Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.Ө өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903003270227 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ө , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 38 дугаар сургуулийн урд замд Тоёота Приус-20 маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоо хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 10 настай Т.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ө ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.Хохирогчид хохирлыг төлсөн. Өдөр болгон сургуульд нь хүргэж өгч, авч байгаа. Мөн эмчилгээнд нь оруулж байгаа” гэв.

Насан хүрээгүй хохирогч Т.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...таксинаас сургуулийн баруун талд байдаг ШТС дээр Ц эгч буугаад би М гийн хамт 10 метр орчим яваад нөгөө такси явган хүний гарцан дээр зогсоод бид нөгөө машины урдуур гараад хойшоо явах гээд 2 алхтал нэг машин миний хөл дээр гараад зогссон, тэгэхээр нь би нөгөө машины хамар дээр нь гараараа цохиод хамт явсан М  орилтол нөгөө машин жоохон ухраад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Насанд хүрээгүй гэрч Л.М гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би өглөө гэрээсээ ээж, Т нарын хамт гараад нэг такси бариад сургууль руугаа явсан. Явж байгаад сургуулийн хажуу талын ШТС дээр манай ээж буугаад бид хоёр сургууль руугаа нөгөө такситай явсан. Нөгөө машин гарцан дээр зогсоод баруун гар талынх нь хаалгаар буугаад би араар нь тойроод гарах гэтэл нөгөө машины жолооч “гарцаар гар” гэхээр нь гарцаар гарч байтал Т-г нэг цэнхэр өнгийн машин мөргөсөн. Тэр үед нөгөө машин Т-гийн хөлөн дээр зогсоод байсан ба намайг хашгираад уйлтал нөгөө машины жолооч машинаа ухраагаад дараа нь бууж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 3988 тоот дүгнэлтэд: “...Т.Т-гийн биед зүүн хөлний 1-р хурууны шивнүүр ясны хугарал, өсгий ясны хугарал, шагай ясны хугарал, хөлийн хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Мөрдөгчийн 192 дугаар магадлагаанд: “...Тоёота Приус маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 10 настай Т.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-н 40/,

Яллагдагчаар Г.Ө ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өглөө гэрээс ээ гарч яваад 38 дугаар сургуулийн урд замаар гарцан дээр 10 настай Т.Т- гээд нэг хүүхдийн хөлийг дайрч хугалсан. Би гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-8/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 9-10/, техникийн шинжээчийн 17437 тоот дүгнэлт /хх-н 34-39/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-60/, хохирлын баримтууд /хх-н 62-66, 68, 73-77/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /хх-н 82/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 38 дугаар сургуулийн урд замд Тоёота Приус-20 маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоо хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 10 настай Т.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насан хүрээгүй хохирогч Т.Т-гийн: “...таксинаас сургуулийн баруун талд байдаг ШТС дээр Ц эгч буугаад би М гийн хамт 10 метр орчим яваад нөгөө такси явган хүний гарцан дээр зогсоод бид нөгөө машины урдуур гараад хойшоо явах гээд 2 алхтал нэг машин миний хөл дээр гараад зогссон, тэгэхээр нь би нөгөө машины хамар дээр нь гараараа цохиод хамт явсан М  орилтол нөгөө машин жоохон ухраад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, насанд хүрээгүй гэрч Л.М гийн: “...машины жолооч “гарцаар гар” гэхээр нь гарцаар гарч байтал Т-г нэг цэнхэр өнгийн машин мөргөсөн. Тэр үед нөгөө машин Т-гийн хөлөн дээр зогсоод байсан ба намайг хашгираад уйлтал нөгөө машины жолооч машинаа ухраагаад дараа нь бууж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 3988 тоот дүгнэлт, мөрдөгчийн 192 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Ө ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ө ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 82/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч ялын саналдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах талаар санал гаргаагүй тул шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ө ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР