Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/68

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Гд холбогдох эрүүгийн 1917001180060 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Гын Г /РД:ЕЙ7/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1972 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн С сумын 5 дугаар баг, Б гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, дээд боловсролтой, геологи хайгуулын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн  хамт амьдардаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г. нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 157 тоотод Г.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж унагах, нүүр, зүүн гар тус газар цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 157 тоотод Г.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж унагах, нүүр, зүүн гар тус газар цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирээд гэртээ Долгоржав нартай 0,75 литрийн архи хувааж уусан. Д нь манай хашаанд сарын 20 000 төгрөгний түрээсээр суудаг. Архи уугаад сууж байхдаа Дд хашааны банз хойноосоо 2,3 цуурсан байна, байшингийн цоож цохиод орсон байна. Дотроос нь юу ч алга болсон юм. Би одоохондоо үзээгүй байна. Би хөдөөнөөс мөнгө муутай ирсэн. Түрээсийнхээ мөнгийг авъя гэж хэлэхэд Д би түрээс, цахилгааны мөнгийг чинь төлөхгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгээд би Дыг манай гэрээс гар гэсэн чинь гарахгүй үүдэнд зогсоод байхаар нь үсдээд хүзүүнээс нь зулгаагаад гаргасан. Тэгээд гадаа гараад хоёулаа ноцолдоод  унасныхаа дараа нь би нүүр лүү нь 2,3 удаа цохьсон. Тэгээд байж байхад манай авгай гарч ирээд намайг салгаад гэртээ оруулсан. Би согтуудаа Дт хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Маргааш нь гэм буруугаа ойлгоод Дын ажил дээр очиж уучлалт гуйгаад ямар хохирол байна хохирлыг чинь барагдуулъя гэж хэлэхэд Д надаас 1 000 000 төгрөг нэхсэн. Тухайн үед надад өгөх 1 000 000 төгрөг байгаагүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Шүүхийн өмнө дахин уучлалт гуйж байна. Шүүхээс тогтоосон Дын хохирлыг төлөхөд бэлэн байна гэв.

 

1.2. Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд Гийн эхнэр Э Г намайг хөөгөөд байна гээд манай гэрт байж байсан. Тэгэхээр нь би гэрт нь хамт дагаад орсон чинь Г гэртээ ганцаараа  халамцуу архи уугаад сууж байсан. Тэр архинаасаа надад хийгээд өгөхөөр нь би маргааш ажилтай гээд архи уугаагүй. Харин Г, Э нар тэр багахан архийг хувааж уугаад дуусаад Г согтоод орондоо ороод хэвтсэн. Э бид хоёр гэрээс нь гараад гадуур явж байгаад гэрт нь буцаад ирсэн чинь Г 00 орчихоод ирлээ гээд гаднаас нэг шил 0,75 литрийн Монгол Стандарт нэртэй архи барьж орж ирсэн. Г, Э бид гурав хувааж уугаад юм яриад сууж байгаад Г Э хоёр нилээн согтсон. Би тэр хоёрт хандаад би удахгүй хашаанаас нь нүүх гэж байгаа гэдгээ хэлсэн. Тэгтэл Г гэнэт уурлаад мөнгөө өгөөрэй гэж хэлээд манай гэрийн гэрлийг тасалсан байсан. Би Гийн хашаанд сарын 20 000 төгрөг төлөөд суудаг. Мөн тогны мөнгийг сар сард ээлжилж төлөхөөр тохирсон боловч Г ихэвчлэн хөдөө байдаг төв дээр ирэн очин байдаг болохоор тогны мөнгийг би л төлдөг байсан. Г ер нь согтохоороо мөнгөө өг гээд их агсардаг байсан. Тэгэхээр нь би Гийг гуйж байгаад буцаагаад тогоо залгуулчихаад гарах гэсэн чинь Э намайг сууж байгаад гарахгүй юу даа гэж хэлэхээр нь би гэрт нь хэсэг суугаад нөгөө архиа хувааж уугаад сууж байхад Э согтоод унтсан. Тэгтэл Г би амарлаа чи гар гэж надад хандаад хэлэхээр нь би өөдөөс нь гарлаа гэж хэлээд гарах гэсэн чинь Г босч ирээд миний үснээс зулгаагаад намайг газар унагаад чирээд гаргаж орхиод гэрлүүгээ ороод буцаад гартаа алх бариад гарч ирээд намайг ална гэж хэлхээр нь би гэрийг нь тойроод зугатааж гүйж байгаад бүдрээд унасан чинь Г миний дээр суугаад миний нүүр лүү зүүн хэсэг рүү гараараа балбаад эхэлсэн. Би нүүрээ гараараа дараад байж байтал миний зүүн гарын тохой руу алхаараа нэг удаа цохисон чинь эхнэр Э гэрээс гарч ирээд Гийн гараас алхыг нь булааж аваад хол шидээд Гийг надаас салгаж авахаар нь би босоод гэр лүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Би Гээс хохиролдоо 1 000 000 төгрөг нэхэмжилнэ. Одоо бол эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Учир нь мөнгөгүй учраас эмнэлэгт үзүүлж чадахгүй байна. Миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь Г надад учруулсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-20 хуудас/

 

1.3. Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс хамтран амьдрагч Гийн хамт..Сүмбэр сумын төв Өгөөмөрийн 157 тоот гэртээ ирээд дэлгүүрээс 0,5 граммын Монгол Стандарт нэртэй архи аваад тэр архиа Гийн хамт гэртээ хувааж уугаад байж байсан чинь үдээс хойш манай хашаанд байдаг Д ирэхээр нь нөгөө ууж байсан архинаасаа Дт хийгээд өгсөн чинь би маргааш ажилтай гээд уугаагүй нөгөө архи дууссан. Тэгээд Д бид хоёр гэрээс гараад гадуур гарчихаад ороод ирсэн чинь Г гаднаас мөн нэг шил архи авч орж ирээд бид гурав нөгөө архийг хувааж уугаад байж байгаад Г Дт хандаад хашааны түрээсийн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн чинь Д би нүүнэ гэрлийн мөнгө төлөхгүй мөн хашааны түрээсийн мөнгө төлөхгүй гээд энэ хоёр маргалдаад эхэлсэн. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор унтахаар хэвтсэн. Тэгтэл Г Д нар зууралдаад гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадаа гараад чанга, чанга дугараад байхаар нь орноосоо босоод гараад очтол гэрийн баруун урд хэсэгт Д, Г нар хоорондоо зууралдсан ноцолдож байхаар нь би Гийг салгаж аваад гэртээ оруулаад хаалгаа дотор талаас нь түгжсэн. Намайг гэрээс гарахад Д газар унасан Г дээрээс нь хувцаснаас нь барьсан байж байсан. Миний хажууд Г Д нар бие биеэнээ цохиж зодоогүй. Намайг гэрээс гараад очиход алх барьсан зүйл байхгүй байсан. Тэр хоёр ноцолдож байсан. Намайг гэрт байх хугацаанд яасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед манайд бид гураваас өөр хүн байгаагүй  ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар дүгнэлтэнд: Г.Дын биед тархи доргилт, дух, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацар, шанаа, тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 10 хуудас/

 

1.5. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 13-16 хуудас/ зэрэг болно.

 

  Иймд шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Гийн хувьд төлөв даруу зантай. Их зөөлөн сэтгэлтэй. Хүнтэй эв найртай байдаг. Хүн их тусархуу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

2.2. Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Гийн хувьд би багаас нь мэднэ. Хүнтэй маргалдаж муудаад байх хүн биш. Зан байдлын хувьд мөрөөрөө л явж байдаг. Найз нөхөдтэйгээ эвсэг харьцаатай. Өндөр настай 2 нүд хараагүй ээжийгээ асраад байж байгаа. Хүний хувьд их зөв сэтгэлтэй хүн. Хүнд их тусархуу зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.3. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Гийн хувьд дуугүй мөрөөрөө зантай. Өөрийнхөө хэдэн малыг маллаад манайхтай айл байдаг. Хүнтэй эвсэг харьцаатай. Хүнд тусархуу. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Ер нь элдэв янзын ааш зан байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /х.х-ийн 47-53 хуудас/

 

2.3. Г.Гийн бакалаврын дипломны хуулбар, багшлах эрхийн үнэмлэх, ”Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбарууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар, Монголын геологийн албаны хүндэт медаль, үнэмлэхний хуулбар /х.х-ийн 55-58 хуудас/ зэрэг болно.

 

  Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Д нь 1 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Д нь 1 000 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ