Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01584

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03986 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

54,405,500 тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сард North Benz/Норд бенз/ маркийн өөрөө буулгагч автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдах зарыг фэйсбүүкт байршуулсан. Уг зарын дагуу ******* гэх хүн холбогдож автомашиныг чинь очиж үзээд худалдаж авъя гэсэн. Улмаар уг автомашин таалагдсан тул бэлэн 20,000,000 төгрөгийг нь төлье хотод таньдаг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлнө гэсэн.

1.2. Талууд автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, ******* ӨВА улсын дугаартай North Benz/Норд бенз/ маркийн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдан авах, автомашины төлбөрийн 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдлийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгөхөөр тохиролцож улмаар 2022 оны 06 сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу аваад явсан.

1.3. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул ******* нь 2023 оны 09 сарын 21-ний өдөр автомашинаа очиж авсан. Автомашиныг очиж авахад анх хариуцагчид хүлээлгэж өгсөн шигээ байгаагүй бөгөөд хойд тэнхлэг, харандаан гол, аппаратур, дугуйнууд жигд элэгдэлтэй, хропканы хальс хагарсан, 2 аккумляторын шонгууд хайлсан байсан. Ингээд нэхэмжлэгч иргэн ******* гэх хүнд автомашинаа өмнөх үнээ барихгүй байсан тул 40,000,000 төгрөгт худалдсан.

1.4. Хариуцагч нь урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгөө гаргуулахаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн хэдий ч хариуцагч үнийг төлөх боломжгүй болж улмаар гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болсон.

1.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид North Benz/Норд бенз/ маркийн өөрөө буулгагч автомашиныг худалдахаар 2022 оны 06 сард шилжүүлсэн бөгөөд 2022 оны 09 сарын 21-ний өдөр буцааж авсан ба ******* нь тухайн автомашиныг 2022 оны 06, 07, 08 сард өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан. Энэ хугацаанд хамгийн багадаа 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээсэлж ашиг олж үр шимийг нь хүртэх бүрэн боломжтой байсан тул хариуцагч нь 3 сарын түрээсийн төлбөр буюу 30,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

1.6. Мөн тухайн автомашины эд ангийн эвдрэлээс шалтгаалан 60,000,000 төгрөгийн үнийн дүнтэй автомашиныг 40,000,000 төгрөгөөр зарсан тул 20,000,000 төгрөгөөр хохирсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт тус тус зааснаар 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгчээс North Benz/Норд бенз/ маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдаж авсны дараа ******* нь хариуцагчид машины төлбөрөө төлж чадахгүй бол наймаагаа буцаая гэсний дагуу хүлээн зөвшөөрч 2022 оны 09 сарын 21-ний өдөр ******* нь автомашинаа авсан.

2.2. Анх машинаа 50,000,000 төгрөгөөр зарахаар болж аман тохиролцоо хийж би урьдчилгаа 20,000,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн. Гэтэл машин анх түүнд өгсөн шиг байгаагүй эвдрэлтэй байсан гэж нэхэмжлэлдээ дурджээ.

2.3. ******* нь надад хэлэхгүй, зөвшөөрөлгүй, эзгүй байхад гэрт байсан хүнд машин унаж үзье гэж хэлээд аваад явсан байдаг. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан бол тухайн үед машин хүлээж авахдаа шалгаж үзээд надтай уулзаж энэ талаар хэлж тооцоо асуудлаа шийдэхгүй яагаад өдийг хүртэл чимээгүй байсан юм. Автомашинаа өөрөө унаж эвдрэл гэмтэл учруулаад эсхүл хуурамч баримт бүрдүүлж надаас энэ төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. Хариуцагч нь Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автомашины урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд ******* болон түүний өмгөөлөгч нь тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргана, гэрч асуулгана гэсэн боловч гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй. Баримт гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй.

2.5. Шүүхийн шийдвэр гарч *******аас надад 20,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө өгдөггүй, хаягтаа байхгүй хохироож байна. Одоо үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас нийт 15,000,000/арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон, үлдсэн 22,405,500/хорин хоёр сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******ас нийт 57,405,500/тавин долоон сая дөрвөн зуун таван мянга таван зуу/төгрөг гаргуулахаар шаардсанаас 20,000,000/хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1 1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 541,450 төгрөгөөс 541,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд 55,000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 62 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэн Beiben North Benz маркийн ******* ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд байсан хугацаанд буюу 2022 оны 06, 07, 08 сарын байдлаар нэг сарын түрээсийн төлбөр хэд байх талаар тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөр 12,498,500 төгрөг гэж тогтоосон. Гэрч ******* нь сард 10,000,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан, төлбөрийг дансаар зарим үед бэлнээр авдаг байсан гэж гэрчилдэг.

4.2. Гэвч анхан шатны шүүхээс зөвхөн дансаар авсан хэсгийг нотлох баримтаар үнэлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь 2022 оны 06, 07, 08 сард маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн эзэмшилд байсан талаар маргадаггүй, анх худалдан авахаар тохиролцоход эвдрэл гэмтэлгүй зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгө байсан талаар тайлбарладаг, мөн гэрчийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж байсан гэх үйл баримт тогтоогддог.

4.3. Хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг ажил ихтэй оргил үед нь өөрийн эзэмшилдээ байлгаж байсан тул тухайн тээврийн хэрэгслээр олох ёстой байсан 37,405,500 төгрөгөөр хөрөнгөжсөн учир түүнээс гаргуулах нь Иргэний хуулийн 493 дүгээр зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт 22,405,500 төгрөгийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талын хэлсэнчлэн гэрч гэх *******ын эхнэр нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийг хувь хүн болон компанид түрээсэлдэг байсан гэдэг боловч ямар хувь хүн болон компанид түрээсэлдэг байсан талаар огт мэддэггүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ямар компани болон хувь хүнд түрээсэлдэг вэ гэж асуухад энэ талаар мэдэхгүй гэж хариулдаг атлаа сард 10,000,000 гаруй төгрөг олдог байсан гэж хэлдэг.

5.2. Хэрэгт зөвхөн нэг өдрийн буюу 2022 оны 05 сарын 12-ны өдрийн түрээс гэх утгатай 5,000,000 төгрөг орсон дансны хуулга авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх тухайн дансны хуулгыг үндэслэж тээврийн хэрэгслийг түрээсэлсэн тохиолдолд сард 5,000,000 төгрөг олно, үүнийг 3 сараар тооцвол 15,000,000 төгрөг болно гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.3. Шинжээчийн дүгнэлт гарсан боловч бодитоор сард 10,000,000 төгрөг олдог гэх баримт хэрэгт огт авагдаагүй. Анхан шатны шүүх зөвхөн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн баримтыг үндэслэсэн болохоос өмнөх буюу 2022 оны 01-04 саруудад тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн гэх баримтууд хэрэгт огт байдаггүй. Түүнчлэн гэрч *******аас н.******* гэх хүнийг таних уу гэж асуухад танихгүй гэдэг.

5.4. Өвөрхангай аймгийн анхан шатны сум дундын шүүх хуралдааны үед хариуцагч талын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг н.******* гэдэг хүнд түрээсэлдэг байсан талаар тайлбарласан. Гэтэл ийм эргэлзээ бүхий нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, дээрх төлбөрийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******ас нийт 57,405,500 төгрөг гаргуулахаар шаардсанаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь хуулийн үндэслэлтэй зөв заалт, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зөв дүгнэсэн гэж үзэж байна. Энэ хэсэгт маргахгүй.

6.2. Харин тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас нийт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон ... гэсэн хэсгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00219 дугаар шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэжээ.

6.3. Уг шийдвэрээр *******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж, тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх маргаан хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад ******* сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагадаа ... машин засуулсан төлбөр, түрээсийн төлбөр сарын 10,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн байдаг. Тэрхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй учраас шүүхээс хүлээн авахаас татгалзсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэрт *******ын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хэрэв түрээсийн төлбөрөөр намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол тухайн үедээ сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн төлбөрийн баримтаа өгөх байсан. Гэтэл ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад эхлэнгүүт төлөх ёстой 20,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөхгүй байх сонирхлын үүднээс одоо түрээсийн төлбөр гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж ирж байгааг анхаарч үзнэ үү.

6.4. Мөн ******* нь тухайн автомашиныг түрээсэлдэг талаараа хангалттай нотлоогүй бөгөөд зөвхөн 2022 оны 05 сарын 5,000,000 төгрөгийн банкны дансны хуулгаар түрээсэлдэг гэдгийг батлах боломжгүй юм. Хэрэгт түрээслэн орлого олдог талаар түрээсийн болон өөр ямар нэгэн баримт байгаагүй. Хэрвээ ******* нь тухайн компанид автомашинаа түрээсэлдэг бол заавар гэрээ байх ёстой бөгөөд мөн өмнө орсон түрээсийн хуулганууд байх учиртай.

6.5. Түүнчлэн түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00219 дугаар шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч *******ас нийт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон... гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, мөн 3 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч тал нь тухайн тээврийн хэрэгслийг үнэхээр 10,000,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан гэх баримт байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан дансны хуулгаар тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр орж ирж байсан нь нотлогддог бөгөөд мөн гэрч ******* тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж байсан гэх талаар мэдүүлдэг.

7.2. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн тохиолдолд хэдэн төгрөгийн орлого олох боломжтой талаар нотолсон баримтууд байдаг тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

7.3. Мөн хариуцагч тал нь Өвөрхангай аймгийн шүүхэд нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь огт өөр асуудал юм. Өвөрхангай аймгийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь хариуцагч талын байр сууринаас оролцож, сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тус шүүх хуралдаанд оролцож чадаагүй учир сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болохоос шүүхээс татгалзсан зүйл байхгүй.

7.4. Хариуцагч тал нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж хариуцагч тал тайлбарладаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотойгоор өмгөөлөгчдийн сахилгын хороонд гомдол гаргаж, тухайн асуудлыг шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 57,405,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* нь *******тай 2022 оны 09 сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Beiben North Benz маркийн, ******* ӨВА улсын дугаартай, ачааны автомашин автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;

 

3.2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00219 дугаар шийдвэрээр *******аас ******* ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулан *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн автомашин болон мөнгөн хөрөнгийг харилцан буцааж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

5. Анхан шатны шүүх 2022 оны 09 сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзсан үндэслэлээр гэрээнээс учирсан хохирол шаардаж байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

5.1. Нэхэмжлэгч нь Beiben North Benz маркийн, ******* ӨВА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөрийг 12,498,500 төгрөгөөр тооцож, хариуцагчийн эзэмшилд байсан хугацаа буюу 2022 оны 06, 07, 08 сард түрээслээд олох байсан орлогод 37,405,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж, хариуцагч нь Beiben North Benz маркийн, ******* ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 06, 07, 08 сард өөрийн эзэмшилд байсан зардлыг хариуцах боломжгүй гэж тус тус тайлбарласан.

 

5.2. Маргааны зүйл болсон Beiben North Benz маркийн, ******* ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн эзэмшилд 2022 оны 06, 07, 08 сард байсан үйл баримтын талаар маргаангүй.

 

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөрийн илэрхийлэгдэх дүн 12,498,500 төгрөг байна гэж тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дансны хуулгыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэг сарын 5,000,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд гэрээнээс татгалзсан бол хохирол буюу олох ёстой байсан орлогыг бодит хохирлоор тооцох талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зохицуулжээ.

 

Шинжээч ******* ХХК-ийн тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөрийн илэрхийлэгдэх дүн 12,498,500 төгрөг гэсэн үнэлгээ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэн нэг сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт 15,000,000 төгрөг гаруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол шаардаж байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэж өөрчилнө.

 

Шүүх зохигчдын эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзлыг батлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэдэг жишиг тогтсон байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримталсныг хасна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03986 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 493 дугаар зүйлийн 493.6 ... гэснийг ... 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 123 дугаар зүйлийн 123.1 ... гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР