Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2025/00051

 

        Д.*******ын нэхэмжлэлтэй

                                   иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч М.*******

Нэхэмжлэлийн шаардлага: 31,500,000 төгрөг гаргуулах,

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******ийн хүсэлтийн дагуу түүнд 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Дээрх мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч М.*******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг бэлэн мөнгө /рубль/ хэлбэрээр хариуцагчид өгсөн. Талууд зээлийн харилцаанд орсныг нотолж талууд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээнд зааснаар хариуцагч М.******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх зээлийг үндсэн хүүгийн хамт Д.*******д төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М.*******ээс зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч “...өнөөдөр төлнө...маргааш төлнө...удахгүй төлнө...” гэх мэт худал хэлсээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохироосоор байна. Иймд нэхэмжлэгчийн дахин хүлээх боломжгүй гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн 5 хувиар тооцож хүү төлөх үүрэгтэй тул 1,000,000 төгрөгийг хүү төлөхөөр байна. Хариуцагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг хүлээсэн. Иймд хариуцагч нь гэрээнд заасны дагуу нэг хоногт 21,000,000*0,5%=105,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч талд төлөхөөр байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн мөнгийг буцаан төлөхөөр үзэхэд хариуцагч М.******* нь нийт 314 хоног үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Дээрх хугацаа хэтрүүлсэн хоногоос зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцоход хариуцагч М.******* нь 105,000*314=31,970,000 төгрөгийг алданги төлөхөөр байна. Гэвч Иргэний  хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...” гэж зааж өгсөн тул 21,000,000:2=10,500,000 төгрөгийн алдангийн нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч М.*******ээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. *******д өгсөн мөнгөнийхөө дансны хуулгыг харж байгаад тооцоогоо нийлнэ гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч *******ийн *******ээс 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс 15,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Д.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 дугаартай шийдвэрийг гардаж аваад зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг хязгаарласан, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан.

Учир нь Д.******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч М.******* нь “...Нэхэмжлэгч *******ын тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. *******д өгсөн мөнгөнийхөө дансны хуулгыг харж байж тооцоогоо нийлнэ...” гэх хариу тайлбарыг өгсөн байсан. Мөн М.******* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргаагүй болно.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд зохигчийн эрх эдэлж хариуцагч М.*******ийн бичгээр гаргасан хариу тайлбарт тусгагдаагүй асуудлаар мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх тэрхүү татгалзал, тайлбарыг нь үндэслэсэн нь учир дутагдалтай.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зохигчийн эдлэх эрхийг, мөн хуулийн 33 дугаар зүйлд өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргийг ялгамжтай байдлаар хууль тогтоогчийн зүгээс эргэлзээгүй байдлаар хуульчилж өгсөн. Хуулийн энэхүү зохицуулалтуудаас үзэхэд зохигч буюу хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна. Харин өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхгүй болно.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Өмнөх гэрээний асуудлын талаар...” тайлбарыг хариуцагч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад ч гаргаагүй болно. Хэрэв хариуцагч нь дээрх агуулгаар татгалзлын үндэслэл, тайлбараа гаргасан тохиолдолд бидний зүгээс холбогдох гэрч асуулгах, бусад нотлох баримтуудыг гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн зүгээс шүүх хуралдаанд “...өмнөх зээлийн харилцаа буюу бэлэн мөнгө авсан, аваагүй талаар хариуцагчийн зүгээс огт тайлбар гаргаагүй атлаа шүүх хуралдааны явцад гэнэт тайлбараа өөрчилж байгаа нь тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна...” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан байсан. Энэхүү тайлбар нь үндэслэлтэй байсан.

Нэгэнт талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй.

2.Анхан шатны шүүх нь талуудын хооронд бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар хүчин төгөлдөр зээлийн гэрээг үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт огт өгөөгүй байна.

Хариуцагч М.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 20,000,000 төгрөг зээлсэн, өр төлбөртэй байгаагаа хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан билээ. Тухайн гэрээг байгуулах үед М.******* гэрээний агуулга болон хууль зүйн үр дагаврыг нотариат А.******* нь зөвлөсөн. Мөн тухайн гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусган сайн дурын үндсэн дээр байгуулсан гэж нотариатч А.******* нь гэрчилсэн. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээний 6.5 дахь хэсэгт маш тодорхой эргэлзээгүй байдлаар тусгагдсан.

Мөн хариуцагч М.******* нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болохын хувьд өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож байсан тул тухайн зээлийн гэрээг байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Гэтэл анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа зээлийн гэрээг хэрхэн ямар үндэслэлээр үнэлээгүй талаар хууль зүйн ямар ч дүгнэлт өгөөгүй байна. Тухайн зээлийн гэрээг нотлох баримтаас хассан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нэг ч баримт хэрэгт авагдаагүй болно.

Хариуцагчийн өгсөн хариу тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзэж зөвхөн төлбөрийг бүрэн төлсөн эсэх асуудлаар л татгалзлын үндэслэлээ гаргадаг болно. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс гэрээ хэрэгжсэн эсэх асуудлаар маргаагүй байхад анхан шатны шүүх нь тухайн гэрээний агуулгыг давхар нотлох шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааж өгснийг буюу гэрээний талуудын чөлөөт байдлыг хязгаарласан дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа талуудын сайн дурын тохиролцооны үндсэн дээр байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээтэй холбоотойгоор хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй гэх гомдлын нэг үндэслэлд шууд хамаарч байгаа болно.

Иймд гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нөхцөл гарсан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа өгсөн зээлийн гэрээний дагуу авсан бэлэн 8,000,000 төгрөгт огт аваагүй талаар тайлбар өгөөгүй. Шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй хариуцагчийн өмгөөлөгч оролцсон.

...Өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн тайлбар гэж ойлгоод шийдсэн нь өөрөө үндэслэлгүй. ...Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг мэдэх өөрөөр хэлбэл би 20,000,000 төгрөгийн төлбөртэй 2024 оны 05 дугаар сардаа өгнө гэдэг асуудлыг гэрээндээ тусгасан байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би энэ хүнд өртэй юм гээд гэрээнд өөрөө гарын үсэг зурсаар байтал 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу өмнө нь өгсөн 5,000,000 төгрөгийг шүүх бас хассан. Бэлэн 8,000,000 төгрөгийг өгсөн гэж мөн хасаад тооцсон. Энэ нь хуульд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хууль ёсны дүгнэлт болж чадаагүй байгаа учраас гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авах ба хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг. ...12,000,000 төгрөг өгсөн баримт хэрэгт байна. 11,500,000 төгрөг өгсөн баримт байна. Энэ дээр ямар нэг маргаан байхгүй 8,000,000 төгрөг бэлнээр өгсөн асуудлыг нэхэмжлэгч тал өөрсдөө нотолно. Рублээр өгсөн юм уу, юугаар өгсөн юм өөрсдөө нотолно тэрнээс манайх аваагүй мөнгөө нотлох шаардлага байхгүй. ...Өмнө нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12,000,000 төгрөг авахдаа ямар нэг зээлийн гэрээ хийгээгүй. Хийгээгүй учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн заалт байна. Хэрвээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр хийгээгүй бол хүү алданги тооцохгүй. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ гэсэн үг. Тэгэхээр хүүг хэзээ хойно тогтоох боломжгүй. 2 жилийн өмнө хүнээс зээлсэн мөнгөө өнөөдөр хүү тогтоож зээлийн гэрээ хийх боломжгүй. Иргэд хоорондын ашиг олох зорилгоор нэг удаа зээлийн гэрээ хийж тэр нь хүү тогтоож болно гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч тал 2 удаа. 11,500,000 төгрөгийг юу төлсөн гэж үзэж байгаа юм. Хүү гэж тооцож аваад сүүлд нь нөхөж гэрээ хийхдээ 5 хувиар гэрээ хийгээд дахиад 2,500,000 төгрөгийг 14 хоногийн дотор гээд ингээд ашиг олох зорилгоор 12,000,000 төгрөг өгөөд 11,500,000 төгрөг өгчхөөд дахиад 31,500,000 төгрөг нэхэмжлээд байна гэдэг нь байж болохгүй асуудал. Тиймээс гаргаад байгаа гомдлын шаардлага үндэслэлгүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлсэн. Иргэд хоорондын зээлийн үйл ажиллагаа нэг л удаа ашиг олох зорилгоор харилцаанд оролцоно  гэж заагаад өгсөн. Сүүлд хийгдээд байгаа гэрээ анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. 

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******ээс зээлийн гэрээний үүрэг 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М.******* 20,000,000 төгрөг зээлээгүй, 8,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, зээлсэн 12,000,000 төгрөгөөс 11,500,000 төгрөгийг төлж барагдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч *******ийн *******ээс 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдлын үндэслэлээ “....Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг хязгаарласан, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан. Анхан шатны шүүх нь талуудын хооронд бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0088 дугаар хүчин төгөлдөр зээлийн гэрээг үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт огт өгөөгүй шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү..” гэжээ.

4.Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Д.******* нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч  М.*******ийн Хаан банканд эзэмшдэг ******* тоот данс руу 6,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, үүний дараа зохигчид 2024 оны 04 дүгээр сарын 24-нд 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлдэв гэж гэрээ байгуулан нотариатаар батлуулсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаангүй байна.

Хариуцагч М.*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 8.000.000 төгрөг бэлнээр аваагүй гэж тайлбарласан боловч хариуцагч М.******* энэ талаар шүүхэд тайлбар гараагүй, 2024 оны 04 дүгээр сард гэрээг нөхөн хийх үед мөнгө аваагүй талаар дурьдаагүй, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж ирүүлсэн мөнгө буцаан шилжүүлсэн баримтуудыг дүгнэн үзвэл 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 03 дугаар сарын 06-ний өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 08-нд 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг,  12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг бүгд 11,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна.

5.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтуудыг зөв тогтоосон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх 7 удаагийн гүйлгээнд нэг бүрчлэн дүгнэн үзэж 11,500,000 төгрөгийг Д.*******ын 5675509401 тоот данс руу шилжүүлсэн нь түүний зээлийн үүргийг биелүүлсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 8,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Иймд уг зээлийн гэрээг  хариуцагч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш зээлийн гэрээний үүргийг биелүүлэн төлөлт хийж байсан тул үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүү 1,000,000 төгрөг бүгд 21,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс  хариуцагчийн төлсөн 11,500,000 төгрөгийг хасч үлдэх  9,500,000 төгрөг, түүний төлөгдөөгүй хугацааны алданги 4,750,000 төгрөг бүгд 14,250,000 төгрөгийг хариуцагч М.*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангийн хэмжээг тооцсон болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00460 дугаартай шийдвэрийн

1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч *******ийн *******ээс 14.250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******д олгож, 17.250.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс 229,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 314,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.      

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН 

                               ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                     Б.ЭРДЭНЭХИШИГ