэг пивотой орж ирсэн тэр пивийг нь хувааж уусан юм. Н.Х- хажуу талын өрөөнд байсан хүмүүсийг таньдаг хүн байна гээд орж гараад байсан. Би архи уугаагүй ганц нэг пиво уусан болохоор эрүүл байсан. Би тэр Н.Х-гийн ороод байсан өрөө рүү ороогүй юм. Хамт явсан хүүхдүүд манай өрөөнд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
- Гэрч П.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Н.Х- одоо “Чойр”-т 25 дугаар төмөр замын зөрлөгөөс цаана хятадын нүүрсний компанид ковш барьж байгаа энэ ажилд ороод сар гаран болж байгаа. ...Цагдаагаас дуудаж байгааг нь хэлсэн, одоо цалингаа буухаар энэ хэргээ ирж шийдүүлнэ гэсэн. ...2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Мөрөнд ирчих байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Хулгайд алдсан гэх Samsung J7 маркын гар утсыг 600.000 төгрөгөөр, LG маркын гар утсыг 80.000 төгрөгөөр, IPhone 6 маркын гар утсыг 500.000 төгрөгөөр, Nokia-3310 маркын гар утсыг 30.000 төгрөгөөр, нийт 1.210.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан. Би өдрөө сайн санахгүй байна. Би өөрийн найзуудтай хамт Ноёд буудлын нэг өрөөнд архи уусан. Тухайн үед цаг нилээн орой болчихсон байсан. Тэгж байгаад яагаад ч юм мэдэхгүй нэг мэдэхэд анх архи ууж байсан өрөөний хажуу талын өрөөнд орчихсон тэр өрөөнд байсан хүмүүстэй юм яриад архи уугаад сууж байсан. Тэнд архи ууж байгаад согтоод би тасарчихсан байсан бөгөөд нэг ухаан ороход Хилийн цэргийн байрны орцонд сэрсэн. Сэрээд босоод өөрийн утас байна уу гээд халаасаа үзсэн чинь халаасанд миний утаснаас гадна 4 утас байсан. Би байрны орцноос гараад цагаан гэрийн хажуугаар цайны газарт очиж хоол идсэн. Хоолоо идээд мөнгө өгөх гэсэн чинь миний мөнгө хүрэхгүй халаасанд байсан I рhоnе 6 загварын утсыг хоолны тооцоонд түр үлдээгээд хойд захын гар утасны засварчинд LG болон Самсунг Трэнд маркын хоёр гар утсыг зарсан. Тэгээд буцаад хоол идсэн газраа очоод мөнгийг өгөөд I phone 6 гар утсаа авсан. Тэгээд нөгөө гар утас засварчин дээр очоод I phonе утсаа зарсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдпийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч П.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү ...Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Бага ангиа 1-р арван жилд сууж төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд 2012 онд БХИС-ийн ахлагчийн сургуульд элсэж 2013 онд төгсөөд 150 дугаар ангид ажиллаж байгаад 2017 оны хавар албандаа очихоо болиод ажлаасаа халагдсан. Түүнээс хойш сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлсэн. Уул нь зан аашийн хувьд дөлгөөн, тогтвортой, хэл ам цөөтэй хүүхэд байсан. Тэгээд ажлаасаа халагдсанаасаа хойш хүүгийн маань нойр муудаж, огцом ууртай болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Н.Х-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 74 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Н.Х- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Ноёд” буудлын 02 тоот өрөөнөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч А.Н-ийн самсунг Ж-7 гар утас, Л.Б-ийн LG гар утас, Б.П-ын Iphonе-6, Нокиа-3310 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.210.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30, 33 дугаар хуудас/, хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, гэрч П.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, хулгайд алдсан гэх Samsung J7 маркын гар утсыг 600.000 төгрөгөөр, LG маркын гар утсыг 80.000 төгрөгөөр, IPhone 6 маркын гар утсыг 500.000 төгрөгөөр, Nokia-3310 маркын гар утсыг 30.000 төгрөгөөр, нийт 1.210.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...би архи уугаад ухаанаа алдчихсан байсан учраас яагаад хулгай хийснээ хэлж мэдэхгүй байна. ...би өөрийнхөө гар утас гэж хэлж зарсан” /хх-ийн 70-71/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Ноёд” буудлын 02 тоот өрөөнөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч А.Н-ийн самсунг Ж-7 гар утас, Л.Б-ийн LG гар утас, Б.П-ын Iphonе-6, Нокиа-3310 гар утсыг хууль бусаар авч, 1.210.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Н.Х-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.210.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Х- нь хохирогч А.Н-ийн самсунг Ж-7 гар утас, Л.Б-ийн LG гар утас, Б.П-ын Iphonе-6, Нокиа-3310 гар утсыг буцаан өгсөн болох нь хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн гар утас болон эхнэрийн гар утасны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Тийм учраас надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33/, хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би гар утаснуудаа удалгүй олоод авчихсан. Тэр залуу өөрөө надад гар утаснуудыг буцааж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, шүүгдэгч Н.Х-гийн “би хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71/ зэргээр шүүгдэгч Н.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Х- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг харгалзан шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Н.Х-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ