Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 156/2016/00062/И |
Дугаар | 8 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 8
Ж.Жаргалсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Хэнтий аймгийн авто тээврийн төвийн дарга Н.Санжаадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хэнтий авто тээврийн төвийн дарга Н.Санжаадоржийн давж заалдах гомдлоор Ж.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн авто тээврийн төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 12 дугаар сарын 18-ны 128 тоот тушаалаар Авто тээврийн үндэсний төвийн харъяа Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтнээр анх ажилд орсон. Ажилд орсон цагаасаа хойш өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажилд орсон цагаас хойш Н.Санжаадорж дарга албан тушаалаа ашиглаж, албан тушаалаараа дарамталж удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оноож хохироож, хариуцаж байсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан.
Манай байгууллага төвийн захирлын тушаалаар ажилд томилж хөдөлмөрийн гэрээг цуцалдаг. Н.Санжаадорж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын 3.16,3.17.1, 3.17.8, 3.18.2, 11.6, 3.17.7-г тус тус зөрчиж тушаал гаргаж намайг удаа дараа хохироож байна. Мөн засаг захиргаа нутгийн удирдлагын нэгжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан заалтыг зөрчсөн.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн авто тээврийн төвийн дарга Н.Санжаадорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Жаргалсайхан нь зөрчил гаргасны улмаас 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар тушаалаар, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдсан. Үүний дараа удаа дараа арга хэмжээ авагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон дотоод журмын дагуу Автотээврийн үндэсний төв рүү мэдэгдэж албан бичиг явуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хуулийн дагуу бүх үйл ажиллагаа явагдсан. Хамгийн гол нь Ж.Жаргалсайхан 2 удаа сахилгын арга хэмжээ авахуулахдаа Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах ёстой байсан боловч гомдол гаргаагүй. Тийм учраас зөвшөөрсөн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй.
...Хурлын тэмдэглэл дээр хүмүүсийн хэлсэн бүх зүйлийг тэмдэглэж байж асуудлыг шийдвэрлэсэн. Байгууллагын ажил 1 хүнээс болж бутарч байсан. Хурлын тэмдэглэлүүдийг бүгдийг нь унших юм бол ойлгоно. Яагаад 2 удаа арга хэмжээ авагдсан юм бэ? гэхээр 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хамт олны хурал хийж байхад чөлөө авна гэхээр нь хурал дээр чөлөө өгөхгүй гэдгээ хэлсэн боловч “чи намайг яах юм бэ? би явна” гээд гараад явсан. Үүнээс үндэслэж арга хэмжээ авсан. Хурлын тэмдэглэл дээр бүгд бичээстэй байгаа. Хүн үнэмшмээргүй зүйл ярьж байна. Би чөлөө өгөх ёстой. Би чөлөө өгөхгүй гэж хэлсээр байтал ажлаа тасалж явсан. Тийм учраас арга хэмжээ авах ёстой. Дараа нь хүргэн дүүгээрээ акт өгөөд өөрөө алга болсон. Тэгэхээр нь аймагт байхгүй байна гэдгийг нь мэдсэн. Миний гаргасан тушаалыг Авто тээврийн үндэсний төв хүчингүй болгох ёстой. Ж.Жаргалсайхан нь арга хэмжээ авахуулчихаад Авто тээврийн үндэсний төв рүү өргөдөл бичиж гомдол гаргаагүй. Тэгээд 2 удаа арга хэмжээ авагдсан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Захиргааны зөрчил авагдаад Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах хэрэгтэй. 1 сарын хугацаа өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Би тэгж ойлгож байгаа. 2 удаа арга хэмжээ авахуулахад гомдол гаргаагүй учраас хөдөлмөрийн гэрээг зөвшөөрлийн дагуу цуцалж хуулийн дагуу шийдвэрлэсэн. Өөрийнхөө зан байдлын улмаас ийм зүйл болсон асуудлаа зөвшөөрөх ёстой байтал цаг хугацаа барж байна. Өмнө нь нотлох баримт дутуу гээд өргөдлөө татаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэгдсэн нотлох баримт байхгүй төрийн албаны цаг гарздаж байна гэв.
Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №14 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Жамц овогтой Жаргалсайханыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-тзааснаарнэхэмжлэгч Ж.Жаргалсайханы 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд /ажилгүй байсан/ түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож олгохыг Хэнтий аймгийн Автотээврийн төв /Н. Санжаадорж/-д үүрэг болгож, нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг төлөн холбогдох бичилтийг хийж нөхөн баталгаажилт хийхийг Хэнтий аймгийн Авто тээврийн төв /Н. Санжаадорж/-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж. Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хэнтий аймгийн авто тээврийн төвийн дарга Н.Санжаадорж нь давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.08-ны 353 дугаар шийдвэрийг 2016.07.04-ны өдөр гардаж, хүлээн авлаа.
Хариуцагч миний хувьд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох хурлын тэмдэглэл, өгч буй тайлбарыг буруу ташаа шинжлэн судалж буруу үндэслэл гарган шүүх хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Нэг.Шүүхийн шийдвэр үндэслэхдээ: "Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт принтер засуулах, архивт байхгүй тээврийн хэрэгслийг архивын бүртгэлд оруулж ажилласан болох нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга Б.Энхцэцэгийн 2016 оны05 дугаар сарын17-ны өдрийн 4/983тоот албан бичгээр нотлогдож байна” гэжээ.
Гэтэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслэлийн бүртгэлийн газрын дарга Б.Энхцэцэг тэр үед энэ албанд байгаагүй, тэр үед юу болсоныг огт мэдэхгүй хүн.Б.Энхцэцэг нь АТҮТ-ийн захирлыг орлох эрхгүй.Зөвхөн тэргүүн дэд захирал Дэлгэрнаран орлох эрхтэй ганц албан тушаалтан.АТҮТөвийн албаны үйл ажиллагаа ингэж явагддаг дотоод дүрэмтэй.Үүнээс гадна чиглэл хариуцсан дэд захирлууд ажилладаг.Орон нутаг дахь Авто тээврийн төвийн дарга зөвхөн АТҮТөвийн захирлын шийдвэрээр ажлаа явуулах бүтэцтэй.Ийм бүтэц зохион байгуулалттай байгууллага. Гэтэл шүүх Б.Энхцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4/983 дугаар бүхий Жаргалсайханд найз нөхрийн хувьд гаргаж өгсөн хуурамч, эрх зүйн чадамжгүй, албан бичиг гэдгийг шүүх хурал дээр хэлсэн боловч магадалж тогтоолгүйгээр нотлох баримт болгон хэрэглэж байгаа нь буруу шийдвэр гарах нэг үндэслэл болсон байна.
Түүнээс гадна шүүх хуралдаан дээр 2015.07.07-ны өдрийн байгууллагын хурлын тэмдэглэлд Ж.Жаргалсайхан хувийн хэргээр чөлөө гуйхдаа ёс зүйгүй байдал гаргаж байсныг тухайлбал: Би хувийн ямар ажлаар явахаа чамд заавал хэлэх тайлбарлах шаардлагагүй” гэж Ж.Жаргалсайхан хэлж байсан зэргийг хурлын тэмдэглэлээс уншиж, хэлж танилцуулсан боловч шүүгч Ж.Болдбаатар нотлох баримт болгон авч үзсэнгүй.
Өөрөөр хэлбэл ажилтан Ж.Жаргалсайхан 2015.07.07-ны өдөр хувийн чөлөө хүсч байсан нь тогтоогдож мөн үргэлжлээд дараагийн 08, 09, 10-ны өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдож байхад ямарч хамааралгүй Б.Энхцэцэгийн хууль бус албан бичгийг нотлох баримтад тооцож, албан ажпаар явсан болгон мушгин гуйвуулсан, ямарч үндэслэлгүй шийдвэрийг шүүгч Ж.Болдбаатар гаргасан байна.
Шүүгч Ж.Болдбаатар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы хувьд Улаанбаатар хот руу явж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т очиж ажиллах тухайгаа Хэнтий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга, хариуцагч Н.Санжаадоржид хэлж мэдэгдсэн, тэр тухай өргөдөл хүсэлтээ өгч байсан”... гэх мэтээр оргүй зүйл зохион бичжээ.
2015 оны 07-р сарын 08, 09, өдрүүд нь ажлын өдөр, зөвхөн аймгийн баяр наадам тэмдэглэхэд оролцох үндэслэлээр бүртгүүлж, үйл ажиллагаанд нь оролцох үүрэгтэй байдаг. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.9 заалтад байгаа “ажил олгогчийн санаачлагаар ажиллуулах” гэсэн заалтад хамаарахгүй тул ажил тасалсанд тооцохоос аргагүй. Тиймээс Хэнтий аймаг дахь Автотээврийн төвийн дарга нь ажилтан Ж.Жаргалсайханд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, чөлөө олгоогүй байхад дур мэдэн 7-р сарын 08, 09, 10-ны өдрүүдэд ажил тасалсан тул Хөдөлмөрийн дотоод журмын 11.7-д заасан сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 11.7.3-т заасан салбарын даргын чөлөө, зөвшөөрөлгүйгээр үүрэгт ажлаа орхин дур мэдэн нийслэл явсан нь тогтоогдож 2015.07.24-ны 03 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан болно.
Үүнийг нотлох нотолгоо нь хэрэгт авагдсан Ж.Жаргалсайханд холбогдох асуудлыг хэлэлцсэн \оролцогчдын гарын үсэг бүхий\ гурван удаагийн “2015.07.07, 2015.07.24, 2015.07.27-нд болсон" хамт олны хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байна.
Хоёр.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “нэхэмжлэгч Жаргалсайхан нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 5 хоногийн хугацаанд эмчийн магадлагаагаар амбулториор эмчлүүлж байхад нь ажил тасалсан гэж үзэн 2015.08.25-ны 08 дугаар тушаалаар “сануулах” сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна... гэжээ.
Мөн “Ж.Жаргалсайхан 5 хоногийн хугацаанд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч Ц.Амгаланбуян, эмчлэгч эмч Л.Мэндбаяр нарын магадлагаагаар амбулториор эмчлүүлж байхад нь ...” гэж буруу ташаа үндэслэл гаргасан байна.
Ажилтан Ж.Жаргалсайхан нь амбулториор эмчлүүлээгүй. Эмчийн магадлагаа авсан тухайгаа, гэнэтийн шалтгаанаа хэлж мэдэгдэлгүй, ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон. 8 дугаар сарын 12-ны тэр өдөр түүний садан төрөл цагдаагийн ажилтан Л.Эрдэнэтуул эмчийн магадлагааг авч ирж өгөхдөө “Ж.Жаргалсайхан ах манайд ирж дусал хийлгээд гараад явсан.Хаана явааг би мэдэхгүй... гэж хэлж байсныг манай ажилтнууд сонссон. Тэр өдөр Ж.Жаргалсайхны ажлыг нь хүлээж авах гэж техникч Б.Баярмагнай, Ц.Бат-Эрдэнэ нарын хамт хайгаад олоогүй. Гэр, хашаа нь цоожтой, өрх нь бүтээлгээстэй хүнгүй байсан. Цагдаагийн ажилтан Л.Эрдэнэтуул худал хэлсэнийг бид ойлгосон. жич: Хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч Ц.Амгаланбуянгийн оронд дүү Эрдэнэтуулын эхнэр Хэрлэн гарын үсэг зурсан байдаг юм. Ж.Жаргалсайханы хариуцсан бүртгэлийн ажил зогсож, хоёр хоногийн дараа ирж ажлаа хүлээлгэж өгөөд явсан нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдсэн байгаа. Энэ бүх баримтууд нь ажилтан Ж.Жаргалсайхан эмчийн магадлагаа авсан 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд аймагт байхгүй байсан нь тодорхой болж амбулаториор эмчлүүлээгүй гэдгийг нотолж байгаа юм.
Энэ нь бидний өдөр тутамдаа мөрддөг “Ажлын цаг ашиглалт, үүрэг хариуцлагыг сайжруулах тухай” Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2014 оны 12 дугаар сарын 26-ны 222 дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2-т “ Ажилтан аливаа урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэтийн шалтгаанаар ажлын цагаас хоцрох, ажилдаа ирэх боломжгүй болсон үед ... салбарын \төвийн\ даргад заавал мэдэгдэх ...гэсэн заалтыг зөрчиж хоёр хоног бүртгэлийн ажил зогсоосон зэрэг үйлдэл нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон болно. Тиймээс “Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 11.7-д дор дурьдсан үйлдэл, эс үйлдэл нь сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно... гэсний дагуу 11.7.1-д албан тушаал \ажлын байр\-ын тодорхойлолтод ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 11.7.2-т ажилтан урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй 3 хүртэлх өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. 11.7.4-д ...тогтоомж, ...журам илт зөрчсөн, 5.1.9-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ...захирах, захирагдах, зарчмыг чанд баримтлан ажиллах... гэх мэт заалтуудаар, Аймгийн авто тээврийн төвийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “төвийн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл ноогдуулах, 4.4-д Төвийн дарга нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд тушаал гаргана... гэсэн эрх хэмжээний хүрээнд тус тус заалтыг хэрэгжүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д заасан сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хариуцагч Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Санжаадорж нь бүртгэлийн мэргэжилтэн Ж.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ...байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.5, 3.1.4 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалсугай гэж тушаалдаа дурдсан хэдий ч тогтоогоогүй асуудлыг хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна... гэжээ.
Энэ заалт нь тухайн тушаалд нэмж дурьдсан заалт болох нь ойлгогдож байгаа гэж бодож байна.Гэтэл бусад заалтаас тусад нь дангаар нь онцолж авч үзэж ... хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Ажилтан Ж.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 14 дугаар тушаалд заагдсан “ажилтан Ж.Жаргалсайхан удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэсэн” хуулийн үндэслэлийг шүүх авч хэрэгсэхгүйгээр, уг тушаалд нэмж ёс зүйн зөрчил гаргасан тухай дурдагдсаныг тухайлан авч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Үүнд онцолж шүүгч бүрийн мэдэх зүйлийг нэмж тайлбарлах болж байна.
Хэнтий аймгийн Авто тээврийн төв нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын харьяа салбар байгууллага.Аймгийн авто тээврийн төвийн тушаал шийдвэрт гомдол гаргах, түүнийг хүчингүй болгох эрх бүхий субьект нь АТҮТөв ТӨҮГ-ын захирал, түүний орлогч тэргүүн дэд захирал нар байдаг.Ажилтан Ж.Жаргалсайхан өөрөө арга хэмжээ авагдсан тухай гомдол гаргаагүй. Харин АТҮТөвийн захиралд хүргүүлсэн манай 66 тоот албан бичгийн хариуд ажилтан Ж.Жаргалсайханд удаа дараа сахилгын шийтгэл ноогдуулсан үндэслэлийг хянаж үзээд түүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцлахыг дэмжсэн 2/1688 тоот албан бичиг ирүүлсэнийг шүүх авч хэрэгсээгүй мөртлөө тэр үед энэ албан дээр байгаагүй, Б.Энхцэцэгээс ирүүлсэн гэх эрх зүйн чадамжгүй бичгийг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь илт буруу зүйл хийсэн баримттай үйлдэл гэж үзэж байна.
Дөрөв. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хариуцагч Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Санжаадорж нь төвийн ажилчдын хурлыг хийхдээ хувийн “диктафон" дуу хураагч техник хэрэгсэл ашигласан нь албан хэрэг хөтлөлтийн тогтсон журмыг зөрчсөн ...хурлын тэмдэглэлийг сүүлд нь нөхөж гаргуулсан, зөвхөн Ж.Жаргалсайханы дутагдлын талаар хурал хийж хэлэлцсэн нь ялгаварлан гадуурхсан байна... гэж дүгнэсэн нь шүүхийн шүүгчийн байр сууринаас бус хувийн бодлоо илэрхийлж буруу ташаа дүгнэсэн байна.
Тухайлбал: “диктафон” дуу хураагч, техник хэрэгсэл ашигласан нь албан хэрэг хөтлөлтийн ямар журам заалт зөрчсөн талаар заагаагүй атал буруутгасан нь буруу байна. Мөн хурлын тэмдэглэлийг сүүлд нь нөхөж гаргуулсан гэсэн нь утгагүй, ойлгомжгүй байна Учир нь диктафонд хураасан бичлэгийг дараа нь цаасан дээр буулгаад хуралд оролцогчдод танилцуулж гарын үсэг зуруулж баримтжуулж авдаг гэж шүүх хуралд удаа дараа тайлбарлаж хэлсэн болно. Түүнээс гадна албан байгууллага хамт олон шударга байр сууринаас хандаж удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргадаг ажилтан Ж.Жаргалсайханы талаар хурал хийж хэлэлцэж, тэмдэглэл хөтөлж, албан ажил явагдсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байхад шүүгч Ж.Болдбаатар өөрөөр харж “ялгаварлан гадуурхсан” гэж гэм буруутан Ж.Жаргалсайханыг өмөөрсөн байгаа нь шударга биш үйлдэл болжээ.
Тав.Шүүхийн шийдвэр үндэслэхдээ: “нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь Хэнтий
аймгийн Хэрлэн сумын иргэдийн хурлын төлөөлөгч тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж , зөвшилцсөн байна... гэсэн заалтыг зөрчиж Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөвшилцөөгүй нь хууль зөрчсөн... гэжээ. Тухайн хуулинд сахилгын арга хэмжээ авагдахад зөвшилцөнө гэсэн заалт байхгүй тул тэр тухай урьдчилан зөвшилцөх хуулийн заалт байхгүй.Тиймээс уг хууль зөрчигдөөгүй гэж үзэх үндэстэй гэж үзэж байна.
Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн үндэслэлүүд нь дээрхи байдлаар няцаагдаж байгаа болно.
Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаар тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.17, 3.17,1, 3.18.2, “Аймгийн Авто тээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн 4.4, ажилтантай байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-ний 4.4.дахь хэсгийн 1 дахь заалтыг тус тус үндэслэн ажилтан Ж.Жаргалсайхантай хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, бүрэн үндэслэлтэй болох нь Монгол улсын дээд шүүхийн дараах тайлбартай нийцэж байна.
Момгол улсын дээд шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4-д -Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсонбайх шаардлагатай боловч тусбүрд нь сахилгын шийтгэл заавал ноогдуулсан байхыг шаардахгүй. Мөн 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид... бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна... гэж тайлбарлажээ.
Иймд ажилтан Ж.Жаргалсайханы “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” нь тус бүрдээ хамт олны хурлаар хэлэлцэгдэн тогтоогдож, сахилгын шийтгэл ноогдуулсан зэргээр нотлогдож, түүний үйлдэл, эс үйлдэл нь ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг нь гутаах байдлаар нөлөөлөхүйц сөрөг байдал бий болгосон байгаа нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүдэд тодорхой бичигдсэн байна. Ажилтан Ж.Жаргалсайхантай байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-ний 4 4, мөн 4.4 дахь хэсгийн1-д сахилгын зөрчил давтан гаргасныг “ноцтой зөрчил”-д тооцон гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах... гэсэн нь хуулийн дагуу үйлдэл явагдаж ирсэнийг нотолж байна.
Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгөхийг хүсч давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу, үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь Хэнтий аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 14 дугаартай тушаалаар ажилтан Ж.Жаргалсайхныг бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ. (хх ийн 22тал)
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Жаргалсайхан нь ажлаас хууль бус чөлөөлөгдсөн гомдлоо анхан шатны шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ж.Жаргалсайханыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы шүүхэд гомдол гаргасан хугацааг тодруулсаны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Я.АЛТАННАВЧ