| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 148/2024/00501/И |
| Дугаар | 210/МА2025/01647 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01647
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Надад 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр телеграммаар ...өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр 5 од дарж үнэлгээ өгөөч, бид дэлхийн хэмжээнд ажилладаг менежерүүд байна, та зөвхөн миний явуулсан дэлгүүрүүдийн судалгаанд 5 одтой үнэлгээ өгсний төлөө бид таныг урамшуулах болно... гэж *******ээс зурвас ирсэн. Миний бие үүнд итгээд дэлгүүрүүдийн танилцуулгад үнэлгээ өгч хариуд нь надад 3 удаа 6,000 төгрөг өгсөн тул итгэж урамшсан. Үүний дараа надад ...одоо та эхлээд өөрөө мөнгөө төлөөд манайхаас урамшуулал авч болно гэсэн учир итгээд 23,000 төгрөг төлөөд 329,000 төгрөг болгож авсан. Мөн надад 1,850,000 төгрөгийг чи манайд төлсний дараа бид уг мөнгийг 2,590,000 төгрөг болгож өгнө, судалгаанд үнэлгээ өгч худалдан авалт хийснээр дэлгүүрийн нэр хүнд өсөж, манайд ч ашигтай байгаа болохоор таныг урамшуулж байна, та энэ урамшууллын мөнгөө өгч байж өөрийн хийсэн мөнгөө авна... гээд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр *******ээс өөрийнхөө Хаан банк ХК дахь ******* данс руу яаралтай 6,000,000 төгрөг хий гэсэн зурвас ирсэн учир миний бие тэр өдөртөө уг мөнгийг шилжүүлсэн. Гэвч одоог хүртэл надад амласан мөнгөө өгөөгүй тул урамшуулал авахгүй зүгээр л миний мөнгийг өгчих гэсэн боловч өгөхгүй байна. Иймд, хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр телеграммаар телеграммаар ...өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр 5 од дарж үнэлгээ өгөөч, бид дэлхийн хэмжээнд ажилладаг менежерүүд байна, та зөвхөн миний явуулсан дэлгүүрүүдийн судалгаанд 5 одтой үнэлгээ өгсний төлөө бид таныг урамшуулах болно... гэх утгатай зурвас *******ээс зурвас ирсэн гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Гэвч би миний бие түүнийг огт танихгүй, ямар нэгэн байдлаар цахим буюу телеграммаар холбогдож байгаагүй.
Би, анх 2024 оны 7 дугаар сарын сүүлээр фейсбүүк хуудсанд ...бидэнтэй холбоо барина уу, өдөр бүр орлого олох боломжтой 100,000-200,000 төгрөг олно... гэх ажлын зарыг харж, тухайн холбоос дээр дарж ороход ...манай ажил танаас ямар нэгэн хөрөнгө оруулалт шаарддаггүй, та зөвхөн бидний ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд л хангалттай, тэгвэл бид өдөр бүр тогтвортой орлоготой байх боломжтой бөгөөд танд маш их цаг завтай л бол өдөр бүр 150,000 монгол төгрөг олох боломжтой, та илүү их мөнгө олох боломжтой, та манай ажилтан болохыг сонирхож байна уу... гэж +447534058136 дугаараас мессеж ирсэн. Мөн шилжүүлэг авахдаа 2%-ийн шимтгэл авах боломжтой ба манайхаар мөнгө шилжүүлбэл гүйлгээ бүрээс 100 төгрөг авах боломжтой юм. Ийм захиалга өдөр бүр олон байдаг бөгөөд та маш их хэмжээний шимтгэл авах боломжтой гэсний дагуу тухайн хүнд буюу +447534058136 дугаар дуу өөрийн мэдээлэл болон дансны дугаараа явуулж бүртгүүлсэн.
Миний данс руу тодорхой хэмжээний мөнгө орж ирсний дараагаар тухайн дугаараас над руу данс, данс эзэмшигчийн нэр болон хэдэн төгрөг шилжүүлэх, гүйлгээний утга дээр бичих 4 оронтой тооны хамт явуулснаар би тухайн гүйлгээг хийдэг байсан. Үүний дараагаар намайг тухайн өдрийн гүйлгээ хийсэн мөнгөний 2 хувиар цалинжуулдаг байсан. Би, үүнд итгэж урамшин тухайн ажлыг нийт 3-4 удаа хийсэн. Тэгээд сүлжээгүй газар явах болсноор хийхээ больсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... судалгаанд үнэлгээ өгч худалдан авалт хийснээр дэлгүүрийн нэр хүнд өсөж манайд ч ашигтай байгаа болохоор таныг урамшуулж байна, та энэ урамшууллын мөнгөө өгч байж өөрийн хийсэн мөнгөө авна гээд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр намайг Хаан банк ХК дахь данс руу яаралтай 6,000,000 төгрөг хий гэсэн тул би тэр өдрөө хийсэн гэжээ. Миний бие ямар нэгэн хүнтэй харьцаж иймэрхүү утга агуулгатай зүйлсийг бичиж байгаагүй, мөн энэ хүнд мөнгийг нь ахиулан урамшуулал олгоно гэсэн талаар мэдэхгүй. Тиймээс ******* гэх хүнтэй би ямар нэгэн байдлаар холбогдож бид хоёрын дунд эрх зүйн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.4.1-д зааснаар *******эд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,000,000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Мөн анхан шатны шүүхийн Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь мөнгөө авахгүй байх гэж бодох, мөн итгэхгүй байх баримт хэрэгт байхгүй, харин ч 3 удаа 6,000 төгрөг өгч урамшуулсан ба хожим мөнгөө өгч байж үндсэн мөнгөө авна уу гэж шилжүүлэхээс өөр аргагүй байдалд нэхэмжлэгчийг оруулсан байхад анхан шатны шүүх хариуцагчид л ашигтай байх үүднээс хариуцагч цахим залиланд өртсөн үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж дүгнэсэн. Хэрэгт хариуцагч нь цахим залилан буюу эрүүгийн хэргийн холбогдогч болон хохирогчоор орж байсан эсэхийг шийдвэрлэсэн баримт байхгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр дээрх байдлаар дүгнэж байгаа нь шүүх хариуцагчид ашигтай бүх хувилбарыг өөрийн үзэмжээр гаргаж ирж, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн оролцогчид шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* тухайн мессежийг хариуцагч ******* бичсэн гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж шүүхийг төөрөгдөлд оруулсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн цахим зурваст хийсэн үзлэгээр тодорхой болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийг таньдаггүй, зөвхөн дансыг ашиглаж байгаа үйл баримтыг мэддэг хэр нь нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ямар зорилгоор мөнгө шилжүүлж байсан гэдгээ бичээгүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь хийсэн ажлын хүрээнд цалин хөлс авсан бөгөөд ашиг орлого олсон үйл баримт байхгүй. Иймд, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас хариуцагч *******ийн мөн тус банк дахь ******* тоот данс руу 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч нь энэ өдөр ******* тоот данс руу 0688 гэх утгаар шилжүүлжээ. /х.х-ийн 4, 54/
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагч ******* нь миний явуулсан дэлгүүрүүдийн судалгаанд 5 одтой үнэлгээ өгсний төлөө бид таныг урамшуулах болно гэсний дагуу үнэлгээ өгсөн, үүний хариуд надад 3 удаа 6,000 төгрөг өгсөн тул итгэж урамшсан, үүний дараа миний бие 23,000 төгрөг төлөөд 329,000 төгрөг болгож авсан, мөн 1,850,000 төгрөгийг манайд төлөөд уг мөнгийг 2,590,000 төгрөг болгож өгнө, судалгаанд үнэлгээ өгч худалдан авалт хийснээр дэлгүүрийн нэр хүнд өсөж манайд ашигтай байгаа болохоор таныг урамшуулж байна, та энэ урамшууллын мөнгөө өгч байж өөрийн хийсэн мөнгөө авна гээд тэрээр 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө ******* тоот данс руу яаралтай 6,000,000 төгрөг шилжүүлж гэсэн тул би тэр өдөртөө шилжүүлсэн, гэвч одоог хүртэл надад амласан мөнгөө шилжүүлээгүй тул урамшуулал авахгүй өөрийн өгсөн 6,000,000 төгрөгийг гаргуулна... гэсэн бол,
хариуцагч нь ... ******* гэх хүнийг огт танихгүй, ямар нэгэн байдлаар цахим буюу телеграммаар түүнтэй холбогдож байгаагүй, 2024 оны 07 дугаар сарын сүүлээр фейсбүүк хуудсанд өдөр бүр орлого олох боломжтой 100,000-200,000 төгрөг олно, та манай ажилтан болохыг сонирхож байна уу, шилжүүлэг авахдаа 2 хувийн шимтгэл авах боломжтой бөгөөд манайхаар мөнгө шилжүүлбэл гүйлгээ бүрээс 100 төгрөг авах боломжтой гэсний дагуу тухайн хүнд буюу +447534058136 дугаар руу өөрийн мэдээлэл болон дансны дугаараа явуулж бүртгүүлсэн, миний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж ирсний дараагаар тухайн дугаараас над руу данс, данс эзэмшигчийн нэр болон хэдэн төгрөг шилжүүлэх, гүйлгээний утга дээр бичих 4 оронтой тооны хамт явуулснаар би тухайн гүйлгээг хийдэг байсан, бид хоёрын дунд эрх зүйн харилцаа үүсээгүй... гэжээ. /х.х-ийн 1, 18/
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй, аль эсхүл үүрэг үүссэн хэдий ч хожим хүчингүй, эсхүл дуусгавар болсон бол нэхэмжлэгч нь тухайн 6,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардаж болно.
Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн харилцаанд хөрөнгө шилжүүлэн авсан тал ашиг олсон байх ёстой гэж хуулийг тайлбарласан нь үндэслэлгүй, үүнээс үл хамаарч тухайн хөрөнгийг тус этгээд өөртөө үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй тохиолдолд буцаан өгөх үүрэг үүсдэг тул дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс ийнхүү залруулна.
5. Хариуцагч ******* нь +447534058136 дугаараас өөрийн эзэмшлийн дансаар гүйлгээ хийснээр 2 хувийн шимтгэл авах бөгөөд мөнгөн шилжүүлэг бүрээс 100 төгрөг авахаар хамтран ажиллах санал гаргасныг хүлээн зөвшөөрч, улмаар ирүүлсэн зааврын дагуу мөнгөн шилжүүлгүүдийг хийдэг байжээ. /х.х-ийн 54-58, 82-87/
Хэргийн баримтаар зохигч хоорондоо цахим зурвасаар харилцаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлж, улмаар түүнийг нь өсгөж өгөх талаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь телеграмм ашиглан бусдад мөнгөн хөрөнгө шилжүүлээд түүнээсээ ашиг олж байсан бөгөөд хариуцагч *******ээс ирүүлсэн цахим зурвасын дагуу түүний Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч тэрээр тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх талаар цахим зурвасыг хариуцагчаас ирүүлсэн, хариуцагчтай телеграммаар харилцдаг байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гээд 492.4.1-т анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь телеграммаар харилцаж мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг шаардаж буй этгээд чухам хэн болох буюу хариуцагч *******ийг өөрөө мөн эсэхийг тодруулах, улмаар 6,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлэхдээ хариуцлагатай ухаалаг хандсан бол тийнхүү зорилгодоо хүрэх боломжгүй гэдгийг мэдэх боломжтой байсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжсэн энэхүү нөхцөл байдлыг хариуцагч нь бий болгоогүй, харин зохигч хэн аль нь хялбар аргаар мөнгө олох сэдлээр цахим орчинд өөртэй нь харилцагч этгээдийг хэн болохыг тодруулаагүй, хэрэгт авагдсан харилцан бичсэн зурвасыг энгийн ухаалаг хүн reasonable man-ний байр сууринаас харахад харилцагч этгээдийг жинхэнэ хүн биш /харилцан ярианы автомат загвар ашигласан/ болохыг мэдэх боломжтой байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой биш байна. /х.х-ийн 69-71/
Иймд, нэхэмжлэгчийг мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ зорилгодоо хүрэх боломжгүй байсныг мэдэх бүрэн боломжтой байтал мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР