Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 479

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг Тарагт сум 2 дугаар баг Баз нэртэй газар оршин суух Боржигон овогт Даваадоржийн Өлзийбаяр /регистрийн дугаар: ЙМ64110510/

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Хүүбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг, Баз гэх газар оршин суух Д.Өлзийбаяр миний бие нь 2016 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар баг Наран гэх газар оршин суух Морьтон овогт Тогтохын Хүүбаатар гэх хүнд өөрийн хоньноос нийт 5.700.000 төгрөгийн хонийг зарсан. Ингэж зарахдаа мөнгийг нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дансаар хийнэ гээд авч яваад одоо болтол өгөхгүй байхаар нь хаягийн дагуу танай аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ хүн нь оршин суугаа хаягтаа байхгүй, өгсөн утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна гэсэн тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Энэ хүнтэй хамт явж байсан хүн нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг, баруун дөрвөн замын Гранд плазагийн замын хойд талын шар байр, мөн приус-20 маркийн 48-12 УБТ дугаартай 89156020 дугаартай утастай энэ хүнээс сураглаж асуувал хаана очиж болох хаана байхыг нь мэдэх боломжтой. Иймд Тогтохын Хүүбаатар гэх энэ хүнийг эрэн сурвалжилж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ хүн олдохгүй хонины үнийг маань өгөхгүй маш их чирэгдэл учруулж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийбаяр нь Т.Хүүбаатараас 5.700.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа боловч Т.Хүүбаатарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаагийн улмаас Д.Өлзийбаяр нь мөнгөө гаргуулах боломжгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Т.Хүүбаатарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар Т.Хүүбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Тогтохын Хүүбаатар нь КА74021876 гэсэн регистрийн дугаартай, тухайн үед хамт явж байсан хүн 89156020 гэсэн дугаар барьж байсан болохыг мэдэгдсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг хувийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.УГТАХБАЯР