Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч  П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-т холбогдох эрүүгийн 1938003840244  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Л-, 

Шүүгдэгч Г.Л- нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х аймгийн М сумын - багийн -  тоот хашаанд байрлах иргэн Г.Р-ын байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж тоос сорогч хулгайлан 80.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ..

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Л- нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х аймгийн М сумын - багийн -  тоот хашаанд оршин суух хохирогч Г.Р-ын байшинд хууль бусаар нэвтрэн орж тоос сорогч хулгайлан 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тоггоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орой би Мөрөн сумын 2-28-10 тоотод байх байшиндаа ирж үзэхэд манай байшнгийн цонх хаалга бүрэн бүтэн байсан. Байшиндаа орж хөлдөөгчөө цэвэрлэчихээд буцаад гарч явсан юм. Манай хашаанд 2013 оноос хойш эхнэр, нөхөр 2 нэг хөгшинтэй хамт амьдардаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны   5 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд манай цонхыг хагалаад байшингаас тоос сорогч алдагдсан байсан. Манай алдагдсан тоос сорогч нь хүрэн өнгөтэй байсан. 2013 онд 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...Би тоос сорогчоо хүлээж авсан учраас надад одоо ямар нэгэн гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/

Гэрч О.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би                          Г.Л-той 2014 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба дундаасаа 2 хүүхэдтэй ...одоо 1-30-13 тоотод хадам ээж Х.Уранчимэгийн гэрт би нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Л- ахтайгаа муудалцаж, толгойгоо хагалаад 5 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сум 1-30-13 тоотод байх хадам ээж Уранчимэгийн байдаг хашааны айлын байшингийн цонхны хүрээ төмрийг хөшиж ороод тоос сорочийг авч явж байгаад цагдаа нарт баригдсан байсан. Миний хамтран амьдрагч Г.Л- нь архи согтууруулах ундаа хаяа нэг уудаг. Тэр үед Г.Л- нь согтуу байсан. Г.Л- нь урьд өмнө нь хулгайн хэрэгт холбогдоод шоронд ял эдлээд гарч ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

Гэрч Х.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны                   5 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хамаатны дүү Г.Л-той хамт архи уугаад бид хоёр муудалцаад би түлхэж унагаахад Г.Л- нь төмөр паар мөргөж тогойгоо хагалсан. Би тэгээд тэр үедээ унтчихсан. Тэгээд маргааш нь 2019 оны 5 дугаар сарын     23-ны өдөр Г.Л- нь өөрийнхөө хадам ээжийн байдаг айлын хашаанаас цонхоор нь орж тоос сорогч хулгайлж байгаад цагдаад баригдсан гээд намайг цагдаагаас дуудан ирүүлж уулзсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

Шүүгдэгч Г.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны    5 дугаар сарын 23-ны өдөр байсан. Би энэ өдөр хадам ээж Баасанжавынд очих гэж                              2 дугаар хороо руу явж байгаад хадам ээжийндээ очтол хүн байхгүй байсан.Тэгээд жаахан архи уусан байсан болохоор архины мөнгө олох гээд 2 дугаар багийн 28-10 тоот хашаа руу ороход гэрт нь хүн байхгүй байсан.Тэгэхээр нь хойд талын байшингийнх нь цонхыг түлхтэл онгойчихсон юм.Тэгэхээр нь би цонхоор нь ороод улаан өнгийн тоос сорогчийг хойморт нь байсан модон орны доод талаас аваад цонхоор нь буцаж гараад гудамжны үзүүүрт байсан Мөнхбулаг дэлгүүрт “нэг шил архины  барьцаанд тавъя” гэж бодоод явж байгаад цагдаа нарт баригдсан.  Ийм л зүйл болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ .

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 17-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Л- нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х аймгийн М сумын - багийн -  тоот хашаанд оршин суух хохирогч Г.Р-ын байшинд хууль бусаар нэвтрэн орж тоос сорогч хулгайлан 80.000 төгрөгийн хохирол учруулсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд маргахгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгч Г.Л-ын гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Л- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 29-37-р тал/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Л- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Л- нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.Р- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1938003840244   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

1. Шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч Г.Л-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Л-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1938003840244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР