| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2025/00074/И |
| Дугаар | 208/МА2025/00045 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2025/00045
Г.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаар шийдвэртэй
Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох
Хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, Л.Галав нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
Хариуцагч хариу тайлбартаа:
2022 оны 03 сард тус компанид Г.*******ыг угтагч гэдэг албан тушаалд томилсон байсан. 04 сарын 13-ны өдөр бүх ажилтныг ажлаас чөлөөлж төрийн өмчит компани болсонтой холбоотой шинээр ажилд томилоход Наранбаатар захирал тухайн үед шинэ залуу хүүхдийг дэмжье гэдгээр захирлын нарийн бичгийн албан тушаал дээр томилсон. Тэрнээс биш захирлын нарийн бичгийн албан тушаалд сонгон шалгаруулалтад ороод тэнцэж шаардлага хангасан зүйл бол байдаггүй. Дээд боловсрол эзэмшээгүй, бүрэн дунд боловсролтойгоо түрүүн хэлсэн. Нарийн бичгийн гэрчилгээ үнэмлэх гэдэг зүйл бол байхгүй. Энэ талаар хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болохыг дурдъя. Ажил албан тушаалд хариуцлагагүй хандсаны үүднээс 2024 оны 09 сарын 06-ны өдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн сахилгын шийтгэлийг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд огт ажилд ирээгүй.
Албан тушаал бууруулсан болохоос тухайн захирлын тушаал бол ажлаас халсан чөлөөлсөн захирлын тушаал бол байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзах зохицуулалт байдаг. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. 54.1.1-д ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс гуч хоногийн хугацаанд олгоогүй.
Ийм үндэслэлүүдээр ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан. Одоо Г.******* ямар нэгэн хүндэтгэх шалтгаан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсныг сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр ажил үүрэг гүйцэтгээгүй 23 хоног ажил тасалснаар дараагийн сахилгын арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн. Эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжлэн судалсан хангалттай мэтгэлцсэн учраас дахиж дэлгэрүүлж ярих шаардлагагүй гэж бодож байна. Ийм үндэслэлээр одоо Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,919 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийн дагуу 2024 оны 09 сараас 2025 оны 03 сар хүртлэх 7 сарын үндсэн цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй хугацаанд 4, 5 дугаар сарын цалинг нэмэлтээр тооцсон нь зөв байсан. Гэвч энэхүү шийдвэрт дараах үндэслэлээр тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.
-2024 оны 9 сарын 6-ны өдөр миний албан тушаал хууль бусаар өөрчлөгдөж энэ өдрөөс хойш ажилдаа очоогүй. Улмаар 9 дүгээр сарын цалин бүтнээрээ тооцогдоогүй нь дундаж цалинг буруу тооцоход нөлөөлсөн. Иймд 9 дүгээр сарын цалинг бүтнээр нь нөхөн тооцож дундаж цалинг дахин бодож тогтоох шаардлагатай байна.
-Хэрэв би ажиллаж байсан бол 2024 оны 12 сард жирэмсний амралтад гарах эрхтэй байсан бөгөөд 2025 оны 1 дгээр сараас 5 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоороо төлүүлж, төрөөс тэтгэмж авах боломжтой байлаа. Гэвч ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас намайг ажилгүй байдалд оруулж, энэ эрхийг эдлүүлэхгүй болгосон. Үүнээс шалтгаалан би сайн дурын даатгалд хамрагдаж шимтгэлийг хувиасаа төлсөн. Иймд миний эрх зөрчигдсөн хугацаанд буюу 9 сараас 5 сар хүртэл хугацаанд авах ёстой байсан үндсэн цалинг зөв тооцож бүтнээр нөхөн олгуулах шаардлагатай тул 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойшхи цалинг бүтэн тооцож, дундаж цалинг дахин бодож тогтоох, 2024 оны 9 сараас 2025 оны 5 сар хүртэлх хугацаанд авах байсан үндсэн цалинг нөхөн олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрь өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжин оролцож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бид сум дундын шүүхийн уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Маргааны үйл баримтыг буруу тогтоосон, Нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаанаас татгалзах үндэслэлийг буруу үнэлсэн.
Нэхэмжлэгч Г.******* нь Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргаан зохицуулах байгууллагад хандах тухай заасан. Мөн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ... тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл ... шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тодорхой заасан.
Гэтэл нэхэмжлэгч Г.******* нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авснаас хойш 113 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн төдийгүй, хөдөлмөрийн маргаан зохицуулах байгууллагын дарааллыг зөрчсөн ноцтой зөрчил юм.
Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/29 тоот албан бичигт "хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариу ирүүлсэн нь үнэн боловч, энэ нь хэтэрсэн хугацаанд гаргасан хүсэлт бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хандах үүргээ биелүүлээгүйг үгүйсгэхгүй. Иймд сум дундын шүүх нь хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа болон дарааллыг зөрчсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн байна.
Шүүх маргааны үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг буруу үнэлсэн.
Албан тушаал бууруулсан Б/680 дугаар тушаалын хууль ёсны байдал:
Эдгээр зөрчлүүд нь ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.5, 4.2.1, 4.2.4, 8.8.2, 12.1, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2.2, 4.2.6, 7.2.1, 7.2.4, 7.2.5 дэх заалтуудыг зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд ажил олгогчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/680 дугаартай тушаалаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцсэн хууль ёсны шийдвэр байсан. Шүүх нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх зорилгоор сахилгын арга хэмжээ авсан гэх тайлбарт үндэслэн тушаалыг хууль бус гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн жирэмсэн байсан тул хортой нөхцөлд ажиллахаас татгалзсан нь үндэслэлтэй гэх тайлбар нь албан тушаал бууруулсан тушаалтай шууд холбоогүй, харин дараагийн ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой маргаан юм. Шүүх эдгээр хоёр тушаалын үндэслэлийг хольж, албан тушаал бууруулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн нь алдаатай.
Ажлаас чөлөөлсөн Б/822 дугаар тушаалын хууль ёсны байдал:
Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 7.3.1 (Хүндэтгэх шалтгаангүйгээр 1 сарын хугацаанд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан), 7.3.27 (Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан) заалтуудыг тус тус зөрчсөн нь нотлогдсон.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн жирэмсэн байсан тул хортой нөхцөлд ажиллахаас татгалзсан гэх тайлбарт үндэслэн ажил олгогчийн Б/822 дугаар тушаалыг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч ажилдаа ирээгүй, харин жирэмсэн байсан тул хортой нөхцөлд ажиллахаас татгалзсан гэх үндэслэлээр ажил таслаагүй болно. Мөн тухайн үед ажил олгогчид эмнэлгийн тодорхойлолт ирүүлээгүй, өөрийн эрх зүйн байдал /жирэмсэн, хүүхэдтэй/ талаар албан ёсоор мэдэгдээгүй нь ажил олгогчийн зүгээс мэдэх боломжгүй нөхцөл байдал юм.
Ажил тасалсан нь өөр, тусдаа зөрчил бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил болох нь тогтоогдсон. Манай компани нь Г.*******ын маргаан таслах комисст гаргасан гомдлыг хэлэлцэж, Г.*******ын ажлын байр сольсон гүйцэтгэх захирлын тушаал нь жирэмсэн хүнд арай хүндэдсэн байна гэж үзэж байгаа учир тушаалаа эргэн харж ажилтныхаа талд зөв шийдвэр гаргах болов уу гэж үзэж байна гэж дүгнэсэн нь зөвхөн тушаал солих асуудалд хамаарах бөгөөд ажил тасалсан ноцтой зөрчлийг үгүйсгэхгүй.
Дээрх үндэслэлүүдээр Г.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/680 дугаар тушаал болон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/822 дугаар тушаалуудыг хууль бус болохыг шүүхээр тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах гэсэн шаардлагууд нь үндэслэлгүй байна.
Иймд сум дундын шүүх нь хөдөлмөрийн маргааныг зохицуулах хуулийн хугацаа болон дарааллыг зөрчсөн, маргааны үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтуудыг буруу үнэлсэн тул гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч компани нь нэхэмжлэгчийг 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж ажлын байрыг өөрчлөн *******н үйлдвэрийн туузан дамжлагын операторчны буюу дамжлагыг үйлчлэгчийн хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаардаг ажлын байранд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байдаг. Ажилтныг сэлгүүлэн ажиллуулах тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтантай зөвшилцөөгүй, хөдөлмөрийн хортой нөхцөлтэй ажлын байранд жирэмсэн эхийг ажиллуулахаар шийдвэрлэсэн тул ажилтан уг тушаалыг үл зөвшөөрч хөдөлмөрийн маргаан үүсгээд явж байх явцад түүнийг ажлаас халсан үйл баримт нь нотлогдож байгаа болно.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан , шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэсэн утга бүхий зүйлийг тусгажээ. Нэхэмжлэгчийн энэ дүгнэлт нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.*******ыг гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай тушаалаар ажлаас халжээ. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх хууль дүрмийн дагуу компанийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандсан байх ба уг маргааныг комисс нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлийг 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Сайхан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан нь нотлон тогтоогдож байна. Сайхан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гүрван талт ЗДТГ-ын дарга нь 02/29 дугаартай албан тоотоор гомдол гаргагчид хүргүүлж 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Нэхэмжлэгч буюу ажилтан Г.******* нь хуулийн хугацаандаа хөдөлмөрийн маргаанаа , хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн гурван талт зөвлөлд хандсан үйл баримтууд нь нотлон тогтоогдсон тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154. 2..1, 154.6, 154.8 -д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хуульд заасан хугацаанд хандсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Ийм учраас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм.
Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй 54.1.1 ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас , эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, 54.2-т ажилтан энэ хуулийн 54.1-д заасаны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй гэж хуульчилж өгсөн байгааг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зааж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
*******н үйлдвэрийн 8-р дамжлагын операторчин буюу дамжлагын үйлчлэгчийн хувьд хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаардаг, ажилтан 5 кг -ийн хүрз, шүүр зэрэг багажаар дамжлагыг бүхэлд нь цэвэрлэдэг, нүүрсний чанараас хамаарч ******* дутуу шаталттай гарсан тохиолдолд козелийг гараараа түүдэг ажлын байрны хувьд тоостой дуу чимээ ихтэй, угаартай, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй тул хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаардаг. Үүнээс гадна *******н уурхайн зуухны түвшин хэмжигч ЦЕЗИ 137 буюу цацраг идэвхит үүсгүүр 8-р дамжлагын дээр 9-р давхарт байршдаг байгаа. Ийм ажлын байранд 5 сартай жирэмсэн эхийг өөртэй нь зөвшилцөхгүйгээр дур мэдэн сэлгүүлэн ажиллуулах тушаал дангаараа гаргаж, хортой нөхцөлд ажиллахгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн маргаан үүсгээд энэ асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлаас халж байгаа үйл баримт нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх ч хэргийн үйл баримт нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Г.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 09 сарын 06-ны өдрийн Б/680 дугаартай 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822, тушаал хууль бус болохыг шүүхээр тогтоолгох, ажилд эргүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 12.553.200 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Ажил олгогчийн зүгээс 2024 оны 09 сарын 06-ны өдрийн Б/680 дугаартай тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан энэхүү тушаалд гомдол гаргаж шийдвэрлүүлж байх явцад, ажил таслаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэсэн үндэслэлээр 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн. ...Ажил олгогч нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулсан тушаалыг гаргасан гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: ...Нэхэмжлэгч Г.******* нь ажлын цаг ашиглалт хангалтгүй (2024 оны 05, 06, 07, 08 дугаар сарын байдлаар 605 минут хоцорсон), үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй (18 чиг үүргээс 8-ыг огт хэрэгжүүлээгүй, 4-ийг бүрэн хэрэгжүүлээгүй), 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 23 хоног хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Мөн өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн байхад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж ... ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/680 дугаартай тушаал ажилтны суурь эрхийг зөрчсөн , Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т Ажил олгогч энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан байх бөгөөд Г.*******ыг жирэмсэн үедээ хортой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан байхад ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул хууль бус гэж нэхэмжлэгч Г.*******ыг ******* ******* ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрын зарим хэсгийг буюу цалин олговорт 11,235,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,417,618 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин олговорыг буруу тооцоолсон гэсэн давж заалдах гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх маргааны үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
6.Хэргийг судлан үзвэл:
******* ******* ХХК-ийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн Б/512 дугаартай тушаалаар Г.******* нь *******ийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтанаар томилогджээ.
Ажил олгогчоос 2024 оны 08 сарын 05-ны өдөр Б/543 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.8 дахь хэсэгт зааснаар шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр шалгаангүйгээр ажлаас 304 минут хоцорсон зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2024 оны 09 сарын 06-ны өдөр Б/680 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.8 дахь хэсэгт зааснаар ажлын цаг хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Г.*******ыг 2024 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн ажлаас чөлөөлж *******н үйлдвэрийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалд томилж, улмаар 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэсэн үндэслэлээр Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.
7. Ажил олгогчийн гаргасан шийдвэрийн талаар:
7.1. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 06-ны өдөр Б/680 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Г.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.8 дахь хэсэгт зааснаар ажлын цаг хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Г.*******ыг 2024 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн ажлаас чөлөөлж, *******н үйлдвэрийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалд томилжээ.
7.2.******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн А/202 дугаартай тушаалаар Захиргаа удирдлагын газрын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэлийг сайжруулах, ажил үүргийг үнэлэх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж, тус тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг зохих ажлыг зохион байгуулж 2024 оны 08 сарын 14-ний өдөр Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан байна.
Тус дүгнэлтээр нарийн бичиг Г.******* нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын холбогдох заалтын дагуу ажлын үндсэн чиг үүрэгт хамаарах ажлыг хэрэгжүүлэн ажилладаггүй... ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүйгээс нарийн бичгийн ажлыг гүйцэтгэх чадамжгүй тус ажлын байранд тэнцэхгүй, мөн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон компаний дотоод журамд зохих заалтыг зөрчин хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 304 минут ажлаас хоцорсон нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргажээ.
7.3.Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ гүйцэтгээгүй тухайн байгууллагын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул ажилтны дээрхи үйлдлийг ажил олгогчоос сахилгын зөрчилд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4-т заасныг баримтлан Г.*******ын албан тушаал бууруулах; сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Ажил олгогчоос Г.*******д албан тушаал бууруулах шийтгэл ногдуулахдаа ажилтаны тухайн үеийн эрүүл мэндийн буюу жирэмсэн байдлыг харгалзан үзээгүй нөхцөл байдлын улмаас ажилтан Г.******* 5 сартай жирэмсэн, тухайн ажлын байранд ажиллах боломжгүй, ажлын байрны нөхцөл нь урагт нөлөөлөх магадлалтай гэсэн үндэслэлээр ажил олгогчид ажлын байрыг өөрчилж өгөх тухай өргөдөл гаргасан боловч ажил олгогчоос түүний гаргасан өргөдлийг нь шийдвэрлээгүй тул гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрч байгууллагынхаа дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан байна.
7.4.******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс Г.*******ын 2024 оны 06 сарын 06, 2024 оны 09 сарын 11-ний өдөр тус тус гаргасан өргөдөлийг хүлээн авч, шийдвэрлээгүй байхад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай тушаалаар Г.******* нь 2024 оны 09 сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүй ажил таслаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэсэн үндэслэлээр Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
7.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан.
******* ******* ХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисс Г.*******ын гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцээд ажилтаны ажлын цаг хоцорсон зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй харин ажлын байр сольсон тушаал нь жирэмсэн хүнд хүндэдсэн гэж үзэж байгаа тул тушаалаа эргэн харж ажилтаныхаа талд зөв шийдвэр гаргах болов уу гэж үзлээ гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
7.6. Г.******* нь ажил олгогчийн албан тушаал бууруулсан тушаалийг хүлээн авсаны дараа өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас тухай ажлын байранд ажиллах боломжгүй талаараа мэдэгдэж, ажлын байр өөрчлөх, талаар ажил олгогчид хүсэлт гаргаж шийдвэрлэх хүртэл хугацаанд ажлаа хийгээгүй энэ талаараа тайлбарласан байна.
Ажилтаны дээрхи үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж Г.*******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 54.1.1-т заасан ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд мөн 54.3.Ажил олгогч энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно. гэж заасан тул ажил олгогчийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон шийдвэрийг хууль бус гэж дүгнэв.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэснийг зөрчсөн, мөн ажилтан Г.******* нь албан тушаал бууруулсан ажлын байранд ажиллах боломжгүй талаараа хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар байгуулагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссд хандсан талаар ажил олгогч мэдсэн атлаа хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүгнэлт гараагүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэр гаргасан нь ажилтаны Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзнэ.
Иймд ажил олгогчийн Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/822 дугаартай шийдвэрийг хууль бус бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
8. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.******* нь хөдөлмөрийн гэрээ болон компаний дотоод журмыг зөрчин ажилдаа хоцордог, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү зөрчилд нь ажил олгогчоос албан тушаал бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлж байгаа тохиолдолд ажилтаны ажлын байрыг өөрчлөхдөө ажилтаны 5 сартай жирэмсэн байдлыг нь харгалзан тохирох ажлын байранд томилоогүй, түүнчлэн энэ талаар гаргасан ажилтаны гомдлыг шийдвэрлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах гэсэн ажилтаны эрхийг ажил олгогч нь зөрчсөн байна.
9.Анхан шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж, Г.*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох ******* ******* ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 06-ны өдөр Б/680 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Г.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.8 дахь хэсэгт зааснаар ажлын цаг хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй талаар дээр тодорхой дүгнэсэн бөгөөд харин Г.*******ын албан тушаалыг бууруулахдаа ажилтаны биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тохирох ажилд шилжүүлэхийг ажил олгогч ******* ******* ХХК-нд шилжүүлэхийг даалгаж, Г.*******ын ажиллаж байсан хугацааны нөхөх олговрыг *******н үйлдвэрийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалын цалингийн хэмжээг тодорхойлж олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт *******н үйлдвэрийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалын цалингийн талаар баримт авагдаагүй тул шүүхээс нөхөн олговрыг тооцон гаргуулах боломжгүй байгаа бөгөөд ажил олгогчоос шүүхийн шийдвэрийн дагуу ажилтан Г.Хонорзулын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг өгөөгүй тохиолдолд Г.******* нь нөхөн олговорыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.
10.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын албан тушаалыг бууруулахдаа ажилтаны биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тохирох ажилд шилжүүлэхийг ажил олгогч ******* ******* ХХК-нд даалгаж, Г.*******ын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг *******н үйлдвэрийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалын цалингийн хэмжээг тодорхойлж олгохыг даалгасугай гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг ажил олгогчоос өгөөгүй тохиолдолд Г.******* нь нөхөн олговорыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тайлбарласугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН