Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1197

 

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч /томилолтоор/ М.Очбадрах, хохирогч Б.А, шүүгдэгч В.Ц.Ю түүний өмгөөлөгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн В.Ц.Ю-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02159 1447 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

            Яллагдагч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн В.Ц.Ю нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амартүвшин” хотхоны 101-326 тоотод иргэн Б.А гийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ц.Ю мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.А гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-13, 39-41/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4095 дугаартай дүгнэлт /хх-н 22/, хохирлын баримт /хх-н 27/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр В Ж Ф өгсөн мэдүүлэг /хх-н 45-46/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр В Ю өгсөн мэдүүлэг /хх-н 48-50/,  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар В.Ц.Ю аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн В.Ц.Ю нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амартүвшин” хотхоны 101-326 тоотод иргэн Б.А гийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн В.Ц.Ю-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.А гийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А гийн хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 09-13, 39-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М гэрчээр өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 17-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В Ю гэрчээр өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 48-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4095 дугаартай:

1. "...Б.А биед баруун бугалганд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, баруун чихний урд, ард, 2 чихний дэлбээ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч В.Ц.Ю хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.    

Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч нотлох баримтаа бүрдүүлж ирээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч В.Ц.Ю-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч В.Ц.Ю-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц.Ю-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц.Ю-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ц.Ю нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. ХохирогчБ.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ц.Ю-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.