| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0215/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/230 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Х.О-,
Шүүгдэгч Я.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д холбогдох эрүүгийн 1938003970257 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Я.Б-,
Шүүгдэгч Я.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн М сумын - дугаар багийн- тоотод иргэн Х.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн М сумын - дугаар багийн- тоотод хохирогч Х.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би өчигдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед 13 дугаар хороонд хамтран амьдрагч Баттулгын гэрт байж байтал гаднаас Баттулгатай өмнө нь суух гэж байсан гэх Доржбат нь нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Хэсэг сууж байгаад дэлгүүрээс хүнс, архи авч ирээд хамт ирсэн залуутайгаа уугаад байсан. Баттулга бид хоёрт өгөхөөр нь бид хоёр уугаагүй. Би Баттулгыг юм угааж байхаар нь “миний хувцсыг цэвэрхэн усанд угаагаач” гэсэн чинь “хуцалгүй дуугүй бай, давраад байгаарай” гээд үсдэж аваад, гэдэс рүү униар цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд байж байж байтал гаднаас манай таньдаг Ренчин ах орж ирээд бид нар бүгдээрээ Хийморийн овоо гарч 2 шил архи хувааж уусан. Тэндээсээ буцаж ирээд би машинаас буугаад айлд очих гээд явж байтал Доржбат машинаас бууж ирээд заамдаж аваад баруун нүд рүү цохиод унагаачихсан. Би гал манараад доошоо уначихсан чинь дээрээс дэвсчихээд яваад өгсөн. Араас нь хамтран амьдрагч Баттулга гүйж ирээд “чи намайг зоддог байхаа, өвдөлт мэдэр за юу” гээд алгадаад, нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд тэд нар машиндаа суугаад яваад өгөхөөр нь би айл руу “амь авраарай” гэж ороод цагдаа дуудуулсан. Тухайн үед би нэг их архи уугаагүй, цохиулаад толгой манараад байсан. Түүнд зодуулаад нүүр битүү хавдсан, нүд тагларсан, үүдэн шүд хөдөлсөн байна...Баттулга намайг ямар шалтгааны улмаас зодсон болохыг мэдэхгүй байна. Би бодохдоо өмнөх нөхрөө хараад л намайг яаж ч чадахгүй гэж бодоод зодсон байх...Би хувиараа өвчин намдаах эм л ууж байсан. Одоо биеийн байдал маань гайгүй болсон байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14-р тал/
Гэрч М.Доржбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэр өдөр би 13 дугаар хороонд хуучин найз эмэгтэй болох Баттулгын гэрт охинтойгоо уулзах гэж очсон. Замдаа Мөнхболд гэж найз маань тааралдаад цуг очсон. Намайг очиход цаг 9 өнгөрч байсан байх. Баттулга юм угаах гээд сууж байсан. Гэтэл нөхөр нь Баттулгыг “чи миний хувцсыг эхэлж цэвэрхэн усанд угаахад яадаг юм бэ” гэснээс болж тэр хоёр зодолдоод байсан...Тэгээд сонсоод байхад “чи намайг зодоод миний хүүхдийг зулбуулаа биз дээ, би чамайг өмгөөлөөд мотоциклиос унасан гэж шүүхээс аварч гаргасан биз дээ” гээд байх шиг байсан...Тэгээд бид нар бүгдээрээ миний машинд суугаад Хийморийн овоон дээр очиж 2 том савтай пиво хувааж уугаад буцаад Х.О-ийнд ирсэн. Тэгээд би “явлаа” гээд гартал Х.О- хамт гарч ирээд “чи одоо яагаад маяглаад байгаа юм бэ” гэхэд нь Ренчин “чи миний найзыг зүгээр байлга” гээд өшиглөөд унагаачихсан чинь Баттулга гүйж ирээд “энэ миний хүүхдийг зулбатал зодсон, одоо би өшөөгөө авнаа” гээд зөндөө өшиглөөд зодоод, нүүр нь дүүрэн цус болчихоор нь би Х.О-ийг босгоод гэрт нь оруулж өгөөд гарсан...Тухайн үед би согтолт гайгүй байсан, болсон явдлыг гүйцэд санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/
Шүүгдэгч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би Х.О-ийг маажиж цохисон нь үнэн. Миний цохилт, маажилтын улмаас Х.О-ийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...Одоо Х.О- манай гэрээр хааяа хааяа ирж байгаа, би түүнийг ирэхээр нь юм ярихгүй, болж өгвөл зугтаачихаад байгаа. Гэхдээ би өмнө нь Х.О-т зөндөө олон удаа зодуулж байсан. Х.О- нь хавар хүртэл намайг зодсон асуудлаар шүүхээр орсон...Би Х.О-ийг намайг арай ч цагдаад өгчихгүй байх гэж бодсон....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаартай: Х.О-ийн биед доод уруулын баруун хэсгийн салстад няцарсан шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт, духны баруун хэсэг, зүүн хэсэг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүүний баруун хажуу хэсэг, дээд уруулын дээр, хоолойн баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун бугалганы гадна дээд хэсэг, нурууны зүүн дзэд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл топоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.. X.Х.О-ийн биед үүссэн шарх нь дангаараа. Цус хуралт нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн зулгаралт нь нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Я.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн М сумын - дугаар багийн- тоотод хохирогч Х.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Я.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-46-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Я.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Я.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Я.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 1938003970257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.Б-а нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938003970257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР