Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01631

 

 

******* -ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* -ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* -д холбогдох,

 

37,247,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн төлөөлөгч ******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр 1, 2 давхарт байрлах 1.171 м.кв талбайг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулдаг. СӨХ нь төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын хороо, дүүрэг хөгжлийн төвөөс баталгаажсан тарифын дагуу 2020 оны 02 дугаар сараас хойшхи хугацааны ашиглалтын болон сууц өмчлөлийн зардалд нийт 35,247,340 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Аж ахуй нэгж, байгууллагын хувьд дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг 1 м.кв талбайд 600 төгрөгөөр тооцдог, энэ тариф өөрчлөгдөөгүй байгаа.

1.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5, Иргэний хуулийн 148, 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь өөрөө засвар үйлчилгээний хөлс, зардлыг бүрэн төлөх үүрэгтэй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байгаа бол Иргэний хуульд заасан үүргээ биелүүлж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдийн хурлаар тогтоосон хэмжээгээр тооцож төлбөрийг төлөх үүрэгтэй. СӨХ-ны цаашдын хэвийн үйл ажиллагаа болон нийт оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд төлбөр төлөх үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн, энэ үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна.

1.3. СӨХ нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тогтоосон журмын дагуу тооцож авч байгаа зардлыг оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах асуудалд зарцуулж байгаа. Хариуцагчийн өмчилж байгаа 1.171 м.кв талбайн хэмжээнд талууд маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1.171 м.кв талбайг 600 төгрөгөөр үнэлж, тооцоход 37,247,340 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь 2017 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын байрлаж байгаа талбайн хувьд орц, гарц нь бүгд тусдаа бөгөөд энэ нь СӨХ-нд хамаарах талбай биш юм. Ашиглалтын бүх зардлаа бие даан тусдаа холбогдох байгууллагад нь төлж байгаа. 2019 онд СӨХ байгуулагдаж, тухайн үед 1 м.кв-ыг 600 төгрөгөөр тооцох болсон талаар амаар болон бичгээр мэдэгдсэн. Тухайн үед нь бүх зардлаа өөрөө төлж байгаа, 600 төгрөгт ямар зардал байгаа талаар, яаж баталгаажуулсан болохыг манайд мэдэгдэхийг шаардаж байсан. Манайх СӨХ-ны гишүүнээр элсмээр байна гэдгээ хэлэхэд СӨХ-ны гишүүн болох эрх байхгүй гэсэн хариу өгсөн.

2.2 Манай байгууллага өөрөө цэвэрлэгчтэй бөгөөд тухайн талбайг өдөр тутамд цэвэрлэдэг. Манай байгууллагыг СӨХ-ны гишүүн болгохгүй, гэрээ хийх асуудлыг дэмжихгүй байгаа атлаа төлбөрийг төл гээд шаардсан нь үндэслэлгүй. Дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийсэн зардлыг нэхэмжилж байгаа юм уу, СӨХ-ны төлбөр буюу ашиглалтын зардал нэхэмжилж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

2.3. Дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жишиг үнийн тарифаар тогтоодоггүй. СӨХ-ны дээд байгууллага нь жишиг үнийн тариф тогтоох эрх бүхий этгээд мөн гэсэн хуулийн заалт байхгүй. Төлбөрийн хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Хэргийн баримтаас харахад 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хурал болсон байх боловч ******* цогцолбор хотхоны нийт 129 өрх оролцохоос 54 өрх оролцсон гэсэн, 54 өрх оролцсон байхад ирц нь 75 хувь гэсэн байгаа нь утга агуулгын хувьд уялдаагүй, ойлгомжгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд тус хуралд бүх гишүүдийн 50 хувь нь оролцоогүй байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаас харахад хуралд бүх гишүүд оролцсон эсэх болон санал өгсөн байдал тодорхой бус, хуралд оролцсон оролцогчийн гарын үсэг байхгүй, бүх гишүүдийн хурал өөрөө хүчин төгөлдөр байдлаа хангахгүй гэж үзэж байна. Мөн тарифыг 600 төгрөг гэж тогтоосон нь ямар судалгаа, баримт, хуулийг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

2.4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэсэн. Нийтийн зориулалттай орон сууц, байшин гэдгийг бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, сууц гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл манай 1, 2 дугаар давхрын талбай нь анхнаасаа барилгын эскиз зурагт тусгагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгагдаагүй буюу үйлчилгээний зориулалтаар баригдсан талбай байгаа. Энэ нь тухайн талбай СӨХ-д хамаарах талбай биш.

2.5. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал нь хариуцагч байгууллагад хамааралтай ч бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр байх ёстой. Тус хурлаар хэлэлцээд гаргаж байгаа хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан зардал нь тодорхой буюу нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой. Дээрх 600 төгрөгт цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой зардлыг оруулаагүй байна. 600 төгрөг гэж тогтоосон тариф бодит байдалтай нийцэхгүй. ******* дүүргийн хөгжлийн төвөөс ирсэн баримтад байгаа оршин суугчдаас авах төлбөрийн задаргаанд м.кв-ын засвар үйлчилгээний төлбөр 200 төгрөг гээд аж ахуй нэгжээс авах төлбөрийг нь 600 төгрөг гэж тогтоосон нь ялгамжтай байна. Өөрөөр хэлбэл, СӨХ-ноос засвар үйлчилгээнээс бусад үйлчилгээ авахгүй байна гэдэг нь нэхэмжлэгч талын албан бичгээр нотлогдоод байхад адилхан үйлчилгээ авч байгаа мэт үнийн дүн тогтоосон нь үндэслэлгүй.

2.6. Мөн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, тасарсан, түүнийг сэргээхтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал бичгээр гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлах боловч засвар үйлчилгээ хийсэн талаар баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн хувьд мөн засвар үйлчилгээ хийсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч ******* -аас 26,002,860 төгрөг гаргуулан ******* -нд олгож, нэхэмжлэлээс 11,244,480 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,964 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Улаанхуаран гудамж, ******* цогцолборын ******* байр , 1, 2 давхарт 2017 оноос хойш ******* нь үйл ажиллагаа явуулж байгаа боловч тус талбайг захиран зарцуулах эрхийг албан ёсоор хуулийн дагуу хүлээн аваагүй маргаантай байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, түүнтэй холбоотойгоор шүүхийн журмаар маргаантай байгаа. Үүнээс харахад Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.22-т заасан шаардлагыг эрх зүйн байдлын хувьд хангахгүй байна. Энэ нь тухайн төлбөрийг шаардах эрх бүхий хариуцагчаар тогтоох үндэслэлгүй болохыг нотолж байна.

4.2. ******* цогцолбор хотхоны оршин суугчид 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр оршин суугчдын бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж ******* -г байгуулж, дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээний зардлыг 600 төгрөгөөр тогтоож 01 тоот тогтоолыг үйлдсэн байдаг. Ингэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөөгүй болох нь ******* дүүргийн хөгжлийн төвөөс ирүүлсэн баримтуудаар нотлогддог. Албан бичиг дээр 129 өрх оролцохоос 54 өрх оролцсон гэсэн нь ирцийн хувийг бүрэн хангаагүй байх ба хуралд тус орон сууцны ямар тоотын өрхөөс төлөөллүүд оролцсон нь тодорхойгүй бөгөөд бичгийн баримтаар нотлогдоогүй. Дээрх нөхцөл байдал нь ******* -г байгуулсан бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна.

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 1 м.кв талбайг 600 төгрөгөөр тооцож тогтоосон гэж тайлбарладаг боловч тус зардалд ямар үйлчилгээнүүд багтаж байгаа талаар баримтаар нотлоогүй. Бүх гишүүдийн хурлаар дундын ашиглалт үйлчилгээний зардлын төлбөрт 1 м.кв талбайг 600 төгрөгөөр тооцож үүний хүрээнд шугам сүлжээ, цахилгаан оролтын самбар, холбооны шугам зэргийн засвар үйлчилгээ хамаарна гэсэн бөгөөд үүний талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох сууц өмчлөгчдийн холбооны зардлаас тусдаа ойлголт ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна. Хэрэв сууц өмчлөгчдийн холбооны зардлыг нэхэмжилж байгаа тохиолдолд хог тээвэр, цахилгаан шатны зардал, дундын талбайн цэвэрлэгээ гэх үйлчилгээнүүдийг ******* нь авдаггүй учраас тухайн зардлуудыг тооцох нь үндэслэлгүй, үйлчилгээ үзүүлээгүй байж төлбөр тооцох нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдэлд хамаарах боломжтой.

4.4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн байр суурийг буруу тодорхойлж, орон сууцны бүх гишүүдийн хурлын тогтоол хуулийн шаардлага хангахгүй байгаа нь нотлох баримтаар бүрэн нотлогдож байхад тус баримтуудыг дутуу үнэлж, улмаар нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй баримтаас зөрүүтэй бичгийн баримтаар нотлогдож байгаа зэргийг харгалзан үзэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хэргийн материалыг дүгнэн үзвэл ******* тус талбайг захиран зарцуулах эрх бүхий этгээд болох тухай баримт огт байхгүй, бүх гишүүдийн хурлын тогтоолоор хуулийн шаардлага хангасан ирцийг бүрэн хангаагүй болон оролцсон гишүүдийн гарын үсэг зурагдаагүй нь хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардал /цахилгаан шат, хог тээвэр, нийтийн зориулалттай талбайн цэвэрлэгээ, харуул хамгаалалт гэх мэт/-ыг нэхэмжилж буй боловч орон сууцны бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг байхаар заасан нь нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа ойлголт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ******* нь ******* -д үйл ажиллагаагаа тайлагнах субъект биш юм. Хариуцагч тал СӨХ-ны тогтоолыг дурдаж маргадаг. СӨХ нь дээд байгууллага буюу дүүрэг хөгжлийн төвд хянагдаж байдаг учраас ******* -д тухайн тогтоол хүчинтэй эсэх нь хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар тусгаагүй. Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Дүүрэг хөгжлийн төв, СӨХ-ны дээд зөвлөлөөс бүх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулсан. Нэхэмжлэгч тал тогтоосон тарифыг нотолсон бөгөөд тариф анх тогтоосноос хойш нэмэгдээгүй. Тухайн үеэс хойш СӨХ хуралдаж тарифын талаар өөрчлөлт оруулаагүй учраас тухайн тогтоолыг хүчинтэй гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан, хэрэглэж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. ******* нь ******* -д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 37,247,340 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр 1, 2 дугаар давхрын 1.171 м.кв талбайг өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч тухайн талбайг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар СӨХ-ны гишүүн гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 148.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасны дагуу сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч нь ******* -г үүсгэн байгуулсан бүх гишүүдийн хурлын ирц, хурлын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байх боловч ******* Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг өөрчилсөн, хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, тус холбоог ******* дүүргийн Засаг дарга холбооны бүртгэлд бүртгэж 114 дугаартай гэрчилгээ олгосон байх тул холбооны бүх гишүүдийн хурлын ирц болон хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -аас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тухайн орон сууцны нийт талбайн хэмжээнд харьцуулан хариуцагчийн эзэмшилд байгаа хөрөнгийн талбайн хэмжээгээр ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг аж ахуй, нэгж байгууллагад 1 м.кв талбайд 600 төгрөгөөр тогтоосон ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр хариуцагчийн төлөх зардлын хэмжээг 1 м.кв тутамд 600 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

6.1. ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар айл өрхөөс авах засвар, үйлчилгээний зардлыг 1 м.кв тутамд 200 төгрөг байхаар, аж ахуйн нэгжээс авах зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон байна.

 

6.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэж заасан байна.

Хэдийгээр хуулиар сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийн төлөх зардлын хэмжээг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр тогтоох эрхийг СӨХ-ны бүх гишүүдийн хуралд олгосон байгаа боловч тухайн зардлыг ямар үндэслэл, аргачлалаар бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр тогтоосон нь тодорхой байхыг шаардана.

 

6.3. ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй, аж ахуйн нэгжээс авах төлбөрийн хэмжээг ямар үндэслэл, аргачлалаар 600 төгрөгөөр тогтоосон болох нь тодорхой бус, нэхэмжлэгчийн зүгээс аж ахуйн нэгжээс авах төлбөрийн хэмжээг 600 төгрөгөөр тогтооход баримталсан үндэслэл, аргачлалаа баримтаар нотлоогүй, хариуцагч нь ...өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, хамгаалалтын асуудлыг өөрөө хариуцдаг... гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч ******* -ийн төлөх төлбөрийн хэмжээг ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар тогтоосон айл өрхийн төлөх төлбөрийн хэмжээ болох 1 м.кв тутмын 200 төгрөгөөс 100 төгрөгөөр илүү буюу Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан айл өрхийн төлөх жишиг тарифын дээд хэмжээ болох 300 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

 

6.4. Хариуцагч ******* -ийн төлөх төлбөрийн хэмжээг 1 м.кв тутамд 300 төгрөгөөр тооцоход хариуцагчаас 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх төлбөрийн хэмжээ нь 13,001,430 төгрөг болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллагаас 13,001,430 төгрөг гаргуулсан өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх ...хариуцагч байгууллагаас 2020 оны 02 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 37,247,340 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны зардлыг хариуцагч байгууллагаас нэхэж шаардсан талаарх баримтгүй, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2020 оны 02 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны зардлыг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарах тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг зөвтгөнө.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилахтай холбоотой заалт болох Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв бөгөөд орон сууц өмчлөгчийн үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг давхар баримтлах шаардлагагүй тул тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг хассан өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -аас 13,001,430 төгрөг гаргуулан ******* -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,245,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 222,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР