Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01684

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03909 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

690,597,143 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Итали улс руу ямааны самнасан ноолуур экспортлох зорилгоор *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүхий эд ангилах, угaax, самнах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.

2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 189 тонн түүхий эдийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгч ангилах, угаах, самнах ажил гүйцэтгүүлсэн. Боловсруулалт хийгдсэн ноолуурыг хариуцагч нь тус бүр 80 кг жинтэйгээр савлаж өөрийн үйлдвэрийн агуулахаас гаалийн байгууллагын хяналт дор зориулалтын тээврийн хэрэгсэлд шууд ачиж, гаалийн байцаагчийн лац хийгдсэний дараа захиалагчид хүлээлгэн өгсөнд тооцож ажилласан.

Олон улсын стандартын дагуу самнасан ноолуурын чийглэгийн хэвийн хэмжээ нь 16+/-1 хувь байдаг. ******* нь гэрээний 6.3-т заасан самнасны дараа чийг 16+/-1 хувь байна, тослог 1 хувиас хэтрэхгүй, хялгас агууламж 0.2 хувиас ихгүй, хаг хог 0.2 хувиас ихгүй байна гэснийг зөрчиж 5 удаагийн тээвэрлэлтээр экспортод гаргасан самнасан ноолуурын чийглэгийг хэвийн хэмжээнээс хэт их чийгтэй хүлээлгэн өгснөөс *******-д экспортын гэрээний алданги төлсөн. Хүлээн авагч Италийн талаас чийглэг тооцсон цэвэр жин 87,964.11 кг, чийглэгийн зөрүүгээр хасагдсан жин -2,035.89 кг гэж барааг хүлээлцсэн тул 203,574.25 ам.долларын алданги үүссэн.

Иймд гэрээний 6.3, 10.1-д заасныг үндэслэн хохирол буюу алдагдал 203,574.25 ам.доллар буюу 690,597,143 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Талуудын тохиролцоогоор төлбөрийн үлдэгдэл 15 сая төгрөгийг 5-6 дахь удаагийн тээвэрлэлтийг экспортын гэрээний худалдан авагч тал хүлээн авч, лабораторийн шинжилгээгээр тогтоосон ноолуурын цэвэр жингийн хэмжээнд үндэслэн, хариуцагчийн самнасан ажлын хөлсийг тооцсоны дараа зөрүүг хасаж олгохоор заасан.

Гэтэл 5 дахь удаагийн экспортыг худалдан авагч тал хүлээн авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн чийг тодорхойлох шинжилгээ хийхэд ачилт хийгдсэн жин тонноос 509.71 кг ноолуур хасагдаж манай компани авлагатай гарсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Барааг хүлээлцэхэд албан ёсны хоёр лабораторид нэхэмжлэгч өөрөө дээж авч шалгуулаад, асуудалгүй байсан учраас манай үйлдвэрт ирж, ачаад авч явсан. Хүлээн авч явснаас хойш буюу хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой хариуцлагыг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Гэрээгээр Монгол улсын стандартыг мөрдөхөөр заасан ч нэхэмжлэлийг харахаар өөр улсын стандартаар, өөр улсын лабораторид хийсэн шинжилгээг тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсний дараа талууд хэд хэдэн удаа тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүний дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Гэвч хариуцагч тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар *******-д холбогдох 690,597,143 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж *******-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 3,610,936 төгрөг, хариуцагчаас төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

*******-ийн бэлтгэсэн ноолуур нь гэрээний 6.3-т заасан стандартад нийцээгүй болох нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул стандартад нийцээгүй ноолуурын жингийн зөрүүний улмаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан.

Анхан шатны шүүх гаалийн мэдүүлгүүдийн 21-т барааны нэр, төрөл, түүний чанарын шаардлага нь *******-ийн тодорхойлсноор бичигдсэн, *******-ийн тодорхойлолтуудад заасан ноолуурын чийглэгийн болон жингийн хэмжээ нийцэхгүй байгаа зэрэг баримтуудыг зөв үнэлээгүй.

Хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ирүүлсэн нэхэмжлэхэд 82.766 кг ноолуур самнасан гэх мөртлөө 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эхний 4 удаагийн ачилтын олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гарсны дараа жин хасагдсан дүнгээр буюу 81.281 кг ноолуур самнасан гэж тооцоо нийлснээс үзэхэд хариуцагч нь жингийн дутагдал гаргаснаа эхний 4 удаагийн ачилтын дараа хүлээн зөвшөөрч байсан байдаг.

Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан ноолуурын чийглэг болон жингийн зөрүү нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж үүсээгүй талаар нотлох баримт гарган өгөөгүй. Итали улсад ноолуурын жин дутсан нь тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс үүссэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргаагүй байхад уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцаа нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдана.

Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн учраас ноолуур экспортод гарсан. Хариуцагчийн буруугаас болж хохирол гарсан гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөртэй болохоо тооцоо нийлж хүлээн зөвшөөрсөн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 690,597,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, төлөгдөөгүй төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь түүхий эд буюу ноолуурыг хүлээн авч ангилан, угааж, самнаж боловсруулан хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.1. Гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч хүлээн аваад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн тээвэрлэлтээр Итали улс руу экспортолсон байна. Энэ ажлын хэмжээ 81,281 кг болсон болохыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр талууд баталгаажуулсан.

 

3.2. Харин Итали улсын К-Селла улсын үйлдвэрийн техникийн дээд сургуулийн лабораторийн шинжилгээгээр *******-ийн илгээсэн 90,000 кг ноолуураас жингийн зөрүүгээр 2,035.89 кг хасагдсан байна.

Уг 90,000 кг ноолууранд хариуцагчийн самнасан ноолуураас гадна нэхэмжлэгчийн нэмж бэлтгэсэн ноолуур орж тооцогдсон.

 

3.3. Мөн 5 дахь удаагийн тээвэрлэлт хийгдэх үед талууд төлбөрийн үлдэгдлийн тооцоог 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 15,000,000 төгрөг болохыг баталгаажуулжээ.

 

3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үүгээр залруулав.

 

4.1. Гэрээний 3.2, 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн явцтай танилцах, боловсруулалтын үр дүнг дээж авч шинжлүүлэх, шинжилгээний явцад гэрээгээр тохирсон чанарт хүрээгүй тохиолдолд үйлдвэрлэлд оруулахгүй, эсвэл зогсоох эрхтэй байжээ.

Энэ эрхийн дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүнг ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж байсан баримт хэрэгт авагдсан.

Мөн гэрээний 1.4-т зааснаар захиалагч нь ноолуурын чанар, жинг шалган хүлээн авах, төлбөр төлөх үүргийг хүлээсэн.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ноолуурыг хүлээн авахдаа чанар, тоо хэмжээний талаар гомдол гаргаагүй бөгөөд уг ноолуурыг Итали улс руу экспортолж, ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч, хөлсийг төлсөн тул хариуцагчийг гэрээний дагуу самнасны дараа чийг 16+/-1%, тослог 1%-аас хэтрэхгүй, хялгас агууламж 0,2%-с ихгүй, хаг хог 0,2%-аас ихгүй байхаар заасан шаардлагыг хангасан ноолуурыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэнэ.

Хэрэгт *******-ийн ноолуур экспортлохдоо мэдүүлсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг авагдсан боловч уг мэдүүлэгт заасан чанар, тоон үзүүлэлтийн дараа ноолууранд дахин чийгшил өгдөг болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэхгүй.

 

4.3. Одоо нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх явцад чанарын хяналт тавьсан, мөн ажлын үр дүнг хүлээн авсан атлаа Монгол улсаас экспортолж Итали улсад ноолуур тээвэрлэгдэн хүрсний дараа чанар, тоо хэмжээний талаар маргаж буй.

Гэвч чухам хэзээ, аль үе шатад ноолуур 2,035.89 кг дутсан болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэв хариуцагч гэрээнд заасан чанар, тоо хэмжээнд нийцүүлэн ажлыг гүйцэтгээгүй бол үүнийг шалгаж тогтоох, алдааг засуулах эрх нэхэмжлэгчид байсан. Мөн нэхэмжлэгч нь ноолуурын салбарын аж ахуй эрхлэгчийн хувьд энд дурдаж буй эрх, үүргийг үйл ажиллагаандаа тогтмол мөрдлөг болгосон байх учиртай.

Түүнчлэн хариуцагчийн ноолуурыг хүлээлгэж өгсөн болон Италид улсад тээвэрлэгдэн очсон ноолуур дутагдсан асуудал хооронд шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шүүхээс үүргийн зөрчлийн улмаас эд хөрөнгийн алдагдал, орох байсан орлого нэхэмжилсэн шаардлагад хамаарах зохицуулалтыг баримтлаагүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Талуудын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч уг актанд заасан төлбөрийн хэмжээнд санал нийлэхгүй байгаа боловч аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү баримтыг эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03909 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343.1 гэсний дараа , 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,610,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ