Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2025/00060

 

А.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00545 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************ оршин суух А.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль /захирал Х.Р/-д холбогдох,

 

“Тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч А.Б-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш, хариуцагч байгууллагын өмгөөлөгч А.С-жан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дугаартай "Ажилд томилох тухай" мэргэжлийн үндсэн багшийн ажилд туршилтын хугацаагаар томилогдсон. Дараа нь ажил олгогчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаартай тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд бүр томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

1.2. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "А.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар А.Б- намайг "Барилгын өргөн мэргэжлийн багш"-ийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд маш их гомдолтой байна. А.Б- би тус сургуульд багшаар ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан. Уг тушаалд намайг орон тооны цомхотголд оруулсан гэж дурдсан боловч А.Б- би 2024-2025 онуудын хичээлийн жилд буюу 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажлыг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд цалин хөлсөө ч авч байсан.

1.3. Миний зааж байсан барилгын засал чимэглэлийн хичээлийн цагуудыг мужаан О.Ж-, Е.М- нарт хуваарилж өгсөн. Барилгын өргөн мэргэжлийн багш /БӨМБ/ С.С- нь “компьютер-физик" мэргэжилтэй ба тэрээр тус сургуулийн цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ажиллах хүсэлт гаргасны дагуу түүнийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулахаар тушаал гарсан. Гэтэл С.С- нь уг албан тушаалд ажиллахгүй гэж өөрийнхөө ажиллаж байсан БӨМБ-аар ажиллана гэсний дагуу ажил олгогчоос урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Гэтэл хариуцагчаас уг цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоонд ч гэсэн намайг ажиллуулаагүй явдалд гомдолтой байна.

1.4. Намайг Барилгын өргөн мэргэжлийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль бус гэж үзэж байна. Уг тушаалыг ажил олгогчоос надад 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, А.Б- би уг маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус гурван талт хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Гурван талт хорооны тэмдэглэлийг А.Б- би 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан. А.Б- миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "А Б-ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, А.Б- намайг тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье.  

 

2. Хариуцагч хариу тайлбар, татгалзал:

2.1.Иргэн А.Б-аас 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус сургуульд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгах тухай" нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

2.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар “Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц’’-ийг баталснаар багшийн орон тоог орон тооны дээд хязгаарт багтаан МБСБ шийдвэрлэхээр зохицуулсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаалаар Мэргэжлийн боловсролын сургуулийн элсэлтийн хяналтын тоог баталсан байх ба тус сургуулийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо 90 болж багасаж, заах хичээлийн цаг хорогдож “Барилгын өргөн мэргэжлийн багш”-ийн орон тоо 6 болж цөөрсөн тул барилгын өргөн мэргэжлийн багшийн албан тушаалыг эрхэлж байсан 9 багшаас 3-ыг нь чөлөөлөх зүй ёсны шаардлага гарсан. Энэхүү байдлыг барилгын өргөн мэргэжлийн багшаар ажилладаг А.Х-, Х.А-, А.Б-, О.Ж-, Е.М-, Д.О-, М.Н-, С.С-, А.Б- нарт албан ёсоор хэлж танилцуулсан.

2.3.Тэгтэл багш Д.О-, М.Н- нарын хувьд хүүхэд асрах чөлөө авсан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу С.С-ийг урьд эрхэлж байсан барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул багш АХ-, Х.А-, А.Б-, О.Ж-, Е.М-, А.Б- нараас 1 багшийг чөлөөлөхөөр болж үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан багш А.Б-ыг цомхотголд оруулахаар болсон. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын өргөн мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн.

2.4. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч А.Б-ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу 2024 оны 10-11 дүгээр сард энэ тухай урьдчилж мэдэгдэж байснаас гадна сонсгох ажиллагааг албан ёсоор явуулсан. Энэхүү байдал нь тус сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 188 дугаартай мэдэгдэл, шуудангийн баримт, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

2.5. Ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн гаргасан шийдвэртэй А.Б- танилцсан боловч хүлээж авахаас татгалзаж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж 5 гаруй жил ажилласан байдал зэргийг харгалзан үзэж ажилтай болгож өгөх тухай өргөдөл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Б- өөрийг нь ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг лавтай сайн мэдэж байсан атлаа тушаалыг гардаж авалгүй 02 дугаар сарын цалингийн зөрүү гэж 1,000,000 төгрөг гаргуулахаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан. Чухам энэ үед А.Б- ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн хувийг гардаж аваад шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.6.  Иймд А.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00545 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх А.Б-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.2. Ажил олгогч ажилтан А.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэсэн үндэслэлээр ажилтан А.Б-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно: 82.1.3 “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх" гэж хуульчилсан байна. Ажилтан А.Б- нь тус байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 12-ны Б\61 дугаартай тушаалаар “Барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар ажиллаж эхэлсэн ба тэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч А.Б-ыг орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3 дахь хэсэгт зааснаар гурваас доошгүй сарын тэтгэмж олгох үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3 дахь заалтуудыг баримтлаагүй нэхэмжлэгч А.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл огт ажлаас халагдсаны тэтгэмж аваагүй байна. Иймд анхан шатны шүүх ажилтан А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  

4.3. Ажил олгогч ажилтан А.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэсэн үндэслэлээр ажилтан А.Б-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4. “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдсэн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “ ... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар 188 дугаар албан бичгээр мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч А.Б- нь авахаас татгалзсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон“ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: ажил олгогчоос 188 дугаартай албан тоотоор А.Б-т мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд уг мэдэгдлийг А.Б- нь хэзээ, хэдийд ямар албан тушаалтантай уулзаж яаж татгалзсан үйл баримт иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Гэтэл ажил олгогчоос А.Б-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 188 дугаартай мэдэгдэл өгсөн эсэхийг хөдөлбөргүй нотолж чадаагүй гэж үзэж байна.

4.4. Харин Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025.02.21-ний өдрийн “Барилгын өргөн мэргэжлийн багш А.Б- Танд” гэсэн 58 дугаартай Мэдэгдэл хуудаст “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаалаар Мэргэжлийн боловсролын сургуулийн элсэлтийн хяналтын тоог баталсан, тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, заах хичээлийн цаг хорогдож барилгын өргөн мэргэжлийн багш”-ийн орон тоо цөөрсөн тул орон тооны цомхотгол хийх үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж байна” гэж заасны дагуу мэдэгдэж байна. Захирал Х.Р-. Мэдэгдэл хүлээж авсан А.Б- Огноо: 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр“ гэжээ. Иймд уг мэдэгдэх хуудсыг анхан шатны шүүх үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Тэгэхэд багш Д.О-, М.Н- нарын хувьд хүүхэд асрах чөлөө авсан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу С.С-ийг урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул багш А.Х-, Х.А-, А.Б-, О.Ж-, Е.М-, А.Б- нараас 1 багшийг чөлөөлөхөөр болж ажилд орсон оны дараалал, ажлын үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан багш А.Б-ыг цомхотголд оруулахаар болсон..." гэжээ. Ажил олгогчийн энэхүү тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь ажил олгогч Барилгын өргөн мэргэжлийн багш нар А.Х-, Х.А-, А.Б-, О.Ж-, Е.М-, А.Б- нарын орон тооны цомхотголд оруулахдаа “ажлын үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг” хэрхэн тогтоосон талаар нотлох баримт байхгүй байна. Нөгөө талаас орон тооны цомхотголд оруулах ёстой багш Д.О-, М.Н- нарт хүүхэд асрах чөлөө өгч орон тооны цомхотгол хийх үйл ажиллагаанд оролцуулаагүй байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуульд “ажлын үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг” харгалзан ажилтныг орон тооны цомхотголд оруулах тухай асуудлыг хуульчлаагүй байна. Иймээс ажил олгогчийн тушаал нь хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.6. Ажил олгогч А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаартай “Мэргэжлийн болон техник боловсролын сургалт байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай” тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024.06.24-ны өдрийн А/313 дугаартай “Элсэлтийн хяналтын тоог батлах тухай” тушаалуудыг баримталсан боловч уг тушаалуудад А.Б-ын орон тоог цомхотгосон тухай ямар нэгэн заалт байхгүй байгаа нь маргаан бүхий тушаал нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

 

4.7. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Боловсролын сургуулийн захирлын 2024.09.11-ны өдрийн А\27 дугаартай, 2024.09.13-ны өдрийн А\32 дугаартай тушаалуудыг хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үүднээс нотлох баримтуудаар гаргаж өгсөн боловч уг тушаалуудыг ажил олгогч А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа дурдаагүй байгаа нь уг тушаал хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.8. Нэхэмжлэгч А.Б-аас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024-2025 оны барилгын засал чимэглэлийн хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг буюу чадамжийн нэгж /судлагдахууны/ жагсаалтад тусгагдсан зарим хичээлүүдийг мужааны багш О.Ж- заахаар хуваарилж өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл мужааны багш О.Ж- нь барилгын засал чиглэлийн хичээлүүдийг заах мэргэжил эзэмшээгүй гэж үзэж байна. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Боловсролын сургуулийн захиргаанаас 2024-2025 оны хичээлийн жилд мужааны багш О.Ж- заахаар хуваарилсан хичээлийн цагийн хуваарь, О.Ж-ын мэргэжлийн диплом, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын албыг хавсран гүйцэтгэгч Х.Р-ы 2024-2025 оны Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг баталсан бичиг баримтууд, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Боловсролын сургуулийн барилгын засал чимэглэлийн цагийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б-ын миний ажиллаж байсан орон тоо хасагдаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

4.9. 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд буюу 2024 оны 9 дүгээр сарын эхээр 1 ё-1 буюу Барилгын өргөн мэргэжлийн нэг жилийн сургалттай ангид 15 суралцагч элсэж байсан. Уг ангийг нээх зөвшөөрлийг дээд газраас өгсөн байхад ажил олгогч нь уг хичээллэж эхэлсэн ангийг хүүхдийн ирц хангалтгүй гэж хаасан явдлыг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч уг ангийн сурагчдын ирц хангалтгүй байсан гэдгийг амаар тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн нотлох баримтад түшиглээгүй байгаа нь ажил олгогчийн тайлбар нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь жилийн эхэнд хичээллэж эхэлсэн ангийг зориуд хаагаад 2025 оны хичээлийн жил дуусахад хэдхэн сар үлдэхэд багшийн орон тоог цөөрүүлсэн явдал нь бодит байдалд нийцэхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.10. 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд буюу 2024 оны 9 дүгээр сарын эхээр 1 з-2 буюу барилгын засал чимэглэлчин нэг жилийн сургалттай ангид 25 суралцагч элсэж байсан. Бусад мэргэжлийн ангиудад элсэгчийн тоо 25 хүрсэн тохиолдолд хоёр бүлэг болгон хувааж цаг нь хүрээгүй багш нарын цагийг нэмж зохицуулалт хийж байсан. Гэтэл ажил олгогч нь 25 элсэгчийн 15 нэг анги болгоод үлдсэн 10 элсэгчийг хассан ажиллагаа нь буруу гэж үзэж байна. Чухам эндээс үзэхэд ч А.Б-ын ажиллаж байсан орон тоо цөөрүүлэх шаардлагагүй байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна.

4.11. Тус сургуулийн сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Х.Р- нь сургуулийн захирлаар томилогдсоноор тус сургуульд цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байсан З.Е- нь сургуулийн сургалтын менежерээр томилогдсоноор цахим тоног төхөөрөмж, сүлжээ хариуцсан ажилтны орон тоо сул орон тоо болсон. Ажил олгогч уг сул орон тоонд компьютер-физикчийн мэргэжилтэй С.С-ийг ажиллуулж байсан. Гэтэл С.С- нь би уг ажлыг хийхгүй, би заавал багш хийнэ гэж хэлэхээр шууд ажил олгогч нь Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд томилуулан ажиллуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Нөгөө талаас С.С- нь цахим тоног төхөөрөмж сүлжээ хариуцсан ажилтнаар 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллахаар ажил олгогчид бичгээр хүсэлт гаргасан ба ажил олгогчоос уг сэлгэн ажиллуулах хугацаа дуусаагүй байхад Барилгын өргөн мэргэжлийн багшаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59.4-д “Сэлгэн ажиллуулах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтын хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Нөгөө талаас тус сургуульд цахим тоног төхөөрөмжийн хичээлийг 5 багш зааж байна. С.С- нь би заавал багш хийнэ гэвэл цахим тоног төхөөрөмжийн 5 багшийн хооронд харилцан тохиролцоо хийж С.С-ийг тус сургуулийн цахим тоног төхөөрөмжийн багшаар ажиллуулах боломж байсныг ажил олгогч хайхарч үзээгүй байгааг тэмдэглэн хэлье.

4.12. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2024/00020 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А.Б-ын “Тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/27 дугаар, 10 дугаар сарын 31-ний өдрийн А/43 дугаартай Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний А/185 дугаар  тушаал хуулийн хүчин төгөлдөр байна. Эдгээр тушаал, шийдвэрүүдтэй  холбоотой нэхэмжлэгч маргаагүй, энэ тушаал хүчин төгөлдөр байгаа учраас 90 элсэгч тухайн үед элссэн, 6 багш ажиллуулах шаардлага гарсан, ингэж цомхотголд оруулсан. Төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуульд зааснаар илүү цалин олгох боломжгүй, цомхотголд оруулах ёстой хүнийг оруулахгүйгээр ажиллуулах юм бол бусдад давуу байдал бий болгосон гэдгээрээ өөрөө асуудалд орно. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 80  дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-ын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан “Тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд 2022 оны 4 дугаар сарын 19-ний өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр Барилгын өргөн мэргэжлийн багшаар /Барилгын засал чимэглэлийн ангид онол, дадлагын хичээл заах/ ажиллаж байсан А.Б-ыг тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 /ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох/ дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 /ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/ дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 6.4.1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/313 дугаар тушаал, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаартай тушаалыг тус тус үндэслэн “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

9. А.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл: 

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай” тушаалын 3  дугаар хавсралтаар “Захиргааны удирдлага  болон ажилчдын орон тооны жишиг бүтэц”-ийг баталсан байх бөгөөд 20 дахь хэсэгт “Багш”-ийн албан тушаалыг  орон тооны дээд хязгаарт багтаан Мэргэжлийн боловсролын сургуулийн байгууллага шийдвэрлэнэ” гэж,

- Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 2.1-т “Сургалтын байгууллага үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн хангасан, Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрэм, орон тооны жишигт нийцүүлсэн дүрэм, бүтэцтэй байна”, 2.6-т “Сургалтын байгууллагын  багш,боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмын дагуу тус Мэргэжлийн боловсролын сургуулийн хүргүүлсэн хяналтын тоо хүргүүлэх тухай саналын хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаалаар элсэлтийн хяналтын тоог хавсралтаар баталсан ба тус хавсралтад Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог 90 болгож баталсан, 

- Ажилтан А.Б- нь ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар барилгын өргөн мэргэжлийн цагийн багшаар, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар барилгын өргөн мэргэжлийн үндсэн багшийн ажилд туршилтын хугацаагаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаартай тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын өргөн мэргэжлийн дадлагажигч багшаар, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/90 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул барилгын өргөн мэргэжлийн багшаар томилогдон тус тус ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдов.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль нь ажилтан А.Б-ын  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь нотлох баримтуудад үндэслэгдсэн, хариуцагч байгууллагаас тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэлтийн тоо багасаж,  заах хичээлийн цаг хорогдож, орон тоо цөөрсөн гэх үндэслэл нь бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх тул энэ талаарх ажилтны гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

11. Тус сургуулийн орон тооны бүрэлдэхүүнээс үзвэл А.Б-ын ажиллаж байсан “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоонд  2023-2024 оны хичээлийн жилд 9 багш ажиллаж байжээ. 2024-2025 оны багшийн ажлын байрны орон тоог ажил олгогчийн удирдах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэж тус сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоо, анги удирдсан багш нарын нэрс, Дадлагын газар, анги кабинет хариуцах багш нарын нэрсийг шинэчлэх тухай А/43 дугаар тушаалаар баталсны 3 дугаар хавсралтаар “2024-2025 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тоог баталсны Барилгын бүтэц угсралтын суралцагчийн тоо 90, ажиллах багшийн тоо 6 болгосон”, улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/313 дугаар тушаалаар баталсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог үндэс болгож 2024-2025 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй гэх шалтгаанаар “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтан А.Б-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогджээ.  

 

12. Анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг  маргаан бүхий Барилгын өргөн мэргэжлийн багшаар тус сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаалаар Х.А-, А.Б- нарыг, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 109 дүгээр тушаалаар А.Х-ийг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Д.О-г, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/120 дугаар тушаалаар М.Н-г, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаар тушаалаар Е.М-, О.Ж- нарыг мужааны багшаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/000175 дугаар шийдвэрийг үндэслэн С.С-ийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар, А.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба ажил олгогчоос ажилд орсон огнооны дараалал, ажлын дадлага, туршлага, ажиллах хугацаанд ажлын үр дүнгээ дүгнүүлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан сүүлд ажилд орсон ажилтан Д.О-, М.Н- нарт хүүхэд асрах чөлөө олгож, А.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/313 дугаартай тушаал, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаартай тушаалуудыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болжээ.

 

12.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, заах хичээлийн цаг хорогдож Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоо цөөрсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тус сургуульд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй явдал нь ажилтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй, сургуулийн элсэлтийг зохион байгуулах нь ажил олгогчийн чиг үүрэг мөн боловч энэхүү бодит нөхцөл байдал нь тус сургуулийн “Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багш”-ийн орон тоог цөөрүүлэхэд хүргэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалд нийцсэн, орон тоог цөөрүүлсэн буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул дээрх үндэслэлээр  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь хэсэгт зааснаар “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон шийдвэрийг үгүйсгэсэн нэхэмжлэгчийн үндэслэл нь бодитой тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

14. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2025/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ