Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1938003660263 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын  19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Х.Б-, 

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын ХХХ тоотод  байрлах өөрийн гэртээ 12 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын ХХХ тоотод  байрлах өөрийн гэртээ 12 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Манай эхнэр Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт төрж охин төрүүлсэн… Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө үүрээр 05 цаг болж байхад би босоод ямаа самнах ажлаар Цагаан-Уул сум явж, өглөө 09 цаг болж байхад ямаа самнах айлдаа очсон чинь ийм явдал болсон талаар хэлэхээр нь буцаад Мөрөнд ирсэн... Өглөө үүрээр 05 цаг болж байхад сэрээд харахад охин маань унтаж байх шиг байсан. Ээж нь болохоор сэрүүн байсан...Охин маань гэрийн баруун талын орон дээр ээжтэйгээ унтдаг байсан. Ээж нь орныхоо араар унтаад охиноо урдуураа унтуулдаг баисан...Намайг харахад охин дээшээ харсан унтаж байх шиг байсан. Гэхдээ би охиноо нүүр тулж болж хараагүй…Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өглөө манай бэр болох Х.Б- нь “хүүхэд хөдлөхөө байчихлаа” гээд уйлаад сэрээсэн юм. Тэгэхээр нь хүүхдийг нь үзэхэд хамраас нь бага зэрэг цус гарсан, цэл хөх болсон байсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмч нар хамт эмнэлэг явсан. Х.Б- нь манай бага хүү болох Б.Б-гийн эхнэр болох хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Гэрч Л.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай бэр Х.Б- нь манай бага хүү Б.Б-тай 2018 гэр бүлээ батлуулсан юм. Өрх гэрээ тусгаарлаагүй, одоо манайд хүүхдээ хараад хамт амьдардаг юм... Тэгээд өглөө 08 цагийн үед манай бэр “хүүхэд цэл хөх болчихлоо” гээд уйлаад биднийг сэрээсэн юм. Тэгээд эмнэлэг рүү залгаж дуудсан. Эмнэлгээс эмч ирээд хүүхдийг ээжтэй нь хамт аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Ц.Тогтохсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Би 1999 оноос хойш энэ өрхийн эмнэлэгтээ ажиллаж байгаа. Миний хариуцсан хэсэгт Мөрөн сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамжнаас 10 дугаар гүдамж, мөн 24 дүгээр гудамжнаас 28 дугаар гудамжны айл өрхүүд хамаардаг...Х.Б- нь уг нь Галт сумын иргэн байгаа юм, хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ Мөрөн сумын  4-26-09 тоотод байх хадам аавынхаа гэрт ирж төрсөн. Энэ хүн нь манай эмнэлэгт жирэмсний хяналттай байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт хэвийн төрсөн. Хүүхдээ төрүүлснээс хойш эмнэлэгтээ хэвтэж байгаад 1-2 хоноод эмнэлэгээсээ гарч хадам аавынхаа гэрт очсон. Эмнэлэгээс гарснаас хойш би 2019 оны 05 сарын 10-ны өдөр гэрээр нь очиж эх хүүхдийг үзэхэд эхийн болон хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Би ингэж очихдоо “хүүхдийн асаргааг сайн хийх, хүүхдээ хөхүүлэх, усанд оруулах” талаар зөвлөөд явсан. Үүний дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дахин гэрээр нь очиж үзсэн. Тэгэхэд хүүхэд эрүүл, хэвийн, ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, шарлалтгүй байсан, эхийн биеийн байдал хэвийн байсан. Ингэж очихдоо би асаргаа сувилгаа зөвлөөд явсан. Үүнээс хойш очоогүй байтал хоёр хоногийн дараа хүүхэд нас барсан тухай мэдээг хүлээн авсан...Эрүүл мэндийн талаас үзлэгээр мэдэгдэх өөрчлөлт, ямар нэгэн эмгэг юу ч байгаагүй.Ер нь ахуй амьдралын байдал нь сайн биш, гэртээ нарийхан орон дээр өлгийдөж унтуулдаг зэрэг байдал ажиглагдаж байсан. Энэ утгаараа асаргаа сайн гэж хэлэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

Гэрч Б.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х.Б- бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм...Х.Б- нь манай хашаанд гэр барин амьдарч байсан хадам аавынд байсан юм...2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө би гэртээ унтаж байтал өглөө 07 цаг өнгөрч байхад манай хадам ээж гаднаас орж ирээд “Х.Б-ын охин нь хөхөрчихсөн байна” гээд сандраад гүйгээд гарахаар нь би босоод хувцсаа өмсөж гараад хадам аавын гэрт орсон чинь Х.Б-ын охин орон дээрээ өлгийтэй, нэг л сонин хөх харагдаад байсан. Намайг аавынд ороход манайхны нэг нь эмнэлэг дуудсан байсан. Намайг ороод удаагүй байтал эмнэлэг ирээд аваад явсан...Х.Б-ыг эмнэлэгээс гараад удаагүй байхад нь би аавынд ус авах гээд орсон чинь Х.Б- хэвтчихсэн охиноо хөхүүлж байхаар нь би “миний дүү босч байгаад хөхүүлэхгүй бол хөхөөрөө дардаг юм шүү” гэж анхааруулж хэлж байсан. Х.Б- бол ер нь л хүүхдээ босч сууж байгаад хөхүүлдэг гэж байсан. Гэхдээ би байнга хамт байгаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Охины маань бөгс шээсэндээ түлэгдээд арьс нь хуураад улайчихсан байсан. Бас өлгийний оёдол нь таараад жижигхэн хөхөрсөн байсан юм. Охины маань хөл нь дулаацахгүй байсан болохоор хурганы арьсаар бөгсөн биеийг нь ороож байсан, Тэрнээс болоод бөгс нь холгогдоод хөхөрсөн байж магадгүй гэж бодож байна...Би хүүхдээ нэг шөнийн хугацаанд 2-оос дээш удаа хуурайлдаг.  Гэрт хүйтэн байвал живх хийж сольж цэвэрлэдэг байсан. Шөнө охин маань унтаж байгаад сэрэх болгонд нь би охиноо хөхүүлдэг, Ер нь бол 00 цагийн үед нэг удаа хөхүүлдэг, үүнээс хойш сэрэх болгонд нь хөхүүлдэг. ...Тухайн шөнө би 00 цаг өнгөрч байхад нэг удаа хөхүүлсэн, шөнийн 02 цагийн үед уйлахаар нь босож сууж байгаад хөхүүлсэн. Үүнээс хойш хөхүүлээгүй. Өглөө 05 цаг болж байхад нөхрийг маань явахад охин маань сэрээгүй, унтаж байгаа юм шиг л байсан...Тэр өдөр гэр жаахан бөгчим байсан болохоор би унтахдаа охиноо урдуураа авч унтсан. Ер нь бол ихэнхдээ өөрийнхөө араар /гэрийн хана талдаа/ авч унтдаг байсан.. Өмнө нь эмнэлэгээс гараад удаагүй байхдаа би ядарсандаа нойрмоглоод охиноо хэвтээгээрээ хөхүүлж байтал гаднаас Анхтуяа эгч орж ирээд “битгий хэвтээгээрээ хөхүүлээрэй, хөхөөрөө дардаг юм шүү” гэж хэлэхээр нь би босож сууж байгаад хөхүүлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай: “...Нярайн биед баруун зүүн өгзөгний дунд доод хэсэгт цус хуралт, гол хэсэгт зулгаралт. баруун зүүн уушигны гадаргуу болон угаар цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн баруун зүүн өгзөгний цус хуралт зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Харин баруун зүүн уушигны гадаргуу болон уг дахь цус хуралт нь цээжин дээрхи нэг удаагийн хүчтэй даралт болон дарагдлын хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун зүүн өгзөгний цус хуралт болон зулгаралт нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байна. Харин баруун зүүн уушигны гадаргуу болон уг дахь цус хуралт нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Нярайн биед үүссэн баруун зүүн өгзөгний дунд доод хэсэгт цус хуралт, гол хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун зүүн уушигны гадаргуу болон уг дахь цус хуралт, тархи уушигны хаван, дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. Нярайн биед үүссэн баруун зүүн уушигны гадаргуу болон уг дахь цус хуралт нь үхэлд хүргэсэн байна. Нярай нь нас бараад ойролцоогоор 8-12 цаг болсон байна. Энэ нь хөшилт болон хөрөлт, хүүрийн толбоны илрэлээр тогтоогдож байна. Нярай нь хэвлийн хөндийн үрэвсэлт өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргээгүй байна. Нярай нь механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдлын улмаас баруун зүүн уушигны гадаргуу болон угаар цус харвалт өгч амьсгалын тогтолцоо болон дотор эрхтний цус эргэлтиййн цочмог хямралаас болж нас барсан байна. Энэ нь баруун зүүн уушигны гадаргуу болон угаар цус харвалт, эдэд болон цулцангийн хөндий дэхь цус харвалт, уушигны агааржилт сул, зүрхнийг гадаргуу, уушигны уг дахь цэгцчилсэн цус харвалт, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал, тархи уушигны хаван зэрэг шинжээр батлагдаж байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-36-р тал/,

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн: ...Нярайн биед үүсэн баруун зүүн өгзөгний дунд доод хэсэгт цус хуралт, гол хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өлгийний даавуунд холгогдох, үрэгдэх үед үүссэн байх боломжтой.Мөн зулгаралт нь өтгөн шингэнийг сайн цэвэрлээгүй, удаан хугацаанд байсантай холбоотойгоор арьсны өнгөн хэсэг түлэгдэж зулгарсан байх боломжтои...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 10-11-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын ХХХ тоотод  байрлах өөрийн гэртээ 12 хоногтой нярайг цээжинд нь дарсан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Х.Б-ын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүй хохироосон”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

Шүүгдэгч Х.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн 1938003660263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн цэцэг бүхий дүрстэй, цагаан саарал өнгийн хөнжлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг хүний /12 хоногтой нярай хүүхдийн/ амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Х.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн 1938003660263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 160x195cm хэмжээтэй 3565 гр жинтэй ягаан өнгийн цэцэг бүхий дүрстэй, цагаан саарал өнгийн хөнжлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Эрүүгийн 1938003660263 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувиийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР