Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01583

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Газар, хувийн сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2020 оны 11 сарын 03-ны өдөр *******, ******* нар нь ******* тоот хаягт ЗАРНА ******* ХЯМД гэсэн зарын дагуу ******* гэх хүнтэй уулзахад 20,000,000 төгрөгт энэхүү хашаа байшингаа хамтад нь нийлүүлээд зарна, дотор засал хийгдээгүй болохоор мөнгө хэрэгтэй байгаа тул хямдхан зарчихна гэсэн.

1.2. ******* нь зар тавьсан, байшин газар банкинд зээлийн барьцаанд байгаа би сая аваарт ороод, банкны зээлээ төлж чадахгүй болсон тул 20,000,000 төгрөгөөр зарж банкны зээлээ дараад, үлдсэнээр нь хоосон газар авах тул 10,000,000 төгрөг бэлэн өгчхөөд миний банкны зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн төлөөд явж болно, зээл төлөгдөж дуусвал та нарын нэр дээр асуудалгүй шилжүүлж өгнө гэсэн тул худалдаж авахаар болсон.

1.3. Тус газар, байшин нь ******* ББСБ ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан ба ******* ББСБ ХХК-ийн зүгээс ямар ч асуудал гаргахгүй, нэгэнт хоорондоо тохиролцсон бол алдангиа төлөөд, гэрээгээ манай ББСБ-тай байгуулж, ******* ийн зээлийг үргэлжлүүлэн төлөөд явахад болно гэсэн тул ******* ийн үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж, барьцаанд байгаа газар, хашаа, байшинг худалдаж авахын тулд ******* нь ******* ББСБ ХХК-тай 2020 оны 11 сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар Зээлийн гэрээ-г байгуулсан.

1.4. Гэтэл ******* нь байшингаа суллаж өгөхгүй 6 cap 5 хоног болж, энэ хугацаанд хашаа, байшинг өгөхгүй юм байна гэж ойлгон ******* ББСБ ХХК-д зээлийн төлбөрийг төлөөгүй.

1.5. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар нь ******* эд 2021 оны 04 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 12-ны өдөр бэлнээр 7,000,000 төгрөг, цувуулан бэлнээр 700,000 төгрөг, ******* ББСБ ХХК-д зээл болон зээлийн хүүд нийт 5,323,650 төгрөг, зээл эргэн төлөх хуваарийн дагуу нийт 12,145,000 төгрөгийг төлсөн.

1.6. Нэхэмжлэгч нар ******* ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлөлтөө бүрэн төлсөн тул Нийслэлийн ******* тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч ******* мөн болохыг тус тус тогтоолгож, мөн Ү-******* дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд болон мөн Г-******* дугаар газрын гэрчилгээнд *******ийн нэрийг оруулахыг (*******ийн нэр дээр болгуулахыг даалгуулах) даалгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Тухайн үед хариуцагч хөдөө байсан, миний том хүү цэрэгт явсан, бага насны 3 хүүхэд байсан. Гэр бүлийн гишүүдийг оролцуулалгүйгээр зарсан тул эсэргүүцэж байна. Банкны гэрээг би нөхөртэйгөө хийж байсан. Өв залгамжлагч гэдгээр хашаа байшингаа эргүүлж авмаар байна.

2.2. Нөхрийгөө өнгөрсний дараа банк бус санхүүгийн байгууллагад 17,000,000 төгрөг төлбөрийг төлж дуусгаад газар болон хашаа байшингийн гэрчилгээг өв залгамжлалаар өөрийн нэр дээр гаргуулсан. Иймд ******* нь ******* тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй Г-******* тоот газар, Ү-******* тоот дугаартай хувийн сууцны өмчлөгч юм.

2.3. Маргаан бүхий хөрөнгүүдийг *******, ******* нар нь ямар ч түрээс төлөхгүйгээр, хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Хашаа, байшинг чөлөөлөх талаар мэдэгдэж байсан боловч худалдаж авсан учир өгөхгүй гэдэг тайлбар хэлсээр өнөөдрийг хүрлээ.

2.4. Хариуцагчийн зүгээс тус хашаа байшинг нэхэмжлэгч нар хууль бусаар ашиглаж, эзэмшиж байна гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар *******йн өмчлөлийн ******* тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй Г-******* тоот газар, Ү-******* тоот дугаартай хувийн сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нарын хариу тайлбарын агуулга:

3.1. *******, ******* нар нь 2020 оны 11 сарын 06-ны өдөр ******* ээс ******* тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байршилтай 700 м.кв газрыг худалдаж авахаар, ******* тэй тохиролцсон.

3.2. Нэхэмжлэгч нар ******* тэй тохиролцсоны дагуу 2020 оны 11 сарын 06-ны өдөр ******* ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,520,000 төгрөгийг үргэлжлүүлэн, төлж, барьцаа хөрөнгийг худалдан авах зорилгоор ******* нь ******* ББСБ ХХК-тай Зээлийн гэрээ байгуулсан.

3.3. Нэхэмжлэгч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 8,520,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатайгаар, ******* ББСБ ХХК-д ******* ийн зээлийг төлж, бүрэн дуусгасан байдаг.

3.4. Ингээд ******* нь нэхэмжлэгч нарт 2021 оны 05 сарын 11-ний өдөр байшингаа суллаж оруулсан, энэхүү үйлдлээрээ хашаа, байшингаа худалдсан гэдгийг нотолж байна.

3.5. Нэхэмжлэгч нар нь иргэн ******* ээс түүний барьцаанд тавьсан, үл хөдлөх эд хөрөнгө болох дээрх байшин, газрыг худалдаж авсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, ******* тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч ******* мөн болохыг тус тус тогтоолгох, Ү-******* дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг болон мөн Г-******* дугаар газрын гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулахыг хариуцагч *******д даалгуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Б******* тоот хаягт бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б******* тоот хаягт бүртгэлтэй, 108 м.кв талбайтай хувийн сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438,198 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь илт хууль бус, шударга ёсонд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь ******* болон ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг, ******* болон ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 40-19121475 дугаар зээлийн гэрээний үүрэг мөн дахин шинэчилсэн гэрээгээр ******* болон ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 40-21092060 дугаар гэрээнүүдийг үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, зориуд орхигдуулан шийдвэрлэсэн.

5.2. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь ******* , /*******/ ******* нарын хэн нь болохыг анхан шатны шүүх нотлох баримтын үндсэн дээр тогтоохгүйгээр 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 0002, 0016 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* өмчилнө гэж үзэн, хариуцагч *******д илт ашигтайгаар, хууль бус шийдвэр гарган завшуулсан нь байж боломжгүй алдаа бөгөөд энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5.3. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэж чадсангүй, эсрэгээрээ ******* гэгчээс ******* нь худалдаж авсан байтал, худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг, түүний эхнэр гэгч буюу хариуцагч *******д өгсөн нь нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр болсон.

5.4. Анхан шатны шүүх нь ******* нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх, мөн ******* нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхэд, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй, үндсэн нэхэмжлэлээ орхигдуулан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ******* тоот хаягт бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт бүртгэлтэй, 108 м.кв талбайтай хувийн сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

5.5. Нэхэмжлэгч нар нь талууд тохиролцооны дагуу ******* ББСБ ХХК-ийн зээлийн төлөлтийг бүрэн төлж дуусгасны дараа, ******* нь тохиролцсоноороо өмчлөх эрхийн нэрээ шилжүүлнэ гэж түүнд итгэж байсан боловч ******* нь 2023 оны 01 сарын 24-ний өдөр нас барсан байдаг.

5.6. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд (2020.11.03-ны өдөр тавьсан зар, 2020 оны 11 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, санхүүгийн шилжүүлгийн баримтууд, 2021 оны гэрээний хавсралт, мөн банкны шилжүүлэг, бэлнээр хүлээлгэн өгсөн баримтууд зэрэг) нь *******, ******* нар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсоор худалдаж авсан гэдгийг нотолж байна.

5.7. ******* /*******/ ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлээ төлөөгүй. Улмаар ******* нарт барьцааны үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, үндсэн зээл болон хугацаа хэтэрсэн алдангийг гэрээний графикт заасан хугацаанд төлүүлэх байдлаар зохицуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдээ ******* ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлсэн. Гэвч дараа нь эхнэр гэх ******* гэдэг хүн гарч ирж, үл хөдлөх эд хөрөнгийн эх хувь гэрчилгээнүүдийг ******* ББСБ ХХК-аас авч, өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн ******* ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж, нэхэмжлэгч нарыг албадан чөлөөлүүлж байгаа үйлдэл нь хууль ёс, шударга ёсонд нийцэхгүй.

5.8. Нэхэмжлэгч ******* нар нь ******* ийн ЗАРНА гэсэн саналыг анхнаасаа хүлээн авч, итгэж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар болж, хүнд хэцүү Ковид цар тахлын үед эдийн засгийн хямралтай байхад нь түүний шаардсан мөнгө тухай бүр өгч, тусалж ирсэн ба ******* ийн хариуцлагагүй байдлаас үүссэн, ******* ББСБ ХХК-ийн зээлийг зээлийн хүү, алдангийн хамт бүрэн төлж ирсэн. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хангалттай баримтуудаа, мөн гэрч ******* ын мэдүүлгээр нотлогдож байна.

5.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй, орхигдуулсан, алдаа гаргасан.

5.10. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ******* , ******* нь зээлийн гэрээний дагуу графикт төлөлтөө ******* ББСБ ХХК-д гэрээний хугацаанд бүрэн төлсөн баримт хэрэгт огт байхгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлснийгөө, нотлох баримтаар нотолж чадсангүй.

5.11. Мөн хариуцагч ******* нь 2024 оны 08 сарын 14-ний өдөр өөрийн данснаас ******* ББСБ ХХК-д 11,568,650 төгрөгийг шилжүүлсэн баримт шүүхэд гаргаж өгсөн хэдий ч энэхүү баримтаар *******йг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

5.12. Хариуцагч ******* нь нөхрийнхөө ******* ББСБ ХХК-ийн зээлийг нэхэмжлэгч нараар төлүүлж, барьцаа хөрөнгүүдээ чөлөөлүүлж авчхаад, миний өмч, албадан чөлөөлүүлнэ гэж байгаа нь хуульд нийцэхгүй, шударга бус завшсан үйлдэл болж байна.

5.13. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч ******* /*******/ нь зээлийн гэрээний хугацаандаа ******* ББСБ ХХК-д 17,473,365 төгрөгийг гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулах ёстой байтал зөвхөн өмнө нь ******* ийн байгуулсан гэрээний хувьд 2,237,000 төгрөг төлсөн нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад хариуцагчийг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Иймд Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж, илт буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээ байгуулсан, байгуулаагүй, зээлийн төлбөрийг төлсөн, төлөөгүй гэх байдлаар давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлж байна. Гэтэл тухайн зээлийг хэн төлсөн эсвэл тухайн зээлийн төлбөрийг буцаан шаардаж байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болох, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэн олж авсан гэх асуудал яригдсан. Тиймээс зээлийн төлбөрийн асуудал нь энэ хэрэг маргаанд төдийлөн ач холбогдолгүй юм.

6.2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэзээ, хэрхэн олж авах талаар нотариатаар гэрчлүүлнэ, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх хуулийн шаардлагыг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр ******* ийн амьд байх үедээ хийсэн уг хэлцэл нь хуулийн шаардлага хангаж байна уу гэх асуудал яригдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан гар бичмэлийг анхан шатны шүүх үнэлээгүй гэх зүйлийг ярьдаг.

6.3. Гэвч тухайн гар бичмэл нь ******* ийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ хэрэгт байдаггүй. ******* нь өмчлөх эрхийг өв залгамжлалын шугамаар хуульд заасан журмын дагуу олж авсан гэдэг нь өмчлөх эрхийн гэрчилгээ болон тухайн эд хөрөнгийг өмчлөхтэй холбоотой хүсэлт гаргаж байсан гэрчилгээ гэх мэт баримтуудаас тодорхой харагдана.

6.4. Түүнчлэн *******йн эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан үйлдэл нь хуулийн шаардлага хангасан буюу зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгч, өвлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан өмчлөгчөөр тогтоогдсон нь хууль ёсны дагуу хийгдсэн үйл баримт юм. Хэрэв ******* , *******, ******* нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзвэл тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хууль бус хэлцлийн шинжийг хангасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу хуулиар тогтоосон хэлбэрийг хангаагүй хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Учир нь үнэхээр тухайн хашаа байшинг худалдан борлуулах нь ******* ийн хүсэл зориг мөн байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. ******* нь 2023 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд би ******* болон ******* нарт хашаа байшингаа худалдан борлуулахаар тохиролцсон боловч бид төлбөр мөнгөний асуудлаа тохиролцож чадахгүй байсны улмаас наймаагаа буцаасан, одоо эдгээр хүмүүс миний байшингаас гарахгүй байна, албадан чөлөөлүүлж өгнө үү гэх нэхэмжлэл гаргаж байсан.

6.5. Хэдийгээр хэрэгт ******* ийн гар бичмэл хэрэгт авагдсан боловч ******* ийн гаргаж байсан энэ нэхэмжлэл нь тухайн гар бичмэлээс өөр агуулгатай байдаг. Иймд хариуцагч талын зүгээс ******* ийн хүсэл зориг нь хашаа байшингаа буцаан авах байсан юм байна гэж ойлгогдож байгаа тул тухайн гар бичмэлийг төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаа.

6.6. Нэхэмжлэгч тал нь ******* зээлийн төлбөрт ямар ч мөнгө төлж байгаагүй гэж тайлбарладаг. Хариуцагч талын зүгээс зээлийн төлбөр төлж байсан дансны хуулгануудаа хэрэгт өгсөн байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь ******* , *******, ******* нар нь тухайн зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн гэх тооцоо нийлсэн актыг ******* ББСБ-тай үйлдэж байсан, тухайн баримтад хэн, хэдэн төгрөг төлсөн болох нь тодорхой тусгагдсан гэж дурдсан.

6.7. Тиймээс ******* тухайн зээлийн төлбөрт огт мөнгө төлөөгүй учир хашаа байшинг авъя гэж байгаа нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх хариуцлагагүй хандсан эсвэл залхуурсан гэх нэхэмжлэгч талын гаргасан тайлбар нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газар, хувийн сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нар нь *******, ******* нар нь ******* тэй ******* тоот хаягт байрлах, хувийн орон сууцыг, газрын хамт худалдаж авахаар тохиролцож, гэрээний дагуу 2021 оны 04 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 12-ны өдөр бэлнээр 7,000,000 төгрөг, цувуулан бэлнээр 700,000 төгрөг, ******* ББСБ ХХК-д зээл болон зээлийн хүүд нийт 5,323,650 төгрөг, зээл эргэн төлөх хуваарийн дагуу нийт 12,145,000 төгрөгийг төлсөн тул тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Хариуцагчийн зүгээс ******* ийн өвлөгч тул ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар *******йн өмчлөлийн ******* тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй Г-******* тоот газар, Ү-******* тоот дугаартай хувийн сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэж тус тус тайлбарласан.

 

4. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч ******* нь Та ******* тэй ямар холбоотой байсан бэ, та 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулсан уу гэх асуултад Батлуулсан, бид 25 жил хамт амьдарсан гэж хариулсан боловч гэрлэлт бүртгэлтэй эсэх байдал нь талуудын тайлбараар нотлогдохгүй тул ******* болон ******* нарыг гэр бүлийн харилцаатай талаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Уг маргааныг шийдвэрлэхэд ******* болон ******* нарын гэрлэлтийн гэрчилгээ, лавлагааг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авах нь зайлшгүй шаардлагатай байх тул энэ нөхцөл байдлыг тодруулсны дараа маргааны үйл баримтын талаар эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх боломжтой.

 

5. Зохигч талууд ******* ББСБ ХХК-тай ... тооцоо нийлсэн баримт-ыг үйлдсэн гэх боловч уг баримт нь нотлох баримтаар авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь ... ******* ийн зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авч зээл төлсөн ... гэж, хариуцагч нь ... ******* зээлийг төлж, хааж дуусгасан гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан байхад ******* ББСБ ХХК-тай байгуулсан тооцоо нийлсэн баримт, болон зээлийн гэрээний үүргийг зохигчдын хэн нь хэдэн төгрөг төлж дуусгавар болгосон үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438,216 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

С.ЭНХБАЯР