| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0069/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/65 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/65
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Эийн Тд холбогдох эрүүгийн 1917000000062 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Эийн Тэрбиш /РД:ЕА85012430/, Улаанбаатар хотод 1985 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулаг 7-705 тоотод оршин суух, хувиараа тээвэр эрхэлдэг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Э.Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 5-509 тоотод Н.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гуя тус газар 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 5-509 тоотод Н.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гуя тус газар 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч От 1 000 000 төгрөгийг 2 хувааж өгөхөөр тохиролцсон гэв.
1.2. Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хаялаг дээр хоноод өглөө 05 цагийн үед босоод морин байлдаан хийж тоголсон. Тэгтэл Тийн эхнэр нь үүрүүлэхгүй гээд байсан. Т бусад хүмүүс барилдаан хийгээд байхад чи яагаад болдоггүй юм бэ гээд эхнэртээ уурлаад байхаар нь би Тийг дуугүй бай гэсэн чинь дэг алдаад хүмүүс рүү уурлах гээд байхаар нь баруун гараараа зүүн хацар луу нэг удаа алгадсан. Чойрт Цийн гэрт ирээд Т бид хоёр үлдэж ирсэн нэг шил архийг хувааж уугаад сууж байтал гэрийн гадаа машинаас юм буулгаж байсан Цийн хамаатан гэх хүнтэй муудалцаад байхаар Тийг баруун гараараа зүүн хацар луу нэг удаа алгадаад дуугүй бай, битгий орилоод бай хүн амьтан унтаж байна гэж хэлтэл Т ширээн дээрээс нэг юм аваад миний баруун гуя руу цохиод авсан. Тийг харсан чинь гартаа хутга барьсан байхаар нь дүрчихсэн юм биш биз дээ гэж бодоод өмдөө тайлаад хартал баруун гуя руу хутгалсан цус гарч байсан. Тэгээд эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирээд Тийг аваад явсан, харин би эмнэлэгт ирээд 2 оёдол тавиулсан. Т намайг хутгаар дүрснийхээ дараа миний дух руу нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Энэ гэмтлүүдийг Т надад учруулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
1.3. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Өглөө 06 цаг өнгөрч байхад Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулаг 5-509 тоотод гэртээ ирээд О, Ц, Л, Т 4 хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архийг хувааж ууцгаасан. О Т хоёр юм яриад сууж байгаад Т нь агсрах шинжтэй болоход гэнэт О Тийг цохисон чинь л Т ширээн дээр байсан шар модон иштэй хутгыг аваад Оын баруун гуя хэсэгт хутгалчихсан. Орой нь Хаялага дээр Т эхнэртэйгээ муудсан уур нь гараагүй үг ярианаас харахад агсрах гээд байсан. Тэгсэн чинь О хотоос хүмүүс ирсэн байна чи хүндэл гэж хэлж байсан. О Тийн нүүрэнд хацар хэсэгт нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/
1.4. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Өглөө 06 цаг өнгөрч байхад Чойрт Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 5-509 тоотод дүү Цийнд ирээд Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архийг хувааж ууцгаасан. Би унтахаар хэвтсэн тэгтэл Л эгч энэ хоёр муудаад байна гэхээр нь бостол Т гэрийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байх шар модон иштэй жижиг хутгыг аваад баруун хойд зүг рүү О луу гүйгээд л очсон. Тэгсэн чинь О намайг дүрчихлээ шүү дээ гэж хэлээд өмдөө тайлж харуулахад цус гарч байсан. Би тэр хоёрыг ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэхгүй байна. Өөр ил харагдах шарх байгаагүй, Тд ил харагдах гэмтэл шарх байхгүй харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/
1.5. Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 224 дүгээр дүгнэлтэнд: Н.Оын биед баруун гуянд хутгалагдсан шарх, духанд зулгаралт гэмтэл учирчээ. Хутгалагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 07 дугаар сарын 14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гуяны хутгалагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 28 хуудас/
1.6.Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 2-3 хуудас/
1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-12 хуудас/
1.8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-ийн13-15 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Оын хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэсэн болно.
ХОЁР. Шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Тээс ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг нэхэмжилж байна. Надад Т 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо 1 000 000 төгрөг өгчих юм бол гомдолгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
2.2. Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тийн хувьд багаасаа үг дуу цөөнтэй хүн. Миний нүдэнд архи дарс уусан байдалтай харагдаж байгаагүй. Хүнтэй эвсэг харьцаатай, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг, хүнд их тусархуу зантай. Найз нөхөд болон гэр бүлийнхээ гишүүдийн дунд нэр хүнд сайтай, хүний өөдөөс хэр барагтай хэрэлдээд муудалцаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
2.3. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тийн хувьд олон үг байхгүй төлөв даруу зантай хүн. Даалгасан ажлыг цаг хугацаанд нь сайн хийдэг, элдэв янзын зан аашгүй, хариуцсан машин тэргээ цэвэр үзэмжтэй нямбай унадаг, машин техникт үйлчилгээ хийхдээ сайн. Надтай хамтарч ажиллаад 2 жил болж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн муу асуудал гаргаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
2.4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт болон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсон баримт /х.х-ийн 55-56 хуудас/
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Э.Тийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мод мэт шаргал өнгийн иштэй, нийт 19,5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Хохирогч Н.О нь ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг тус тус төлөхөө илэрхийлэн тохиролцож хүсэлтээр гаргасан тул шүүгдэгч Э.Тээс 1 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.От олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мод мэт шаргал өнгийн иштэй, нийт 19,5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Тээс 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг 1 дүгээр хэсэг, Цагаан дөрвөлжийн 4-6 тоотод оршин суух хохирогч Н.О олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА