Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       М.Батдоржид холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Н.Цогтбаяр

                        Ялтны өмгөөлөгч                  М.Алтанчимэг

                        Ялтан                                     М.Батдорж

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Батдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, М.Батдоржид холбогдох 201503000393 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэнхэр суманд 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг наадмын дэнж гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 50000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2013 оны 03 сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар

 

 

 

зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу

6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон ба Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Хүрэн морьт овогт Мятавын Батдорж /РД:АО79022119/

 

М.Батдорж нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаандаа буюу 2015 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн  орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Үзүүр бургас гэх газар зам тавьж өгсөнгүй гэх хувийн шинжтэй харилцааны улмаас хохирогч Б.Батсүрэнтэй маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,  2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Батдоржид холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар шүүгдэгч М.Батдоржийн тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож;

Хүрэн морьт овогт Мятавын Батдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч М.Батдоржийг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч М.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Батдоржид оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.Батдоржийн цагдан хоригдсон 168 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон;

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батдоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Батдоржийн гаргасан давж заалдах гомдолд:

Хүрэн морьт овогт Мятавын Батдорж миний бие 201503000393 тоот эрүүгийн хэрэгт яллагдан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлэхээр тогтоогдсон. Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би үйлдсэн хэрэгтээ үнэнхүү сэтгэлээсээ гэмшиж, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж, буруугаа хүлээж байгаа. Миний бие хохирогчоос уучлалт гуйж гарсан хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан болно. Би Архангай аймгийн Цэнхэр суманд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань тодорхой эрхэлсэн ажилгүй, 4 хүүхэд маань 5-16 насны хооронд, 10 жилийн сургуульд сурдаг, амьдралын бололцоо муутай. Иймд гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж, эхнэр хүүхдийг минь тодорхой хугацаанд эргэлтээр очиж уулзах нөхцөл байдлыг хөнгөлж, миний биеэр эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан М.Батдорж нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн  орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Үзүүр бургас гэх газар зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Б.Батсүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,  2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон,  мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй байна.

           

            Ялтан М.Батдоржид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх талаар гаргасан ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Батдоржид оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийн заалтыг гүйцэд бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.6-д зааснаар гэсэн байгааг зөвтгөж, өөрчлөх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т тус тус заасныг удирдлага болгон;

                       

 

 

 

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэсний дараа “...52 дугаар зүйлийн...” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА