Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/01646

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04315 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 23,849,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, ******* ХК-тай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, ******* УЕА улсын дугаартай хар өнгийн тоёота приус суудлын автомашиныг тээврийн хэрэгслийн бүрэн даатгалд хамруулсан. Ингээд даатгалын тохиолдол болмогц тус компанид гэрээнд зааснаар холбогдох бүх баримтын хамт өргөдөл өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/3422 дугаар албан тоотоор надад учирсан хохирлыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор барагдуулахыг даалгасан хэдий ч биелүүлээгүй учир тус компанид 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан. Миний бие 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас нуурыг очиж үзэхээр эхнэр 3 хүүхдийн хамт явж байхдаа Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар замын барилга байгууламжийн нөлөөллөөр зам тээврийн осолд орж, автомашин маань бүрэн устаж үгүй болсон. Даатгалын гэрээний 6.1.7 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн мөн адил даатгасан. Би, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 17 хоног, эхнэр ******* 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын15-ны өдрийг дуустал 28 хоног тус тус хөдөлмөрийн чадвараа алдан гэрээр эмчилгээ хийлгэж, ажлаа хийж чадаагүй. Тиймээс 45 хоногийг өдрийн 100,000 төгрөгөөр тооцож 4,500,000 төгрөг болсон. Иймд, үүнийг урьд өмнө нэхэмжилсэн автомашинд учирсан хохирол 19,340,500 төгрөг дээр нэмж нийт 23,840,500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгалын компанид даатгуулсан бол заавал нөхөн төлбөр авна гэх ойлголт байхгүй. Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд заасны дагуу хөдөлгөөнд орох үеийн ослуудыг даатгасан. Гэрээний зүйл, заалтаар тохиолдолд тохируулан нөхөн олговор олгож, тодорхой эрсдэлээс хамгаалж байгаа. Машин механизм нь өөрөө аюул хохирол учруулахуйц техникийн хэрэгсэл бөгөөд хүний үйл ажиллагаа, сахилга бат, ёс зүйтэй шууд холбоотой. Жолооч нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хариуцах үүрэг, хариуцлагаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг чандлан биелүүлж, даатгуулагч ******* буруугүй байх үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу буруутай нь тогтоогдсон. Хохирлыг ерөнхийд даатгасан тул гэрээний зүйл заалтаар 8,457,547 төгрөгийг *******т олгохоор шийдвэрлэсэн. Авто тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 34,500,000 төгрөгийг 2 хувь болох 600,000 төгрөгийг хураамжид авсан. ******* УЕА улсын дугаартай хар өнгийн тоёота приус маркийн суудлын автомашины учирсан хохирол нь даатгуулагч *******ын замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг зөрчсөний улмаас үүссэн хохирол болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 19,549,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...манай зүгээс нэхэмжлэгчид 8,457,547 төгрөг болон түүн дээр Тээврийн хэрэгслийн стандарт + даатгалд зааснаар 200,000 төгрөг, нийт 8,657,547 төгрөгийг олгох боломжтой буюу нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хүлээн зөвшөөрч бусад хэсэг буюу 11,091,953 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

...шүүх даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэсэн атлаа авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүргээр хариуцах хэсэг болох тус гэрээний 5.1.5-д "Эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, шүүхийн шийдвэр, 6.1.19-д Даатгалын үндсэн зарчим мөрдүүлэх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс ...учирсан хохирлыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно 6 1.13-д Илэрхий мэдэгдэж байгаа эрсдэлээс зайлсхийгээгүй тохиолдолд олгохоор тооцсон хохирлын 50 хувиар нөхөн олгоно гэж заасан даатгалын гэрээний зүйл заалтыг үнэлж дүгнээгүй ноцтой алдаа гаргасан байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д ...Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/3422 тоот албан бичгийг ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болгосон нь туйлын үндэслэлгүй болох нь Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэг маргаанд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Мөн хэрэгт авагдсан Архангай аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичгийн хавсралт баримт болох /хх-126/ Эрх зүйн албан тушаалтны магадалгаанд ...2024.07.19- ний өдрийн 16 цаг замын хажуу тал руу орж зам тээврийн осол гаргасан, ...Үзлэгээр тогтоогдсон байдал, ...асфальтан, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, өдөр, Приус-41 маркийн 93-01 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж заасан дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлтийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иймд, тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх зарчимд нийцээгүй, хууль болон дүрэм, журам, даатгалын баталгаа болон даатгалын гэрээний зүйл заалтын ялгаа заагийг гаргалгүйгээр буруу тайлбарласан, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй шударга бус, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээр 19,549,500 төгрөгийг хангасан шийдвэрийн 11,091,953 төгрөгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан гэдгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн ба даатгалын тохиолдол бий болсон. Гэрээнд ямар тохиолдолд даатгал олгохгүй байх, ямар тохиолдолд даатгалын олговроос 50 хувийг олгох талаар тодорхой заасан. Энэ зохицуулалтад манай тохиолдол хамааралгүй, харин нөхөн төлбөрийг бүтэн олгох заалтад хамаарч байх учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 23,849,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь 8,657,547 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, нийт 23,700,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Toyota Prius Alpha-XW маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан, /х.х-ийн 21-24/

 

3.2. Мөн тэрээр тус өдөр ******* ХК-тай даатгалын гэрээ байгуулж, даатгалын үнэлгээг 34,500,000 төгрөгөөр тогтоож, тухайн тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар даатгалын хураамжид 655,550 төгрөг төлсөн байна. /х.х-ийн 6-7/

 

Зохигч нар нэхэмжлэгч *******ыг даатгагдсан тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд даатгуулагч эсэх талаар маргаангүй.

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний баталгаанд зааснаар тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх болон оролцоогүй үед бий болсон даатгалын тохиолдлоос хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохоор тохирсон ба энэхүү даатгал нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан сайн дурын даатгалын төрөл-д хамаарна. /х.х-ийн 6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас сумаас Улаанбаатар хот руу явж байхад Архангай аймгийн ******* сумын ******* багийн гэх газарт зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд 19,349,500 төгрөгийн хохирол учирсан болох нь Архангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны магадалгаа болон Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 10-19, 86, 127/

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа замын сэвээ /энхэл донхол/-д цохиулж, замын хажуу тал руу унасан гэх үйл баримтын талаар маргаагүй, харин тухайн осол нь даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь, аль эсхүл 50 хувь олгох даатгалын тохиолдлын чухам алинд нь хамаарах нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж, 8.5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж, 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 8.5.4-т гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэж, 8.5.5-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэж тус тус заасан.

 

Тодруулбал, даатгагч буюу хариуцагч ******* ХК нь даатгуулагч *******т дээрх хууль болон даатгалын гэрээнд зааснаас бусад өөр үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй.

 

6. Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадалгаанд даатгуулагч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөн гэжээ. /х.х-ийн 86/

 

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч буюу даатгуулагчийн санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын тохиолдол бий болсон учир хариуцагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь зөв эсэх, аль эсхүл талууд даатгалын гэрээнд дээр дурдсан үндэслэлээр даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагаас хамаарч нөхөн төлбөрийг тодорхой хувь хэмжээгээр өгөхөөр тохиролцсон эсэхийг тогтооно.

 

Зохигч нарын байгуулсан даатгалын гэрээний баталгааны даатгалын эрсдэлийн 3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үеийн бүх осол-ыг 100 хувь хамгаалахаар тохирсон байна.

 

Түүнчлэн даатгуулагч *******ыг замын хөдөлгөөнд оролцох оролцогч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх агуулгатай сэрэмжлүүлэг бүхий тус зохицуулалтыг зөрчсөн нь санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж шууд үзэх боломжгүй.

 

7. Мөн талуудын байгуулсан даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.19-д Даатгалын үндсэн зарчим мөрдүүлэх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хориглосон агуулга бүхий дараах заалтуудыг зөрчсөнөөс учирсан хохирлыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно гээд

 

6.1.19.1-д Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн,

6.1.19.2-т Буцаж эргэх үйлдлийг хориглосон газарт буцаж эргэсэн,

6.1.19.3-т Урсгал сөрж явсан,

6.1.19.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн,

6.1.19.5-д Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон заалтыг зөрчсөн,

6.1.19.6-д Замын хөдөлгөөний хурд хэтрүүлснээс үүдсэн буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн заалтыг зөрчсөн,

6.1.19.7-д Даатгуулагч хэт ядарсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодсоноос хохирол учирсан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон гэж нийт 7 төрлийн зөрчлийг нэрлэн заажээ.

 

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн эдгээр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоос гадна зохигч нар даатгалын гэрээний 7 дугаар зүйлд нөхөн төлбөрийг огт олгохгүй байх үндэслэлийн талаар тохиролцсон байна.

 

Гэвч хэргийн баримтаар тус зөрчлүүд болоод даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд нэхэмжлэгч буюу даатгуулагч *******ын гаргасан зөрчил болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх зөрчил хамаарахгүй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Тийм учир анхан шатны шүүх хариуцагчаас хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 19,349,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдвэр үндэслэлтэй.

 

8. Хэрэгт авагдсан баримт болох хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан нэхэмжлэгч ******* 17 хоног, зорчиж явсан түүний эхнэр ******* 28 хоног тус тус хөдөлмөрийн чадвараа түр алдсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 95-102/

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.20-д Даатгуулагч зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол эмчилгээний баримтыг үндэслэн /эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн/ хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан хоног тутамд сонгосон хамгаалалтын нөхцөл дэх гэнэтийн ослын үнэлгээний 1 хувь гээд даатгалын баталгааны хүснэгт 1-ийн 10-т Жолооч болон зорчигчийн гэнэтийн осол /жилдээ/, стандарт + 200,000 төгрөг хүртэл гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ******* болон түүний эхнэр ******* нар нийт 45 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдсан ба үүний нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд зааснаар тооцвол 90,000 төгрөг /200,000 х 1%=2,000 х 45 хоног/ болж байх боловч хариуцагч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны нөхөн төлбөрт 200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР