Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 9

 

 Н.Санжаадоржийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, нэхэмжлэгч Н.Санжаадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 291 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Түвшинзаяагийн давж заалдах гомдлоор Н.Санжаадоржийн нэхэмжлэлтэй, М.Түвшинзаяад холбогдох “хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2 500 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
         Нэхэмжлэгч Н.Санжаадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний тамгагүй сартай охин хонгор даагыг Баянхутаг сумын Оросоо Мягмаржав Даваахүүгийн хул азарганд орчихлоо. Та Даваахүүд хэлээрэй гэсэн юм. Мөрөн сумын малчин Даваахүүд би хэлсний дараа хул азаргатай адуунд нь байхад нь 2013 оны 08 дугаар сард Түвшинзаяагийн малчин “оодон бор” гэх адуучин  Энхбат,  Түвшинзаяагийн адууг харж байхдаа хонгор даага алдчихсан гэж ирээд манай алдчихсан даага гэж хэлээд бариад аваад явсан байна. Энхбат хонгор даагыг аваачаад дэлийг нь авчихсан сарын дараа Түвшинзаяагийн адуунд явж байсан байна. Одоо шүдлэн байдас адуунд нь байгаа болно. Миний даагыг танай ах Энхбат Даваахүүгийн адуунаас аваад явсан байна гэхэд М.Түвшинзаяа надад “миний даага хоёр гуяндаа хөлтэй чандмань тамга байгаа, унаганд нь би тамгалсан. Хэрэв тамгагүй бол миний даага биш болно... гэж хэлж байсан юм. Би түүнд  танай хүмүүс чинь чиний даагыг алга болгочихоод зүс адил даага орлуулж хийчихээд байгаа юм биш үү? гэхэд тийм юм байхгүй та андуурч байна... гээд байсан. Би адууг нь заалгаад Салбарын ууланд очиж хонгор дааганыхаа зургийг нь аваад цагдаа прокурорт өргөдөл гаргаж шалгуулаад шинжээчийн дүгнэлтээр тамгагүй болох нь тогтоогдож миний даага мөн болох нь тогтоогдлоо гэж үзэж байна. Одоо болохоор М.Түвшинзаяа хэлсэн үгнээсээ буцаад ДНК-гийн шинжилгээ хийлгэнэ гээд миний байдсыг өгөхгүй байна. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 099 тоот шинжээчийн дүгнэлтээр “мал болон амьтны гаралтай цусны ДНК шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд одоогоор хийхгүй байгаа болно” гэжээ. Би хонгор байдас аа 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Одоо байдас болоод Түвшинзаяагийн адуунд байна.
    Иймд миний өмч болох хонгор байдсыг М.Түвшинзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2 тал/

Нэхэмжлэгч Н.Санжаадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2013 оны 06 дугаар сард  байх миний азарганд хасагдсан хонгор даагыг  Мөрөнгийн Даваахүүгийн адуунд байхад нь Мөрөнгийн малчин Энхбат гэдэг хүн аваад явсан байсан. Уг даага маань Түвшинзаяагийн азаргатай адуунд байсан. Ингээд би шүүхэд өргөдөл гаргах болсон. Уг маргаан маань одоо 2 жил гаруй болж байна. Одоо хурдан удмын хонгор зүсмийн даага маань соёолон гүү болсон бөгөөд түрүү жил унагалсан. Энэ жил унагалсан эсэхийг нь мэдэхгүй байна. Нэгэнт миний адуунаас гарсан үр төл учраас би гүүгээ даагатай нь хамт нэхэмжилж байгаа. Энэ маргааныг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.Түвшинзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н.Санжаадоржийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй дараах тайлбарыг өгч байна. 2013 оны 06 дугаар сарын эхээр адуун дээр очиход манай том хүү Мөнхболорын хонгор азаргатай адуунаас хар сартай хүрэн гүүний сартай хонгор даага алга болсон байсныг адуунд явдаг байсан Д.Энхбат ахад хэлээд сурж олоорой гэсэн. Үүнээс хойш Дууяа гэдэг залуу Даваахүү ахын адуунд 1 хонгор даага байна гэж хэлсэн. 6 сарын сүүлээр шиг байх, Оросоо Мягаа манай уяан дээр морь алдаад эрээд явж байна гээд ирэхэд нь даагаа сурахад Даваахүүгийн хул азаргатай адуунд нэг хонгор даага байна гэнэ манай даага юм уу гэтэл тамгатай байна гэсэн тэгэхээр танайх байх гэж хэлсэн. Ингээд нутгийн тохитой айлын адуунд байгаа даагандаа санаа зовохгүй авалгүй байж байгаад /Даваахүү гуайн 1 бор даага манай бэлэвсэн хүрэн азарганд бас байсан. Намраар өөрөө ирж авсан. Намар 9 сарын үед Энхбат ах очоод авсан. Асуухад мөн байна. Тамга нь  мэдэгдэж байна гэсэн. Өөр эзэн, адуу малаа ч танихгүй сургаар малладаг хүн/ гэнэт гарч ирнэ гэж яаж мэдэх вэ...
Гэтэл 11 сараас эхлэн иргэн Н.Санжаадорж зарга хийж эхэлсэн. Би идэшний үеэр өөрөө очиж харсан мөн байсан. Унаганд нь намрын дунд сарын 17-нд тамгалсан нь үс нь ургасан хойно болоод тэр үү бүдэг гарсан хавар намартаа тодроод бусад үед мэдэгдэхгүй байгаа. /тамгыг үсэн, хөрсөн, махан гэж ялгаж хэлдэг/ Ер нь өвөл адууны тамга сайн мэдэгддэггүй учраас хайчин тэмдэг хийдэг. Энэ зун намайг байхгүйд шинжээч Цолмонтой очиж зургийг нь авсан байсан. Эцэгтэйгээ их адилхан байдас байгаа. Гэтэл зургийг нь зөрүү харуулаад авсан байсан. ДНК-гийн шинжилгээ хийлгээгүй. Би хийдэг газрыг нь /Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул биологийн лаборатори/ шинжээчид хэлж өгсөн. Ер нь тэгээд тамгагүй даага л бол Н.Санжаадоржийнх болох уу. Адуучин Оросоогийн Мягмаржав ганц ч удаа ирж үзээгүй байгаа. Тамгагүй болох нь гүйцэд тогтоогдоогүй, арьсанд нь тамганы сорви байж л байгаа. Сайн мэдэгдэхгүй байгаа гэж хэлж болно гэжээ. /хх-ийн 3 тал/
Хариуцагч М.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хугацааны хувьд зөрүүтэй зүйлүүд гарч байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа үед би Улаанбаатар хотод байсан. Сүүлд болохоор 2013 оны 06 сарын 20-д гэж яриад байсан. Мөн Н.Санжаадорж гуайн тайлбарууд бүгдээрээ хоорондоо зөрүүтэй байдаг. Дугардорж, Дагва гэж ямар хүмүүс байгаа юм мэдэхгүй. Энэ хүний шүүхэд анх гаргасан мэдүүлэг бүгд зөрүүтэй. Гэрчүүд ч тэр даагыг хараад энэ хүний даага байна гэж хэлээгүй. Уг явдал 2013 оны 06 дугаар сард болсон. Миний даага 2013 оны 06 дугаар сарын эхээр байхгүй байсан. Хонгор даагыг Хэрлэнгийн урдаас гарч ирсэн гэдгийг хэн ч хараагүй, энэ талаар гэрчилсэн хүн байхгүй. Би даагаа унага байхад нь тамгалсан. Энэ хүн даагаа тамгалаагүй гэсэн. Тамгагүй л бол минийх гэсэн зүйл ярьж байна. Энэ нь нотлох баримт болохгүй. Санжаадоржийн адууг нь харж байсан адуучин Оросоогийн Мягмаржавгэдэг хүн тэр даагыг унагалаагүй байхад нь очиж үзээд Санжаа ахаа энэ таны даага биш байна гэж хэлж байсан. Түүнээсээ болж нэхэмжлэгч адуучинтайгаа муудсан байх. Өөрийнх нь адуучин биш байна гээд байхад энэ хүн нэхэмжлэл гаргаад яваад байгаа гэв.
    Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 291 дугаартай шийдвэрээр:
    Нэхэмжлэгч Н.Санжаадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Түвшинзаяагаас хурдан хонгор зүсмийн соёолон гүү буюу 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хариуцагч М.Түвшинзаяад хонгор зүсмийн соёолон гүүг төлийн хамт нэхэмжлэгч Н.Санжаадоржид хүлээлгэн өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Санжаадоржоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Түвшинзаяагаас 54950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар хариуцагч М.Түшинзаяагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 121680 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгийн газарт олгож тус тус заан шийдвэрлэжээ.

     Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Түвшинзаяа нь давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Хаван овогт Намсрайцэрэнгийн Санжаадоржийн “Хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2 500 000 төгрөгийг хариуцагч Цагаан овогт Магсаржавын Түвшинзаяагаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаж шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, 116 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхээр байтал гол үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт болон дахин шинжилгээний дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан байхад хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:
2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн адууны эцэг хамаарал тогтоох шинжилгээний дээжийг “Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Молекул Лабораторт илгээхдээ тухайн дээжүүдийг нууцалж /шифр/ явуулаагүй.
Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Молекул лаборатор нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн адууны эцэг хамаарал тогтоох давтан шинжилгээг хийхдээ эхний удаа тухайн шинжилгээг хийхэд оролцсон тус лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонсүрэнг дахин оролцуулсан зэрэг нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тул хэргийг давж заалдах журмаар дахин хянаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
Шүүх 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар Мал эмнэлэгийн хүрээлэнг шинжээчээр томилжээ. (хх-ийн 76-78 тал)
Энэхүү 16 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонсүрэн, молекул биологийн лабораторын эрхлэгч П.Мягмарсүрэн нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гаргаж ирүүлсэн байна. (хх-ийн 82-84 тал)
Хариуцагч М.Түвшинзаяагийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжаар дахин дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Мал эмнэлэгийн хүрээлэнг томилжээ. (хх-ийн 127-129 тал)

Улаанбаатар хотын Мал эмнэлэгийн хүрээлэнгийн молекул биологийн лабораторын эрхлэгч П.Мягмарсүрэн, анхны шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонсүрэн, мал эмнэлэгийн хүрээлэнгийн чанарын менежер Б.Нарангэрэл /-ийг төлөөлж Ч.Буянтогтох гарын үсэг зурсан/ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчид нь маргааны зүйл болох малын цуснаас дахин дээж авалгүйгээр 2 удаагийн дүгнэлт ирүүлсэн, мөн шинжээч нарт эрх, үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн шинжилгээг ямар аргаар хийсэн, шинжилгээний явц зэргийг шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй байна.
Иймд энэ талаар гаргасан хариуцагч М.Түвшинзаяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 291 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Түвшинзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА
                      ШҮҮГЧИД                                     З.ЭНХЦЭЦЭГ
                                          Я.АЛТАННАВЧ