Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1493

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Ж.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.О т холбогдох эрүүгийн 1906 02910 1869 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Нарлаг” 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо, орцны подволд түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Ж.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” дэн буудалд иргэн Д.Золжаргалтай маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Золжаргалын өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч М.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч Б.Батнямын өгсөн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4357 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, шүүгдэгч Ж.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” дэн буудалд иргэн Д.Золжаргалтай маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Золжаргалын өгсөн: “.. 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 16 цагийн үед би буудал дээр ажилтай байсан. Нийтийн байрны таньдаг эгч “Хувцсаа угаачихлаа танай угаалгын машинд сэгсэрчихье” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд байж байхад нийтийн байранд амьдардаг Аагий гэж дууддаг эгч ирээд “Энэ улсуудыг битгий юм хум сэгсрүүлээд бай, эвдэрвэл хэн хариуцах юм” гэж хэлсэн. Тэгээд тэр эгч надтай маргалдаж эхэлсэн ба нөхөр нь болох Оогий гэдэг хүн бас Баадай гээд хүүтэйгээ хамт гарч ирээд над руу дайраад байсан. Тэгсэн Оогий гэх нөхөр нь над руу хүрч ирээд намайг алгадсан уу гараараа цохисон уу би сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь нүд харанхуйлаад явчихсан ба миний хамарнаас цус гарч байсан. .Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Ямар ч байсан миний биед Ж.О  гэмтэл учруулсан. Миний нүүр рүү нэг удаа алгадахад миний хамарнаас цус гарсан.” /хх-11-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтантуяагийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” дэн буудалд байсан. Би өмнө нь тэр буудалд ажиллаж байгаад ажиллахаар больсон. Тухайн үед би буудлын нэг өрөөнд амьдарч байсан. Тэр өдөр ”Залуус” буудлын ресепшин ажилтай Д.Золжаргал буудлын цагаан хэрэглэл угаадаг уаалгын машинд гадны хүний хувцас угаагаад байхаар нь “чи яах гэж гадны хумүүсийн хувцас угаагаад байгаа юм бэ, наадах чинь эвдэрчих юм бол хэн хариуцах юм” гэсэн чинь “чамд ямар хамаа байна аа авгай минь, янхан, гичий” гэх л/этээр дайрч давшилсан. Гэтэл нөхөр Ж.О  сонсож байснаа уурлаад “чи ээж шигээ хүнийг янхан, гичий гэхээсээ санаа зовохгүй байна уу” гэсэн чинь өөдөөс нь бас “янхан гичий” гээд байхаар нь Ж.О  уурлаад Д.Золжаргалын хацарт нэг удаа алгадсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батнямын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр би “Залуус” дэн буудалд аав, ээж хоёр дээрээ очсон чинь ээж М Алтантуяатай уг бууддын ажилтан Д.Золжаргал маргалдаж ээжийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгээд элдвээр хэлээд доромжлоод байхаар нь хойд аав Ж.О  Д.Золжаргалын нүүрийг алгадах шиг болсон.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №4357 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Золжаргапын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.О ын яллагдагчаар өгсөн: “...Миний эхнэр Алтантуяаг доромжлоод хэрэлдээд байхаар нь тэсгэлгүй нэг удаа алгадсан нь үнэн. Энэ асуудал дээр хариуцлага хүлээхэд бэлэн.” /хх-32/ гэх мэдүүлэг,

 

         Шүүгдэгч Ж.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ж.О ын 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” дэн буудалд иргэн Д.Золжаргалтай маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Д.Золжаргал нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч Ж.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн хохирогч А.Бямбадулам нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Ж.О ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ж.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

 учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.О ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.О  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хохирогч А.Бямбадулам нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС