| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2025/00145/И |
| Дугаар | 208/МА2025/00046 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2025/00046
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00187 дугаар шийдвэртэй
Хариуцагч Ш.*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ш.******* нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
...Манай талийгаач дарга Г.*******ын төрсөн эгч Г.*******, нөхөр Ш.******* нарт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 16,740,000 төгрөгийг зээлдүүлж, Ш.*******гийн данс руу шилжүүлсэн. Дараа оны 01 дүгээр сард 15,247,000 төгрөгийг Г.******* буцааж манай нөхрийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэсэн. 2 сард дарга өрөөндөө дуудаад Хуягаа ахын мөнгийг өгөхгүй бол болохгүй нь гээд та надад 4 сая төгрөг олоод өгөөч гэхээр Хөвсгөлд байдаг эгчийнхээ нөхөрт хэлээд тэтгэврийн зээл авхуулаад өдрийн 14 цагийн үед 5,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө орж ирэхээр Г.*******ын данс руу мөнгө шилжүүлэх гээд асуутал та нэг мөсөн 4 сая төгрөг шилжүүлчих 700,000 мянган төгрөгт нь гэр орондоо юм авмаар байна гэхээр 4,100,000 төгрөг шилжүүлсэн. 100,000 төгрөгт тавгийн чихэр захисан. Сар болгон би хүргэн ахын данс руу сая төгрөг шилжүүлж нийтдээ 6 сая төгрөг шилжүүлсэн. Манай дарга 2024 оны 05 сарын 18-ны өдөр бурхан болсон. Үлдэгдэл төлбөрөө өгөх талаар талийгаачийн 49 хоног дуусгаад түүний эгч Г.******* луу ярихад бүх мөнгийг нь өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн нөхөр лүү нийт 7 сая төгрөг танай эхнэрээс авах ёстой гэхэд би мэдэхгүй Ш.*******, Г.******* хоёроос авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан Энэ хоёрын үлдэгдэл 3,300,000 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 700,000 төгрөгийг Г.*******ын нөхөр Ц.Төмөрбатыг шүүхэд хүсэлт гаргасан байгаа тэр нэхэмжлэлдээ нэмээд нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Би нэхэмжлэгчээс 16,740,000 төгрөгийг авсан нь үнэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-нд 17,800,000 төгрөгийг Г.*******ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Төлбөр мөнгийг миний хувьд бүрэн төлсөн. Саяхнаас шүүхэд хариуцагчаар татагдсанаа мэдсэн гэжээ.
2. Хэргийг судлан үзээд дүгнэх нь:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.*******ы нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг нэхэмжлэгч Ц.******* гаргасан.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ш.*******д 16,740,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, түүнээс хариуцагчид 15,247,000 төгрөгийг буцаан өгсөн, 3,300,000 төгрөгийг бусдаар дамжуулан өгсөн гэдгээ нотлоогүй үйл баримт тогтоогдсон.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй боловч анхан шатны шүүхээс хариуцагч Ш.******* нь өөрийн хамаарал бүхий Г.*******аар дамжуулан үүргээ биелүүлсэн, түүний бусдаар дамжуулан үүргээ биелүүлснийг нэхэмжлэгч мэдсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 211 дүгээр зүйлийн 211.2-д Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.
Хариуцагч Ш.******* нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан бол тогтоосон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд тэрээр Г.*******т өгөхийг нэхэмжлэгч мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч мөнгийг авсан Г.******* нас барсан үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрсөн, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ бусдаар дамжуулан биелүүлсэн гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийг шударгаар гүйцэтгэсэн, нэхэмжлэгч өмнө хүлээсэн үүргээ хариуцагч бусдаар гүйцэтгүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээг бусдаар дамжуулан биелүүлсэн гэж байгаа боловч энэхүү байдлаа нотлоогүй, талууд үүргийг бусдаар гүйцэтгүүлэх талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ш.******* нь гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.*******ы өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг шударгаар биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх атал шүүхийн шийдвэр гаргахдаа ердийн журмаар хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ш.*******гээс 3,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болохыг дурьдсугай гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.
3.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ