| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00929/И |
| Дугаар | 212/МА2025/00059 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 212/МА2025/00059
А.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00361 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************ оршин суух А.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч *************** оршин суух А.Д-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуу хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч А.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч А.Д-, түүний өмгөөлөгч Д.Айбек, Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан. 1979 онд миний эцэг А-, ээж М-, эхнэр Б- нартай хамт малчин Д-аас Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан.
1.2. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа барьсан. 1993 оны их хувьчлалын үед Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн.
1.3. Би 2 ахтайгаа хамт 1976, 1977, 1978 онд туслах малчнаар ажиллаж, 1989 онд н.Х гэдэг хүнээс тусдаа мал аваад Балчингийн хавтгай гэх өвөлжөөнд ирсэн. 1983 онд Хавтгай гэх газрын саравчтай хашааны урд талд задгай хашаа байсан. Тухайн хүнтэй гэрээ байгуулахдаа малыг 4 улирал төлүүлэх, өвөл төлжсөн хуургыг 11-р сард нядалгаанд өгөхдөө амьдын жингээр 35 кг-аар жинлүүлэх болзолтой байсан. Өвөө мал төллүүлэх болсон учраас тухайн газар дээр задгай хашаа барьсан. Задгай хашааны түүх нэлээн урт, одоо 5 дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна.
1.4. Тухайн задгай хашааг манай дүү А.Д- миний хүүхэд 2006 онд 6-р ангиас гараад задгай хашааг барьсан гэж хэлдэг. Ленин багшийн төрсөн өдрөөр 7 хоногийн сүүлчээр улс даяар цэвэрлэгээ хийж, мод усалдаг байсан. Тэр үед задгай хашааг авсан гэж тайлбарладаг. Хамгийн сүүлд давж заалдах шатны шүүхэд нэгдлийн хашаа байсан гэсэн. Хэрвээ нэгдлээс хөрөнгө гарвал тэр талаар нэгдэл бүртгэх ёстой. Тухайн үеийн нэгдлийн дарга Х.Бугай гэдэг хүн малчид өгөх тэжээлийг хүртэл цохолтоор өгдөг хүн байсан. Нэгдэл хувьчлагдсаны дараа задгай хашаа манай хөрөнгө биш, саравчтай хашаа хувьчлагдсан гэж Х.Б- гэдэг хүний гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед Х.Б- хувьчлалын комиссын дарга байсан. Манай нэгдэлд хувьчлал 2 удаа явагдсан. 1991 оны сүүлээр, 1992 оны эхээр бага хувьчлал гэж явагдсан. Тухайн үед хөрөнгийг хувьчлаагүй, хэдэн малчинд мал хувьчлагдаж өгсөн. Тэрний дараа 1993 оны 01 дүгээр сард их хувьчлал явагдсан. Тэр үед хариуцагч А.Д- бид хоёр нэгдэлд 12 хүний хувьцаатай байсан. А.Д- 3, би 9 хүний хувьцаагаар хувьчлалд оролцохоор болсон. Хувьчлалын комисст өргөдөл гаргахдаа нэг хашаа, хороог аваарай. Манай өвөлжөө 12 хүний хувьцаа гарна гээд өргөдөл гаргасан. Бага хувьчлал явагдсаны дараа Буга компани байгуулагдсан. Нэгдлийн үед би нэг ч малын хорогдолгүй 600 малыг маллаж өгсөн. Хамгийн сүүлд 3 дахь удаагийн аварга болсон.
1.5. 1976-1993 он хүртэл нэгдлийн малын төлөө зүтгэж ажилласан хүмүүс байгаа учраас хувьчлалд аав, ээжийг оруулж өг, миний хувьд 3 удаагийн аварга малчин болсон учраас энэ бүх зүйлийг харгалзан үзэж 2 хашаа, хороог хувьчлалаар өг гэж өргөдөл өгсөн. Миний өргөдлийг сайнаар хүлээж аваад аав, ээжийг оруулж 2 хашаа, хороог өгсөн. 1993 оны 01 дүгээр сард Буга компанийн нэгдлийн гишүүдийн хурал болж, хурлаас зөвхөн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд ажилласан хүнд хувьчлалыг өгнө гэж шийдвэр гарсан.
1.6. Хавтаст хэрэгт авагдсан Х.Б-ний бичиж өгсөн баримт авагдсан байгаа. Би А.Д-тэй хамт Балчингийн Бодгон гэх газарт ганц бие урианхай залуу, Х.Ж гэдэг хүн хувьцаа ч аваагүй, мал ч аваагүй байсан. Тухайн хүмүүсийн малыг хувааж өгсөн. А.Д-тэй хамт Х.Х, Х.М, Х.О гэдэг хүүхдийг гуйж авч ирээд бичүүлж авч байсан. А.Д- 1988 онд 10-р ангиа төгсөж, малчин болоод гарсан. Тэр хүртэл би аав, ээжийнхээ хажууд байсан. А.Д- очсоны дараа би тусдаа гарсан.
1.7. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Е, Д.Ер нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан.
1.8. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв сууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-н хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагч хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна.
2.2. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Бугат сумын 2 дугаар баг Балчингийн Хавтгай гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдаж авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзний эзэмшигчээр А.Д- намайг дурдаж гэрээнд тусгасан. Миний ах А.А- нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Харин би өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.А-д байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн. Тухайн үеийн өмч хувьчлалаар миний ах А.А- нь манай өвөлжөөний байшингаас цааш 1.5-2 км газарт Бугат сумын 2-р багийн нутаг Балчингийн Бодгон гэх газраас саравч хашаа хороо хувьчилж авч байсан.
2.3. Тухайн хувьчлалын үед Х.Х, Х.М, Х.О гэх хүмүүс надтай гэрээ байгуулсан. Эцгийнхээ нэрийн эхний үсэг бичигдээгүй байна. Ах маань тайлбарлахдаа 1986 онд 18 насанд хүрч малд гарсан гэж байна. Би 1993 он хүртэл 7 жил мал малласан. Тэр үед би нэгдлийн гишүүн байсан. 2 хүүхэд, аав, ээжтэйгээ 6 хүн амьдардаг байсан. А.Д-н хүүхдүүдтэй хамт нэг айлд нэг хашаа, хороо өгнө гээд бид хоёрт тус, тусдаа хашаа хороо өгсөн. Нэхэмжлэгч А.А- өөрийнхөө хүслээр Бодгон гэх газрыг авна гэсэн. Яагаад гэвэл том газар байсан. Тухайн газар дээр хэний нэр орсон гэдгийг мэдэхгүй. Бага хувьчлалд 1 айлд 1 адуу, 1 үхэр, 6 хонь, 3 ямаа өгсөн. Хашаа, хороог би барьсан гэж тайлбарлаж байна. Нэгдлийн үед манай аав 2 хашаа, хороог сумын ажилчид болон ажилчид бүгдээрээ нийлж барьсан байдаг. Хашаа хороо нураад болохгүй байсан учраас манай хүүхэд шинээр барьсан. Хашаанд ямаа гарчхаад байдаг учраас хашаандаа нэмж чулуу тавьж хашаажуулсан.
2.4. А.А- 1998 онд аймгийн төв рүү нүүсэн. Тэр үед 2 байшин байдаг байсан. Нэг байшинг манай аав барьж өгсөн. Нэг байшинг өөрөө Улаанхус сумаас худалдаж аваад барьсан. Бид хоёрын ах болох А.Б, А.Ба нар Тосонцэнгэлээс модон банз авчирч өгсөн. Талийгаач А.Б ахын төмрөөр гагнаж өгсөн жорлон байдаг байсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нүүлгээд аваад явсан.
2.5. Би 2023 онд ахынхаа хүүхдийг цайллагад урьж, хашаа, хороонд мал багтахгүй байна, та нар өөрсдийнхөө хашаа хороог эзэмшээрэй, бид өөрсдийнхөө хашаа хороог эзэмшье, малын бэлчээр зүгээрээ гэж хэлсэн. Тэд аавдаа юу гэж хэлснийг би мэдэхгүй. Дараа нь 10 дугаар сарын 13-ны өдөр над руу утсаар залгаж чи миний хүүхдүүдийг хөөсөн байна, хэрвээ хашаа хороог авах гэж байгаа бол хувьчилж өгсөн саравчтай хашааг ав, задгай хашааг чамд өгөөгүй гэж хэлсэн. А.Ба-ын машиныг түрээсэлж, Өлгий сумаас 1-2 хүнийг хөлсөөр ажиллуулж аргалыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч А.А-г хөөгөөд явуулсан зүйл байхгүй.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/0061 дүгээр шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд:
4.1. Нэхэмжлэгч А.А- нь маргаан бүхий Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороо болон 1983 онд уг хашаанд залгаа барьсан задгай хашааны эзэмшигч болсон талаар: 1979 оноос эхлэн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж эхлэн 1982 онд сумын аварга малчин болж, улмаар Ардын их хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас А.А- өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан. 1993 оны их хувьчлалын үед Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-, Х, М, О нарын хувьцаанд авч улмаар Х, М, О нарын хувьцааны оронд мал өгөх замаар хувьчилж авсан. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд А.А- хүүхдүүдийн хамт, А.Д- нар малтайгаа амьдран сууж байгаа. А.А- нь Хавтгай дахь маргаан бүхий хашаа, хороонд 48 дахь жилдээ мал маллаж амьдарч, уг саравчтай хашаа болон задгай хашааг эзэмшиж ашиглаж байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Е, Д.Ер нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргах хүртэл А.А-, А.Д- нар уг хөрөнгийг дундаа хамтран өмчилж ирсэн байсан. Гэтэл анхан шатны шүүхээс бусдын 48 жилийн турш /их хувьчлалаас хойш 32 жил/ эзэмшиж ашиглаж ирсэн дундаа хамтран өмчилж ирсэн хөрөнгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг /шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ/ зөвхөн нэг талыг баримтлан үнэлж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 48 жилийн турш дундаа хамтран өмчлөн ирсэн ах дүүсийн хашаа хороог зөвхөн дүүгийнх нь өмч байсан гэж дүгнэж, хууль бус шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т нийцэхгүй байна.
4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэрэгт авагдсан баримтуудын талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Үүнд: Баян-Өлгий аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багт орших 50 м.кв талбайтай, 4500000 төгрөгийн үнэтэй, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшингийн өмчлөгч А-ийн А-, Ш.Б- нарын долоон хүний хамтын өмч тул улсын бүртгэлийн ************ дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Энэ хоёр өрөө бүхий 4 ширхэг хашаа хороо нь Бугат сумын Улаан толгой багийн Балчингийн бодгонд байгаа 2 хашаа, Балчингийн хавтгайд байгаа маргаан бүхий 2 хашаа байсан юм. Шүүхээс дахин үзлэг хийсэн тэмдэглэлд маш тодорхой харагдаж байгаагаас гадна тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгч Бауржаны мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.4. А-ийн Д- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн Балчин дахь Хавтгай гэх газарт байршилтай, нэгж талбарын ******** дугаар бүхий 500 м.кв газар эзэмшдэг, мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсоор өмчилдөг. Түүнээс биш маргаан бүхий хашаа хороонуудад ямар ч хамаагүй эрхийн гэрчилгээнүүдийг хэрэгт хамааралтай мэтээр шүүхийн шийдвэрт дурдаж бичсэн байдаг.
4.5. 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээнд хашаа хорооны байрлаж байгаа газар Улаантолгой багийн Хавтгай, саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, хашаа хороо пүнз эзэмшигч Д-, хамтран эзэмшигчид Х-, О- гэсэн баримт авагдсан. Х.М-ийн гаргасан Бугат сумын "Жаргалын зам" нэгдлийн Улаан толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь гэх баримт...Газрын нэр: Бодгон; Хүний нэр. А--1, Х--1, Ж--1 Зател-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь:...Газрын нэр: Хавтгай; Хүний нэр: Д--2, Х- М-2, О-1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигдсэн баримт хэрэгт авагдсан. Х-, М-, О- нарын хувьцааг А- худалдан авах замаар тухайн хавтгай дахь хашаа хороог Д-н хамт дундаа хамтран өмчлөх болсон бөгөөд 40 жил хамт ашиглаж ирсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүх аливаа баримтыг зөвхөн хариуцагчид ашигтай болгох талаас нь үндэслэлгүйгээр тайлбарласан.
4.6. Гэрч М.М- “А.А-д Балчингийн Бодгон гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлговол А.Д-д Балчингийн хавтгай гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлгож болох байх” гэсэн мэдүүлэг нь дээрх хувьчлалын хувь тэнцүүлэн хуваарилж өгсөн нотлох баримтад нийцэхгүй байгаа. Хавтгайд байгаа хороог Д-н 2 хүний хувьцаа, Х- М- нарын 2 хүний хувьцаа, О-н 1 хүний хувьцаанд өгсөн. Ганц Д-д өмчлүүлээгүй. Х-, М-, О- нарын хувьцааг А- худалдан авах замаар тухайн хавтгай дахь хашаа хороог Д-н хамт дундаа хамтран өмчлөх болсон бөгөөд 40 жил дундаа ашигласан хорооны талаар буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.7. Гэрч Х.Б- "...Миний бие нэгдэлд 1979 оноос эхлэн ерөнхий нябо, эдийн засагч, нэгдлийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан. 1991 онд бага хувьчлал, 1993 онд их хувьчлал явагдсан. 1993 онд их хувьчлал явагдах үед бүх нэгдлийн хашаа хороо, малуудыг хувьчлалд өгсөн. Тухайн үед зөвхөн нэгдлийн дансанд байгаа хашаа хороог хувьчилсан. Түүнээс биш дансанд байхгүй эд хөрөнгүүдийг хувьчлаагүй. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаж буй Хавтгай гэх газарт байгаа саравчтай хашаа хувьчлагдсан. Харин задгай хашаа бол нэгдлийн дансанд бүртгэгдээгүй тул хувьчлагдаагүй. Уг задгай хашааг өөрсдөө барьж авсан байх, үүнийг сайн мэдэхгүй байна. Мөн нэгдлийн үед барьсан эсвэл нэгдэл тарсны дараа тухайн хашааг барьсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн хашаа хороог яг ямар хүмүүс яаж авсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ тухайн үед би бичиж байсан ноорог байгаа. Түүнээс харж байгаад хэлэхгүй бол сайн санахгүй байна. А.А- Бодгон гэх газраас хашаа хороо хувьчилж авсан байна. Үүнд: Х-, Ж-, З- зэрэг хүмүүс хувь эзэмшиж байна. Гэхдээ тухайн үед зөвхөн саравчтай хашааг хувьчлалд өгсөн. Задгай хашаа бол нэгдлийн дансанд байхгүй тул түүнийг тэмдэглээгүй. Харин А.Д-д Хавтгай гэх хашаа хороог хувьчилсан байна. Үүнд: М-, Х-, О- зэрэг хүмүүс хувь эзэмшиж байгаа болох нь харагддаг. Энэ баримтыг тоо бүртгэгч М- гэх хүн бичсэн. Би түүний бичгийг шууд таньж байна. Эд нарын авч буй хоёр хашааны нэг нь өвөлжөө нөгөөдөх нь хаваржаа байсан. Яг аль нь өвөлжөө аль нь хаваржаа гэдгийг багийн Засаг дарга нь биш тул мэдэхгүй. Тухайн үед нэг хүнд 2 хашааг шууд өгөх боломжгүй тул эдгээрийн саналыг харгалзан үзээд, ойр дотнын хүмүүсийг дагуулж ирээд хувьчилж өгсөн. Одоогоос 30 гаруй жил өмнөх зүйл тул хэн хэнийг дагуулж ирсэн эсэхийг сайн санахгүй байна" гэх мэдүүлгийг шууд хариуцагчид ашигтай тайлбарлан дүгнэж байгаа нь үндэслэлгүй. М-, Х-, О- нарын хувьцааг авсан миний эрхийн асуудлыг огт дүгнээгүй орхисон нь ямар учиртай байсан бэ?
4.8. Гэрч Х.С- "... Тухайн хашаануудыг нэгдлийн бүртгэлд бүртгэж авсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй" гэж мэдүүлсэн байхад шүүх үүний мэдүүлгийг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
4.9. Гэрч Б.М- "...Би нэхэмжлэгч болон хариуцагч нарыг танина. Нэхэмжлэгч бол миний баз байгаа. Хариуцагч бол надтай худ ургийн холбоотой хүн юм. Би бага наснаасаа аавын гарт байлаа. Аав маань 1997 онд нас барсан. Тухайн маргаан бүхий хашаанаас миний ах Б.М-, дүү Б.Х- нар хувьцаа авсан байна. Тухайн үед тэд нэгдлийн хашаа, байшин барьдаг байлаа. Тэд 1993 оны 07 дугаар сард байх Казахстан улсад нүүгээд явсан. Тухайн үед тэд хувьцаагаа тухайн үеийн ханшаар 1000 төгрөгөөр тооцоолсон байхаа. Ямар ч гэсэн идшиндээ А.А-гээс 5 хонь авсан. Миний бие 1993 онд гэр бүл болсон. Гэр бүл болсны дараа А.А-тэй баз болсон. Тийм учраас тэд нарыг А.А-д би холбож өгсөн. Тухайн маргаан бүхий газарт байгаа баз А.А-н гэрт хашаанд очиж л байсан" гэж Б.М-, дүү Б.Х- нар хувьцааг А-д худалдсан болохыг нотолж өгсөн. Энэ гол нотлох баримт бөгөөд М-, О- нараас ирсэн ватсап захидалд шүүхийн журмаар хийсэн үзлэгээр давхар нотлогдон тогтоогдсон байсан.
4.10. Гэрч А.Б- "...Миний бие энэхүү нэхэмжлэгч А.А-, хариуцагч А.Д- нарын төрсөн ах. Би 1975 онд цэргээс халагдаж ирээд аймгийн 21-р багт жолоочоор ажилд орсон. 1976 онд аав маань өндөр насны тэтгэвэрт гарч хөдөө явсан. Тухайн хашааг 1979 онд авсан мэт санагдаж байна. Түүнээс хойш би тухайн хашаанд гарсан бүх засварын ажил хар бор бүх ажлыг нь би хийдэг байлаа. Учир нь тухайн үед машинтай хүн тун ховор байсан тул миний бие машинаараа нүүлгэх, буулгах, хадлан хадах, өвс буулгах, чулуу буулгах, бууц өтгийг гаргах, хашаанд хийх засвар зэрэг бүх ажилд нь туслаад ирсэн. Тухайн үед манайх л машинаар нүүдэг байсан. Өнгөрсөн жил хүртэл хашааны бууц өтгийг гаргасан. Би хэн нь ямар байдлаар хувьчилж авсан эсэхийг сайн мэдэхгүй. Дүү А.А-, А.Д- нар 2 өвөлжөөг 1993 онд тус тусдаа хувьчилж авсан. Өөрсдийн хэлдгээр бол Хавтгай гэх өвөлжөөг А.Д-, Бодгон гэх газарт байгаа хаваржааг А.А- авсан байна. Тэд уг хашаа хороог хувьчилж авснаас хойш хэн ч очиж маргаж байгаагүй. Харин надад Хавтгай гэх газрын хашаа хорооны засварын ажиллагаанд туслаач гэж дандаа А.Д- дууддаг байлаа. Хувьчлалын дараа 1999 онд А.А- Өлгий сумын 6 дугаар багт миний хажууд нүүж ирсэн. Бид хоёр одоо хүртэл Өлгий сумын 6-р багт хамт оршин сууж амьдарч байна. Түүнээс хойш нэг ч удаа А.А- хөдөө очиж өвөлжиж байгаагүй. Харин Хавтгай гэх газарт А.А-н 2 хүүхдийн байшин, А.Д-н байшин, аавын хуучин байшин бүгд байгаа. Бууц өтгийн маргаан үүсэх үед би байгаагүй. Мөн А.Д-д нэг үед миний мал байдаг байсан одоо надад ямар ч мал үлдээгүй. Мөн 1985 онд байх Тосонцэнгэлээс хашаа худалдаж авсан билүү гуйж авсан билүү авч ирээд Хавтгайн өвөлжөөнд өвсний хашаа барьж өгсөн маань үнэн" гэсэн мэдүүлгийг шүүх буруу үнэлсэн бөгөөд Б- ах миний дүүд ашигтай мэдүүлэг өгөхийг оролдсон бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон үйл баримтаас зөрж байсан. Би одоо хүртэл тухайн маргаан бүхий Балчингийн хавтгайд байгаа хашаа хороонд малаа оруулж ашигладаг бөгөөд өвөлждөг. Өлгийн төвд гэр байшин байдаг боловч мал хөрөнгө маань тухайн Балчингийн хавтгайд байдаг. Тиймээс түүний мэдүүлэг үндэслэлгүй.
4.11. Гэрч Х.Б- "...Хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн гэрчилгээг би 2002 онд хууль тогтоомжийн дагуу тухайн гэрчилгээг олгосон. Тухайн баримтуудыг бүрдүүлсний дараа үл хөдлөх хөрөнгө байгаа газар дээр очиж үзсэн. Тухайн үед аварга малчин гэх самбар байсан. 2002 он гэхэд 24 жилийн өмнөх зүйл байгаа учраас би тухайн газрыг санахгүй байна. 4 хашаа хаана ямар байрлалд байгааг санахгүй байна. Хэд, хэдэн хашаа байсан. Яг хаана байсан гэдгийг санахгүй байна. Тухайн газрын байршлыг тухайн үед газар эзэмших гэрчилгээг үндэслэж тогтоодог байсан. Гэрчилгээнд хашаа, байшин гэж бичигдсэн байна. 2003 онд бүх гэрчилгээнд тэгж бичигддэг байсан. Гэрчилгээнд хашаа, байшингийн хэмжээ бичигддэг. Тухайн үед хэдэн хашаа байсан хэмжээг нь санахгүй байна. Байсан хашаа дээр нь гэрчилгээ олгосон. Тухайн үед байгаа нотлох баримтыг үндэслэж гэрчилгээ олгосон. Тухайн үед гэрчилгээ авах хүсэлтийг нэхэмжлэгч А.А- гаргасан. Би нотлох баримтад үндэслэж гэрчилгээ олгосон. Аварга малчин гэдэг самбар хаана байсныг мэдэхгүй. 23 жилийн өмнөх зүйлийг санахгүй байна. Өвөлжөөний байшин байсан. Гэрчилгээнд миний гарын үсэг байна. 23 жилийн өмнөх зүйл байгаа учраас би санахгүй байна. Тухайн үед нэг гэрчилгээ олгож байсан. Одоо тус, тусдаа олгодог" гэж тус тус мэдүүлжээ. 2002 онд хашаа хороонд авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн үед хэрэгжиж байсан хууль журмын дагуу олгогдсон гэдгээ нотолж өгсөн энэхүү мэдүүлгийг шүүх хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй болжээ. Энэ хэргийг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой хөрөнгийн гэрчилгээний талаар өгсөн мэдүүлэг байсан.
4.12. Зохигчдын хүсэлтээр тус шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр болон 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлээр "Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1.Хариуцагч А.Д-н 72 м.кв талбайтай байшин, 35 м.кв талбайтай хуучин модон байшин, хуучин модон байшинд залгуулаад барьсан өвс хадгалж буй чулуугаар барьсан 47.7 м.кв талбайтай хашаа, 27.3 м.кв талбайтай дээвэртэй төл малын пүнз, А.Д-н хувьчилж авсан гэх 53.2 м.кв талбайтай саравчтай чулуун хашаа, 287.8 м.кв талбайтай чулуун хашаа, саравчтай чулуун хашаанд залгуулж барьсан 405 м.кв талбайтай задгай чулуун хашаа, нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын 65 м.кв талбайтай байшин, нэхэмжлэгч А.А-н хүү А.Ш-ын 74 м.кв талбайтай байшин байршиж байгаа болох нь, мөн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Бодгон гэх газарт нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын 50 м.кв талбайтай модон байшин, нэхэмжлэгч А.А-н хүү А.Ш-ын 45 м.кв талбайтай модон байшин, Нэгдлийн үед чулуугаар барьсан 167.5 м.кв талбайтай саравчтай малын хашаа, Нэгдлийн үед чулуугаар барьсан 145 м.кв талбайтай задгай малын хашаа, 387 м.кв талбайтай Малын өтөг бууц бүхий нурсан хашааны суурь, 17.6 м.кв талбайтай дээвэр нь нурсан пүнз зэрэг хөрөнгүүд байршиж байгаа болох нь, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэдэг газраас Балчингийн Бодгон гэх газар хүртэл 02 километрийн зайтай болох нь тогтоогджээ. Энд бол Нийтдээ Бодгон болон Хавтгай гэх газарт 4 хашаа хороо байгаа нь харагдаж байгаа. Бодгонд 4 хашаа хороо байхгүй гэдэг нь ч тогтоогддог. Шүүх миний гэрчилгээнд байгаа 4 хашааг ямар үндэслэлээр Бодгонд байгаа гэж үзсэн нь тодорхойгүй бөгөөд энэхүү үзлэгтэй холбогдуулан үнэлээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, А.А- миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү.
5. Хариуцагч А.Д-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Би одоо та нарын өмнө 7-8 дахь удаагаа ирж байна. Та нарын ажлыг хүндрүүлж байгаадаа ичиж байна. Анх А.А- ах маань шүүхэд нэхэмжлэл гаргахдаа над руу утсаар залгаад “чи чулуун залгаа хашааг хувьчлалд аваагүй, энийг чамаас булааж авна, хувьчлалд авсан саравчтай хашааны талыг нь булааж авна, шүүхээр ярина” гэж ярьсан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч А.А-н давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч А.А-н хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан “малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуу хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Анхан шатны шүүх “…Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.А- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой баг Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Бугат сумын АДХГЗахиргаа ба нэгдлийн дарга баталж Улаантолгой бригадын тоо бүртгэгч Х.М-ийн гаргасан Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь гэх баримтад: ...Газрын нэр: Бодгон; Хүний нэр: А--1, Х-1, Ж-1, З-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь: ...Газрын нэр: Хавтгай; Хүний нэр: Д--2, Х- М--2, О--1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигдсэн байх ба гэрч Х.М-ээс нэгдлийн үндсэн хөрөнгийг тухайн жагсаалтын дагуу хуваарилсан талаар, мөн тухайн үед нэгдлийн даргаар ажиллаж байсан Х.Б-ээс үндсэн хөрөнгийн жагсаалтыг тоо бүртгэгч Х.М- гаргаж байсан талаар тус тус мэдүүлсэн байх тул тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ. Тухайн нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой баг Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны өмчлөгч нь А.Д- гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааг зохигчид хамт ашиглаж ирсэн нь тогтоогдож байх ба тухайн малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааг нэхэмжлэгч А.А- дангаар өмчлөх эрхтэй болохыг нотолсон шууд нотлох баримт байхгүй байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.” гэж дүгнэж нэхэмжлэгч А.А-н хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-************ улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд Бугат сумын Засаг даргаас олгосон 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №********* дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр А-ийн А-д Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт 700 ам дөрвөлжин метр газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Мөн 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан болон А-ийн А- нар нь Газар ашиглах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Улаантолгой Балчин Бодгоно гэх газарт байршилтай 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2042 оны 10 дугаар сарын 21-ний хүртэл ашиглуулахаар харилцан тохиролцжээ.
- Баян-Өлгий аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багт орших 50 м.кв талбайтай, 4500000 төгрөгийн үнэтэй, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшингийн өмчлөгч А-ийн А-, Ш.Б- нарын долоон хүний хамтын өмч тул улсын бүртгэлийн ************ дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон №********* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А-ийн Д-д Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн Балчин дахь Хавтгай гэх газарт байршилтай, нэгж талбарын ******** дугаар бүхий 500 м.кв газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний суурийн газрын зориулалтаар эзэмшүүлсэн байх ба Газар ашиглах гэрээ байгуулж Улаан толгой багийн Балчингийн Хавтгай гэх газарт байршилтай 500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2045 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах хугацаагаар эзэмшүүлэхээр тохиролцжээ.
- Хариуцагч А.Д- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2-р баг Балчин хавтгай гэдэг газарт байршилтай, өвөлжөөний зориулалттай, 90 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2014 оны 11 дугаар сарын 05-ны өдөр олгосон №********* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
-1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ-нд хашаа хорооны байрлаж байгаа газар Улаантолгой багийн Хавтгай, саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, хашаа хороо пүнз эзэмшигч Д-, хамтран эзэмшигчид Х-, О-, эзэмшигчдийн хүлээх үүрэг: 1.Зориулалтыг өөрчлөхгүй, 2.Нурааж эвдэхгүй бүрэн бүтэн байлгана. 3.Нүүлгэн шилжүүлэхгүй. 4.Бусдад худалдахгүй гэж бичсэн байна. Бугат сумын Тамгын газрыг төлөөлж орлогч дарга Х.Оралсын, эзэмшигчийг төлөөж Д- гарын үсэг зурсан байна.1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээнд 1.Хашаа хорооны байрлаж байгаа газар гэх хэсэгт Улаантолгой багийн Хавтгай 2. Хашаа хороо, пүнзний тоо, үнэ гэх хэсэгт саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, 4. Хашаа хороо пүнз эзэмшигчид гэх хэсэгт Д-, хамтран эзэмшигчид Х-, О-, 6.Эзэмшигчдийн хүлээх үүрэг гэх хэсэгт 1.Зориулалтыг өөрчлөхгүй, 2.Нурааж эвдэхгүй бүрэн бүтэн байлгана. 3.Нүүлгэн шилжүүлэхгүй. 4.Бусдад худалдахгүй гэж бичигдсэн байх ба уг гэрээнд Бугат сумын Тамгын газрыг төлөөлж орлогч дарга Х.Оралсын, эзэмшигчийг төлөөж Д- нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.
- 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Бугат сумын АДХГЗахиргаа ба нэгдлийн дарга баталж Улаантолгой бригадын тоо бүртгэгч Х.М-ийн гаргасан Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь гэх баримт:...Газрын нэр: Бодгон; Хүний нэр: А--1, Х--1, Ж--1, Зател-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь:...Газрын нэр: Хавтгай; Хүний нэр: Д--2, Х- М--2, О--1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигджээ.
-Анхан шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болон 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл-ээр Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1.Хариуцагч А.Д-н 72 м.кв талбайтай байшин, 35 м.кв талбайтай хуучин модон байшин, хуучин модон байшинд залгуулаад барьсан өвс хадгалж буй чулуугаар барьсан 47.7 м.кв талбайтай хашаа, 27.3 м.кв талбайтай дээвэртэй төл малын пүнз, А.Д-н хувьчилж авсан гэх 53.2 м.кв талбайтай саравчтай чулуун хашаа, 287.8 м.кв талбайтай чулуун хашаа, саравчтай чулуун хашаанд залгуулж барьсан 405 м.кв талбайтай задгай чулуун хашаа, нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын 65 м.кв талбайтай байшин, нэхэмжлэгч А.А-н хүү А.Ш-ын 74 м.кв талбайтай байшин байршиж байгаа болох нь, мөн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Бодгон гэх газарт нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын 50 м.кв талбайтай модон байшин, нэхэмжлэгч А.А-н хүү А.Ш-ын 45 м.кв талбайтай модон байшин, Нэгдлийн үед чулуугаар барьсан 167.5 м.кв талбайтай саравчтай малын хашаа, Нэгдлийн үед чулуугаар барьсан 145 м.кв талбайтай задгай малын хашаа, 387 м.кв талбайтай Малын өтөг бууц бүхий нурсан хашааны суурь, 17.6 м.кв талбайтай дээвэр нь нурсан пүнз зэрэг хөрөнгүүд байршиж байгаа болох нь, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэдэг газраас Балчингийн Бодгон гэх газар хүртэл 02 километрийн зайтай болох нь тогтоогджээ.
10. Нэхэмжлэгч (1) анхан шатны шүүх олон жил хамтран өмчилж ирсэн ах дүүсийн хашаа хороог зөвхөн дүүгийнх нь өмч гэж дүгнэж хууль бус шийдвэр гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлоос гадна (2) хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгийг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй гэсэн хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
11. Хэдийгээр нэхэмжлэгч А.А- нь Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуу хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааг хариуцагч А.Д- нь 1993 онд хувьчилж авч, хамтран эзэмшигчээр Х-, О- нар бүртгэгдсэн болох нь 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээгээр тогтоогдсон. Балчингийн Хавтгай гэх газарт байгаа өвөлжөөнд нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын 65 м.кв талбайтай байшин, А.Ш-ын 74 м.кв талбайтай байшин тус тус байрлаж, уг газарт олон жил хамт амьдарч, өвөлжиж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч А.А- нь Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгч, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлжээ.
12. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий, Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааг өөрийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй, малын саравчтай хашаа, тухайн саравчтай хашааны хамтран өмчлөгч, саравчтай хашаанд залгаа чулуун хашааг өөрийн өмч гэдгийг нотлоогүй тохиолдолд малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
13. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх тухай хүсэлт гаргасан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон байна.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2025/00361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ