| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04273/И |
| Дугаар | 210/МА2025/01645 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01645
*******н нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******н нэхэмжлэлтэй,
******* ХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 11,485,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байхдаа адуу мөргөж даатгалын тохиолдол бий болсон, Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцагчид даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгасан боловч хариуцагч нь үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан... гэсэн бол,
хариуцагч нь хариу тайлбартаа ...нэхэмжлэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй... гэсэн байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль болон талуудын байгуулсан даатгалын гэрээний тохиролцоог зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар 3.******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ХК-тай даатгалын гэрээ байгуулж, даатгалын үнэлгээг 31,000,000 төгрөгөөр тогтоож, Тоёота приус алфа-XW40 маркийн ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар даатгалын хураамжид 310,000 төгрөг төлсөн байна. /х.х-ийн 55-58/
Зохигч нэхэмжлэгч *******г даатгагдсан тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд даатгуулагч эсэх талаар маргаангүй.
Талуудын байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийг үзвэл тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх болон оролцоогүй үед бий болсон даатгалын тохиолдлоос хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохоор тохирсон ба энэхүү даатгал нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан сайн дурын даатгалын төрөл-д хамаарна. /х.х-ийн 55-56/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд ******* аймгийн ******* сум, *******бүрд 1 дүгээр багийн нутагт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалтыг зөрчиж нэг тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас даатгалын зүйл болох уг ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11,485,000 төгрөгийн хохирол учирсан байна. /х.х-ийн 12-22 /
Тодруулбал, ******* аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай магадалгаагаар даатгуулагч буюу нэхэмжлэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэх заалтыг зөрчсөн гэж үзэж, мөн өдрийн 0544637 дугаартай шийтгэлийн хуудсаар түүнийг 100,000 төгрөгөөр торгожээ. /х.х-ийн 12-13/
5. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж, 8.5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж, 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 8.5.4-т гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэж, 8.5.5-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, даатгагч болох хариуцагч ******* ХК нь даатгуулагч *******д дээрх хууль болон даатгалын гэрээнд зааснаас бусад өөр үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй.
Зохигч нэхэмжлэгчийг зам тээврийн осол гарах тэр мөчид сөрөг урсгал руу орсон нь даатгалын тохиолдол үүсэхэд нөлөөлсөн, улмаар энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болсон гэж маргаагүй, харин хариуцагч нь тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах гэрээний тохиролцоонд хамаарах эсэх талаар маргажээ.
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч буюу даатгуулагчийн санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтоох учиртай.
6. Талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан, хохирлын үнэлгээний тайлан тодорхойгүй, эргэлзээтэй тохиолдолд даатгагчаас техникийн тусгай мэргэжил бүхий шинжээч /инженер/, хохирол үнэлгээчийг томилно гэж заасан.
Гэвч энэхүү тохиролцоо нь тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан, хохирлын үнэлгээний тайлан /хэмжээ/ тус тус тодорхойгүй, эргэлзээтэй байх тохиолдолд шинжээч томилох ба энэ хэргийн хувьд зам тээврийн ослын шалтгаан нь тодорхой /адуу мөргөсөн/ байхад хариуцагч нь үүнийг тодруулахаар шинжээч томилох шаардлагагүй.
7. Мөн хариуцагчийн томилсон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24/21 тоот дүгнэлтэд нэхэмжлэгч нь хурд хэтрүүлсэн боловч зогсох боломжтой нөхцөл байдал байхад зогсож чадаагүй гэж, түүнчлэн шөнийн цагаар өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн гэрэл гялбасан яг тэр мөчид адуу гүйсэн, энэ нөхцөл байдалд хурд хэтрүүлээгүй бол зогсох боломжтой, хэтрүүлсэн учир зогсож чадаагүй гэсэн дүгнэлт байхгүй. /х.х-ийн 36-43/
Хэргийн баримтаар адууны эзэн буюу малчинг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-т Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: /хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэж заасныг зөрчсөн гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь тогтоосон дүрэм, журмын хүрээнд зам дээр адуу мал байх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй байж болох ба хариулгагүй адуу шөнийн цагаар зам хөндлөн гарах гэж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байх тул болгоомжгүй зам тээврийн осолд хамаарна.
Анхан шатны шүүх шинжээчийн дээрх дүгнэлтээр жолоочийг зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 88 км цагаас доошгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Тиймээс даатгагч нь даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д ...замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн болох нь мэргэжлийн эрх бүхий байгууллага эсхүл гэрээний 3.5-д заасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхгүй.
8. Харин талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т Даатгуулагчийн сонгосон эрсдэлийн дагуу олгохоор тооцсон дүнгээс дараах үндэслэлээр 50 хувийг /даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага/ хасаж нөхөн төлбөрийг олгоно гээд 3.14.2-т Шөнийн цагаар суурин газар хоорондын замд /орон нутаг/ зорчиж байхад болсон зам тээврийн ослын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэж заасан.
Тодруулбал, зохигч даатгалын гэрээнд дээр дурдсан үндэслэлээр даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагаас хамаарч нөхөн төлбөрийг тодорхой хувь хэмжээгээр бууруулан өгөхөөр тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сум, *******бүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд зам тээрийн осол гаргасан болох нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаангүй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж зааснаар зам тээврийн осол гарсан гэх 23 цаг 10 минут нь шөнийн цагт хамаарна.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.28-д суурин газар гэж 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрийг гэж зааснаар суурин газрын хооронд гэдэг нь суурийн газрын тэмдэг дууссан цагаас дараагийн суурийн газрын тэмдэг эхлэх хүртэлх замын хэсгийг хэлнэ.
Үүнээс дүгнэвэл даатгагч нь даатгалын актуарчийн тооцоолсноор шөнийн цагаар орон нутгийн замд адуу мал мөргөх зам тээврийн осол их гардаг болохыг үндэслэн ийнхүү даатгуулагчтай өөрийн хүлээх хариуцлагын хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13, 3.14.2-т тус тус зааснаар даатгалын зүйлд учирсан хохирол болох 11,485,000 төгрөгийн 50 хувийг шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 5,742,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/07872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 5,742,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,742,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР