| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2025/00241/И |
| Дугаар | 208/МА2025/00049 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2025/00049
Б.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дугаар шийдвэртэй
Хариуцагч О.******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганболд нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлдээ:
Хариуцагч О.******* хариу тайлбартаа:
Миний бие нь нэхэмжлэгч Б.*******ээс Зил 131 маркийн машиныг худалдаж аваагүй бөгөөд харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажиллаж байсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар тухайн тээврийн хэрэгсэл би осолд оруулж, энэ хүнийг хохироогоогүй. Машиныг эвдсэн хүмүүс нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******оос 12 000 000 төгрөгийг гаргуулах тухай Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй, О.*******од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс 2025 оны 06 сарын 04-ний өдөр 149/ШШ2025/00269 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зөвхөн нэг талын ярьсан тайлбарыг үндэслэж, Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглээд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тиймээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа ба нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй, анхан шатны шүүх хуулийн тов тодорхой заалтыг ийнхүү буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан учир ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1,5-д заасныг үндэслэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Үүнд:1.Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр О.*******од худалдсан автомашины төлбөрт 12 сая төгрөг гаргуулах тухай шаардпага бүхий нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэгч талын зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024.10.24-ний өдрийн 2024/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд заасны дагуу тайлбарлаж хохирлоо нэхэмжилсэн бөгөөд энэхүү шаардлагыг шүүх буруугаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл О.******* болон нэхэмжлэгч нарын хооронд тохиролцсон тохиролцоо бол авто машиныг худалдаж авна, харин мөнгийг нь Б.*******д цувуулж өгнө гэсэн агуулгатай байсан бөгөөд нэхэмжлэгч нь уг автомашиныг анх худалдаж авснаасаа хойш огт ашиглаагүй, эзэмшээгүй юм. Б.*******ийн өмчлөлд байх автомашиныг О.******* ч ашиглах боломжгүй, мөн Б.******* ч буцааж аваад ашиглах боломжгүй болчихсон, өөрөөр хэлбэл хэн нь ч автомашин байдлаар ашиглах боломжгүй болчихсон тул Б.******* нь анх 25 сая төгрөгөөр худалдаж авсан автомашины мөнгийг шаардсан асуудал юм. Гэтэл анхан шатны шүүх Б.******* нь хэн нэгнээс өөрийнхөө хохирлыг шаардах эрхгүй болгон шийдвэрлэж, эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байгаа юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******д хариуцагч О.******* удаа дараа мөнгө шилжүүлж байсан гэж огт нотлох баримтгүй зүйлийг шийдвэрт дурдсан.
2. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа автомашиныг 2022 оны 05 сараас хойш өөрийн эзэмшилд байлгаж байгаа бөгөөд О.******* нь бусдад учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Тухайлбал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй." гэдэг заалтын дагуу О.******* нь нэхэмжпэгч Б.*******д учирсан хохирол болох автомашины мөнгийг хариуцан төлнө гэж ойлгож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024.10.24-ний өдрийн 2024/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын 12 дахь талд: .... Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн хувьд ...тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. .. гэж дүгнэсэн тул үүнийг үндэслэж Б.******* нь 65-98 УАТ улсын дугаартай, 3ил-131 маркийн бор ногоон өнгийн автомашины төлбөрийг О.*******оос гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Харин шүүх энэ нөхцөл байдпыг зөвхөн хариуцагчид ашигтай байхаар тайлбарлаж, О.*******ыг төлбөр хохирол төлөх үүргээс үндэслэлгүйгээр зайлсхийх нөхцөлийг бүрдүүлээд байна.
3.Бас нэг зүйлийг дурдахад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хуульд заасан процессыг ноцтой зөрчиж, хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн.
Үүсээд байгаа асуудал нь худалдах, худалдан авах гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй болчихсон тохиолдол бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 5-д зааснаар гэм хороо хариуцагчаас шаардаж байхад анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрпэнэ." эсэн хуулийн заалтыг зөрчиж хэргийг дангаараа шийдвэрлэсэн.
Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрт буруу тайлбарлаж дүгнээд ИХШХШТХ-ийн 40.2-т заасан ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь /нэлнэ гэх хуулийн үндсэн зарчмын заалтыг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд Шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зуйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог.
МУ-ын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай зөвлөмжид ".. .Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно..." гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн хариу тайлбарыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс өгч буй тайлбарыг үнэлж, нэг мөр ойлголт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.
Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан ... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыгтал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..., ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдөр 149/ШШ2025/00269 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаа гэх байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад авч үзсэнгүй гэх агуулгатай. Гэтэл хэрэгт автомашиныг ямар хугацаагаар худалдаж авсан гэх гэрээ байдаггүй. Худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байгаа юм. Машин яагаад *******од очсон бэ гэвэл ******* машин худалдаж авсан. *******, ******* нар их найрсаг харилцаатай, бие биенийгээ ах дүү гэж боддог хүмүүс байгаа. Машинаа *******од өгч, ямар нэгэн ажил төрөл хийх, ашиг орлого олох тохиолдолд хоёулаа ашиг орлогоо хуваана гэх байдлаар машинаа өгсөн үйл баримт хэрэгт байгаа бөгөөд нотлогсдон юм.
... Хийгдээгүй гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 22,000,000 төгрөг бол тухайн машины зах зээлийн үнэлгээ юм. Уг нь осол гараад тухайн машинд 2,924,000 төгрөгийн хохирол бий болсон. Өөрөөр хэлбэл, машинд тийм л эвдрэл үүссэн. Энэ байдлаас харахад тухайн хэрэгт холбогдсон хүн үнийг нь төлөх боломжтой байсан талтай. Нөгөө талаараа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийтгэх тогтоолд эзэмшигчээс гаргуулах боломжтой гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Энэ нь *******оос гаргуулах гэсэн шийдвэр биш юм. Нөгөө талаараа ******* энэ асуудлыг үүсгээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Өөр хүн барьж яваад осол гаргасан. Тэр хүн нь би буруутай гэж машины эвдрэлийн мөнгийг төлсөн. Гэтэл *******ыг буруутай мэтээр ойлгож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэх тайлбарыг гаргаж байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******од холбогдуулан 65-98 УАТ Улсын дугаартай Зил 131 загварын тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас Зил-131 загварын машиныг худалдаж аваагүй, харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажиллаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би осолд оруулж, энэ хүнийг хохироогоогүй. Машиныг эвдсэн хүмүүс нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Хэргийн үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 65-98 УАТ Улсын дугаартай Зил-131 загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр худалдан авч О.*******од шилжүүлсэн, О.******* уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авч Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ашиглаж байсан бөгөөд иргэн М.*******ад шилжүүлсэн ба М.******* нь мод тээвэрлэх гэж яваад тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас осол гаргаж, Зил-131 маркын тээврийн хэрэгсэлд 2,920,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэн М.*******аас автомашинд учруулсан хохиролд нэхэмжлэгч Б.*******д 10,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа автомашиныг зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн, иргэн М.*******аас автомашины хохиролд 10,000,000 төгрөгийг авсан үлдэгдэл үнэ 12,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бид хамтран ажиллахаар тохирч машиныг надад шилжүүлсэн, бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тэгээд ч машинд хохирол учруулсан хүн нь тодорхой байгаа тул би хариуцахгүй гэж тайлбарлажээ.
5.Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 65-98 УАТ улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэлийг худалдан авч улмаар Л.*******ын хүсэлтээр түүний эзэмшилд авч иргэн М.*******ад шилжүүлсэн байх ба тээврийн хэрэгсэлийг ашиглах үедээ осол гаргаж тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу авто машиныг шилжүүлсэн гэдэг бол хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан гэж маргасан.
Зохигчид нь автомашиныг эзэмшилдээ авсан талаар маргадаггүй боловч тэдгээрийн хооронд ямар хэлцлийн дагуу хөрөнгийг эзэмшилдээ авсан талаар маргажээ.
6.Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Б.******* хариуцагч О.******* нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
Дээрхий гэрээний дагуу хариуцагч О.******* нь автомашиныг эзэмшилдээ авч ашиглаж байхдаа бусдад шилжүүлж, М.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргаснаар автомашинд 2,920,000 төгрөгийн хохирол учирсан, автомашин нь хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Завхан салбарын үнэлгээчний 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 20 дугаартай үнэлгээгээр 22,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцна, мөн хуулийн 342 дугаар зүйлийн 342.4-т эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан.
Дээрхи хуулийн зохицуулалтаар хариуцагч О.******* нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ...бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэхь заалтыг:
1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дүгээр зүйлийн 342.2, 342.4-т зааснаар хариуцагч О.*******оос автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай. гэж,
2 дахь заалтыг:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******оос 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН