Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 13

 

  

 

 

 

 

2017 оны 07 сарын 24  өдөр                                            Дугаар 120/ШШ2017/0013                                                             Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн ИТХурлын 2016 оны сонгуулийн Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 мандат бүхий 14 дүгээр тойрог буюу Цогтцэций суманд Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Бадарч, Ц.Доржсүрэн, Б.Баярбилэг, Д.Батзориг нарыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 82 тоот магадлалаар тус тус тогтоосон бөгөөд энэхүү магадлал нь уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр юм.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\Ардчилсан нам-ИТХТ.docx

шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж заасны дагуу дээрх нэр дэвшигчид нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь хууль тогтоомжийн дагуу батлагдсан гэж үзнэ.

Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж заасан байх тул манай намын зүгээс Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирт дахин сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулах тухай 2017.01.04-ий өдөр №01 тоот албан шаардлага хүргүүлсэн боловч 2017.01.26-ны өдрийн №20 тоот хариу албан бичигт “шүүхийн шийдвэр болон хуулиар сонгуулийн хороог байгуулан дахин сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй” гэсэн хариу ирүүлсэн. Сонгуулийн Ерөнхий хороонд уг асуудлаар хандсан боловч Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт зааснаар дахин сонгууль явуулах сонгуулийн хороог байгуулах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал тул чиглэл өгөх эрхгүй гэсэн хариу ирүүлсэн.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Цогтцэций суманд дахин сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах эрх зүйн үндэслэл үүссэн байхад сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн нь хууль шүүхийн шийдвэрийг эс тоож тус тойрогт шударгаар өрсөлдсөн Ардчилсан намын нэр дэвшигчид болон сонгогчдын сонгох сонгогдох эрхийг үл хүндэтгэж байна.

 Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгөхийг хүсч нэхэмжпэл гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, өмгөөлөгч Н.Нармандах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулахгүй байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, аймгийн Сонгуулийн хороо байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах гэж тодруулж байна.

2016 оны Улсын Их хурал болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болсон. Тухайн сонгуулиар Цогтцэций сумын 14 дүгээр тойрог дөрвөн мандаттай байсан. Монгол ардын намаас нэр дэвшигч О.Бадарч, Баярбилэг, Доржсүрэн, Батзориг нарыг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон. Тухайн нэр дэвшигч нарт торгох шүүхийн шийдвэр гарсан боловч Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болсон. Үүнийг Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй юм шиг тайлбарладаг. Шүүхийн шийдвэрээр нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн сонгуулийн дүн сонгуулийн тухай хуулиараа хүчингүй болох ёстой. Үүний үндсэн дээр аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж албан бичгийг хүргүүлсэн боловч Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн тухай хуулинд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага шийдэх ёстой гэсэн, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хороог байгуулахгүй гэсэн хариуг тус тус өгсөн. Хуулинд заасан эрх нь байхад сонгуулийн хороог байгуулахгүй гэж шийдвэр гаргаж хариу өгч байгаа нь хууль зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо нь тухайн асуудлыг авч хэлэлцээд ахин сонгууль явуулах ёстой. Гэтэл асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Сонгуулийн хороог татан буулгасан. Хоёр шатны шүүхийн шийдвэр сонгуулийн хууль зөрчсөн болохыг тогтоогоод байхад дахиад аймгийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа нь Ардчилсан намаас нэр дэвшигч болон олон сонгогч гишүүдийн эрхийг зөрчиж, хязгаарлаж байна.

Монгол ардын намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийг сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох гэж Эрүүгийн хэргийн хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр бол ардчилсан намын эрх зөрчигдсөн талаар шийдвэр гарахгүй. Адилхан нэг тойрогт нэр дэвшиж байж хууль бус үйлдэл хийхээр нөгөө нэр дэвшигч нарын сонгогдох эрх зөрчигдөх нь ойлгомжтой. Хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон байхад аймгийн сонгуулийн хороо энэ талаар авч хэлэлцэх ёстой байтал шууд татан буугдсан учраас дахин сонгуулийн хороог байгуулах гээд байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн сонгуулийн хороог хуулийнхаа дагуу байгуулчих юм бол энэ маргаад байгаа асуудлыг сонгуулийн хороогоороо шийдээд явах бүрэн боломжтой. Тухайн албан бичгийн хариуг хугацаанд өгсөн нь хамаагүй, боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болоод байна. Сонгуулийн дүнг заавал хүчингүй болгож байж дахин сонгууль явуулна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Сонгуулийн тухай хуулийг Монгол ардын намаас нэр дэвшигч нар зөрчсөн үйлдлүүд нь Ардчилсан намаас Цогтцэций сумын 14 дүгээрт тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох, ардчилсан намыг дэмжигч олон гишүүдийн сонгох эрхийг зөрчөөд байна. Сонгуулийн тухай хуулинд зааснаар аймаг нийслэлийн дахин сонгуулийг явуулахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сонгуулийн хороог байгуулж, дахин сонгуулийг явуулахаар хуульчилсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулсан сонгуулийг шүүхээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэг шаардлага болгон оруулж ирсэн. Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр тогтоогдсон байхад хуулиараа шууд сонгууль нь хүчингүй болох ёстой. Монгол Ардын намаас нэр дэвшигч нар Сонгуулийн тухай хууль зөрчсөнөөр Ардчилсан намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн сонгогдох эрх, ардчилсан намын дэмжигч гишүүдийн сонгох эрх нь зөрчигдөөд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Баянмөнх нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 мандат бүхий 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах үндэслэл нь Ханбогд сумын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалыг үндэслэл болгосон байна. Шүүхийн магадлалд нэр бүхий 4 гишүүнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийтгэвэр, магадлалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сонгуулийн хороог дахин байгуулан маргаан бүхий тойрогт сонгууль явуулахыг даалгаагүй байна.

Иймд нэхэмжлэлд дурьдсан эс үйлдэхүйг гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ардчилсан намаас ирүүлсэн албан бичгийн хариуг хуулийн хугацаанд нь аймгийн сонгуулийн хороог байгуулах боломжгүй гэж өгсөн учир Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эс үйлдэхүй гаргаагүй, хурлын даргын хариу өгсөн нь хууль зөрчөөгүй, эс үйлдэхүй ч биш.        Тухайн сонгуулийн дүнг хүчингүй болгоогүй тохиолдолд аймгийн Сонгуулийн хороог дахин байгуулах эрхгүй байдаг учраас боломжгүй гэсэн хариу өгсөн.  Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Х.Сугирт хандсан болохоос Тэргүүлэгчдэд хандаж гомдол гаргаагүй байж аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид хууль зөрчөөд ажлаа хийхгүй байна гэж буруу тайлбарлаад байна. Хоёр шатны шүүхээр зөвхөн нэр дэвшигч нар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэсэн болохоос сонгуулийн дүнг хүчингүй болгосон шийдвэр огт гараагүй байдаг.

Харин сонгуулийн дүнг хүчингүй болгоогүй байхад дахин сонгуулийн хороог байгуулах юм бол хууль зөрчсөн асуудал болно. Монгол Ардын намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигч нар сонгуулийн тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдоод торгох шийдвэр нь хүчингүй болсон. Энэ дөрвөн нэр дэвшигч сонгуулийн тухай хууль зөрчсөнөөрөө Ардчилсан намын ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна. Ардчилсан намын эрх зөрчигдсөнийг хуулинд зааснаар ямар нэгэн эрх бүхий байгууллага тогтоох ёстой гэтэл тогтоогүй байгаа. Хавтас хэрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн хэн гэж хүний ямар эрх зөрчигдөөд байгаа талаар нотлох баримт огт байхгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Ардчилсан намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийнхээ материалыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ардчилсан намын ямар эрх зөрчигдөөд байгааг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Өмнөх сонгууль нь хүчингүй болоогүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин сонгуулийг явуулахаар зарлах тохиолдолд хууль зөрчсөн асуудал болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам нь “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулахыг мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Батдорж, өмгөөлөгч Н.Нармандах нар “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодруулсан.[1]

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн О.Бадарч, Ц.Доржсүрэн, Д.Батзориг, Б.Баярбилэг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид уг тойрогт дахин сонгууль зохион байгуулах сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь тус тойрогт шударгаар өрсөлдсөн Ардчилсан намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн сонгогдох эрх, ардчилсан намын дэмжигч гишүүдийн сонгох эрхийг үл хүндэтгэж зөрчиж байна” гэж маргасан.

Хариуцагч тал “Тухайн сонгуулийн дүнг хүчингүй болгоогүй тохиолдолд аймгийн Сонгуулийн хороог дахин байгуулах боломжгүй, хоёр шатны шүүхээр Монгол ардын намаас уг тойрогт нэр дэвшсэн 4 нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг нь тогтоогоод торгох шийдвэр нь хүчингүй болсон болохоос сонгуулийн дүнг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, Ардчилсан намын эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, нэхэмжлэлд дурьдсан эс үйлдэхүйг гаргаагүй, өмнөх сонгууль нь хүчингүй болоогүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин сонгуулийг явуулахаар зарлах тохиолдолд хууль зөрчсөн асуудал болно” гэж тайлбарлажээ.

Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан аймгийн Сонгуулийн хороог мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн татан буулгаж[2], 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 520 тоот албан бичгээр мэдэгджээ. Аймгийн сонгуулийн хороо татан буугдсаны дараа тус аймгийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн О.Бадарч, Ц.Доржсүрэн, Д.Батзориг, Б.Баярбилэг нарыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, үүнийг үндэслэн Ардчилсан намаас “...дахин сонгууль зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах” агуулга бүхий албан бичгүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх бөгөөд сонгуулийн хороо байгуулагдаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.[3]

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд 32.1.13-т “...дахин...сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах”, 160 дугаар зүйлийн 160.4-тТөлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана”, 162 дугаар зүйлийн 162.2-т “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэрээр Монгол ардын намаас нэр дэвшигч Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дугаар заалтуудыг зөрчсөнийг тогтоож, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1-д зааснаар тус бүрт 4.032.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалд “...Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь нотлогдож байх тул тэднийг гэм буруутай гэж үзнэ...тэднийг захиргааны хариуцлагад татах хугацаа дуусгавар болсон тул оногдуулсан торгуулийн шийтгэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэн, магадлалын тогтоох хэсэгт “...Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт заасан торгох хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус шийдвэрлэжээ.[4]

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор заасан ба дээрх шүүхийн шийдвэрээр Монгол ардын намаас нэр дэвшигч Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дугаар заалтуудыг зөрчсөн болохыг аймгийн сонгуулийн хороог татан буулгасны дараа тогтоосон байх бөгөөд эрх бүхий этгээдээс мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж зааснаар Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийн дүнг гаргасан шийдвэрийг хүчингүй болгоогүй, энэ талаар талууд маргаагүй, мөн Монгол ардын намаас нэр дэвшсэн гэх Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Ардчилсан намаас нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн сонгогдох эрх, ардчилсан намын дэмжигч гишүүдийн сонгох эрхийг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хэдийний ямар шийдвэрийн улмаас хэний ямар эрх хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.   

Мөн хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр дээрх нэр бүхий хүний аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн мөн хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0139 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээс[5] үзэхэд Цогтцэций сумын 14 дүгээр тойргоос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр шинээр сонгогдсон Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 1/5 дугаар тогтоол хуулийн хүчинтэй байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-т заасан үндэслэлээр дээрх нэр бүхий төлөөлөгчдийг нэр дэвшигчийнх нь хувьд “нэрийн жагсаалтаас хасах тухай” аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй,   төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болоогүй байна.

Хэдийгээр Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр шинээр сонгогдсон Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 82 дугаар магадлалаар тогтоогдож байгаа боловч дээрх шүүхийн шийдвэрүүдээр эдгээр 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 1/5 дугаар тогтоол /цаг хугацааны хувьд өмнө нь гарч/ хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгох, дахин сонгууль явуулах энэ хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар[6] хариуцагч Ө.Баянмөнхөд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ардчилсан намын “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 11-14, 32 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 40-43, 6-10 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 58, 71-94, 145-150 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 255-257 дугаар хуудас