Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 103

 

Т.Б, Ж.Г , Ц.О, М.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хохирогч Э.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1321 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар тогтоолтой Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох 2102002520161 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т.Б,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, Ж.Г,

3. Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Ц.О

4. Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, М.Ш

Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Ш-ийн газар эзэмших хүсэлтийг хэлэлцээд шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байхад, өөрийн танил М.Ш-ийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г , ахлах мэргэжилтэн Ц.О нарт “М.Ш-т газарт олгуулах” талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.Г  нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Ш-ийн газар эзэмших хүсэлтийг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ын хууль бус үүргийн дагуу өөрийн шууд удирдлагад ажилладаг ахлах мэргэжилтэн Ц.О-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/209 дугаар захирамжийн хавсралтад иргэн М.Ш-ийн нэр дээр .... дүүргийн ....-р хороо, .... тоот, 273 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн, улмаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэж, .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Ш-ийн газар эзэмших хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын хууль бус үүргийг биелүүлж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/209 дугаар захирамжийн хавсралтын 44 дүгээрт иргэн М.Ш-ийн нэрийг оруулан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч М.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр газар эзэмших хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байхад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор танил, дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон, мөн .... дүүргийн ....-р хороо, .... тоот, 273 м2 нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нууж, эх үүсвэрийг далдлах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулан, нотариатаар батлуулж, иргэн М.Б-д газрын эрхээ шилжүүлэн, Хаан банкны ... тоот дансаар 5,000,000 төгрөг шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б, Ц.О, Ж.Г , М.Ш нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч М.Ш-т холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар тогтоолоор Т.Б, Ц.О, Ж.Г , М.Ш нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 02 дугаар дүгнэлтдээ: “... магадлалд “...анхан шатны шүүх ... харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийж илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна... Мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсоноор шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хууль хэрэглээний алдаатай үйл ажиллагааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрчилсөн тохиолдолд үүнийг зөвтгөх арга хууль зүйн боломж байхгүй юм. Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсжээ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ...” гэж тус тус заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон. Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага хангаагүй” хэмээн дүгнэсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1321 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1096 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Прокуророос шүүгдэгч Т.Б, Ж.Г , Ц.О, М.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзээгүй. Өөрөөр хэлбэл, дүгнэлт нь хоорондоо харилцан уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна, мөн эрүүгийн хэрэг бус Газрын тухай хуульд зааснаар иргэн, захиргааны эрх зүйн маргаан, хохирогч Э.А-н эзэмшлийн газар нь кадастрын мэдээллийн санд ороогүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон ба ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой сахилгын зөрчил гэсэн байдлаар хэд хэдэн өөр хоорондоо уялдаа холбоогүй дүгнэлтүүдийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ. Уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэдий ч хуулийн өөрчлөлтөөр хэргийг анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээгүй үндэслэлээр хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасанчлан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан үүрэг болгосон хэм хэмжээг дагаж мөрдөлгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал илэрсэн гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэвээр үлдээсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэнд хамаарах ба энэ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шинээр илэрсэн нөхцөл байдал юм. Түүнчлэн хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал гэдэг нь нэг хүний эрх зөрчигдсөн тохиолдлоор хязгаарлагдахгүй. Учир нь хууль бус шийдвэрийн улмаас нийтийн ашиг сонирхол шударга ёсны зарчим хөндөгдсөн, Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол, хор уршгийг арилгуулах боломжгүй болсон сөрөг үр дагавар бий болж байна. Тэгэхээр прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлан Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах, шударга ёсны зарчим, олон нийт шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаалах, хуулийг чанд сахих зорилгоор хууль хэрэглээний алдаатай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шүүхийн шийдвэрийг хянуулахаар дүгнэлт бичсэн байна. Иймд шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар дүгнэлт гаргасан байна. Прокурорын дүгнэлтэд бичсэн үндэслэлүүд болон процессыг үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авах тухай зохицуулсан бөгөөд хүсэлт гаргасны дагуу тодорхой ажиллагаа хийх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд зааснаар прокурор гэдгийг хэрэгт хяналт тавьсан прокурорыг ойлгож байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 3-т зааснаар прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг заасан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг журамласан. Гэтэл прокурорын дүгнэлтээс харахад шүүхийн шийдвэрийг хянахад шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэх агуулгыг илэрхийлжээ. Тодруулбал, прокурор хэрэгсэхгүй болгосон хэргийг хянах үедээ дээд шатны прокурорын адил дүгнэлт бичиж буй нь ойлгомжгүй. Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор бус дээд шатны прокурор хүсэлт бичиж буй нь мөн л асуудалтай. Дүгнэлтээс үзэхэд хүний эрх зөрчигдсөн талаар агуулга байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлтэй нийцэж буй эсэх нь ойлгомжгүй. Анхан шатны шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдал, болсон процессыг шүүх хуралдаан дээр маш тодорхой ярилцсан, мэтгэлцсэн. Э.А д газар олгосон захирамж хүчинтэй байгаа. Газрын тухай хуульд зааснаар сүүлд гарсан захирамж нь хүчингүй болох үндэслэлтэй. Иймд дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокуророос тус хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын дүгнэлт нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан дүгнэлтийн зарим хэсгийг тодотгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1096 дугаартай магадлалын улмаас хэн нэгний эрх ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй. Хэрэв энэхүү шийдвэрийн улмаас хэн нэгэн этгээдийн эрх зөрчигдсөн бол тухайн этгээд гомдол, хүсэлтээ гаргах боломжтой байсан. Прокурорын дүгнэлтэд ямар хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар тусгагдаагүй. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтээс зөрүүтэй хууль зүйн дүгнэлт бүрийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээс бусад бүх шийдвэрүүдэд шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх шаардлага үүснэ. Мөн прокурорын дүгнэлтэд дурдагдсан давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл нь шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх олгосон, үүрэг болгосон хэм хэмжээг оновчтойгоор хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарын дотор магадлал гаргасан. Прокурорын дүгнэлтэд тусгагдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гаргах хэмжээ хязгаарыг тогтоосон нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Мөн цагаатгах тогтоол, магадлалыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хянаад хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр өөрт таалагдаагүй, эсхүл цагаатгасан шийдвэр бүрт дүгнэлт бичих эрсдэлтэй гэв.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокуророос гаргасан дүгнэлтийг гурван үндэслэлээр хүлээн авах боломжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт ямар эрх олгогдсон прокурор дүгнэлт гаргасныг анхаарч шийдвэрлэж өгнө үү. Мөн Улсын дээд шүүхээс хяналтын журмаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дүгнэлтийг харвал магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан агуулгатай харагдаж байна. Түүнчлэн хэний гомдол, хүсэлтээр дүгнэлт гаргасныг анхаарч дээрх үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Ш-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие энэ хэрэгт прокурорын дүгнэлт бичигдсэнтэй холбоотойгоор өмгөөлөгчөөр оролцож буйг дурдах нь зүйтэй. Прокурорын дүгнэлттэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-ийг үндэслэл болгосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянахдаа эргэлзээ төрсөн хэдий ч буцаах эрх хэмжээгүй гэх дүгнэлт хийхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн үндэслэл харагдахгүй байна. Мөн хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дүгнэлт гаргажээ. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн Т.Б, Ж.Г , Ц.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрсэн бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам болгон тогтоож өгсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар хуульчилжээ.  

Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байх ёстой. 

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүд хамаарах бөгөөд хуулийн энэ үндэслэлийг объектив байдлаар авч үзнэ.   

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд хоёр шатны шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас тодорхой хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар үндэслэл, нотолгоо заагаагүй, хийгдвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Т.Б, Ж.Г , Ц.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1321 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1096 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                               Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ