| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0067/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/64 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/64
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цын Пт холбогдох эрүүгийн 1817002510056 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Цын П /РД:ЗГ94063017/, Дундговь аймгийн Г суманд 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Д аймгийн Г сумын 1 дүгээр баг, Жингийн 3-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:
Яллагдагч Ц.П нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гашуун” гэх газраас иргэн Б.Мын 7 тооны адууг /хонгор үрээ, хүрэн алаг морь, хар морь, хар үрээ, зээрд морь, шарга морь, хээр даага/ мотоцикль ашиглан хулгайлж 5 150 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн иргэн Б.М ын итгэмжлэн хариуцуулсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г.Чд зарж борлуулан бусдын эд хөрөнгийг завшиж 1 800 000 төгрөгийн хохирол, нийт 6 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гашуун” гэх газраас Б.Мын 7 тооны адууг /хонгор үрээ, хүрэн алаг морь, хар морь, хар үрээ, зээрд морь, шарга морь, хээр даага/ мотоцикль ашиглан хулгайлж 5 150 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Мын итгэмжлэн хариуцуулсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг Г.Чд зарж бусдын эд хөрөнгийг завшиж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сард Мын бог малын маллахаар тохироод сарын 300 000 төгрөгийн цалинтай ажилласан. М нь 2018 оны 10 дугаар сард аавын бие өвдөөд мөнгө хэрэг болоход миний цалинг өгөөгүй. Би Г сум яваад ирье гэхэд М ах миний мотоциклийг аваад яв гэсэн. Тэгээд би Г сумаас Чойр ороод бензин аваад буцах гэсэн аав залгаад эмийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Чойрт таньдаг айлдаа 2, 3 хоносон. Сүүлдээ бензиний мөнгөгүй болоод Чойроос зүүн урагшаа харих гээд явж байтал замд Мын 7 тооны адуу байхаар нь 1 даагыг нь заръя гэж бодоод туугаад явсан. Тэгээд ченжид адуугаа зарах гэхэд ченж хулгайн адуу биш биз цагдаагаар шалгуулна гэхээр нь би М гэдэг хүний адуу, би малыг нь малладаг гээд үнэнгээ хэлсэн. Тэгээд цагдаа намайг аваад явсан. Миний мотоциклийн урд дугуй хагараад би найзаар Чойр луу хүргүүлсэн. Тэгээд хамт буудалд хоноод өглөө нь мөнгөө өгөх гэсэн, мөнгөгүй болоод найзынхаа утсыг ломбардаад буудлын мөнгийг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь бензин хийгээд найзындаа очиж хоол идээд буцаад Г сум явсан. Мотоцикль Мын эзэмшил. Мотоциклийг буцааж өгсөн. Мөн утасны мөнгийг нь төлөөд эзэнд буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх П гэх хүнийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар авсан. Сургуулийн амралт болоод 2018 оны 10 дугаар сарын 26-нд хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн Баянталд байх хөдөө гэртээ ирэхэд П манай нөхрийн Мустанг 5 маркийн мотоциклийг унаад аавынх руугаа Дундговь аймгийн Г сум руу явсан байсан. П 10 дугаар сарын 28-нд ирж хонохдоо аавындаа хамаг ажлыг нь хийж байгаад ирлээ гэж ярьсан. Би маргааш өглөө нь эгч нь азаргаа усалж чадаагүй морио унаад ус руу яв гэсэн чинь П за би эртхэн адуугаа хараад ирье гээд мотоциклио унаж яваад орой нь ирж хоноогүй. Тэгсэн маргааш нь манай нөхөр М морьд хөлрөөд хөлс нь хатсан байна, П наашаа туусан юм байхдаа гэж ярьж байсан. 2-3 хоногийн дараа М бид хоёр бензин ойр зуурын юм авахаар Чойрт ирэхэд манай 7 тооны адууг П Чойрт авч ирсэн талаар хүнээс сонсоод манай нөхөр М Г гэх хүнтэй ярихад Приус маркийн машинтайгаа ирээд Пт 7 тооны адууг буцаагаад эзэнд нь хүргэж өг гээд явуулсан гэсэн. П Гд Төв аймгаас явж байна, ноднин өвөл 15 тооны адуу алдсанаас 7 тооны адууг нь оллоо, зарах гэсэн юм гэхээр нь хэдийг зарах юм гэж асуухад нь П нэг адуу зарна гэж хэлсэн байсан. 1 адуугаа бариад ав гэсэн чинь хашаа хороог нь эвдчих гээд баригдахгүй байхаар нь П бүгдийг зарчихъя гэхээр нь адуунхаа урд талд зогсож бай зургийг чинь авч баталгаажуулъя, им тамгыг нь аваад ир гээд явуулсан чинь Мя ах байхгүй байна гэж хэлсэн байсан. Алдсан гэх 7 тооны адуу нь хээр даага, сартай хонгор үрээ, хар үрээ, хар морь, алаг морь, шарга морь, хүрэн морь байсан. Алаг морь, хар морь чойндон тамгатай, шарга морь доороо сартай чойндон тамгатай бусад нь тамгагүй байсан. Мустанг-5 маркийн мотоцикль нь манай нөхөр Мын эзэмшлийнх, 2018 оны 04 сард Увс аймгийн Өндөрхангай суманд байдаг нөхрийн найз болох Лд амьжиргаа цагаан машинаа 3 000 000 төгрөгөөр зараад 1 200 000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн 1 800 000 төгрөгийн зөрүүнд нь авсан. П манай нөхөр М бид хоёрыг мэдээгүй байхад адуунуудыг буцааж авч ирсэн байсан. П нь манай мотоциклийг унаж яваад ирэхгүй байсан юм. Манай нөхөр М Чойрт ирээд Балдан засаг захын гадаа манай мотоцикль байхаар нь таниад харуулаас нь асуухад миний мотоцикль гэж хэлэхээр нь миний мотоцикль байна хэнээс авсан юм бэ гэж асуухад Пс худалдаж авсан гэсэн. Пт сарын 300 000 төгрөг өгөхөөр тохирсон боловч цалинг нь өгөөгүй байгаа. П нь адуу болон мотоциклийг бусдад зарах эрхгүй”гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-19 хуудас/
1.3. Иргэний нэхэмжлэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 байшинд гэртээ байж байтал П ах манайд орж ирээд мотоцикль зарна шүү гэхээр нь ямар мотоцикль юм гээд харахад цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн хуучивтар мотоцикль байсан. Би хэдээр зарах юм бэ гэхэд чи утсаараа тулах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье тулъя гэхэд миний утсыг үзэж байгаад би өнөөдөр Дундговь аймгийн Гурвансайхан сум явж аавтай уулзаад 2-3 хоногийн дараа ирнэ. Тэгээд утсаар чинь солъё гэсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байтал 15 цагийн үед П над руу залгаад Чойрт ирсэн байна, чи утсаа аваад Сүмбэр Алт зочид буудалд хүрээд ир гэсэн. Би Сүмбэр Алт зочид буудлын 407 тоот өрөөнд яваад ороход М, М, А, М, П ах нар байж байсан. Би М, А нарын хамт хонхорын 4 дүгээр байранд байдаг “Ажнай” ломбарданд “Samsung S7” маркийн гар утсаа 220 000 төгрөгөөр тавиад П ахад өгөөд мотоциклийн түлхүүрийг аваад буудлаас Мустанг-5 маркийн мотоциклийг аваад явсан. Уг мотоцикльд улсын дугаар гэрчилгээ байгаагүй. Би Пт хулгайн мотоцикль биш биз дээ гэж асуухад П надад бишээ би чамд юу гэж хулгайн мотоцикль зардаг юм. Бичиг баримт нь надад байгаа. Би хэд хоногоос чамд авч ирж өгнө гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
1.4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би П гэх хүнийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс малчинаар ажиллуулж сард 300 000 төгрөгний цалин өгөхөөр тохиролцсон. П 2018 оны 10 дугаар сарын 25-ны үеэр Дундговь аймгийн Гурвансайхан сум руу явж аавынхаа гэрийг дулаалж өгөөд ирье гэхээр нь би тэгээ тэг яваад ир гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө малдаа яваад очсон чинь шарга морь, зээрд морь, хар морь, хар үрээ, хонгор үрээ, хээр даага, зээрд морь нийт 7 тооны адуу дутуу байсан. 2018 оны 10 дугаар сарын 30-нд гэртээ ирэхэд эхнэр П 10 дугаар сарын 28-нд ирж хоноод, 10 дугаар сарын 29-ний өглөө эрт адуу үхрээ хараад, азаргаа тавиад ирье гээд яваад ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд түүнээс 2-3 хоногийн дараа Чойрт ирээд байж байтал Т танай малчин гэх залуу чиний 7 тооны адууг зарах гээд явж байна лээ. Тэгээд Г гэх махны ченж залуутай ярь гээд надад утасны дугаарыг нь өгөхөөр нь Ганий гэх залуутай уулзсан чинь Пт танай 7 тооны адууг буцаагаад өг гээд явуулсан гэж хэлсэн гэсэн. Гд П 7 тооны адууг бүгдийг зарна гэхээр нь адууныхаа урд зогсож бай зургийг чинь авч баталгаажуулъя гэхэд М гэх хүний адуу байгаа юм, миний цалинг өгөхгүй байхаар нь би адууг нь аваад ирсэн гэхээр нь Г эзэнд нь өгнөө чамд өгч явуулахгүй гээд хашаандаа 1 хонуулсан байсан. Тэгээд Пийг энэ мал хэцүүдлээ Мыг олж ир гээд явуулсан чинь М ах байхгүй байна гэж хэлэхээр нь үнэн учраа хэлээд Мт хүргэж өг гээд явуулсан байсан. Пт цалинг нь огт өгөөгүй. 2018 оны 08 сард хүрэн байдас өгч байсан боловч 2018 оны 10 дугаар сарын эхээр алга болсон. Би Мустанг-5 маркийн мотоциклио найз Лд жижиг Портер машинаа зараад зөрүү мөнгөнд нь 1 800 000 төгрөгөөр тооцож авсан. Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө адуугаа харахад манай 7 тооны адуу байхгүй байсан. Пийг хулгайлсаныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-31 хуудас/
1.5. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна. Манай найз Бийн аав болох П гуай 11-12 цагийн орчимд над руу залгаад явуулын хүн адуу зарна гэж байна. Чи адуу авах уу гэхээр нь би авнаа гэсэн чинь манай гадаа адуугаа хашсан байна хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Г ахыг аваад П гуайнд очиход 7 тооны адууг хашсан байсан. Г ах П гэх залуу хоёр адуунхаа үнийг тохироод 1 даага авахаар болоод барих гэсэн уурга, бугуйл байхгүй байсан учир Г ахын хашаа руу тэр залуу цэнхэр өнгийн Мустанг маркийн мотоцикльтой тууж авч ирсэн. Тэгсэн чинь Г ах энэ залуу хүний адуу туугаад явж байна. Мын адуу юм байна гэхээр нь би Пт Г ах, П ах бид нарыг малын хулгайн асуудалдаа орууллаа, чамайг цагдаад өгнө гээд адууг нь Г ахын хашаанд авч үлдсэн. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа Чойрын эгнээнд айл руу явж байтал Мын машин байхаар нь орж танай адууг нэг залуу зарна гээд туугаад явж байна лээ гэж би хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
1.6. Гэрч Л.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна миний туслахаар ажиллаж байсан Төгсдорж залгаад хоёр адуу зарна гэж байна. Хоёулаа нэг нэгээр нь авъя гэхээр нь би очиж үзье гэхэд Т манайд ирсэн. Тухайн үед П гэх залуу Дорноговь аймгийн Өргөн сумаас хавар алсан адуугаа олоод явж байна, бензин тосны мөнгө хэрэг болоод даага зараад явах гэсэн юм гэхээр нь зарах даагыг П гэх залуугаар заалгаад барих гэсэн адуу нь баригдахгүй байсан. П гэх залуу туугаад манай Сүмбэр сумын 2 дугаар баг Алтадын 2-9 тоотод хашаанд авч ирээд та бүгдийг нь авах уу гэхээр нь би авч болно, малын хулгай хариуцсан цагдаа дуудаад зургийг нь үзүүлнэ гэж хэлтэл П гэх залуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын иргэн Мын адуу байгаа юм, намайг малчнаар хавраас хойш ажиллуулаад цалин өгөөгүй учир би адууг нь туугаад ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би ингэж цалингаа авна гэж байхгүй, Мыг өөрийг нь дагуулж ирээд адуугаа ав гэж хэлсэн. П Мыг дагуулж ирнэ гэж яваад орой нь 17 цагийн орчимд М байхгүй байна би адууг нь буцаагаад туугаад хүргэж өгье гэхээр нь би эзэнд нь өгнө гээд өгөөгүй. Маргааш өглөө нь ирээд М ах ирдэггүй гэхээр нь би Т цагдаад хэлээд цагдаагаас хүмүүс ирээд Пийг мотоцикльтой нь аваад явсан. Би Т цагдаа руу яриад адуу мал нь хэцүүдлээ яах билээ гэж хэлэхэд П гэх залууд өгөөд явуулчих гэхээр нь 7 тооны адууг Пт өгөөд явуулсан. М 4-5 хоногийн дараа над руу залгаад уулзаж надаас манай адууг хүн зарна гээд явж байна гэсэн гээд асуухаар нь би тийм хүн ирсэн, би цагдаад мэдэгдээд адууг нь буцаагаад өгнө гээд аваад явсан, өгсөн үү гэхэд адуугаа бүрэн авсан. Харин мотоциклийг минь хүнд зарсан байна, таньтай уулзахдаа мотоцикльтой явж байсан уу гэхээр нь би мотоцикльтой ирсэн тэгээд аваад явсан гэж хэлсэн. П анх адуу зарна гээд ирэхдээ цэнхэр өнгийн мотоцикльтой явж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-35 хуудас/
1.7. Гэрч Б.Мягмардорж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед Мтай гэрийнх нь гадаа, А, М хоёртой Дэнжийн хойд талд таараад бид дөрөв Маналын машинтай Чин нэртэй гудамжаар явж байтал П гудамжинд зогсож байхаар нь очтол Пийн цэнхэр өнгийн мотоциклийнх нь урд дугуй хагарсан байсан. П би яаралтай Чойр орох ажилтай байна. М чи намайг Чойр машинаараа хүргээд өг гэхэд М тэгье гээд Пийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хагарсан урд дугуйг нь салгаж машинд ачаад Чойр луу гарсан. Чойрт орж ирээд хонох айл байхгүй болохоор шууд Сүмбэр-Алт зочид буудалд бид 5 хоносон. Маргааш нь өглөө босоод Гурвансайхан явахаар болоход бензиний мөнгө байхгүй байсан болохоор Пээс А бензиний мөнгө өг гэхэд П би дүүгээ дуудсан ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд Ч гэх залуу гаднаас орж ирээд Птэй гар утасны талаар яриад байсан яг юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Ч S7 маркийн гар утсаа гаргаж ирээд Пт өгсөн. Тэр утсыг нь А, Ч бид 3 аваад Ажнай нэртэй ломбарданд 220 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд бид нар буудлын өрөөг хүлээлгэж өгөөд бүгд гараад М машинаа асаагаад байж байтал Ч мотоциклио авч үлдэнэ гээд машины ард талаас бид 6 мотоциклийг буулгахад урд дугуй нь салангад дугуйны гол төмөр олдохгүй байсан. Тэгээд Сүмбэр-Алт буудлын урд талд Ч хагархай дугуйтай мотоциклио аваад үлдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61-62 хуудас/
1.8. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагт машинтайгаа ачаа буулгаад явж байгаад найз Атай таараад бид 2 хийх зүйл олдохгүй машин дотор сууж байтал М, М нартай таарсан. Бид 4 миний машинтай Чин нэртэй гудамжаар явж байтал П гудамжинд хийсэн зүйлгүй зогсож байсан. Тэгээд П дээр очтол Пийн цэнхэр өнгийн мотоциклийнх нь урд дугуй хагарсан байсан. П би яаралтай Чойр орох ажилтай байна, чи намайг Чойр машинаараа хүргээд өг гэж хэлэхээр нь тэгье гээд бид 5 Чойр явахаар болоод Пийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хагарсан урд дугуйг нь салгаж миний фургон машинд ачаад Чойр луу гарсан. Чойрт орж ирээд хонох айл байхгүй болохоор шууд Сүмбэр-Алт зочид буудалд бид 5 хоносон. Маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө Гурвансайхан явахаар болоход бензиний мөнгө байхгүй байсан болохоор Пээс А бензиний мөнгө өг гэхэд би дүүгээ дуудсан одоо ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд Ч гэх залуу орж ирээд бид нартай мэндлээд Птэй цуг орон дээр суугаад юм ярьсан. П утсаа ломбарданд тавьчих гэтэл Чулуунбат S7 маркийн утсаа Пт өгсөн. Тэр утсыг нь М, А, Ч 3 аваад ломбарданд тавих гээд гараад явсан. Бид нар буудлын өрөөг хүлээлгэж өгөөд би машинаа асаагаад байж байтал Ч мотоциклио авч үлдээ гээд миний машины ард талаас бид 6 мотоциклийг буулгасан. Бид 5 Гурвансайхан сум явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 65-66 хуудас/
1.9. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед Мягмардоржтой гэрийнхээ гадаа таарсан. Бид хоёр А, М хоёртой Дэнжийн хойд талд машинтай явж байгаад таараад бид дөрөв Мын машинтай Чин гудамжаар явж байтал П зогсож байхаар нь очтол цэнхэр өнгийн мотоциклийнх нь урд дугуй хагарсан байсан. П би яаралтай Чойр орох ажилтай байна, М чи намайг машинаараа хүргээд өг гэхэд М тэгье гээд 16 цагийн үед бид 5 Чойр явахаар болоод Пийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хагарсан урд дугуйг нь салгаж Мын Фургон маркийн 50-11 ДУА улсын дугаартай машинд ачаад Чойр луу гарсан. Чойрт орж ирээд Сүмбэр-Алт зочид буудал орж бид 5 хоносон. Маргааш өглөө босоод Гурвансайхан явахаар болоход бензиний мөнгө байхгүй байсан болохоор Пээс А бензиний мөнгө өг гэхэд П би дүүгээ дуудсан одоо ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал гаднаас Ч гэх залуу орж ирээд S-7 маркийн гар утсаа Пт өгөхөөр нь А, Ч, М 3 ломбарданд тавих гээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 59-60 хуудас/
1.10. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагт найз М машинтай явж байгаад таараад бид 2 хоёр хийх зүйл одохгүй Мын машин дотор сууж байтал М, М хоёртой дэнжийн хойд талд таарсан. Тэгээд бид 4 Мын машинтай Чин нэртэй гудамжаар явж байтал П зогсож байхаар нь очтол цэнхэр өнгийн мотоциклийнх нь урд дугуй хагарсан байсан. П би яаралтай Чойр орх ажилтай байна, М чи намайг машинаараа хүргээд өг гэж хэлэхээр нь бид 5 Чойр явахаар болоод Пийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг Мын фургон машинд ачаад Чойр луу гарсан. Чойрт орж ирээд хонох айл байхгүй болохоор шууд Сүмбэр-Алт зочид буудалд бид 5 хоносон. Маргааш өглөө нь Гурвансайхан явахаар болоод Пээс бензиний мөнгө өг гэхэд би дүүгээ дуудсан одоо ирж байгаа гэсэн. Ч гэх залуу орж ирээд бид нартай мэндлээд Птэй цуг орон дээр суугаад юм ярьж байгаад мотоцикль чинь хаана байгаа юм гэхэд П гадаа Мын машинд ачаатай байгаа гэж хэлж байсан. Тэгтэл Ч S7 маркийн гар утсаа П өгсөн. П гар утсыг явж ломбарданд тавих уу гэхээр нь би надад бичиг баримт байхгүй Чыг өөрөө ломбарданд тавь гэхэд Ч за тэгий гээд М, Ч бид 3 Ажнай нэртэй ломбарданд 220 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд бид нар буудлын өрөөг хүлээлгэж өгөөд гарсан. Ч мотоциклио авч үлднэ гэхэд Мын машины ард талаас бид 6 мотоциклийг буулгаж Сүмбэр-Алт буудлын урд талд Ч хагархай дугуйтай мотоциклио аваад үлдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 63-64 хуудас/
1.11. Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сард хэдэн малаа хараад байж байтал нэг залуу цэнхэр өнгийн мотоцикльтой ирээд мэнд мэдэхээр нь би нутаг ус хаанахынх вэ, хаагуур явна гэж асуухад Төв аймгийн Баянжаргалан сумаас зүүн тийш бичигтийн хад гэх газар байдаг, хэдэн адуугаа алдаад олоод явж байна, бензиний мөнгө байдаггүй, адуу авах хүн байна уу асуугаад өгөөч ах гэж хэлсэн. Тэгэхээр би Тд хэлсэн чинь түр хашаандаа байлгаж бай одоо очлоо гэсэн. Т нэг ченж залуутай ирээд адуу зарна гэх залуутай уулзаад хойшоо туугаад явсан. Тэр залуу сартай хонгор морь, 2 хар морь, улаан хээр даага, алаг морь, бор морь, зээрд морь нийт 7 тооны адуутай ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53 хуудас/
1.12. Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Мт Улаанбаатар хотоос 2018 оны 08 сард улсын номер дугааргүй аваад 2 сар орчим унаж хэрэглэж байсан шинэвтэр Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг зарсан. Би Маас 67-38 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Mitsubishi mini маркийн амьжиргаа цагаан машиныг 3 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа мотоциклио 1 800 000 төгрөгөөр худалдаж бэлэн 1 200 000 төгрөг өгч машин авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56 хуудас/
1.13. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын үнэ тогтоосон дүгнэлт / х.х-ийн 71 хуудас/
1.14. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-ийн 87-91 хуудас/
1.15. “Ажнай ломбард”-ын барьцаат зээлийн гэрээний хуулбар /х.х-ийн 103 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ц.Пийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Пийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.
ХОЁР: Шүүгдэгч Ц.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П нь 7 тооны адууг минь авч ирж өгсөн, мотоцикль бүрэн бүтэн байгаа учраас санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-19 хуудас/
2.2. Иргэний нэхэмжлэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний утас ломбарданд тавьсан 230 000 төгрөгийг П ах бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
2.3. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П нь хүнтэй эвсэг нөхөрсөг харилцаатай, хүнд тусархаг хүн. Ахуй амьдралын хувьд жаахан тааруу, аав нь бие муутай өндөр настай хүн байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
2.4. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П нь зан байдлын хувьд даруу төлөв, тусархаг залуу байгаа юм. П айлын отгон хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/
2.5. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П зан байдлын хувьд даруу төлөв зантай. Амьдралын хувьд тааруухан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
2.6. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П зан байдлын хувьд даруухан, хоол сайн хийдэг, гар бөмбөг тоглодог, хүнд тусархуу хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/
2.7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 101 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Пийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Ц.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бийн зүйл анги тус бүрт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэх санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн улсын яллагчаас шүүгдэгч Ц.Пийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийн үнэ болох 1 800 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Цын Пийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоож, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийн үнэ болох 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Пээс гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА