Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аимаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1938003980258 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б-, 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ХХХХХ сумын ХХХХ багт өөрийн эцэг Ч.Б-ийг хохирогч С.Д-д зодуулж байхыг хараад хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч С.Д-гийн толгойн тус газар сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ХХХХХ сумын ХХХХ багт өөрийн эцэг Ч.Б-ийг зодож байгаа  хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас  шүүгдэгч нь хохирогч С.Д-гийн толгойн тус газар сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны  5 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед найз Мягмардорж /Нямбага/, Тогтохбаяр /Мөөмөө/, Нарлаа, эхнэр Амарцэцэг, Баттуяа, Оюунболор нарын хамтаар Мягмардоржийн гэрт 0,5 литрийн 2 шил архийг хувааж уусан. ...Уг архийг ууж дуусгачихаад эхнэр Амарцэцэгтэй мотоцикпийн түлхүүрээс болж ам зөрж маргалдсан. Тэгэхэд Ч.Б- ах намайг: “чи эхнэрийгээ яагаад байгаа юм бэ, хүүхдүүд унтаж байна шүү, чимээгүй байгаарай” гэж хэлсэн. Тухайн үед би нэлээд согтуу байсан учраас Ч.Б- ахтай маргалдсан. Ч.Б- ахтай маргалдаж байхдаа юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь гадаа Мягмардоржтой барилцаад зогсож байсан. Тэгээд Мягмардоржоос салаад Ч.Б- ахын хүүхэд болох Б.Б-гийн гэр лүү орсон. Б.Б-гийн гэрт ороод Ч.Б- ахтай дахиад барилцаж авсан. Ч.Б- ахтай барилцаад байж байхад гэнэт л миний араас толгой руу маань цохичихсон. Би цохиулаад л ухаан алдсан. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна...Би Ч.Б- ахын дүүгийнх нь охинтой гэр бүл болсон юм. Ч.Б- ах миний хадам ах маань байгаа юм. Ч.Б- ах бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй...Ч.Б- ахыг...би согтуугийнхаа халуунд түүний хэлсэн үгийг тоохгүй түүнтэй маргалдсан. Би уурласан үедээ өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг мэдэхээ байчихдаг учраас Ч.Б- ахтай маргалдах үедээ түүнийг хаана нь яаж цохисоноо мэдэхгүй байна...Намайг Б.Б-гийн гэрт Ч.Б- ахтай барилцаад авсан байхад араас толгой руу маань цохисон. Намайг хэн цохисоныг нүдээрээ бол хараагүй. Харин сүүлд сонсоход Ч.Б- ахын төрсөн хүү Б.Б- миний толгой руу сүхээр цохисон гэж байсан. Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Гэхдээ толгой маань байнгын дүүрч өвдөж байгаа. Би ХХ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээг хийлгэсэн. Нийт 20 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгээс гараад хувиараа эмнэлэгээр үзүүлж харуулж байгаа. Одоо намайг “Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгүүл” гэсэн байгаа. Би гомдолгүй байна. Намайг нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороход Б.Б- ар гэрийнхэнд маань 1 сая төгрөг өгсөн гэсэн. Одоо цаашид эмчилгээнд гарах зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн үед би хүргэн Тогтохбаярынд унтаж байтал гаднаас хүргэн Тогтохбаяр, С.Д-, Амарцэцэг, Намбага нар орж ирсэн. Тэр үед С.Д- эхнэр Амарцэцэг рүүгээ агсам тавиад хэл амаар доромжилж байснаа Амарцэцэг рүү аяга шидчихсэн. Би орон дээрээ сууж байснаа С.Д-д хандаж “чи хаашаа хүн бэ, эхнэр хүүхдээ дарамтлаад байдаг. Энд чинь хүн амьтан амарч байна” гээд манай охины хүүхэд айгаад уйлаад байхаар нь С.Д-г “чи одоо гар даа” гээд гараас нь барьж авахад гараа сэгсэрч намайг тавиулаад тэр үед Нямбага цааш нь эргэтэл татахад хөлөөрөө миний цээжин тус газарт тийрчихсэн юм. Би гутал хувцсаа өмсөөд хажууд нь байдаг хүү Б.Б-гийнд ороход тэднийд 3 хүн унтаж байсан. Тэгээд би цай угаад сууж байтал гаднаас С.Д- гүйсэн чигээрээ орж ирээд миний цээжин тус газарт өшиглөж унагаагаад дээр минь мордон суугаад заамдаж дарахаар нь би “ахынх нь хавирга хугарчихлаа, одоо боль доо” гээд байж байтал хажууд Батцэцэг, Оюунбаяр нар хажууд байтал С.Д-гийн заамдаж байсан гар нь гэнэт сулраад над дээр уначихаар нь өндийгөөд харахад С.Д-гийн толгойноос нь цус гарч байхаар нь Батцэцэг , Амарцэцэг нарыг “даавуу аваад өг” гэж толгойг нь боогоод “шууд аваад сум руу яв” гэж хүргэн Тогтохбаярт хэлсэн юм.Тэгээд хүргэн Тогтохбаяр аваад явсан. Би тухай үед “хэн ингээд цохичихвоо” гэж асуухад Амарцэцэг “Б.Б- цохичихлоо” гээд хэлэхээр нь харахад Б.Б- гэрээс гарч яваа харагдсан...Тухайн үед Б.Б- бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Харин С.Д- их согтуу байсан. С.Д- миний төрсөн дүүгийн охиныг авч суусан юм. Манай хүргэн болоод таньдаг болсон. Миний хувьд өс хонзон өр авлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд С.Д- ах согтуу агсам тавиад эхнэр Амарцэцэг рүүгээ аяга авч шидээд хоорондоо маргалдахаар нь Ч.Б- ах “хүүхэд унтаж байна” гэхэд С.Д- “хүүхэдгүй хэн байдаг юм” гээд Ч.Б- ахтай маргалдаж байснаа босч ирээд Ч.Б- ахын цээжин тус газарт нь нэг удаа өшиглөөд толгой руу нь цохихоор нь Нямбага ах салгаад гэрээс авч гарсан. Тэр үед Ч.Б- ах хүү Б.Б-гийнхаа гэр лүү явсан. Тэр үед С.Д- ах Нямбага ахтай маргалдаж байснаа С.Д- ах “би шээгээд ирье” гэж тавиулаад зугтаагаад Б.Б- ахын гэр лүү гүйж орсон...Тэгээд Ч.Б- ахыг сууж байхад нь хөл рүү нь өшиглөөд, дээр нь мордож суугаад хүзүүгээр нь боож дарж байсан.  Гэтэл гаднаас Б.Б- сүх барьж орж ирээд С.Д-гийн толгой руу цохичихсон юм...Тухайн үед С.Д- их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны                   5 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн үед манай гэрт С.Д-, Амаржаргал, Мягмардорж / Нямбага/ , манай эхнэр Баттуяа бид нар архи ууж байсан. Манайд хадам аав Ч.Б-, миний дүү Оюунбаяр нар унтаж байсан. Тэр үед С.Д- согтоод эхнэр Амарцэцэг рүүгээ агсам тавиад аяга шидэхээр нь манай хадам аав Ч.Б- босч ирээд С.Д-г загнасан боловч С.Д- тоолгүй харин бүр хадам аавыг зодохоор болоод ...Тэр үед Мягмардорж С.Д-г барьж үлдсэн.Намайг Б.Б-гийнд ороод зуухных нь урд зогсож байтал С.Д- гэнэт гүйж гэрт орж ирээд хадам аав Ч.Б-ийг өшиглөж унагаагаад дээр нь дараад сууж байсан. Би тэр үед салгах гээд очих гэж байтал Б.Б- гэнэт араас гүйж орж ирээд барьж явсан зүйлээрээ С.Д-г цохиод буцаад гараад явсан. Тэр үед С.Д- шууд эргэнэгийнх нь урд газар уначихсан. Хадам аав Ч.Б- толгойг нь даавуугаар дарсан байдалтай, Амарцэцэг “алчихлаа” гээд уйлаад байсан. Мягмардорж “машинаа асаа, аваад явья” гэхээр нь би машинаа асаагаад шууд сумын төв рүү оруулж ирсэн. Сумын төв рүү ирж явах замд Амарцэцэг “Б.Б- С.Д-г сүхээр цохьсон тухай” надад ярьсан...С.Д- бид хоёр базууд юм. Б.Б- миний хадам дүү юм. Б.Б- аав Ч.Б-ийг хамгаалах гэж С.Д-г сүхээр цохисон гэж бодож байна. Тухайн үед Б.Б- архи уугаагүй. Харин С.Д- өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р тал/

Гэрч С.М-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай ХХХХ багт бөөгийн тахилга болсон...Би тэнд архи уугаад шөнө 03 цагийн гэртээ ирэхэд миний араас Тогтохбаяр эхнэр Баттуяагийнхаа хамт С.Д- эхнэр Амарцэцэгийн хамт 4-үүлээ ирсэн. Би гэртээ байсан 1 шил архийг гаргаж тойруулсан...Тэгээд Тогтохбаярынд байж байтал С.Д- согтуу агсам тавиад Ч.Б- ахыг өшиглөхөөр нь би гэрээс аваад гарсан юм. ...Б.Б-гийнд ороход С.Д-гийн толгойноос нь цус гарчихсан газар уначихсан байхаар айгаад болсон зүйлийг ажиглахад Амарцэцэг “алчихлаа” гээд орилоод байсан. Би сандраад буцаад гэрээс гарч гүйгээд Тогтохбаярыг “машинаа асаа” гээд гэрт лүүгээ харьж эхнэртээ болсон зүйлийг хэлээд Тогтохбаярын машиныг аваад сумын төвд эмнэлэгт авчирч үзүүлсэн. С.Д- замдаа ухаан алдчихсан юм шиг янцаглаж дуугараад байсан. С.Д-гийн чихний ард хэсэгт 3 см орчим зүсэгдэж хуйх нь задарсан байсан . Амарцэцэгээс болсон зүйлийг асуухад гэрт ороод ийм болчихсон байсан гэж ярьж байсан...Тухайн үед Б.Б-гийн аавыг нь С.Д- зодохоор нь л Б.Б- цохиж гэмтээсэн юм шиг байна лээ. Би Б.Б-г С.Д-г юугаар яаж тэгж гэмтээснийг нь мэдээгүй ..Даваадапай Б.Б-гийн аавд хандаж “Хульдаамийн тээхнийг ална” гээд агсраад байсан юм. Энэ асуудлаас болж л Б.Б- С.Д-г цохиж гэмтээсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б- нь миний нөхөр байгаа юм...2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ХХХХ багийн Боршдогийн дөрөлж гэх газарт удганы галын наадам болсон юм. Гэхдээ уг галын наадамд нөхөр Б.Б- бид хоёр оролцоогүй. Тухайн өдөр манай гэрт хүмүүс ирнэ гэсэн учраас ирэхийг нь хүлээж байсан боловч ирээгүй. Ирэхгүй болохоор нь нөхрийнхөө хамт гэртээ унтаж байхад...манай хойд талын айлын болох Тогтохбаярын гэрт хүмүүс ирсэн бололтой чанга чанга дуугаралдаад байсан. Би тухайн үед  унтуулж амраачихаад өөрөө хэвтэж амрах гээд байж байхад гаднаас хадам аав Ч.Б-, том баз Тогтохбаяр ах, Тогтохбаяр ахын хүүхэд, хадам эгч Баттуяа нар орж ирсэн. Тэд нарыг орж ирсэн байхад гадаа хүмүүс ноцолдоод байгаа чимээ гарч байсан. Удалгүй манай гэр лүү хүн гүйж ирэх чимээ гарахаар нь өөдөөс нь гарахад С.Д- байсан. Би тухайн үед С.Д-д “хүмүүс амарч байна шүү дээ, чи тайвшраач” гэж хэлэхэд намайг цохиж түлхээд гэрлүү маань дайраад орчихсон. Би түүнийг гэр лүү гүйгээд орчихоор нь араас нь дагаад ороход С.Д-: хадам аавыг маань гараараа цохиод, Тогтохбаяр ахыг заамдсан. Тэгж маргалдаж байхдаа гэрийн маань баганыг хугалаад хаячихсан. Би тухайн үед маш их айгаад гэрийнхээ хойморт уйлаад чихээ дараад суусан. Үүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа. Нэг ухаан ороод харсан чинь манай нөхөр Б.Б- “С.Д-г сүхээр толгой руу нь цохьчихсон” гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Тухайн үед миний ухаан санаа балартсан байсан. Нөхөр Б.Б- маань ч гэсэн юу болсоныг санахгүй байгаа бололтой, “би юу хийчихвээ” гээд балмагдсан байдалтайгаар гэрээс гараад гүйчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/

Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...С.Д- нь миний нөхөр байгаа юм. Ч.Б- нь миний нагац ах маань байгаа юм. Б.Б- нь Ч.Б- ахын төрсөн хүүхэд нь байгаа юм. Ч.Б- ах, Б.Б- хоёртой ойрын төрөл садангийн холбоотой...нөхөр С.Д- маань Б.Б-гийн гэр лүү гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би араас нь гүйгээд ороход үед миний өөдөөс Б.Б-, Батцэцэг нар зөрөөд гарсан, тухайн үед Батцэцэг гартаа сүх барьчихсан байсан. Намайг гэрт ороход нөхөр С.Д- маань эрэгнэгний урд талд толгойноос нь цус гарчихсан ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэр үед би тэвдэж гүйгээд юу болсоныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Мягмардорж ах, Тогтохбаяр ах бид гурав нөхрийг маань Топгохбаяр ахын машинаар сумын төвийн эмнэлэг рүү авч явсан. Сумын төвийн эмнэлэг дээр очоод толгойг нь оёулаад, цус тогтоох эм тариа хийлгэж байгаад шууд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөсөн. Нэгдсэн эмнэлэг дээр ирээд шууд мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж, хагалгаа хийлгэсэн...Тухайн үед нөхөр С.Д- маань архи согтууруулах ундааны зүйл нэлээд уухын хувьд уусан байсан. Нөхөр маань архи уучихаараа царай төрхөнд нь хувирал ороод байдаггүй мөртлөө тасарчихсан байдаг. Тухайн үед хэр зэрэг согтуу байсан болохыг нь мэдэхгүй байна. Ч.Б- ах бид нарын авч очсон архинаас уухын хувьд уусан. Хэр зэрэг согтуу байсан болохыг нь мэдэхгүй байна. Харин Б.Б-г согтуу байсан үгүйг нь мэдэхгүй байна. ...Нөхөр С.Д-гийн маань зан чанарын хувьд гэвэл янз бүрийн ааш авир байхгүй, хүнтэй харилцаа сайтай, гэр бүлдээ халамжтай, тусч, шударга зантай. Нөхөр маань... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иймээ тиймээ ааш авир гаргаад байдаггүй. Гэхдээ нөхөр Даваадапай маань зүрх муутай, нэг уурлахаараа өөрийгөө барьж дийлэхээ больчихдог, уурласан үедээ гаргасан үйлдлээ санадаггүй. Нөхөр С.Д- маань үндэсний бөхөөр барилддаг, сумын начин цолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай: С.Д-гийн биед баруун зулай, дагз, суурь ясанд /пирамид яс/ хугарал, тархины эдэд няцрал, тархины аалзавчин бүрхүүл дор цус харвалт, хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. С.Д-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12,               3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нрлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал/

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...Би хохирогч С.Д-гийн эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулна. Гэхдээ С.Д- эмчилгээний  зардалд гарсан мөнгөө шүүх орж нэхэмжилж авна гэсэн. Тийм учраас гаргасан өгсөн баримтуудын дагуу хохирлыг барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

Хэргийн газрын үзлаг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-12-р тал/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын             23-ны өдрийн 286 дугаартай хохирогч Ч.Б-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 17-р тал

Эрүүгийн 193800373 дугаартай хэрэгт хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 18-21-р тал/

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

        Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ХХ                      ХХХ сумын ХХХХ багт өөрийн эцэг Ч.Б-ийг зодож байгаа  хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас  шүүгдэгч нь хохирогч С.Д-гийн толгойн тус газар сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь  агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж дүгнэв.

   Шүүгдэгч Б.Б- нь хохирогч С.Д-гийн зүй бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг  нөхөн төлөхөө илэрхийлсэн /2019.06.19-ний өдөр хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд шүүгдэгч Б.Б-гаас эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938003980258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5.5х3 см өргөнтэй, 51.5 см урттай модон иштэй, ажлын хэсэг нь 12 см, хойд хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Б.Б-д хяналт тавихыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д олгосугай.

7. Эрүүгийн 1938003980258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5.5х3 см өргөнтэй, 51.5 см урттай модон иштэй, ажлын хэсэг нь 12 см, хойд хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн 1938003980258 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР