| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2024/00358/И |
| Дугаар | 208/МА2025/00048 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2025/00048
Ж.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00517 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.*******,
Хариуцагч П.*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын нэхэмжлэлтэй П.*******д холбогдох Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг /цахим/, Хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золзаяа /цахим/, М.Пүрэвсүрэн /цахим/ нарыг нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын нэр төр, алдар хүндэд халдан иргэн П.******* 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим tsahiur.mn сошиал цахим орчинд огт үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүйгээр "Сэлэнгийн Эрүүл мэндийн газрын дарга гэр бүлээрээ салбараа атгаж байна гэсэн нэртэй худал мэдээллийг бичлэг (нийт үргэлжлэх хугацаа нь 14 минут 29 секунд) хэлбэрээр нийтэд цацсан.
Гэтэл ямар ч нотолгоогүй, үндэслэлгүйгээр иргэн П.******* тус байгууллагын нэр хүндэд халдан эрүүл мэндийн салбарт нийт аймгуудын 21 дүгээр байранд орсон, Эрүүл мэндийн газрын дарга гэр бүлээрээ хууль зөрчсөн мэтээр олон нийтэд ташаа мэдээллийг tsahiur.mn Facebooke цахим хуудсаар дамжуулан төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндэд хууль бусаар халдсан болно.
....миний бие тус аймгийн эрүүл мэндийн салбарт Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан мерит зарчмын дагуу шатлан дэвшиж улмаар Эрүүл мэндийн газрын даргаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие тухайн үед болон одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг мөрдөж, 10-20, 22 дугаар зүйлд заасан хориглох үйлдэл огт гаргаж байгаагүй болно. Энэ нь миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа уг хуулийн 29 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээж байгаагүйгээр нотлогдоно. Энэ хэсэгт миний хүү О.*******ын талаар үндэслэлгүйгээр худал мэдээлэл тараасан. Миний хүү О.*******ыг би бус, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар тухайн сумын Засаг дарга 2022 онд Б/28 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд нэг гэр бүлийн гишүүд нэг салбарт ажиллах нь хуулиар хориглоогүй зүйл болно.
...П.*******ын худал мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар эдлэх эрхэд ноцтой халдаж байна.
...Миний өндөр насны тэтгэвэрт гарах эсэх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хэн нэгэн иргэн шаардсанаар үүсэх бус, энэ бол миний хуулиар олгосон хэний ч шаардлагагүйгээр эдлэх эрх билээ. Гэтэл миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд тэтгэвэрт гарга гэж хууль бусаар шаарджээ. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар төрийн алба хаах эрх 65 нас байгаа, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн Монгол Улсын иргэний хувд эдлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй билээ. Гэтэл иргэн П.******* дээрх бичлэгт дүрс нь харагдсан гомдлын эхний хэсэгт миний эдгээр эрхэд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж хүний эрхийг зөрчиж байна.
...Хэрэв миний бие алдаа зөрчил гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээхээс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга жирийн нэгэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд халдах боломжгүй билээ. Тус бичлэгийн 10 минутаас эхлэн 13 минут хүртэл 2023 оны 05 дугаар сарын эхээр 16-17 цагийн үед гэнэт ажлын өрөөнд Цахиур. мн-ээс явж байна гээд сэтгүүлч орж ирж асуулт асуусныг оруулжээ. Миний бие гэнэт албан өрөөнд орж ирж асуулт асуусан учраас холбогдох баримтыг бүрдүүлэх, үзүүлэх боломж байгаагүй учраас уг мэдээлэл худал, ташааг богино хугацаанд тайлбарласан. Дээрх бичлэгт аймгийн Засаг даргын хууль зөрчиж миний нэр төрд халдсан мэдээлэл, мөн нэр нь үл мэдэгдэх иргэний мэдээлэл байгаа боловч миний бие иргэн П.*******ын худал мэдээлэлтэй холбоотой энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа учраас дээрх албан тушаалтан, иргэний мэдээллийг нэхэмжлэлд тусгаагүй болно. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг билээ. Хүний эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг. Иймд, дээрх нийтэд тараасан бичлэг дэх иргэн П.*******ын ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд ийнхүү цахим сүлжээ ашиглан тараасан явдал нь төрийн албан хаагч албан үүргээ хэвийн аливаа дарамт шахалтгүй биелүүлэх, төрийн байгууллага албан үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Би Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газарт 38-39 жил ажилласан. Ж.*******той харилцан ярилцаж, бүх юмыг нь мэдэж байгаа учраас энэ ярилцлагыг өгсөн. Би хүнийг гүтгээгүй. Үндсэн хуулийн 16.12 эрхээ эдэлж байна. Хэрвээ үнэхээр миний нэр төрд халдлаа гэж байгаа бол надтай мэтгэлцэх ёстой. Энэ хүнийг би мэдэхгүй байна:. Ж.******* даргатай хэдэн жил ажиллаж байгаа юм. Иргэний хуулийн 21.2-т гутаасан мэдээ, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна. Лаборатори байгуулаагүй байхад нь. Хэрвээ лабораторийг нээдэг, хэн тусгай зөвшөөрөл. Яах гэж Авлигатай тэмцэх газарт тавьдаг юм. Яагаад бөглөгддөггүй юм. Би Ж.*******ыг чи хэзээ шагнал урамшуулал авсан бэ гэсэн зүйл байхгүй. ******* 21-р байранд орсон гэдгийг Засаг даргын мэдээлд багтсан. 15 эмч ажлаас гарах өргөдөл өгсөн. Заавал тэр хүмүүсийн нэрийг. Тодорхой ярьсан. Эрүүл мэндийн тусламжийн хууль дээр. Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага тусдаа байгууллага. Эмч, тусгай мэргэжилтнүүдэд үүрэг өгөх, эрхгүй. Хамт байсан мэддэг учраас ярьсан. Мандал сумын Ж.*******ын хүү О.******* нь Хэрх тосгоны салбарын эрхлэгч. Тухайн сумын Засаг дарга, зөвшилцсөн байх ёстой гэж заасан байдаг. Эрүүл мэндийн салбар онцгой объект учраас дэмжлэгт үйл ажиллагаа явдаг. Яаж асуудлыг өөр аргаар шийдэж байсныг мэднэ. Лабораторийн тухайд 2019 онд тухайн үед байсан эхнэрээс нь шилжүүлж байсан. О.******* нь 2 жил ажиллах ёстой. Дөнгөж ирэнгүүт нь тушаал гаргуулж, дарга Ж.******* гэж явуулсан. Тийм учраас би хэлсэн. Эмчээр ажиллуулах тушаал гаргасан. Нарийн мэргэжил эзэмшүүлэх эх барих эмэгтэйчүүдийн эмч 3 удаа суръя гэхэд элдвээр доромжилсон. Тэр хүүхдэд боломжгүй. 3 удаа өөрийнхөө зардлаар яваад төгсчихсөн байна. Лабораторид миний хүсэлтийг хангаж, шүүгчийн туслахад өгсөн. Мандал сумын итгэмжлэгдсэн лаборатортой. Ханчи ******* мандал суманд ажилладаг. Тусгай зөвшөөрлийн шинжилгээний санхүүжилт байхгүй, 6700 хүнд шинжилгээ хийлгэсэн. Сайхан сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт олгосон байхад 6700 авсан. 82,670,000 хүний нөөцтэй гэж бодохгүй байна. Та надад хүндэтгэлтэй хандаарай гэж танд сануулж хэлье. Аймгуудаас 21 орсон. Нэхэмжлэл, үндэслэлийг тогтоосон байна. Хэрвээ санал, гомдлыг сонсож суусан. Тэр өдөр яагаад худаа ярихад үндэслэлгүй байна гэдэг хариу ирээд. Энэ хүмүүсээ шүүхэд өгөхгүй яасан юм. Тэр үед тал хувь нь ноцтой асуудал гэж шалгадаг юм. Тагнуул, цагдаагийн газар, Миний гомдлыг хүлээн аваад. Би хүнийг гутааж. Хэрвээ тухайн хүн налтай. Тийм учраас яриад зогсож байгаа юм. Эмнэлгийн газар байрлаад дарамтлах 8-9 жил болсон юм гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00517 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус зааснаар Ж.*******ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох Цахиур.мн сайтаар няцаахыг харицагч П.*******д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, орон нутгийн орлогоос 140400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06-р сарын 24-ний өдрийн 216/ШШ2025/00517 дугаар шийдвэрийг хариуцагч нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”. Улмаар хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, нотлох баримтаар хангалттай тогтоогдож буй үйл баримтыг үгүйсгэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, хариуцагч П.******* нь 2024 оны 05-р сарын 10-ны өдөр tsahiur.mn цахим хаягт ярилцлага өгөхдөө хэд хэдэн агуулгаар Ж.*******ын талаар худал мэдээлэл тарааж, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан гэж маргадаг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үндэслэл тус бүрийг баримтаар няцааж, уг мэдээллүүд нь бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдээлэл болохыг нотолсон байдаг. Тухайлбал,
1.1.Хариуцагч П.******* нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар нь 21 аймгаас 21 дүгээр байранд орсон гэх мэдээллийг ямар нэг үндэслэл, нотолгоогүйгээр тараагаагүй бөгөөд Сэлэнгэ аймгийи Засаг даргаас 2023 оны 06-р сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт хүргүүлсэн 01/1064 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичиг (хэргийн материалын 166-167 дахь тал)-т Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь хариуцсан үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлж буй талаар дурдаад албан бичгийн 1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03-р сарын 31-ний өдрийн 1а/895 дугаартай “Үнэлгээний тайлан хүргүүлэх тухай” албан тоотоор ирүүлсэн дүнгээр эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран ажиллах гэрээг Сэлэнгэ аймаг хамгийн бага буюу 79.5 хувьтай буюу 21 аймгаас хамгийн бага үнэлгээтэй аймгийн хэмжээнд дүгнэсэн” талаар дурдсан байдаг. Түүнчлэн хавтаст хэргийн 121-122 дахь талд авагдсан шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлийг харвал Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нь tsahiur.mn цахим хуудаст өгсөн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар нь 21 аймгаас 2 жил дараалан 21-т орсон талаар нотолж ярьсан байдаг. Улмаар уг мэдээлэл нь дээрх байдлаар нотлох баримтад тулгуурласан, бодит байдалд нийцсэн байгааг анхан шатны шүүхээс тогтоосон талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан байх бөгөөд ингэснээр хариуцагч нь нэхэмжлэгчид эдийн бус гэм хор учруулаагүй тул уг агуулгаар няцаалт хийх үүрэг үүсэхгүй атал анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ж.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох Цахиур.мн сайтаар ярьсан зүйлсээ бүхэлд нь няцаахыг хариуцагч П.*******д даалгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.
1.2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “ П.******* мэдээлэхдээ "Сая 15 эмч өргөдөл өгсөн байна, 15 эмч нар та бод доо. Тэр юутай холбоотой вэ гэхээр нэг номерт *******той л холбоотой, дандаа хөндлөнгөөс хүмүүсийг дарамталж дууддаг, шууд л команд өгдөг, ухвал далай далай юм гарна. Хүний нөөц дээр үнэхээр харамсаж байна" гэж мэдээлсэн. Гэтэл энд дурдсан 15 эмч нь хаанахын хэн гэдэг эмч нар болох, түүнчлэн миний бие Эрүүл мэндийн газрын даргын хувьд тухайн эмч нарт хэрхэн нөлөөлсөн, яаж дарамталсан талаар ямар ч баримт, сэлтгүйгээр худал ярьсан” гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан болох өдрийн байдлаар уг 15 эмчийг оролцуулан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 34 их эмч дээрх шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө гаргаад байгаа бөгөөд эдгээр эмч нар нь өргөдөлдөө Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь тушаал гаргаж өөрийн хүнийг томилдог, уг хүнээрээ дамжуулж эмч нарт дарамт үзүүлдэг, 2023 оноос эмнэлгийн ажилчдын тайван ажиллах нөхцөл, боломжийг алдагдуулж, ажлын байран дээр дарамт үзүүлдэг зэрэг асуудлыг дурдсан байдаг. Улмаар 2025 оны 05-р сарын 22-ны өдөр нэхэмжлэлд дурдсан 15 эмчийн 3-аас гэрчийн мэдүүлэг авч, тухайн үед нэгдсэн эмнэлгийн 15 эмч ажлаас гарах өргөдөл гаргасан нь үнэн эсэх, ийнхүү ажлаас гарах өргөдөл гаргах болсон нь Ж.*******той холбоотой эсэх, нэхэмжлэгч Ж.******* нь эмч нарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, дарамталж, үг хэлээр доромжилж байсан эсэх үйл баримтуудыг тодруулсан байдаг. Хэргийн материалд авагдсан гэрч Б.*******, Г.*******, Б. нараас авсан гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь 2023 оны 10 сард Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 15 эмч ажлаас гарах өргөдөл өгч байсан нь үнэн бөгөөд ийнхүү ажлаас гарах болсон шалтгаан, нөхцөл нь нэхэмжлэгчийн ёс зүйгүй байдал, үг хэлээр доромжилдог байдал, эмнэлгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байдалтай холбоотой болох нь нотлогддог. Тухайлбал, гэрч Алтанцэцгийн мэдүүлгийг харвал тэрээр нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 12 дахь жилдээ ажиллаж байх бөгөөд Ж.******* нь эмнэлгийн дарга биш, түүний шууд харьяалах дээд албан тушаалтан биш хэрнээ ажлаа өөрт нь тайлагнахыг тулгадаг, хувийнхаа байгууллагад ажиллуулж байгаа аятай ажилтнуудаа ажлаас хална, шоронд хийнэ гэж айлгадаг, бүх шаардлага, болзлыг хангаад улсын зардлаар сургалтад суралцуулж өгөөч гэх хүсэлтийг 4 удаа гаргаж байсан ч нэг ч удаа шийдвэрлэж байгаагүй, “цагаач, алуурчин, алдаан дээр чинь дөрөөлж шоронд хийнэ” гэх мэтээр дарамталж, доромжилдог үйл баримтуудыг уйлж байгаад гэрчилсэн байдаг. Гэрчүүд болох Б.*******, Г.******* нарын хувьд ч нэхэмжлэгч Ж.******* нь нэгдсэн эмнэлгийн эмч нартай зүй бусаар харьцдаг, үг хэлээр доромжлох байдлаар ажилтнуудад дарамт. шахатг үзүүлдэг, шууд удирдах дээд албан тушаалтан биш атлаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог болохыг гэрчилсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь хэргийн нотлох баримтад тооцогдох атал анхан шатны шүүхээс эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн гэрчүүд нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв, худал мэдээлэл өгөхгүй байх үүргийг ухамсарлан мэдүүлэг өгсөн байдаг. Цаашлаад хариуцагч П.******* нь Цахиур.мн цахим хуудаст өгсөн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн 15 эмч өргөдлөө өгсөн, ийнхүү өргөдөл өгөх болсон шалтгаан нь Ж.*******той холбоотой болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх атал анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг хэрхэн үнэлж буй талаар шийдвэртээ огт тусгалгүй, гагцхүү “хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг ноцтой зөрчиж байна.
1.3.Нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь намайг “хоёр хүүхдээ тухайн үед яамнаас гаргасан журам зөрчиж нарийн мэргэжил эзэмших сургалтад сургасан” хэмээн үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан” гэж маргадаг. Хариуцагч П.*******ын зүгээс Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн хүүхдүүдэд давуу байдал олгосон дээрх үйл баримтыг нотлох үүднээс 2024 оны 10 сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргасан бөгөөд уг өргөдөл, гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулаад, 2025 оны 01-р сарын 08-ны өдрийн 05/442 дугаар “Хариу хүргүүлэх тухай” (хэргийн материалын 205 дахь тал) албан бичигтээ “Сэлэнгэ аймгийн Эруул мэнлийн газрын дарга Ж.******* нь өерийн хуу О.*******ыг 2010 оны Б/37 дугаар тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмчээр томилж, мэс заслын эмчийн резидентийн сургалтад, бэр Э.*******ийг 2009 оны Б/86 дугаар тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмчээр томилж, лабораторийн эмчийн резидентийн сургалтад хамруулах гэрээг тус тус байгуулсан нь тухайн уед уйлчилж байсан Эруул мэндийн сайдын 2009 оны 444 дугаар журмын 6.1.3-т заасан Резидентийн сургалтад элсэгчдэд тавигдах шаардлагад заасан 1 буюу туунээс доошгүй жил ажилласан байх гэснийг зөрчсен байна” гэж тогтоосон байдаг.
Ийнхүү Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын хууль бус үйлдлийг тогтоосон талаар албан бичигтээ дурдсан боловч “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа” талаараа өргөдөл гаргагчид мэдэгдсэн байдаг.
Улмаар одоо Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******-д хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхээс үл хамааран Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, холбогдох журамд заасан шаардлага хангаагүй атал хүү О.*******, Э.******* нарыг сургалтад хамруулах гэрээ байгуулж, давуу байдал олгосон нь үнэн бөгөөд хариуцагч П.******* нь дээрх асуудлаар үндэслэлтэй, үнэн мэдээлэл тараасан болох нь дээрх үйл баримтаар нотлогдоно.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч 2 хүүхдээ хууль журам зөрчиж нарийн мэргэжлийн сургалтад суулгасан гэх үйлдэл нь 1-р хавтаст хэргийн 205-206 дахь талд авагдсан АТГ-ын 2025.01.08-ны өдрийн 05/442 дугаар албан тоотоор тогтоогдсон гэх боловч энэхүү асуудлыг албан ёсоор эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоож, эцэслэн шийдсэн шийдвэргүй бөгөөд дан албан тоот бичгээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байгаа болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ярьсан зүйл бодит байдалд нийцсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, үйл баримтыг тогтоож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь шүүх өөрөө атлаа уг эрхээ хэрэгжүүлэлгүй, хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгүүд, АТГ-ын албан тоот, шалгалтын тайлан, илтгэх хуудас гэхчлэн нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн хүүхдүүдээ хууль бусаар улсын зардлаар суралцуулсныг нотолж буй олон баримтуудыг огт үнэлж, дүгнэлт хийлгүйгээр, бусад байгууллагын шийдвэр, тогтоол шаардаж буй нь үнэхээр үндэслэлгүй байна. Тухайлбал, дан ганц АТГ-ын албан тоотоос гадна, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар хариуцагч П.******* нь 2013 оны 04-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж байсан бөгөөд уг өргөдөл, гомдлын дагуу тус аймгийн Засаг даргын 2013 оны 05-р сарын 16-ны өдрийн А/119 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамж (хэргийн материалд авагдсан)-аар Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын талаар гаргасан иргэн П.*******ын гомдлыг шалгах ажлын хэсгийг томилж, тус ажлын хэсэг холбогдох асуудлуудаар шалгалт явуулсан байдаг. Уг Ажлын хэсэг томилох үед Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.*******оос гэрчийн мэдүүлэг авсан байдаг бөгөөд Д.******* нь хэргийн материалын 214-215 дахь талд авагдсан “Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******той холбоотой эмч П.*******ын өргөдлийг шалгасан тухай илтгэх хуудас”-ыг үйлдсэн болохоо нотолж, уг шалгалтын явцад Ж.******* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, холбогдох журамд заасан шаардлага хангаагүй хүүхдүүд болох О.*******, Э.******* нарыг улсын зардлаар сургалтад хамруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон болохыг нотолсон байдаг.
Хариуцагч П.*******ын зүгээс аймгийн Засаг даргын 2013 оны 5-р сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийн дагуу хийгдсэн шалгалтын талаарх баримт бичгүүдийг шүүхийн журмаар Засаг даргын тамгын газраас гаргуулах хүсэлтийг өгсөн ч Засаг даргын тамгын газар нь тухайн оны баримт бичгүүд архивт орсон тул гарган өгөх боломжгүй гэсэн. Улмаар П.******* нь тухайн үед гомдол гаргагчийн хүрээнд шалгалтын ажлын баримт бичигтэй танилцаж, шалгалтын ажлын бичиг баримтыг хуулбарлан авч байсан ба хуулбар баримт бичгээ шүүхэд өгч, тухайн баримтад нэр нь орсон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах замаар шалгалтын ажлын үр дүнг нотолсон байдаг. Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэр, тогтоолоос бусад баримт нь нотлох баримт биш юм шиг дүгнэж, аливаа хууль бус асуудлыг эрх бүхий байгууллага шалгаагүй л бол иргэн өөр баримтад тулгуурлаж ямар ч үзэл бодол илэрхийлж болохгүй мэт дүгнэсэнд маш их гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан нь гутаасан мэдээ тараасан этгээд уг мэдээ нь бодит байдалд нийцэж байгааг баримтааар нотлох талаар зааснаас эрх бүхий байгууллага, цагдаа, шүүхийн тогтоол шийдвэрээр тогтоолгох талаар заагаагүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс илт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
1.4.Мөн нэхэмжлэгч нь “Бичлэгийн 6 минут 36 секунтэд иргэн П.*******ын хэн нэгэнд гаргасан гомдлын эхний хэсгийн дүрс гарсан бөгөөд энд мөн л миний нэр хүндэд хууль бусаар халдсан. "Эрүүл мэндийн газрьш дарга *******ын дарангуйлагч, би гэж өөрийгөө шүтсэн, хоцрогдсон арга барил даварсан үйлдлүүдийн талаар нээлтэй хэлж нас нь болсон тул гавьяаных нь амралтад суулгахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга та хоёроос гуйсан ба шаардсан" гэжээ. Нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 09-р сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу тус өдөр цахиур.мн цахим хуудаст тавигдсан маргаан бүхий бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийсэн. Улмаар тус үзлэгийн тэмдэглэл хэргийн материалын 121-124 дэх талд авагдсан байх бөгөөд тус тэмдэглэлийг харвал хариуцагч ******* нь дээр агуулгаар ярьсан зүйл огт байхгүй, нэхэмжлэлд дурдсан гомдол, бичиг үзүүлсэн үйл баримт дурдагдаагүй байна. Мөн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ыг дарангуйлагч, хоцрогдсон гэсэн агуулгатай ямар ч зүйл яриагүй, дурдаагүй байгаа болно. Улмаар хэргийн материалд дээрх байдлаар гутаасан, цахимаар гомдол, бичиг харуулсан гэдгийг нотлох ямар ч баримт авагдаагүй байдаг бөгөөд анхан шатны шүүх ч шийдвэртээ, нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй байгаа талаар дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгч Ж.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох Цахиур.мн сайтаар ярьсан зүйлсээ бүхэлд нь няцаахыг хариуцагч П.*******д даалгаж шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.
1.5.Нэхэмжлэлийн сүүлийн хэсэгт “Тус бичлэгийн 6 минут 49 секунтэд намайг төрийн албанаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг, 6 минут 53 секундэд Төрийн албаны зөвлөлийн 29 дүгээр тогтоолыг бүрэн эхээр нь гаргасан бөгөөд ийнхүү гаргахдаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг зөрчсөний зэрэгцээ уг хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно" гэснийг мөн зөрчиж байна.” гэсэн байдаг. Гэвч хэргийн материалын 121-124 дэх талд авагдсан “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ийг харвал Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь тэтгэврийн насанд хүрсэн, ажлаас чөлөөлсөн, буцаж ажилдаа орсон талаар (хавтаст хэргийн 122 дахь талын сүүлийн хэсэг) хариуцагч П.******* бус Засаг дарга Н.Лхагвадорж ярилцлагадаа дурдсан байх бөгөөд энэ талаар миний үйлчлүүлэгч огт дурдаагүй, яриагүй байгаа болно. Улмаар уг мэдээллийг хариуцагч П.******* тараагаагүй болох нь мөн л баримтаар няцаагдаж байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй, шүүхийн шийдвэртээ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр нь Иргэний хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг огт хангаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06-р сарын 24-ний өдрийн 216/ШШ2025/00517 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******ын нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00517 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй болно. Үүнд:
1.Давж заалдах гомдолд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ зөрчсөн гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлдээ “Цахиур.мн сайтын ярианы бичлэгт 0.43 секундээс 1 минут 02 секунд хүртэл 15 эмчийг ажлаас нь чөлөөлсөн гэх асуудалд Ж.******* хэрхэн нөлөөлснийг хариуцагч тал гурван гэрчийн мэдүүлгээр нотлогдоно” гэж үзсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг” гэсэн зөвлөмжийн 2 дахь хэсэгт “Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой. Тухайлбал, гэрч нъ хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө өгч байсныг гэрчилсэн тохиолдолд энэ үйл баримтыг ямар баримт, үйл явдалд тулгуурлан мэдүүлж байгааг шүүх заавал тодруулсан байх шаардлагатай. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана” гэж заасан. Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт тул шууд нотлох баримтаар ашиглах боломжгүй, шүүх бүрэлдэхүүн гэрчийн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан хүрээнд шинжлэн үзсэн болно. Энэ нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Хариуцагч “Цахиур.мн” сайтаар 15 эмч нь хаанахын хэн гэдэг эмч нар болох, түүнчлэн нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын даргын хувьд тухайн эмч нарт хэрхэн нөлөөлсөн, яаж дарамталсан талаар ямар ч баримт, сэлтгүйгээр худал ярьсан. Тухайн бичлэгт дурдаад байгаа 15 эмч нь нэгдсэн эмнэлгийн эмч нар бөгөөд нэхэмжлэгчийн хувьд, манай байгууллагын хувьд тухайн эмч нарын хөдөлмөрийн харилцаанд оролцох ямар ч эрх хэмжээгүй болно. Энэ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.2 дахь заалтад зааснаар нотлогдоно.
2.Бичлэгийн 1 минут 24 секундээс 2 минут 52 секунд хүртэл “Эрүүл мэндийн газрын дарга гэдэг бол удирдлага. Тухайн салбарыг хариуцаж, яг л эцэг нь гэсэн үг. Удирдлагын хүн маанъ төрийн албанд мөрддөг тэр юунаадаа мөрдөж чадахгүй байгаа нъ Мандал сумын Хэрхийн эмнэлгийн дарга хийж байгаа. Тэр нъ жишээ нь Мандал сумынхаа эмчийн хараа хяналтанд байдаг байлаа ч гэсэн төвөөс Эрүүл мэндийн газраас заавал ашиг сонирхлын зөрчил орж ирж байгаа байхгүй юу. Наад зах нъ санхүүгийн хуваарилалт мэдээжийн хэрэг шал өөр байгаа. Хүүхдийнх нъ лаборатори тэнд ажшладаг. Тэр лаборатори анх үүсэхдээ л манай ажилчдын хүчээр үнэгүй шахуу үүсч нэгдсэн эмнэлгийн гражийг хүчээр шахуу авсан. Шууд ирээд л хувийн лабораторийг нь үүсгээд өгсөн. Тэрийг шалгаж үзвэл хөрөнгийн маргаан зөндөө байгаа. Шинжшгээний юугаар маш их мөнгө угаасан юу байгаа. Хүү нь сурч байх хугацаандаа резидентэд сурч байх хугацаандаа маш их наймаанд явж эмнэлгийн юмнууд авчирч байсан юмнууд байдаг” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тус аймгийн эрүүл мэндийн салбарт Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан мерит зарчмын дагуу шатлан дэвшиж 38 жил тэр дундаа Эрүүл мэндийн газрын даргаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч тухайн үед болон одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмийг мөрдөж, 10-20, 22 дугаар зүйлд заасан хориглох үйлдэл огт гаргаж байгаагүй болно. Энэ нь миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа уг хуулийн 29 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээж байгаагүйгээр нотлогдоно. Энэ хэсэгт нэхэмжлэгчийн О.*******ын талаар үндэслэлгүйгээр худал мэдээлэл тараасан. О.*******ыг би бус, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар тухайн сумын Засаг дарга 2022 онд Б/28 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд нэг гэр бүлийн гишүүд нэг салбарт ажиллах нь хуулиар хориглоогүй зүйл болно. Миний бие тус аймагт түүнчлэн Монгол Улсад дөрвөн үеэрээ эмчээр ажиллаж байгааг аймгаараа мэднэ. Уг мэдээлэлд дурдаад байгаа “******* *******” лаборатори нь миний бэр Э.*******ийн ажиллуулдаг лаборатори богөөд үүнийг үүсгэн байгуулах болон одоогийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоо огт байхгүй гэдэг нь хуулийн этгээдийн лавлагаагаар, үйл ажиллагааны тайлангаар нь нотлогдоно. Бичлэгийн 1 минут 16 секунтэд тус хуулийн этгээдийн лавлагааг харуулснаар ч нотлогдоно.
3.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх”-ийг заасан бөгөөд энд төсөв хуваарилалттай холбоотой эрх огт байхгүй болно. Энэ нь миний бие тус лабораторид санхүүжилтээр нөлөөлдөг гэдэг нь худал гэдгийг илэрхийлнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18-20 дугаар зүйлд ажил эрхлэлт, хувийн аж ахуй эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг заасан бөгөөд энэ зохицуулалтыг зөрчсөн үйлдэл огт байхгүй болно. Үүнийг анхан шатны шүүх эрх бүхий байгууллага шалган тогтоож, эцэслэн шийдвэрлэсэн шийдвэргүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болно.
4.Бичлэгийн 6 минут 35 секунтэд тус аймгийн эрүүл мэндийн салбар хорин нэгэн аймгаас сүүлийн жилүүдэд 21 дүгээр байранд жагссан гэж мэдээлсэн. Үүнийг анхан шатны шүүх Засаг даргын албан тоотоор нотлогдсон гэж үздэг ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарахгүй болно. Учир нь, Эрүүл мэндийн газрын даргын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу игүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ” гэсний дагуу намайг гэм буруутай гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллага ямар нэгэн шийдвэр огт гаргаагүй байхад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 5.1.1, 5.1.2, 6.2.1, 6.3 дахь заалтыг тус тус зөрчиж хариуцагч П.******* нийтэд худал мэдээлэл өгсөн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг”. Мөн хүний эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.
Иймд, дээрх нийтэд тараасан бичлэг дэх иргэн П.*******ын ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд ийнхүү цахим сүлжээ ашиглан тараасан явдал нь төрийн албан хаагч албан үүргээ хэвийн аливаа дарамт шахалтгүй биелүүлэх, төрийн байгууллага албан үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байна.
Эрүүл мэндийн газрын ажил хэргийн нэр хүнд, тус газрын дарга Ж.******* миний нэр төр, алдар хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гаргахгүй байхыг иргэн П.*******д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргааны зүйл нь ажил төрлийн нэр хүндэд халдсан гэдэг. Хариуцагчийн зүгээс ажил төрлийн нэр хүндэд халдаагүй. Цахиур.ми сайтад өгсөн ярилцлага худал мэдээлэл биш, нотлох баримтын хүрээнд өөрт байсан байж болох бүх зүйлийг гаргаж өгсөн. Тухайн үед Засаг дарга шалгалтын ажиллагаагаар хийсэн материалыг Засаг даргаас хуулбарлаж авъя гэхэд архивлагдсан учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн. Манай үйлчлүүлэгчид шалгалтын ажиллагааны хуулбар байсан учраас тухайн тэмдэглэлийг хэрэгт хавсаргах зарчмаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 16 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу энэ асуудлыг олон жил ярьж байгаа. 2013 онд аймгийн Засаг дарга Бүрэнбатыг байхад энэ талаар гомдол өгч шалгуулж байсан. Миний өгсөн гомдлыг 12 хэсэг болгож, бүгд батлагдсан гэж надад өмгөөлөгчдийн ярьж байгаа баримтыг хуулбарлаж өгч байсан. Тэдгээр хуулбарлаж авсан баримтууд маань хэрэг болж байгаа. Түүнээс он дууссан учраас архивт материалууд шилждэг гэж зөвхөн аймгийн Засаг даргын захирамжийг гаргаж өгч байсан. Цахиур.мн сайтад яагаад ярилцлага өгсөн бэ гэж бодож байгаа байх. Намайг Улаанбаатар хотод Хавдар судлалын төвд сургалтад хамрагдаж байхад над руу ярихдаа “******* эмчээ таньд цаг байна уу. Бидэнд ярилцлага өгч болох уу. Бид Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.*******той холбоотой асуудлаар ярилцлага авч, энэ талаар материал бэлдэж байгаа юм. Та Ж.*******ын талаар нэлээн олон асуудал дэвшүүлж байсан байна. Эмнэлгийн ажилчид таныг хэлсэн” гэсэн. Тэгээд би тус ярилцлагад нь очиж мэдээлэл өгсөн. Түүнээс цахиур.мн сайтыг хэвлэл мэдээллээр бичээрэй, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрыг Ж.******* гэр бүлээрээ атгаж байна гэж гарчиг тавиарай гэж нэг ч тийм үг хэлээгүй. Ийм асуудлаар материалууд бэлдэж байна гэсний дагуу би ярилцлага өгсөн. Надаас та дуугаа өөрчлөх үү, нүүрээ нуух уу гэж асуулт асуухад нь би үгүй гэсэн. Олон жил Ж.*******ын бусармаг, ёс зүйгүй асуудлыг ярьж байгаа учраас ярилцлагаа зүгээр өгнө гэж хэлсэн. Иргэний хуульд заасан байгаачлан Ж.*******ыг гутаан доромжилсон асуудал огт байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ж.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч П.******* нь tsahiur.mn сайтад 2024.05.10-ны өдөр ярилцлага өгснөөр “Сэлэнгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь гэр бүлээрээ салбараа атгаж байна” гэсэн нэртэй мэдээлэл цацагдаж нэр төрд нь халдсан үйлдэл гаргасан, хариуцагчийн гаргасан мэдээлэл тус бүр нь үндэслэлгүй баримтаар тогтоогдоогүй, худал мэдээлэл тараасан гэж тайлбарлажээ.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч миний сайтад өгсөн ярилцлага үндэслэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын ажлын үзүүлэлт муу 21 аймгийн 21-т орсон, Хүү О.*******ын ажлын томилгоо, бэр “******* ******* лаборатори нь бусад газраас илүү их санхүүжилт авдаг зэрэг нь үнэн бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж шүүхэд бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.
5.Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд; tsahiur.mn сайт нь 2024.05.10-ны өдөр “Сэлэнгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.******* нь гэр бүлээрээ салбараа атгаж байна” гэсэн нэртэй 14 мин 21 секунтын мэдээлэл цацагдсан байх ба тус мэдээлэлд хариуцагч П.******* нь “...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн дарга Ж.******* нь “бусдыг дарамталдаг эмч нарын хөдөлмөрийн харилцаанд хөндлөнгөөс оролцдог үүнээс шалтгаалж 15 эмч өргөдлөө өгсөн, ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийж хүүгээ Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны эмнэлгийн даргаар томилсон, хүүхдийн нь хувийн лаборатори эмнэлгийн хөрөнгөөр үнэгүй шахам ажилладаг, тус лабораторид санхүүгийн хуваарилалт өөрөөр хийгддэг, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбар хорин нэгэн аймгаас сүүлийн жилүүдэд 21 дүгээр байранд жагссан энэн нь Эрүүл мэндийн даргын хууль бус үйл ажиллагаатай холбоотой” гэсэн агуулга бүхий ярилцлага, мэдээллийг өгчээ.
6.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй” байх эрхтэй.
Хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч энэхүү эрхээ эдлэхдээ иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан баримт нотолгоогүй зүйлийн талаар мэдээлэл тараавал энэ нь эсрэгээрээ бусдын эрхэнд халдсан үйлдэл болдог.
Хариуцагч П.******* нь өөрийн мэдээллийг баримттай, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Ж.*******ын ажлаа хангалтгүй хэрэгжүүлж хууль зөрчдөг, ёс зүйн зөрчил гаргадаг, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон гэр бүлийн гишүүддээ давуу байдал бий болгосон, эмнэлгийн санхүүжилтыг харьцангуй байдлаар хувиарласан гэх үйлдлүүд нь холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс шалгаж тогтоогоогүй байна.
Хариуцагчаас өөрийн мэдээлэл нь үнэн зөв гэсэн тайлбартай холбоотой бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь хариуцагчийн мэдээллийн үнэн зөв гэдгийг тодорхойлж чадаагүй гэж үзлээ.
Учир нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Ж.*******ын хууль зөрчсөн гэх үйлдлийг шалгаж тогтоосон, Тухайлбал байгууллагын ёс зүйн зөвлөлийн гаргасан дүгнэлт, санхүүгийн талаар гаргасан зөрчлийн илрүүлсэн дотоод болон төрийн аудитын дүгнэлт, аймгийн засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авсан тухай захирамж, тогтоол зэрэг эрх бүхий этгээдүүдээс шийдвэрлэсэн баримтууд авагдаагүй байна.
Өөрийн гаргасан мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэр хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулга бүхий бодит бус мэдээллийг бусдад дамжуулснаар, “Цахиур.мн” сайтад нийтлэгдэж улмаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл болжээ.
7.Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн талаар мэдээлсэн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр алдар хүндэд халдсан гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар ... иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээх”-ээр зохицуулсан тул анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгсэл болох цахиур.мн сайтаар няцаах үүрэг хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Харин нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаас “цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах” гэсэн шаардлагын талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагчид холбогдуулан 3 шаардлага гаргасан ба “цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах” гэсэн шаардлага нь тодорхой бус энэхүү үүргийг хүлээлгэх зорилго нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас тухайн хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэхь заалтыг: “1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус зааснаар Ж.*******ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох Цахиур.мн сайтаар няцаахыг харицагч П.*******д даалгаж,нэхэмжлэлийн шаардлагаас цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН