| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 184/2023/05821/И |
| Дугаар | 210/МА2025/01607 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01607
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Өндөр хүчдэлийн 6 кВ-ын цахилгаан шугамыг холдуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт хүү, бэр, ач, зээ нартайгаа хамт амьдардаг бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № А/6 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг ******* гэдэг хүнээс шилжүүлэн авсан ба тэрээр 2007 онд тус дүүргийн Засаг даргын № 276 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээг авсан байсан. Тэр үед ямар ч өндөр хүчдэлийн шугам байгаагүй, харин хариуцагч нь 2012 оны зун огт хэлж мэдэгдэлгүй өндөр хүчдэлийн шугамыг татсан байсан гэдэг. Би, өөрийн эзэмшлийн газарт барилга, байшин барихаар хашаан дээгүүр татсан өндөр хүчдэлийн шугамыг салгуулахаар хариуцагч компанид хандахад ...Улаанбаатар төмөр замын Эрчим хүчний 1 дүгээр ангийн өндөр хүчдэлийн шугамаас хувийн зардлаар тог авсан, та нар яах гэж өндөр хүчдэлийн доор барилга барьсан юм, энэ бол бидний хувийн өмч... гээд намайг загнаж, дээрэлхээд өндөр хүчдэлийн шугамыг салгаж холдуулж өгөхгүй байна.
Хариуцагчийн цахилгаан шугам манай хашааны голоор хөндлөн явж байгаа болохоор бороо их орсон үед аянга, цахилгаан буух эрсдэл өндөртэй, бороотой үед цахилгааны шугамаас айгаад гэрээсээ явдаг. Мөн хашаанд байгаа үйлдвэрийн зориулалттай сендвич барилга аянга цахилгааны улмаас гал гарах эрсдэлтэй, бага насны ач, зээ нар маань гэрийнхээ хашаандаа тоглохоос айдаг. Тиймээс би эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Уг нь нэг нэмэлт шон босгоод манай хашаан дээгүүр явж байгаа цахилгааны утсаа зөөгөөд холдуулах л боломжтой. Түүнээс би хариуцагчийг тог цахилгаангүй болгоод тэдний шугамаас тог авч байгаа айл, албан байгууллагын тогийг салгаад өг гэсэн санаа байхгүй. Тиймээс миний эзэмшлийн газар дээгүүр явж байгаа хариуцагчийн эзэмшлийн цахилгааны шугамыг холдуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
*******ын нэхэмжлэлтэй манай компанид холбогдох өндөр хүчдэлийн 6 кВ цахилгааны шугам салгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус компани нь 6 кВ цахилгааны шугамыг 20 онд өөрийн хөрөнгөөр татуулсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан *******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 700 м2 талбай бүхий газар дээгүүр дайран өнгөрч буй 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг холдуулах /зайлуулах/-ыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
2. ...Бид газар эзэмших эрх, кадастрын зураг, техникийн нөхцөл, цахилгаан дамжуулах агаарын шугамын холболтын зураг, зургийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой бүхий л баримт бичгийг хэрэгт хавсаргаж өгсөн байтал бидний гаргаж өгсөн баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй, өөрөөр хэлбэл дээрх бичиг баримтууд ямар учраас нотлох баримтаар тооцогдохгүй байгаад дүгнэлт хийлгүй нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.
3. Шүүх хуралдаан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулалгүй, өөрөөр хэлбэл мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04149 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Би, 2 жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан олон удаа хийгдсэн бөгөөд шүүх энэ талаарх асуудалд нухацтай хандаж, үнэн, зөв шийдвэр гаргахыг хичээсэн. Миний бие энэ асуудалтай холбогдолтой бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн би өмгөөлөгчийн хамт хариуцагч талын өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй. Би, өөрийн эзэмшлийн газраа 2014 онд ******* гэх хүнээс худалдан авсан бөгөөд ******* нь тухайн газрыг 2007 онд авсан байдаг. Тухайн үед газрын бичиг баримт ямар нэгэн зөрчилгүй байсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан өндөр хүчдэлийн 6 кВ-ын цахилгаан шугамыг холдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 276 дугаар захирамжаар *******т тус дүүргийн 20 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 0.04 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, /1.х.х-ийн 10-11/
3.2. Үүний дараа тухайн дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар *******т олгосон Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах газрын хэмжээг 700 м.кв болгож, зориулалтыг үйлдвэрийн зориулалт болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, /1.х.х-ийн 43-45/
3.3. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/6 дугаар захирамжаар *******од дээрх газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгожээ. /1.х.х-ийн 12-15/
3.4. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дээрх газар дээр 371.9 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1.х.х-ийн 49/
3.5. Хариуцагч ******* ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангиас 99/2012 дугаартай техникийн нөхцөл авч, , Давааны 6 кВ хүчдэлийн агаарын шугамын 52 дугаар тулгуураас салбарлуулан Сонгинохайрхан дүүрэг ******* хороо, 22-ын товчоо руу цахилгаан дамжуулах агаарын шугам татжээ. /1.х.х-ийн 96-122, 124-149/
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 700 м.кв талбайтай газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмших эрхтэй байх тул түүнийг газар эзэмших эрх бүхий этгээд гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэгч нь газар эзэмшигч этгээдийн хувьд эрхээ хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, эзэмшихтэй холбоогүй боловч ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл бусдын саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.
5. Гэвч төрийн өмчийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй этгээд тухайн газрыг гагцхүү зориулалтын дагуу эзэмших эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй гээд 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж заасан.
Нэхэмжлэгч *******од тус газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бус, харин аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зориулалтаар олгосон байхад хариуцагчийн үйлдлийн улмаас амьдран суух боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэхүү газрыг Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын буюу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгосон байхад өөрийн гэр бүлийн амины хэрэгцээ /амьдран суух/-г хангахад хариуцагчийн үйлдэл саад болж байна гэснийг хүлээн авах боломжгүй байна.
6. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.
Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр техникийн нөхцөл авч, өндөр хүчдэлийн шугам татсан, нэхэмжлэгч ******* нь үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******ээс газрыг шилжүүлэн авч, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тухайн газар дээр үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьсан, уг үл хөдлөх хөрөнгийг барихаас өмнө түүний эзэмшлийн газар дээгүүр өндөр хүчдэлийн шугам баригдсан байсныг нэхэмжлэгч нь тухайн үед мэдэж байжээ.
7. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно гэж, 2.2-т Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно гээд 1-20 хүртэл кВ-ын шугам сүлжээг хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 метр байна гэж заажээ.
Хариуцагч ******* ХХК нь өндөр хүчдэлийн шугамыг татах үед буюу 2012 онд нэхэмжлэгч *******ын эзэмшлийн газар нь амины орон сууцны зориулалттай байсан бөгөөд өндөр хүчдэлийн шугам татагдсанаас хойш буюу 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/63 дугаар захирамжаар тухайн газрын зориулалтыг үйлдвэрлэлийн зориулалт болгон өөрчилсөн.
Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд зааснаар 6 кВ-ын эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоосон бүсэд барилга байгууламж барих тохиолдолд шугамын захын утаснаас хоёр тийш 2 метр гэх нөхцлийг баримтална.
Нэхэмжлэгч ******* нь газрын эзэмшигчийн хувьд өөрийн газар дээр үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барих эрх нь нээлттэй хэдий ч гагцхүү холбогдох хууль, дүрмийг баримтлах үүрэгтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь үйлдвэрийн зориулалтаар барилга байгууламж барихад дээр дурдсан дүрэмд заасан хамгаалалтын зурвсын гадна буюу эрчим хүчний сүлжээний шугамын захын утаснаас хоёр тийш 2 метр байх гэх шаардлагад нийцүүлэх ёстой.
Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Харин шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулалгүй, өөрөөр хэлбэл мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
Анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/159 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулж, /2.х.х-ийн 79-80/
2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/14643 шүүгчийн дугаартай захирамжаар мөн хариуцагчийн өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулж, /2.х.х-ийн 89-90/
2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/16445 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч *******ийн хэргийн материалтай бүрэн танилцаж, эвлэрэн хэлэлцэх хугацаа авах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /2.х.х-ийн 95-96/
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/22416 тоот захирамжаар ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт нь баримтаар нотлогдоогүй тул түүний хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ... гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /2.х.х-ийн 105-106/
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч ******* ХХК-д холбогдох өндөр хүчдэлийн 6 кВ-ын цахилгаан шугамыг холдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.МАНДАЛБАЯР