Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 10

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 226/МА2016/00010
    

 

Т.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Д.Энхтуяад
холбогдох иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, нэхэмжлэгч Т.Болдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 427 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Болдмаагийн давж заалдах гомдлоор Т.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Д.Энхтуяад холбогдох “18 585 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгч Т.Болдмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.Энхтуяатай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг,сүүлд  2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмж 2 300 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлүүлэн тус бүр гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан  юм.  Зээлийн гэрээг хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 19-нд сунгуулсан боловч Д.Энхтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.
    Иймд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн   зээлийн гэрээнд заагдсаны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0.5 хувийн алданги тооцож 90 хоногийн алданги 2 835 000 төгрөг, үндсэн зээлийн 6 300 000 төгрөг, түүний хүү болох 9 450 000 төгрөгийн хамт нийт 18 585 000 төгрөгийг хариуцагч Д.Энхтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяатай 2012 оны 04 дүгээр сарын 05, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд  зээлийн гэрээ байгуулан нийт 6 300 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг мөнгийг зээлүүлэхдээ зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээг хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сунгаж 6 300 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай төлөхөөр, 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн боловч Д.Энхтуяа нь зээлийн 6 300 000 төгрөгийн үндсэн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний зээлийн гэрээ бол гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан гэсэн утгатай гэрээ юм. Одоо бид нэхэмжлэлээ багасгаж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  зээлийн гэрээнд заасны дагуу Д.Энхтуяагаас үндсэн зээл 6 300 000, 10 сарын зээлийн хүүгийн 50 хувь болох  4 725 000 /2015 оны 3-12 сарын/ нийт 11 025 000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин охин Цэнгэлмаад 500 000 төгрөг, миний дансанд хийсэн 189 000 төгрөг, эм тарианд өгсөн 450 000 төгрөг зэргийг 2015 оны 1, 2 дугаар сарын хүүд өгөөд дутаж байгаа ч гэсэн 1, 2 дугаар сарын хүүг өгсөнд тооцож нэхэмжлээгүй. 2015 оноос өмнөх зээлийн хүү алдангийг нэхэмжлэхгүй энэ тал дээр бид маргахгүй.

Хариуцагч Д.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс  2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай 4 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр Т.Болдмаагаас зээлийн гэрээ байгуулж авсан юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөг, нийт 6 300 000 төгрөг зээлсэн юм. Зээлийн гэрээг сунгах ёстой байсан боловч дахин мөнгө зээлсэн утгатай гэрээ байгуулсан байсан. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гэрээ хийгдсэн. Би 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 05 сар дуустал хугацааны зээлийн хүүгээ төлсөн. Нийт 35 190 300 төгрөгийг хүү гэж өгсөн. Т.Болдмаагийн том охин Б.Цэнгэлмаа их дээд сургуульд явах болоод 500 000 төгрөгийг намайг Улаанбаатар хотод байхад бэлнээр авсан. Би Т.Болдмаагаас 6 300 000 төгрөг зээлсэн. Гэтэл хүү гэж 35 190 300 төгрөг өгсөн. Мөн би 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01-04 дүгээр саруудад Т.Болдмаа болон түүний гэр бүлийн гишүүдэд нь нийт 1 170 300 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Т.Болдмаагаас зээлийн гэрээ хийж зээл авснаас хойш 3 гэрээ хийгдсэн. Гэхдээ уг гэрээнүүдийг хугацаа нь дуусангуут үргэлжлүүлж хийгээгүй. Зарим үед гэрээ хийгдээгүй байхад хүү төлөгдсөн байдаг.  Нийт 10 сар 14 хоногийн хүү 1 361 000 төгрөгийг гэрээ хийгдээгүй байхад төлсөн байсан. Мөн эмийн сангийн орлогоос бэлнээр 274 500 төгрөгийг Т.Болдмаад өгсөн. Би нэхэмжлэгчид баримтаар 13 399 800 төгрөг, ХААН банкны дансаар 5 785 000 төгрөгийг төлсөн. Би 6 300 000 төгрөгийг өгч чадахгүй байсан болохоор хүү төлж байсан юм. Анх зээлсэн 6 300 000 төгрөгийг 2 дахин нугалж төлсөн гэдэг нь харагдаж байна. Миний зээл болон зээлийн хүүнд өгсөн мөнгийг яагаад өгөөгүй гэж худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Т.Болдмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Хамгийн анх 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4 000 000 төгрөгийг зээлүүлж тухайн өдрөө Д.Энхтуяагийн дансанд хийсэн баримт байдаг. 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6300000 төгрөгийг өгсөн, авсан гэсэн зээлийн гэрээ хийсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн талаар 2013 оны 2 ширхэг баримт нь 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Энхтуяагийн дансанд 200 000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 100 000 төгрөг шилжүүлсэн талаар баримт байдаг. 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6 300 000 төгрөгийг өгч авсан гэсэн баримт байдаггүй. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, дүр эсгэж хийсэн байна гэж үзэж байна. Тиймээс энэ гэрээнд заасан хүү, алданги авах эрхгүй. Энэ гэрээ нь хугацаа сунгасан эсхүл зээлийн гэрээний нөхцөл өөрчилсөн гэрээ байх ёстой байсан. Мөн уг зээлийн гэрээний 4 дүгээр хэсэгт “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан байдаг. Гэтэл 6 300 000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваагүй байдаг. 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч тал сарын 15 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж ярьдаг. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн  агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Энэ гэрээн дээр сар бүрийн 15 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэсэн үг үсэг байдаггүй. Гэрээн дээр жилийн гэсэн үгийн доогуур зурсан байдаг. Иймд нэхэмжлэгч тал алданги болон хүү нэхэмжлэх эрхгүй, үндсэн мөнгийг өгсөн гэсэн баримт байхгүй тул 6 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн адил хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн байдаг. Энэ өдөр Д.Энхтуяагийн дансанд мөнгө ороогүй байдаг. 2 тал зээлийн гэрээг сунгасан гэж ярьдаг боловч уг гэрээнд сунгасан гэсэн үг үсэг байдаггүй. Мөн гэрээний 4 дүгээр хэсгийг уншихад ойлгомжтой байна. Иймд Д.Энхтуяагаас нэхэмжилсэн 18 585 000 төгрөгийг төлөх ёсгүй юм. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул 4 000 000 төгрөгт 2 000 000 төгрөгийн алданги тооцуулахад гомдол байхгүй. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа эдгээр давхардсан мөнгөн дүнг оруулсан байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад 1 890 000 төгрөгийг Т.Болдмаад төлсөн гэдэг нь харагдаж байна. Мөн Цэнгэлмаад бэлнээр өгсөн 500 000 төгрөг, Батбаатарын дансаар өгсөн мөнгө, эм авсан болон бэлнээр өгсөн мөнгө зэрэг 1 890 000 төгрөг буюу 2015 оны 01, 02 дугаар сарын зээлийн хүүг өгсөн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул эдгээр мөнгийг нийлүүлээд 9 565 000 төгрөгийг баримттайгаар төлсөн байна. 9 565 000 төгрөгөөс үндсэн зээл 6 300 000 төгрөг болон 2 000 000 төгрөгийг алданги зэргийг хасаад 1 265 000 төгрөг болж байна. Энэ 1 265 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлттэй байна. Мөн Т.Болдмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 427 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Энхтуяагаас зээл, зээлийн хүүгийн 2 860 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болдмаад олгож, хариуцагч Д.Энхтуяагийн 5 000 000 төгрөг гаргуулах Т.Болдмаад холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 075 төгрөгийг, сөрөг нэхэмжлэл гаргасан Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяагаас 60 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болдмаад олгож  тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Болдмаа нь давж заалдах гомдолдоо: Т.Болдмаа би 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нөхөр Ц.Батбаатарыг оролцуулсан.
Миний нөхөр Ц.Батбаатар нь хариуцагч Д.Энхтуяагаас нэхэмжилсэн 18 585 000 төгрөгөөс алданги болох 2 850 000 төгрөг, хүүний 50 хувийг буюу 4 725 000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 7 575 000 төгрөгөөр багасгаж үлдэх 11 000 000 төгрөг гаргуулахыг зөвшөөрсөн. Гэтэл шүүгч Л.Цэрэндулам нь 2012-2013 оны зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Д.Энхтуяагаас авч байсан хүү болох нийт 8 165 000 төгрөгийг  2015 оны зээлийн гэрээний хүү, алданги, үндсэн төлбөр буюу миний нэхэмжилсэн 18 585 000 төгрөгөөс хасаж тооцож 2 860 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хууль бус гэж үзэж гомдолтой байна.
 
ҮНДЭСЛЭХ нь:

    Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
          Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяад холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 90 хоногийн алданги 2 835 000 төгрөг, үндсэн зээлийн 6 300 000 төгрөг, түүний хүү болох 9 450 000 төгрөг, нийт 18 585 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид үндсэн зээл, хүү, алдангид 35 190 300 төгрөгийг өгсөн тул төлөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7 560 000 төгрөгөөр багасгаж 11 025 000 төгрөгийг /үндсэн зээл 6 300 000, 2015 оны 3-12 сарын зээлийн хүүгийн 50 хувь болох  4 725 000 төгрөг/ хариуцагч Д.Энхтуяагаас нэхэмжилсэн байна. /хх-99 тал/
           Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяатай 2012 оны 04 дүгээр сарын 05-нд 4 000 000 төгрөгийн сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2013 оны 03 дугаар сарын 22-нд сарын төлөгдөөгүй үлдсэн 4 000 000 төгрөг дээр  2 300 000 төгрөгийг нэмж нийт 6 300 000 төгрөгийн 15 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өмнөх зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээл болох 6 300 000 төгрөгийн сарын 15 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлийн гэрээнүүдийг тус тус бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд талууд гэрээний нөхцөлүүдийн талаар  харилцан тохиролцсоноо хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна. Өөрөөр хэлвэл үндсэн зээлээ төлөөгүй учраас зээлийн гэрээг сунгаж байснаа  хариуцагч хүлээн зөвшөөрч,  маргах зүйлгүй гэж /хх-102/ байгаа нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
            Талууд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 6 300 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлэх, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, уг гэрээнд нэхэмжлэгч Т.Болдмаа, хариуцагч Д.Энхтуяа нар гарын үсэг зурж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бичгийн хэлцэл хийхдээ мөн зүйлийн 42.4-т зааснаар нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх-ийн 5 тал/
    Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээтэй холбоотой үүргийн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь 2015 оноос өмнөх зээлийн хүү, алдангийг болон  /хх-ийн 99, 103 тал/, мөн охин Цэнгэлмаад өгсөн 500 000 төгрөг, Батбаатарын нь  дансанд шилжүүлсэн 189 000 төгрөг, эм тарианд өгсөн 450 000 төгрөг зэргийг 2015 оны 1, 2 дугаар сарын хүүд өгсөнөөр тооцож тус тус нэхэмжлээгүй байна./хх-104 тал/
Нэхэмжлэгч Т.Болдмаагийн давж заалдсан гомдлын тухайд:
            Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяад холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  зээлийн гэрээний үүрэгт 11 025 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 2012-2015 оны зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Д.Энхтуяагаас авч байсан хүү болох нийт 8 165 000 төгрөгийг  2015 оны зээлийн гэрээний хүү, алданги, үндсэн төлбөр буюу 11 025 000 төгрөгнөөс хасч тооцсон нь үндэслэлгүй болжээ.
              Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулсанаас хойш буюу 2015 оны 03 сарын 23-наас 9 сарын 25 хүртэл 1 140 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь банкны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11 025 000 төгрөгнөөс хасч тооцон үлдэгдэл 9 885 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Болдмаагийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус гэж үзсэн давж заалдах гомдлыг хүлээн авах зүйтэй байна.
 Хариуцагч Д.Энхтуяа нь Т.Болдмаагаас 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 427 дугаартай шийдвэрийн  тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад дор дурдсан өөрчлөлтүүдийг оруулсугай.

1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 860 000” гэснийг “9 885 000” гэж, 2 дахь заалтын “60 710” гэснийг “173 110”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Т.Болдмаа нь давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Я.АЛТАННАВЧ

                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                          Б.ДЭНСМАА