Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2017/0000/з |
Дугаар | 12 |
Огноо | 2017-07-16 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 12
2017 оны 07 сарын 17 өдөр 120/ШШ2017/0012 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн *******,*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******/*******/-д холбогдох,
“Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2014 оны 12 сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын апбан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол хангалттай биелүүлж Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төдийгүй 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн хэсгийн хороонд гишүүнээр томилогдон ажилласан.
Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалаар намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж
C:\Users\garidkhuu\Documents\Received Files\******* [1].docx
үзэж Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүнийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
Миний биеийг “Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан болохыг Өмнеговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон гэж үзэж Монгол Улсын Сонгуулын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэг, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэж Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас Төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан. Гэтэл дээрх анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 09, 10 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд ******* буруутай болохыг тогтоолоо гэсэн агуулгатай үг, өгүүлбэр тусгагдаагүй, гэм буруутай үйлдлийг тогтоосон шийдвэр биш харин сонгуулийн хорооны тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байсан. Аймгийн Сонгуулийн хороо нь асуудлыг хуралдаанаар шийдвэрлэдэг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргадаг. Тогтоолд сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж ёсчилдог. Миний хувьд сонгуулийн хорооны гишүүний үүднээс байр сууриа илэрхийлсэнээс тогтоолыг гаргаагүй, эрх зүйн үндэслэлийг хянаагүй, гарын үсэг зураагүй учраас эрх зүйн үр дагаврыг нь надад хариуцуулах ёсгүй.
Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан этгээд гэм буруутай эсэхийг шүүх тогтоох болохоос хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан дур мэдэн тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч Болдбаатар нь зориудаар сонгуулийн хорооны гишүүнд хариуцлага тооцох эрх зүйн үндэсгүй гэдгийг тоггоолд тусгуулахаар хэлсэн байдаг боловч тухайн шатны шүүх тогтоолд дурьдаагүй өнгөрөөсөн, мөн иргэн Б.Батаа сонгуулийн xopooны гишүүдэд хариуцлага тооцуулах тухай давах гомдолд тусгасан байсан боловч шүүх тогтоолд хэрхэн шийдсэн талаар тусгаагүй зэрэг нь нотлогддог.
Орон нутгийн сонгуулийн маргааныг шийдсэн шат шатны шүүхийн тогтоол, магадлалд сонгуулийн хорооны гишүүдэд хариуцлага тооцох, хууль зөрчсөн хэмээн үзэх, хууль эрх зүйн үндэслэлгүй болох талаар дурьдсан байдаг. Дээрх Захиргааны хэргийн давах шатны шүүх уг хариуцлагын асуудлыг нэг мөр шийдээгүйгээс болж албан тушшаалтнууд хуулийг буруу ойлгож төрийн албан хаагчийг хохироох үйлдэл гаргасан гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 13,15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, эсхүл хэтрүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан, өөрөөр хэлбэл бие даасан зөрчил гаргасан байх, зөрчлийн бүрэлдэхүүнийг хангасан түүнийг нь тогтоосон байхыг шаардана. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн тушаалд намайг зөрчсөн үйлдэл гаргасан гэж дүгнэсэн байдаг. Энэ нь бие даасан зөрчил гаргасан гэж үзсэн хэрэг бус зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж гэдгийг баталж байгаа.
Би 8 сард амралтын мөнгө нэг сая гаруй төгрөг авсан. Нягтлан бодогчийн миний амралтын мөнгийг тооцож бодсон баримт хэрэгт байгаа тэр мөнгийг авсан, ня-богийн тооцоо зөв, маргахгүй зүйлгүй.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* нь Өмнөговь аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгүүлсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг хуульд заасан шаардлага хангаагүй, бичиг баримт дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах саналыг гаргасан байна.
Хуралдаанд оролцогч зарим гишүүд нь татгалзах шийдвэр нь хууль бус болох хуулийн үндэслэлтэй тайлбарласан байхад татгалзах шийдвэрийг гаргасан. Энэ сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болсныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9, 10 дугаартай шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрээр сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17 ны өдрийн “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10, 11 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Батааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт, С.Цэрэнбаярыг Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.
Аймгийн сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдлыг гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******, түүний өмгөөлөгчөөр Б.Болдбаатар нар оролцсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4 ний өдрийн 221/МА2016/0448, 221/МА2016/0444 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна гэж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Сонгуулийн ерөнхий хороо нь шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг тухайн хоёр тойрогт дахин явуулах мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 520 дугаартай албан бичгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн. Өмнөговь аймгийн Номгон сумын нэр бүхий иргэд “нэр дэвшигч С.Цэрэнбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь аймгийн сонгуулийн хорооны гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж бид хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна.
Энэ хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгаас төлөөллөө сонгож чадахгүйн улмаас бид өөрсдийн талаар тулгамдаж буй асуудал, үзэл бодлоо илэрхийлэх эрх алдагдаж хохирч байна. Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагчдын хууль бус үйлдлийн улмаас сонгогдох эрхээ хязгаарлуулж ноцтой хохирсонд гомдолтой байна” гэсэн гомдлыг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт гаргасан юм.
Мөн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргад Булган сумын нэр бүхий иргэд “аймгийн сонгуулийн хорооны нэр бүхий гишүүд хэтэрхий нэг талыг барьж бусармаг үйлдэл гаргаснаас болж манай суманд нэр дэвшсэн Б.Батаа нэр дэвшигчийг хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан явдал болсон. Нэр дэвшигчийн жагсаалтаас хассанаас болж манай суманд өнөөдрийг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчгүй байна. Иймд энэ асуудлыг судлаж аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан нэр бүхий төрийн албан хаагчдыг Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэж, зөрчил гаргасан төрийн албан хаагчид захиргааны хариуцлага хүлээлгэхэд Захиргааны ерөнхий хуупийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулан сонсох ажиллагааг явуулж түүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн юм.
Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэгтэй, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “Сонгуульд оролцож байгаа аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэсэн заалтыг ******* зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч хөлсөлж оролцож байгаа үйлдэл нь сонгуулийн хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж нам эвслийг дэмжсэн үйлдэл гаргасан. Сахилгын шийтгэлийг ногдуулах нь зөрчил гаргагч албан хаагчтай хөдөлмөрийн харилцаа бүхий эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хуулиар олгогдсон эрх юм.
Өөрөөр хэлбэл зохих хууль тогтоомжинд тусгагдсан сахилгын шийтгэлийн тодорхой хэлбэрийг зөрчил гаргасан ажилтан, албан хаагчид тогтоосон горим журмын дагуу зохих зарчмуудыг баримтлан оноож хэрэгжүүлэх хэм хэмжээг эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон байдаг түүний дагуу хариуцлага хүлээлгэсэн юм. Сонгуулийн хуулийн 29.дүгээр зүйлийн 29.7-д “зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаатай эргэж орохгүйгээр халах үндэслэл болно” гэсэн заалтыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг гаргасан нь хуульд нийцсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд О.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүрэг орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Тус шүүхэд гаргасан *******ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас “Аймгийн Сонгуулийн хороо Монгол Ардын Намаас нэр дэвшиж байсан хоёр нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргасан байхад эрх зүйн үр дагаврыг нь надад хариуцуулж ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй, Сонгуулийн хорооны гишүүний хувьд санал бодлоо илэрхийлж, гараа өргөж саналаа өгсөн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл болохгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн б/29 дүгээр тушаалаар мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулсан Өмнөговь аймгийн Сонгуулийн Хорооны гишүүнээр ажилласан байна.[1]
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[2] “...******* Өмнөговь аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгүүлсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг хуульд заасан шаардлага хангаагүй, бичиг баримт дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах саналыг гаргасан. Хуралдаанд оролцогч зарим гишүүд нь татгалзах шийдвэр нь хууль бус болох талаар хуулийн үндэслэлтэй тайлбарласан байхад татгалзах шийдвэрийг гаргасан. Сонгуулийн хорооны энэ шийдвэр хууль бус болсныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9, 10 дугаартай шийдвэрээр тогтоогдсон...Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “Сонгуульд оролцож байгаа аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэсэн заалтыг ******* зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн...” гэжээ.
Маргаан бүхий захиргааны акт[3] болох Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 дүгээр тушаалаар Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7, 165 дугаар зүйлийн 165.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан болох нь Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09, 10 дугаартай шийдвэрүүд, 14 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, иргэдээс ирүүлсэн гомдол, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******ийг Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халжээ.
Дээрх маргаан бүхий захиргааны акт гарсны дараа мөн Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн б/34 дүгээр тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгчээр М.Хатанзоригийг томилсон байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн б/16 дугаар тушаалаар М.Хатанзоригийг өөрийнх нь хүсэлтээр мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн б/17 дугаар тушаалаар мөн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Ганзоригийг томилсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны акт болох тушаалын үндэслэл болсон Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09, 10 дугаартай шийдвэрүүдээр[4] Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшүүлсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар[5] мөн намаас нэр дэвшигч Д.Батзориг, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн, О.Бадарч нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0444, 221/МА2016/0448 дугаар магадлалуудаар[6] захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09, 10 дугаар шийдвэрүүдийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Дээрх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрүүд нь Өмнөговь аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэл гомдлыг хянан шийдвэрлэсэн байхаас нэхэмжлэгч *******ийг Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.5.2-т ”сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан гэдгийг дүгнэж тогтоогоогүй байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага ногдуулсан өөр шүүхийн шийдвэр гараагүй,[7] мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нийт гишүүдийнхээ 100 хувийн ирцтэйгээр хуралдаж Монгол Ардын Намаас нэр дэвшүүлж ирүүлсэн нэр дэвшигчийг бүртгэх, эсэх тухай тогтоолын төсөл батлах асуудлыг хэлэлцэн хуралд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол баталсан нь хуульд нийцсэн байх ба уг хуралдаанд ******* “С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар” тайлбар хэлж, саналаа өгсөн нь хэрэгт авагдсан Сонгуулийн хорооны хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай тэмдэглэл[8], нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч ******* нь аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан зөрчил буюу сонгуулийн эрх бүхий иргэдийн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан, аль нэг намын болон нэр дэвшигчдийг эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийж, үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн тайлбар,[9] хариуцагчаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган сумын иргэдийн төлөөлөл гэх 14 иргэн, Номгон сумын иргэдийн төлөөлөл гэх 16 иргэн, мөн сарын 11-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Бадарч нараас “...Сонгуулийн хорооны дарга, гишүүд болох Төрийн албан хаагч /Т.Дөлбаяр, Н.Жамъянхорол, *******, Д.Мядагсүрэн, Б.Батдорж, П.Батцэцэг, Ж.Наранжаргал нарт/-дад Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулах...” агуулга бүхий өргөдөл, гомдлыг[10] аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга ******* нарт гаргасан байхад уг өргөдөл гомдлыг нягтлан шалгаж тогтоогоогүй атлаа дээрх шүүхийн шийдвэрүүдийг болон иргэдээс ирүүлсэн эдгээр өргөдөл гомдлуудыг үндэслэн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчдаас *******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчсөн тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл нэхэмжлэгч *******ийг үүрэгт ажлаас нь халсан сахилгын шийтгэл ногдуулсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/21 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн, нэхэмжлэгч *******ийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ийг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас түүний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.860.563 /арван сая найман зуун жаран мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар[11] хариуцагч *******, гуравдагч этгээд О.Ганзориг нарт 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч *******өөс хариуцагч, гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацаа /2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговорт 10.860.563 /арван сая найман зуун жаран мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 8-9, 68-87 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 31-41 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 247 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 50, 149 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 56-69 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 186 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 89-96 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 255-257 дугаар хуудас