Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/0013

 

О.Б***ийн нэхэмжлэлтэй, Монгол

Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      П.Соёл-Эрдэнэ                                            

                                         Ц.Цогт                

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2025/0034 дүгээр шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгч О.Б***ийн давж заалдах гомдлоор,

Нэхэмжлэгч О.Б***, түүний өмгөөлөгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, гуравдагч этгээд Ц.М***, Ш.О*** нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч О.Б*** нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд нарын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор О.Б***ийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр томилсон байна.

2.2.Улмаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газар болж өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолоор О.Б***ийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (хуучнаар)-ын орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр томилогдон ажилласан. Тус байгууллага нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газар болж зөвхөн нэр нь өөрчлөгдсөн, харин бүтцийн ямар нэг өөрчлөлт хийгдээгүй. Гэтэл намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу миний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусах ёстой байсан.

3.2.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэсэн. Гэвч энэ тохиолдолд орон тооны гишүүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, ажлын байрны орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Орон тооны гишүүний ажлын байр нь Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөгдсөн албан тушаалын тодорхойлолт байдаггүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасанчлан агентлагийн дэд даргын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй, харин Өрсөлдөөний тухай хууль болон Монополын эсрэг газрын дүрэмд зааснаар агентлагийн даргын хуваарилсан ажил, үүргийг хэрэгжүүлэн ажилладаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монополын эсрэг газрын хуралдаанд оролцож шийдвэр гаргах эрхтэй юм. Монгол Улсын Ерөнхий сайд нь Монополын эсрэг газрын орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлгүй. Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2024 оны *** дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт биш бөгөөд нэхэмжлэлд хуулийн аль заалтаар тогтоолыг илт хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Гуравдагч этгээд Ц.М***, Ш.О*** нар тайлбартаа: “...(Бид) ажилд орохдоо ямар нэгэн хууль зөрчөөгүй, хууль бусаар томилогдоогүй. О.Б*** нь ажлаа өөрийн хүсэлтээр өгсөнтэй нь холбогдуулан байгууллагаас түүнд нөхөн төлбөр олгосон байдаг. Маргаан бүхий тогтоол ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан гэж үзэж байна ...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:

6.1.“... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр, статус өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас тус агентлагийн орон тооны гишүүнээр Ц.М***, Ш.О*** нарыг шинээр томилуулахаар нэр дэвшүүлсэн талаар маргаан бүхий тогтоолд ч, мөн Монгол Улсын Шадар сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-3/393 дугаар албан бичигт ч тус тус тодорхой тусгасан, иймд гишүүний бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн гишүүнийг томилуулахаар Засгийн газрын хуралдаанд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд үүнийг хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж ойлгох бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д  заасан эрх, баталгаа зөрчигдсөн гэж үзэхгүй.

6.2.Учир нь, нэгэнт сонгон шалгаруулалтгүйгээр томилогддог албан тушаалтны хувьд бүрэн эрхийн хугацааг дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д дөрвөн жил байхаар заасан ч, хуулийн 18.2-т дараагийн гишүүн томилогдсоноор өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор хуульчилсан байх тул 18.2 нь энэ тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой илүү нарийвчилсан зохицуулалт юм. Мөн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т ... заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа нэхэмжлэгч О.Б***ийн тухайд хэрэглэгдэхгүй.

6.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр Монополын эсрэг газар болж, тохируулагч агентлаг хэрэгжүүлэгч болж тус тус өөрчлөгдсөн ч гишүүдийн тоо багасаагүй, чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй боловч Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн орон тооны гишүүдийг шинээр томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилсон энэ тохиолдолд тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох харилцаа Монополын эсрэг газрын гишүүдэд хамаарахгүй.

6.4.Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын дарга Б.Б***нд хандаж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэний дагуу даргын тушаалаар нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсөн, мөн олгосон талаарх баримт хэрэгт авагдсаныг гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн гэхээс илүүтэй нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэж үзнэ ...” гэх зэргээр дүгнэжээ.

7.Нэхэмжлэгч О.Б*** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.1.“... Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагааг огт зохион байгуулаагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасан бүрэн эрхийн хугацаа, дуусгавар болох нөхцөлийг буруу хэрэглэсэн. Хуулиар Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд нэг удаа улируулан томилж болох бүрэн эрх нь дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болохоор тусгайлан зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэлийг байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбон тайлбарласан нь хуулийн дээрх зохицуулалтыг үл харгалзан, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

7.2.Албан тушаал байхгүй болоогүй, зөвхөн нэршлийн өөрчлөлт хийсэн нь “бүтцийн өөрчлөлт”-өөр чөлөөлөх хууль зүйн үндэслэл биш. Хариуцагчаас өгсөн тайлбараар уг албан тушаал бүр мөсөн байхгүй болоогүй, зөвхөн нэршил өөрчлөгдсөн болох нь тогтоогдсон. Энэ тохиолдолд өмнөх томилгоог хүчингүй болгож, албан тушаалтныг чөлөөлөх үндэслэл үүсэхгүй бөгөөд сонгон шалгаруулалт, томилгооны тусгай журам, хугацааг баримтлах үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоол болон Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолын хэрэгжилт хооронд зөрчилтэй. Монгол Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тохиолдолд бүтцийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хуульд нийцүүлэн, тухайн албан тушаалд өөр хүн томилохгүй байхаар хугацааны зохицуулалт мөрдөгдөх ёстой байтал хариуцагч байгууллагаас ижил төрлийн албан тушаалд бусад этгээдийг томилсон нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэрийн илэрхий шинж юм.

7.3.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан баталгаа О.Б*** надад хамаарахгүй гэсэн атлаа тус байгууллага нь надад тэтгэмж олгохдоо Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн. Тэтгэмж олгох болохоор Төрийн албан хаагч болоод ажлаас халагдах болохоор Монгол Улсын Ерөнхий сайд хэнийг ч хамаагүй ажилд аваад хүссэн үедээ халж болно гэсэн утга бүхий тайлбарыг өгч байгаа нь Ерөнхий сайдын эрх хэмжээг хуулиас дээгүүр тавьсан, хэт нэг талыг барьсан дүгнэлт өгсөн. Зарим заалтыг шууд хэрэглэсэн нь тусгай хуулийн зохицуулалтыг үл харгалзан, хуулийг мушгин тайлбарласан.

7.4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “... нэхэмжлэгч талыг дэмжих байр суурьтай байна, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй” гэсэн байхад шүүхээс “... хууль зүйн гаргалгааг тодорхойлж чадаагүй” гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудад иргэдийн төлөөлөгчийг хуулийн мэдлэгтэй, хууль зүйн гаргалгааг тодорхойлох чадвартай иргэнийг сонгоно гэж заагаагүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 66.8-д иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар тодорхой зохицуулсан  байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй.

7.5.Тэтгэмжийн хувьд Өрсөлдөөний тухай хуулиараа би ажлаас гарсан уу, үгүй юу эдлэх ёстой эрх юм.

7.6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч *** нь хурлын өмнө Ц.М***ын 10 жилийн ангийн хүүхэд, 10 жил төгссөнөөс хойш  түүнтэй уулзаагүй гэх тайлбарыг өгдөг ч, Ц.М*** нь нөлөөлсөн байх магадлалтай гэх эргэлзээ төрсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

9.Шүүх хэргийн үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10.Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно” гэж заасан.[1]

11.Нэхэмжлэгч О.Б*** нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр томилогдон ажилласан. Хэдийгээр уг тогтоолд түүний бүрэн эрхийн хугацааг заагаагүй боловч дээрх хуулийн дагуу томилогдсоноос хойш дөрвөн жил буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл томилогдсон гэж үзнэ.

12.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 13 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монополын эсрэг газар нэртэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон, гэвч үүнтэй холбоотойгоор тус газрын гишүүний орон тоо, статус, бүрэн эрхийн хугацаа, томилгоотой холбоотой ямар нэгэн хуулийн өөрчлөлт ороогүй байна.

13.Гэтэл хариуцагчаас “... Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газар болж өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

14.Учир нь, Монополын эсрэг газрын (орон тооны) гишүүн нь Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд томилогддог бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу “Монополын эсрэг газрын дарга, гишүүн, албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 21.1.1-д заасан “хуульд зааснаас бусад үндэслэлээр дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халахыг хориглох” гэсэн баталгааг эдэлнэ.

15.Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийн заалтыг анхаараагүйн зэрэгцээ “… нэгэнт сонгон шалгаруулалтгүйгээр томилогддог албан тушаалтны хувьд бүрэн эрхийн хугацааг Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д дөрвөн жил байхаар заасан ч, хуулийн 18.2-т дараагийн гишүүн томилогдсоноор өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор хуульчилсан байх тул 18.2 нь энэ тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой илүү нарийвчилсан зохицуулалт юм ...” гэж хуулийг буруу тайлбарласан байна.

16.Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т “өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваах” гэж, 29 дүгээр зүйлийн  29.1.5-д “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх” гэсний дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь 18.1 дэх хэсгээ үгүйсгэхгүй, харин ч эсрэгээрээ өмнөх хэсэгтэй нь болон хуулийн бусад зүйл, хэсэг, заалттай нийцсэн байдлаар буюу хоорондоо зөрчилгүй байх агуулгаар тайлбарлан хэрэглэнэ.

17.Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэснийг 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгтэй нийцүүлэн тайлбарлавал, эрх бүхий этгээд буюу энэ тохиолдолд хариуцагч Монополын эсрэг газрын гишүүнийг 4 жилийн хугацаатай томилох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 18.2-т зааснаар өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн гишүүний бүрэн эрхийн хугацаа эхэлнэ. Мөн эрх бүхий этгээдээс 18.2-ын дагуу зөвхөн “хуульд заасан үндэслэл”-ээр томилогдсон гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халах боломжтой.

18.Гэвч уг маргааны тухайд, нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр, төрийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан, цөөрсөн гэх үндэслэл байхгүй, орон тооны гишүүний хувьд төрийн албанаас халагдах, чөлөөлөгдөх алдаа, зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гараагүй байна. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.2-т заасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

19.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2025/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолыг хүчингүй болгож, О.Б***ийг урьд эрхэлж байсан (одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газрын орон тооны гишүүнээр) ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.БАТСУУРЬ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧИД                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                             Ц.ЦОГТ

                                                                      Г.БАНЗРАГЧ

 

[1] Хуулийн энэ зүйл болон тус маргаанд хэрэглэгдэх бусад зүйл, заалтууд нь 2010 онд анх хууль батлагдах үеэс хойш байсан бөгөөд 2024.07.10-ны өдөр Өрсөлдөөний эсрэг газар нь Монополын эсрэг газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор оноосон нэрийн өөрчлөлт хийгдсэнээс өөрөөр өөрчлөгдөөгүй байна.