| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0413/З |
| Дугаар | 001/ХТ2026/0001 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/0001
“Ө***”ХХН-ийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0452 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0591 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/0526 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М*** (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян (№2558), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А***, М.Г***, Б.Д***, Г.Н***, Ч.О***, Ц.У*** нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.”Ө***”ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг тус Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу *** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.”Ө***”ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу аж ахуй нэгжийн албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр www.etax.mta.mn татварын цахим системээр гаргасан ба уг хүсэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр www.etax.mta.mn татварын цахим системд цуцалсан төлөвтэй болгожээ.
3.Цуцалсан төлөвтэй холбогдуулан “Ө***”ХХН-өөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад гомдол гаргаж, тус хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” *** дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн байна.
4.Дээрх албан бичигт “... татвар ногдуулах орлого гэдэг нь татвар ногдох орлогоос хуулийн дагуу хасагдах зардлыг хасаж ногдуулсан төлбөл зохих албан татварын дүн юм ... Танай байгууллагын албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс их дүнгээр жилийн эцсийн тайланд тусгагдсан байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэж дурджээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0452 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө***”ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу *** төгрөгийн татварын буцаан олголтыг нэхэмжлэгчид олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгажээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0591 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 18 дугаар зүйлийн 18.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ө***” ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу *** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М***, өмгөөлөгч С.Батбуян нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/0526 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М***, өмгөөлөгч С.Батбуян нараас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах (агуулгаар нь тусгав) гомдлыг гаргажээ. Үүнд:
8.1.Нэхэмжлэгчийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан орлого 1.1 тэрбум төгрөг тул татварын хөнгөлөлт авах эрх үүссэн. Харин тухайн жилийн нийт борлуулалтын орлогын дүн 1.9 тэрбум төгрөг бөгөөд энэ нь татварын хөнгөлөлт тооцохтой уялдаа, хамааралтай дүн биш. Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 гэсэн зохицуулалтыг системчлэлийн аргаар үндэслэл бүхий тайлбарласан бол; давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг ямар үндэслэлээр буруу гэж үзэж байгаа талаараа тайлбарлахгүйгээр, татварын хуулийн зохицуулалтыг зөвхөн үгчлэх байдлаар тайлбарлан хэрэглэж, шийдвэрийг хүчингүй болгосон.
8.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “тус хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан” бол хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Хэрэв энд заасан 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй гэдэг нь нийт борлуулалтын орлогыг илэрхийлсэн бол энэ хэсэгт тус хуулийн “18.2-т заасан албан татвар ногдох орлого” гэж тодруулан эшлэхгүй.
8.3.2018 онд хуулийг сайжруулан, шинэчлэн найруулахдаа 22.1-д “тус хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй” гэсэн нь 2006 оны хуулиас шинэ агуулга, зохицуулалтыг оруулж ирсэн. Хэрэв хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг 2006 онд хуульд байсан агуулгыг 2018 онд хуульд хэвээр оруулах байсан бол хууль тогтоогч 18.2 дахь хэсгийг эшилж, тодруулахгүй. Харин 2018 оны хуулийн төслийн анхны хувилбарын 22.1 дэх хэсэг нь аливаа тодруулга заалт, зохицуулалт эшлэхгүйгээр “албан татвар төлөгчийн жилийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэсэн байсан. Эндээс үзэхэд, үзэл баримтлалын дагуу хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулахдаа, энэ хэсэгт дурдсан 1.5 тэрбумын борлуулалтын орлого гэдэг нь ААН-ийн тухайн жилийн нийт борлуулалтын орлогыг илэрхийлж байж. Харин хуулийн төслийг хэлэлцүүлгийн материалаас үзэхэд, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 17, мөн Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн 27 дахь талд ... тус тус өөрчлөн найруулахаар тусгасан нь ... одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 22.1 дэх хэсэгтэй таарч байна.
8.4.Хууль эцэслэн батлагдахад, тус хуулийн 22.1 дэх хэсэг нь “энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан ... албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж батлагдсан. Иймд анхан шатны шүүхийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэл бүхий байдлаар тайлбарласан.
8.5.Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн зохицуулалт нь татвар шударга байх зарчим, татвар төлөх төлбөрийн чадварын зарчим, харилцан ашигтай байх зарчим (Wicksell-Lindahl), Хайг-Саймонсийн орлогын онол, орчин үеийн татварын шударга ёсны онолууд, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Олон улсын валютын сангийн байр суурь, онол зарчмуудад үндэслэж “тус хуулийн 18.2-т заасан буюу зардал хассан татвар ногдуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол” хөнгөлөлт эдлүүлэхээр зохицуулсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
10.Давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч хууль тайлбарлах аргыг бүрэн хэрэглээгүй тул энэ талаар тодруулж, магадлалыг хэвээр үлдээв.
11.Нэхэмжлэгч “Ө***”ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “татварын буцаан олгох хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасны дагуу *** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “… манай байгууллагад татварын буцаан олголт авар эрх үүссэн, учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар албан татвар ногдох борлуулалтын орлогын нийт дүнгээс тус хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байхгүй буюу “0”-ийг хасаж 2024 оны албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход *** төгрөг гарч байгаа болно” гэж; хариуцагчаас “... татвар ногдуулах орлого гэдэг нь татвар ногдох орлогоос хуулийн дагуу хасагдах зардлыг хасаж ногдуулсан төлбөл зохих албан татварын дүн юм. Танай байгууллагын албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс их дүнгээр жилийн эцсийн тайланд тусгагдсан байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй байна” гэж маргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ хүрээнд холбогдох хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.
12.Үүнээс үзэхэд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан татвар ногдох орлого” гэж заасан нь хуульд тусгасан хасагдах зардлыг тооцохоос өмнөх аж ахуйн нэгжийн тухайн жилийн нийт бараа, ажил, үйлчилгээний орлогын дүнг илэрхийлэх, эсхүл аж ахуйн нэгжийн тухайн жилийн нийт бараа, ажил, үйлчилгээний албан татвар ногдох орлогоос мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан хасагдах зардлыг хасаж тооцсоны дараах орлогыг илэрхийлэх эсэх нь маргааны гол зүйл болжээ.
13.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.3-т “Хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсэн үнээс уг хувьцаа, үнэт цаасыг худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүнг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.5-д “Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулсан, шилжүүлсэн орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлно” гэж тус тус заасан байна.
14.Нэг.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж зааснаар татварыг тогтоох, өөрчлөх, хөнгөлөх буюу буцаан олгохыг хуулиар тодорхойлох нь зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрх тул маргаан бүхий хуулийн зохицуулалтын зорилго, мөн чанарыг зөв тайлбарлахын тулд хууль тогтоогчийн хүсэл зоригийг тандах шаардлагатай бөгөөд үүнд хуулийг тайлбарлах түүхчилсэн аргыг хэрэглэх нь зүйтэй.
15.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын 3 дахь хэсэгт “Одоогийн татварын хуулиар бүх төрлийн аж ахуйн нэгж нэгэн ижил тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг тул жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх, тайлагнахтай холбогдсон зардлууд хүндрэл учруулдаг. Жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгалаа. Үүний дагуу … жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгалаа” гэж; 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд “… 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олсон бол төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авахаар тусгалаа” гэж тус тус дурджээ.
16.Дээрхээс дүгнэвэл, хууль санаачлагчийн хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн үндсэн зорилго нь жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын ачааллыг бууруулахад оршиж, уг дэмжлэгийг борлуулалтын болон үйл ажиллагааны орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй аж ахуйн нэгжид олгохоор зорьжээ.
17.Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татварын буцаан олголтын талаарх зохицуулалтын төсөлд зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хууль санаачлагчаас анх өргөн мэдүүлсэн “борлуулалтын орлого” гэх үзэл баримтлал хуулийн төсөлд анх тусгагдсан агуулгаараа хадгалагдан үлдэж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уг хуулийг эцэслэн баталжээ.
18.Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... Харин 2018 оны хуулийн төслийн анхны хувилбарын 22.1 дэх хэсэг нь аливаа тодруулга заалт, зохицуулалт эшлэхгүйгээр “албан татвар төлөгчийн жилийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэсэн байсан. Эндээс үзэхэд, үзэл баримтлалын дагуу хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулахдаа, энэ хэсэгт дурдсан 1.5 тэрбумын борлуулалтын орлого гэдэг нь ААН-ийн тухайн жилийн нийт борлуулалтын орлогыг илэрхийлж байж. Харин хуулийн төслийг хэлэлцүүлгийн материалаас үзэхэд, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 17, мөн Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн 27 дахь талд ... тус тус өөрчлөн найруулахаар тусгасан нь ... одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 22.1 дэх хэсэгтэй таарч байна” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.
19.Хоёр.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.4.2-т “хөрөнгийн орлого”, 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 7.4.4-т “бусад орлого”, 7.5-д “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно” гэж албан татвар ногдох орлогыг тодорхойлжээ.
20.Түүнчлэн, хуулийн 18 дугаар зүйлийг “Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох” гэж гарчиглан, 18.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна”, 18.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.3-т “Хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсэн үнээс уг хувьцаа, үнэт цаасыг худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүнг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.5-д “Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулсан, шилжүүлсэн орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлно” гэж тус тус албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохын тулд ямар төрлийн орлого олсноос хамааран хасагдах зардал бүрийг ялгамжтай зааглан хуульчилжээ.
21.Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийг “Албан татварын хөнгөлөлт” гэж гарчиглан 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү бүлэглэсэн зүйлийн зорилго нь албан татварыг ямар нөхцөлд хөнгөлж болохыг хууль тогтоогч тусгайлан заасан байна.
22.Дээрхээс үзэхэд, хуулийн 18 дугаар зүйл нь татвар ногдуулах орлогыг тодорхойлоход чиглэсэн бол 22 дугаар зүйл нь харин албан татвараас хөнгөлөхөд чиглэсэн, өөр өөр зорилго бүхий зохицуулалт тул эш татсан диспозицийг үндэслэж зохицуулалтын агуулгыг тодорхойлох боломжгүй, энэ талаар дурдсан хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.
23.Түүнчлэн, “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар …” гэж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон заалтыг эшилсэн нь хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д зааснаас бусад зохицуулалтад хамаарахгүй гэх агуулгыг илэрхийлсэн буюу өөрөөр хэлбэл, хуулийн 18.6, 18.7 ... гэх зэрэг 18 дугаар зүйлийн бусад дэд заалтад тусгасан хэсэгт хамааралгүй гэдгийг илэрхийлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг” гэж хамаарах заалт бүрийг тодорхой зааж эшилсэн гэж үзэхээр байна.
24.Гурав.Хуулийг батлан гаргах болсон хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зохицуулалтын уялдаа төдийгүй хуулийн нэр томьёо, үгийн шууд утгыг авч үзэхэд өмнө дурдсан үндэслэл мөн тогтоогдож байна.
25.Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “…албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан ...” гэж тодорхой заасан бөгөөд хасагдах зардлыг хассаны дараах дүн болох “албан татвар ногдуулах орлого” гэж хууль тогтоогч тодорхойлон заагаагүй байна. Иймд хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.4.2-т “хөрөнгийн орлого”, 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 7.4.4-т “бусад орлого”, 7.5-д “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно” гэж тус тус заасны дагуу албан татвар ногдох орлого гэдэгт хасагдах зардлыг бус, албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хассаны дараах нийт борлуулалт, үйл ажиллагааны орлогыг бүхэлд нь авч үзэхээр байна.
26.Гэтэл анхан шатны шүүх “… Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах үг зүйн аргын үүднээс харахад, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн гипотезэд Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг ... гэсэн байх буюу үг зүйн хувьд албан татвар ногдох орлого гэж заасан байх боловч эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах системчилсэн тайлбарын үүднээс авч үзвэл, хууль тогтоогч энэхүү хэм хэмжээний гипотез хэсэгт мөн хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5 дахь хэсгийг шууд эш татан заасан байгаагаас үзэхэд албан татвар ногдох орлого бус, харин албан татвар ногдуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх нөхцөл нь албан татварын хөнгөлөлт эдлэх эрх үүсгэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хуулийн зохицуулалтын зорилго, хоорондын уялдаа болон нэр томьёог зөв тайлбарлаагүй, хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаараагүйг дурдах нь зүйтэй.
27.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хуулийн тодорхой заалтаар аж ахуйн нэгжийн тухайн жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байгаа тохиолдолд тухайн татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч “Ө***” ХХН-ийн албан татвар ногдох орлого *** төгрөг буюу хуульд заасан 1.5 тэрбум төгрөгийг давсан байгаа энэ тохиолдолд ногдуулсан татварын 90 хувиар татварын хөнгөлөлт эдлэх хууль зүйн үндэслэлгүй ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2-т ... тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг хэрхэн яаж тооцохыг тодорхойлсон байна. Харин мөн хуулийн 22.1-д ... албан татвар ногдох орлогын дүнг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан гэж тодорхой заасан байх тул тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх тохиолдолд ногдуулсан татварын 90 хувиар татварын хөнгөлөлт эдлэхээр байна” гэж дүгнэн маргаан бүхий заалтыг хуулийн бусад зохицуулалттай харилцан уялдаанд авч үзсэн нь зөв боловч хууль тогтоогчийн хүсэл зоригийг тандах буюу хууль тайлбарлах түүхчилсэн аргыг анхаараагүйг дурдах нь зүйтэй.
28.Тиймээс энэ талаар тодруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0591 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө***”ХХН-ийн төлөөлөгч Ж.М***, өмгөөлөгч С.Батбуян нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ