Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Н-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1938004400302  дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б-, 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ХХ аймгийн ХХХ суманд төрсөн, 18 настай , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, эхийн хамт ХХ аймгийн ХХХ сумын Х тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн - дугаартай,

Монгол улсын иргэн, Г.Н-,  2001 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, ХХ аймгийн ХХХ суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ХХ аймгийн ХХХ сумын Х тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХХ сумын 7 дугаар багийн нутагт оршин иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХХ сумын 7 дугаар багийн нутагт оршин иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын дундуур шөнийн 02 цаг өнгөрч байхад ХХ аймгийн ХХХ сумын 8-р хороо хүмүүсийн сайн мэдцэг дөрвөн замын ертөнцийн зүгээр зүүн урд талд нь хойшоо чиглэлтэй явж байхад үл таних дөрвөн залуү миний урдаас ирж явсан. Би тэр дөрвөн залуугийн хажуугаар өнгөрөх гэж байтал намайг нэг залуу нь миний цээжин тус газар шууд өшиглөсөн. Би яаж байнаа гээд тэр дөрвөн залуутай маргалдаж байтал тэр дөрвөн залуу яваад өгсөн. Би тэр залуучуудын араас дагаад ХХХ сумын 7-р хороо гэрэлтэй цонх дэлгүүрийн ойролцоо очсон. Тэнд очоод би та нар надаас уучлалт гуй гэж хэлсэн. Намайг өшиглөсөн гэх зүүн нүднийхээ дээд талд жижигхэн таван хошуу шивээстэй залууг надаас сөгдөж уучлалт гуй гэж хэлтэл миний урд ирээд зогссон. Тэгээд яг аль гараараа цохисныг мэдэхгүй байна миний зүүн шанаанд нөгөө залуу зөрүүлээд цохисон. Би доошоо тонгойтол миний араас нэг залуу нь барьж авсан. Би яг аль залууг нь барьж авсаныг мэдэхгүй байна. Тэр залуу миний дээрээс гараа атгаж байгаад миний нуруу луу цохисон. Би доошоо унатал намайг анх цээжинд өшиглөдөг залуу миний нуруу луу хөлөөрөө өшиглөсөн. Би нэг залууг нь татаж босоод зугатаасан. Би зугатаахдаа ХХХ сумын 7-р хороо гэрэлтэй цонх дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын харанхуй хэсэг рүү зугатаасан... Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/

Насанд хүрээгүй гэрч М.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Будболд багшийн гэрээс 12в ангийн Г.Н-, Д.Б-, ХХХ сумын Авьяас арван жилийн сургуульд сурдаг 10 дугаар ангийн Баасандорж нарын хамтаар гэрийн зүг явсан. Тэгтэл ХХХ сумын 8-р хороо дөрвөн замын Ану дэлгүүрийн замын эсрэг талд явж байтал урдаас үл таних нэг ах гар утсаар яриад ирж байсан. Тэр ахыг Г.Н- цээжин хэсэг рүү гэнэт өшиглөсөн. Тэгээд бид дөрөв тэр залуугаас салаад ХХХ сумын ДэлгэрХХХ сургуулийн зүг рүү явсан. Дараа нь бид нар Гэрэлтэй цонхын дэргэд зогсож байтал ардаас бид нарын цохисон залуу явж ирээд халзан толгойтой цагаан пүүзтэй намайг цохиж өшиглөсөн залуу наашаа хүрээд ир би одоо наадахыг чинь ална гээд Г.Н- руу гараараа заахаар нь би яах юм бэ ах аа. Би Нямлхагвыг авч ирээд уучлалт гуйлгаад өгье гэтэл Г.Н- очоод тэр ахаас уучлаарай гэтэл тэр ах би уучлалтыг чинь хүлээж авахгүй гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа салаавч гаргасан ... Тэр хоёр харилцан зодолдож байгаад Билгүү, Г.Н-тай нийлээд хоёулаа нөгөө ахыг зодож эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Насанд хүрээгүй гэрч Л.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр залуу Г.Н-тай зодолдож байхад хажуу талаас нь Д.Б- хамт зодолдоод тэр залууг зодож эхэлсэн. Тэгтэл зодуулж байсан залуу гэрэлтэй цонх дэлгүүрийн хойд талын харанхуй гудамж  руу ороод зугтсан. Араас нь Г.Н-, Д.Б- хоёр хөөгөөд орсон....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаартай: Б.С-ын биед тархи доргилт, баруун чамархай, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, хамрын нуруу, баруун хацар, хамрын зүүн самалдаг, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, зүүн чихний хөхлөг сэртэнгийн дээд хэсэг, баруун эрхий хурууны 1-р үенд зулгаралт, баруун зулайн дээд хэсэг, зүүн чихний хөхлөг сэртэнгийн дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Б.С-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХХ сумын 7 дугаар багийн нутагт оршин иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

 Иймд шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

    Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55,59-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлал гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938004400302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Д.Б- нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б-, Г.Н- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938004400302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Г.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР